Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Энхмэнд Сосорбурамын Баднайсамбуу Сандуйжавын Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Энхмэнд, С.Баднайсамбуу, С.Дашдорж нарт холбогдох 2123000000126 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагаанхайрхан сумын ЕБС-д жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Энхмэнд, /ИР81051018/

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Ширээ дүүрэн овогт Сосорбурамын Баднайсамбуу, /ИР99052316/

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, Цагаанхайрхан сумын ЕБС-д нярав ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Асгат заан бариач овогт Сандуйжавын Дашдорж, /ИР89072812/

Шүүгдэгч Ширээ дүүрэн овогт Сосорбурамын Баднайсамбуу нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн нутагт байрлах сургуулийн хашаан дотор С.Дашдоржийг зодож түүний эрүүл мэндэд “...Дээд уруулын баруун талд язарсан шарх, дээд баруун 2, 3-р шүдний хагас мултрал, духны дунд үстэй хэсэгт, хүзүүний баруун доод хэсэгт, зүүн хөх махны хэсэгт, баруун хөх махны доор зулгаралт” бүхий хөнгөн хохирол, Мөн цаг хугацаанд Л.Энхмэндийг зодож түүний эрүүл мэндэд “...Дээд эрүүний зүүн 2-р шүдний хугарал, баруун зүүн талын ухархайн дотор ханын хугарал, дээд эрүүний зүүн 1-р шүдний хагас мултрал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн, Шүүгдэгч Боржигон бариач овогт Лхагвасүрэнгийн Энхмэнд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Дашдоржтой бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн нутагт байрлах сургуулийн хашаан дотор С.Баднайсамбууг зодож түүний эрүүл мэндэд “дээд эрүүний баруун 1-р шүдний уналт, хүзүүний баруун талд, өвчүүний доод хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн Шүүгдэгч Асгат заан овогт Сандуйжавын Дашдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Энхмэндтэй бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн нутагт байрлах сургуулийн хашаан дотор С.Баднайсамбууг зодож түүний эрүүл мэндэд “дээд эрүүний баруун 1-р шүдний уналт, хүзүүний баруун талд, өвчүүний доод хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч С.Баднайсамбуу нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн нутагт байрлах сургуулийн хашаан дотор маргалдаж С.Дашдорж, Л.Энхмэнд нарыг зодсон Шүүгдэгч Л.Энхмэнд С.Дашдорж нар бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн нутагт байрлах сургуулийн хашаан дотор маргалдаж С.Баднайсамбууг зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Зодуулсан талаар мэдүүлсэн хохирогч С.Баднайсамбуугийн “... Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Цагаанхайрхан сумын Агьт багийн нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайн тэндээс өөрийн найз Бат-Эрдэнийн хамт адуу туугаад явж байсан чинь сургуулийн хашаанаас Энхмэнд дуудсан. Яваад очтол Энхмэнд, байгууллагын хашаан дотор адуугаа оруулдаг ямар овоо пизда вэ гээд миний баруун шанаа руу гараараа цохиод авсан. Тэгээд би мотоциклоосоо буугаад, та адилхан адуу малтай хүн байж, хэний адуу гэдгийг нь мэдэж байгаа биз дээ гэж хэлээд бариад автал дахин баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Энхмэндийн зүүн чихний дээд хэсэгт нь нэг удаа цохисон. Тухайн адуу манай адуу биш байсан. Бид хоёр барилцаж авахад миний хүзүүнд байсан дурангийн оосроор бооход нь малгайтай гараараа нэг удаа түүний толгойн хэсэгт нь цохиод тонгорч унагаасан. Энэ хооронд Энхмэнд миний толгойны дагз руу нэг удаа цохиод бас өшиглөсөн. Тэгэхэд би доошоо хараад унахад миний дээрээс Энхмэнд, Дашдорж нар хөлөөрөө дэвсэлж байсан. Бат-Эрдэнэ нь Энхмэндийг салгаж авахад Дашдорж миний ам руу нэг удаа өшиглөхөд нь би амаа бариад босож ирэхэд дахин нэг удаа дагз руу цохисон. Тэгээд бид хоёр барилцаж авсан байхад Балган ах Лхагвасүрэн нар салгасан. Энэ үед Бат-Эрдэнэ, Энхмэндийг салгаж байсан. Лхагвасүрэн намайг барьж байхад Дашдорж над руу дайрахад Балган ах нэг гараас бариад автал баруун гараараа намайг нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохисон. ...Тэгээд сургуулийн хашаан дотор Дашдоржтой хэд хэдэн удаа барилцаж авсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн хохирогч С.Дашдоржийн “... Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед сургуулийн хашаанд тахилганд явах гэж байсан гэр ачих гээд сургуулийн складны үүдэнд Энхмэнд, Балжинням, Балгансүрэн нарын хамт гэр зөөж байхад сургуулийн хашаанд адуу, үхэр ороод ирсэн байхаар нь Энхмэнд хөөж гаргах гээд явсан. Хэсэг юм зөөж байгаад хартал сургуулийн хашааны гадаа Энхмэнд хоёр залуутай зодолдож байсан. Би наанаас нь гүйж очоод салгах гээд Баднайсамбууг хойноос нь татахад эргэж хараад намайг цохиж авсан. Тэгээд хоорондоо Энхмэнд, Баднайсамбуу бид гурав зодолдоод, Баднайсамбуу нь намайг цохиж аваад бид хоёр дээр, доороо ороод байж байтал Бат-Эрдэнэ нь Энхмэндийг салгаад, миний араас жийж унагаах үед Баднайсамбуу нь миний нүүр лүү өшиглөсөн. Намайг газар унасан байхад Баднайсамбуу нь миний цээж рүү хоёр, гурван удаа хөлөөрөө өшиглөсөн. Нэг мэдсэн Анхбаяр, Балжинням, Балгансүрэн нар ирээд бид нарыг салгаад Энхмэнд бид хоёрыг сургуулийн хашаа руу аваад орсон. Тэгсэн хойноос Баднайсамбуу нь хэл амаар доромжлоод сургуулийн хашаан дотор орж ирээд бид хор барилцаж авахад тэнд байсан хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн хохирогч Л.Энхмэндийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед сургуулийн хашаан дотор тахилганд явах гээд сургуулийн складны үүдэнд Дашдорж, Балжинням, Балгансүрэн нарын хамт байж байхад сургуулийн хашаан дотор адуу байсан. Тэр адуунуудыг хөөж гаргаад явж байхад Баднайсамбуу, Бат-Эрдэнэ нарыг яагаад адуу сургуулийн хашаанд оруулаад байгаа юм бэ гэхэд, адуугаа танихад яадаг юм бэ гээд Баднайсамбуу намайг цохиод авсан. Тэгээд барилцаж аваад газар унан дээр, доороо орж байхад Дашдорж ирээд Баднайсамбууг салгаад тэр хоёр бас хоорондоо маргалдаж зодолдоод байсан. Тэгсэн Балгансүрэн, Анхбаяр нь ирээд салгаад бид нар сургуулийн хашаан дотор орсон. Удалгүй Дашдоржийн эхнэр машинтайгаа ирээд Дашдорж бид хоёрыг машиндаа суулгаад хөдлөх гэтэл Төвдорж ирээд зогс гээд байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Т.Бат-Эрдэнийн “... 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед хүнд морь барьж өгөх гээд Баднайсамбуугийн хамт сумын урд талд адуу туугаад явж байсан чинь сургуулийн хашаанаас Энхмэнд адуу тууж гарч ирээд бид хоёрыг дуудсан. Бид хоёр яваад очтол Энхмэнд нь согтуу, пиз яагаад байгууллагын хашаанд мал хашаад байна гээд Баднайсамбууг нэг удаа цохиод авсан. Тэгээд Баднайсамбууг мотоциклоосоо буухад нь барьж аван дээлийг нь уран дахин нэг удаа цохиод авсан. Тэр хоёр барилцаж аваад газар унан дээрээ ороод байхаар нь салгаад байж байтал Дашдорж сургуулийн хашаанаас гарч ирээд Баднайсамбууг араас нь боож газар унагаасан. Энхмэнд, Дашдорж нар Баднайсамбууг дээрээс нь дэвслээд өшиглөөд байхаар нь би Энхмэндийг салгаж авсан. Тэр үед Дашдорж, Баднайсамбууг өшиглөж байгаа харагдсан. Харин цаанаас Лхагвасүрэн ирж Дашдорж, Баднайсамбуу хоёрыг салгаж байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.Төвдоржийн “... 2021 оны 08 дугаар 18-ны өдрийн 20 цагийн үед миний утас руу манай дүү Дэлгэрдалай залгаад, Баднайсамбууг сургуулийн Дашдорж, Энхмэнд нар зодоод байна, салгах гэсэн хүч хүрэхгүй байна та хүрээд ирээч гэхээр нь би, эхнэр Сугаржавын хамт очсон. Намайг сургуулийн хашаанд яваад очтол манай дүү Баднайсамбуугийн дээлийн урд энгэр урагдсан хүмүүст зодуулсан байдалтай байхаар нь яасан бэ гээд буугаад иртэл Дашдоржийн машин хөдлөөд явах гэж байсан. ...би утсаа гаргаад бичлэг хийхэд Дашдорж нь тухайн машинаас бууж ирээд утас руу цохиж унагаад, намайг ална шүү пиздаа минь гээд дайраад байсан. Над руу хэд хэдэн удаа ална гээд дайраад байхаар нь тэнд байсан хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.Балгансүрэнгийн “...2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед би сургуулийн хашаанаас гэр ачих гээд очсон байхад Энхмэнд, Баднайсамбуу, Дашдорж нар сургуулийн хашааны гадаа хоорондоо зодолдоод байсан. Тэгээд би очоод салгаад байж байтал Анхбаяр ирээд сургуулийн хашаа руу Дашдорж, Энхмэнд нарыг дагуулаад орсон...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Мөнхзаяагийн “ ...2021 оны 08 дугаарын 18-ны 21 цагийн үед сургуулийн захирал Анхбаяр над руу залгаад, Дашдорж энд зодоон хийгээд байна, ирээд аваач гэхээр нь би машинтайгаа сургуулийн хашаанд ирсэн. ...гаднаас Энхмэндийг машиндаа суулгаад хашаа руу ороод мөн Дашдоржийг машиндаа суулгаад хашаан дотор тойроод гарах гэтэл Төвдорж нь машинтайгаа ирж зогсоод миний машины урд ирж, зогсоож пиздаа минь ирэхээр нь би машинтайгаа тулж зогсоход ...би, та машины шил хагарчихлаа гэхэд, чи намайг дайрах гэлээ гээд маргалдсан. Тэгсэн Дашдорж машинаас бууж ирээд машины шил хагаллаа гээд Тэнд байсан хүмүүс салгаад машинд суулгах хооронд хэл амаар доромжилж маргалдсан. Тэгээд би Дашдоржийг машиндаа суулгаад гэр лүүгээ явсан ..” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Анхбаярын “ ...2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед би тахилганд явах гэр ачиж байгаа байх гээд сургууль дээр очтол сургуулийн хашааны гадаа дөрвөн хүн хоорондоо дээр доороо ороод зодолдож байгаа байдалтай байхаар нь би очиж салгаад, Энхмэнд, Дашдорж нарыг дагуулаад сургуулийн хашаа руу орсон. Тэгэхэд Баднайсамбуу нь араас хашаанд орж ирээд дахин Дашдоржтой хоорондоо маргалдаад барцалдаж аваад Дашдоржийг газар унагаад байхаар нь би салгасан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч С.Баднайсамбуугийн үйлдлийн улмаас хохирогч С.Дашдоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000000286 дугаартай “...1. С.Дашдоржийн биед гэмтэл учирсан байна. 2. Дээд уруулын баруун талд язарсан шарх, дээд баруун 2, 3 дугаар шүдний хагас мултрал, духны дунд үстэй хэсэгт, хүзүүний баруун доод хэсэгт, зүүн хөх махны хэсэгт, баруун хөх махны доор зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж байна. 3. Дээрх гэмтэл нь зөрчил үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх үүссэн гэмтлүүд нь гэмтлийн гаралтай. 5. Иргэн С.Дашдоржийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлтээр, Мөн шүүгдэгч С.Баднайсамбуугийн үйлдлийн улмаас хохирогч Л.Энхмэндийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000000287 дугаартай “...1. Л.Энхмэндийн биед гэмтэл учирсан байна. 2. Дээд эрүүний зүүн 2-р шүдний хугарал, баруун зүүн талын ухархайн доторх ханын хугарал, дээд эрүүний 1-р шүдний хагас мултрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтэл нь зөрчил үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх үүссэн гэмтлүүд нь гэмтлийн гаралтай. 5. Иргэн Л.Энхмэндийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээд эрүүний зүүн 2-р шүдний хугарал гэмтэл цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувиар нөлөөлнө ...” гэсэн дүгнэлтээр, Шүүгдэгч С.Дашдорж, Л.Энхмэнд нарын үйлдлийн улмаас хохирогч С.Баднайсамбуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 000000284 дугаартай “...1. С.Баднайсамбуугийн биед гэмтэл учирсан байна. 2. Дээд эрүүний баруун 1-р шүдний уналт, хүзүүний баруун тал, өвчүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтэл нь зөрчил үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх үүссэн гэмтлүүд нь гэмтлийн гаралтай. 5. 5. Иргэн С.Баднайсамбуугийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээд эрүүний баруун 1-р шүдний уналт нь хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувиар нөлөөлнө ...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ. Хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч С.Баднайсамбуу нь хохирогч Л.Энхмэнд, С.Дашдорж нарыг зодсон үйлдэлдээ, шүүгдэгч Л.Энхмэнд, С.Дашдорж нар нь бүлэглэн хохирогч С.Баднайсамбууг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан, харилцан бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулсан. Шүүгдэгч С.Баднайсамбуу нь бусдын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж Л.Энхмэнд, С.Дашдорж нарын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Шүүгдэгч Л.Энхмэнд, С.Дашдорж нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн С.Баднайсамбуугийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч С.Баднайсамбуу, Л.Энхмэнд, С.Дашдорж нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч нараас болон хохирогчид хохирол төлбөр нэхэмжлээгүй учир бусдад төлөх төлбөргүй байна. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгч Л.Энхмэнд, С.Дашдорж, С.Баднайсамбуу нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Л.Энхмэнд, С.Дашдорж, С.Баднайсамбуу нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Энхмэнд, С.Дашдорж, С.Баднайсамбуу нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Л.Энхмэнд, С.Дашдорж, С.Баднайсамбуу нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хөрөнгөөс битүүмжлээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлий 3, 4 , 36.13 тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Энхмэнд, Асгат заан овогт Сандуйжавын Дашдорж нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ширээ дүүрэн овогт Сосорбурамын Баднайсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхмэнд, С.Баднайсамбуу, С.Дашдорж нарыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Энхмэнд, С.Баднайсамбуу, С.Дашдорж нарт тус бүр оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 233.333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхмэнд, С.Баднайсамбуу, С.Дашдорж нарт тус бүр оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Л.Энхмэнд, С.