| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00446/И |
| Дугаар | 130/ШШ2017/00537 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2017/00537
| 2017 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 130/ШШ2017/00537 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт оршин суух, Хурман овогт С.Кгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт оршин суух, Хурман овогт Д.Сд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Д.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Бахыт, орчуулагч К.Еркежан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 031100932 дугаартай 670 м. кв хаваржааны зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож, Д.Сийг уг газраас албадан нүүлгэж өгөхийг шаарджээ.
Нэхэмжлэгч С.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Миний бие Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад 2003 онд Даянгийн Хар булаг гэх газраас хаваржааны зориулалттай газар эзэмшүүлэхээр хүсэлт гаргасан юм. Энэхүү хүсэлтийн дагуу Засаг дарга 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр нэгж талбарын 031100932 дугаартай 670 м.кв газрыг 60 жилийн хугацаатай Даянгийн Хар булаг гэх газраас хаваржааны зориулалттай улсын бүртгэлийн 0068952 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон юм. Уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосны дараа миний бие хаваржиж байгаад Даянгийн Ыдых ой гэх газарт хашаа хороо авч хаваржиж байна.
Харин эцэг Д.С уг газарт хаваржиж байгаа бөгөөд уг газрыг эзэмших гэрчилгээ байхгүй байхад хаваржааны битүү хашааны дээвэр болон 5x5 харьцаатай модон байшинг надад хэлэлгүйгээр дураараа авчихсан болно. Д.С нь миний газар эзэмших гэрчилгээнд зөвхөн хамтран эзэмшигчээр оролцож байгаа болно.
Иймд Улаанхус сумын Даянгийн Хар булаг гэх газраас хаваржааны зориулалттай улсын бүртгэлийн 0068952 дугаартай газрын хууль ёсны эзэмшигч С.К мөн болохыг тогтоож Д.Сийг уг газраас албадан нүүлгэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч С.К нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан нь Улаанхус сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай захирамжаар хаваржааны зориулалтаар нэгж талбарын 031100932 дугаартай, 670 м.кв 60 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн ба уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамлаас газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Мөн тус сумын Засаг дарга С.К гаргасан өргөдөлд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/137 тоот албан бичгээр хариу өгөхдөө С.Кн гаргасан газрын маргааны талаарх өргөдлийг судалж үзэхэд таны эзэмшиж байгаа газарт Д.С нь мөн адил газар эзэмших гэрчилгээтэй тул аль нь хуулийн дагуу болохыг мэдэх боломжгүй байна. Хуулийн байгууллагад хандах нь зүйтэй гэжээ. Мөн сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай захирамжийн хуулбарыг аймгийн архивын газраас авсан тул Д.Сэд газар эзэмших гэрчилгээ байхгүй болох нь давхар нотлогдож байна.
Сумын Засаг даргын 2033 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай захирамжийг үндэслэн 031100982 дугаартай гэрчилгээ, 0968952 тоот гэрчилгээний Даянгийн Хар бөөрөг гэх газраас хаваржааны зориулалтаар 670 м.кв газрыг С.Кд 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэрчилгээтэй байна. Хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн талаар тайлбар гаргахдаа маргаан бүхий газрыг эзэмших гэрчилгээгүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрч тухайн газарт 2015 оноос хойш хаваржаагүй хүү С.Тилеберди, С.Б нарын хамт дүү н.Касипханаас худалдаж авсан хашаа, хороонд сууж тэнд намаржиж, хаваржиж байгааг өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Хариуцагч Д.С нь маргаан бүхий Хар бөрөг хэмээх газрыг хаваржиж байхаар С.К нь гэр бүл болсон үед түүнд өөрөө өгч газар эзэмших шийдвэр гаргуулж, гэрчилгээ авч өгсөн зэрэг баримтуудаар маргаан бүхий газар нь С.Кн маргаан бүхий газар мөн болохыг нь бүрэн тогтоогдож байна.
Хар бөөрөг-т байрлах битүү хашаа, хороог 1987 онд нэгдлээс Д.Сэд өгснийг Б.Е, С.Ш нарын өгсөн тодорхойлолтоор батлагдсан ба Д.С уг газрыг хүүдээ өгсөн нь дээрх баримтуудаар мөн нотлогдож байна. С.К нь Хар бөөрөг-т хаваржиж, уг газарт ойрхон байрлалтай, Хөх көл гэх газарт намарждаг юм. Хар бөрөг хэмээх газраас газар эзэмших эрхгүй этгээд болох Д.С нь 2 хүүхдийн хамт 1000 гаруй малтайгаа ирж тухайн газарт дур мэдэн намаржиж, хууль бус үйлдлээр С.Кн намаржааны газрын өвсийг идүүлээд явдаг учраас С.К нь өөрийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Д.С нь Даянгийн Хасхыр дараа гэх газарт зусаж, Ахтомпах, Ховд гол гэх газруудад хаварждаг. Мөн С.Кн хаваржаанаас 3 км гаруй зайтай газарт Д.Сийн дүү н.Касидханаас худалдаж авсан хашаа, хороо, байшинтай газар намаржих ёстой юм. Гэтэл Д.К нь жил болон хүүхдүүдийн хамт жил болгон Хар бөрөг-т ирж хаварждаг тул маргаан бүхий газар нь нэхэмжлэгч С.Кн газар мөн болохыг тогтоож, Д.Сийг уг газраас албадан нүүлгэж өгөхийг хүсье гэв.
Хариуцагч Д.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн иргэн Хурман овогт Додайн Сейт миний бие тус аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн оршин суугч Сейт овогтой Кн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Д.С миний бие Улаанхус сумын нутаг болох Даян хэмээх газар төрж өссөн ба хар багаасаа мал маллан, 16 насандаа Алтайн хөгжил нэгдэлд гишүүнээр элсэн мал маллаж байгаад 1992 онд нэгдэл татан буугдах үед малаа болон хашаа хороог хувьчилж авсан. С.Кн булаацалдаж байгаа Хар бөрөг хэмээх газар байгаа малын хашаа хороог надад 1983 онд Хайырдын гэх хүнээс нэгдлээс өгсөн юм. Тэр хугацаанаас хойш хүүхдүүдийн хамт уг газар хаваржиж, намаржиж нутагласаар ирсэн болно.
Харин 2009 онд өөрийн дүү болох С.К гэдэг хүнээс хашаа хороо сууцны байшинг худалдаж аваад миний хүү болох С.Б, С.Тилеуберди нарын хамт манай хоёр өрх одоо тэнд хаваржиж, намаржиж байна. Харин С.Кн маргаж байгаа хаваржаанд хамгийн сүүлд 2015 онд манай 2 айл хаваржсанаас хойш бид дахин хаваржаагүй бөгөөд дээрх хугацаанд эзгүй байгаа болно. С.К бид хоёрыг тэр хашаа хороог хамтран эзэмшигчээр тогтоосон тул намайг хөөж зайлуулах ёсгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч С.К нь 2006 онд Цэнгэл сумын нутаг дэвсгэр болох Ыдыгойк хэмээх газраас хаваржааны хашаа байшин худалдаж аваад одоо хүртэл тэнд нутаглаж байгаа болно.
С.К нь нэхэмжлэлдээ ...миний хашааны саравчны дээвэр болон 5x5 метрийн харьцаатай модон байшинг надад хэлэлгүйгээр дураараа авчихсан болно гэжээ. Хашааны саравчны дээврийг би аваад өөр газар зөөж хашааны саравчинд тавьсан ба харин 5x5 метрийн модон байшинг би буулгаж аваагүй хуучин байрандаа байж байгаа болно. Уг модон байшин бидний өвөг дээдсээс хойш сууж байсан байшин юм.
Нэхэмжлэлд дурдсан газрыг Сейт би болон миний хүү болох К нар хуулийн дагуу хамтран эзэмшиж байгаа бөгөөд уг газрыг зөвхөн Кн мэдэлд шилжүүлэн өгөх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 20 наснаас эхлээд мал маллаж, хөдөлмөрлөсөн, одоо 62 настай, энэхүү маргаан бүхий хаваржааг 1987 оноос эхлэн эзэмшиж, байшингаа барьж амьдарч ирсэн болно. Улаанхус сумын 6 дугаар багийн нутагт байрлах, Даянгийн Хар бөөрөг хэмээх газар миний мал маллан оршин сууж , амьдарч байгаа газар нь маргаан бүхий газраас 300 м гаруй зайтай. Тухайн маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчилж байгаа гэрчилгээ байхгүй. Гэхдээ би гэрээгээр эзэмшиж ирсэн юм. Олон жил эзэмшсэн газарт хүү С.К нь булаацалдаж, өнөөдөр шүүхийн өмнө ирж байгаа явдалд харамсаж байна. Тийм учраас тухайн маргаан бүхий газар нь С.Кгийн хууль ёсны эзэмшил газар мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч С.К нь хаваржааны зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож, уг газраас Д.Сийг албадан нүүлгэж өгөхийг шаарджээ. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Хурман овогт С.Кд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийдвэрийг үндэслэн Хар бөөрөг гэх газраас 670 м.кв газрыг 60 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн болох нь 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанхус сумын Засаг даргаас олгосон 00689552 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын газрын даамал, С.К нарын байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хар бөөрөг гэх газарт байгаа хаваржааг хууль ёсоор эзэмшиж байгаа бөгөөд уг газрыг эзэмшихэд миний аав болох Д.С нь саад болж байгаа гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Хурман овогт С.Кд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийдвэрийг үндэслэн Хар бөөрөг гэх газраас 670 м.кв газрыг 60 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын газрын даамал, С.К нарын байгуулсан иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнээс үзэхэд Д.С нь уг газрыг хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан байх тул маргаж буй хаваржааг С.К нь хамтран эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаан дээр зохигчид нь маргааны гол зүйл нь малын бэлчээр болж байгаа гэж тайлбарлажээ. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасан байх тул маргаж буй талуудад бэлчээрийн зааг тогтоож ашиглуулахааар заагласан нотлох баримтууд байхгүй байгаа, бэлчээрийг нийтээр ашиглах тул энэхүү үндэслэлээр хариуцагчийг албадан нүүлгэх үндэслэлгүй олно. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбараар Д.Сийн хаваржиж байгаа газар нь нэхэмжлэгч С.Кд олгосон 670 м.кв газарт давхцахгүй байгаа тул нэхэмжлэгчийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байх ба С.К нь хуульд заасан журмын дагуу газар эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул С.К нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт Хар бөөрөг гэх газраас 670 м.кв газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд С.К нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт Хар бөөрөг гэх газраас 670 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг газраас Д.Сийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутгаг дэвсгэр болох Даянгийн Хар бөөрөг гэх газарт хаваржааны зориулалттай 670 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож, уг газраас Д.Сийг албадан нүүлгэж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК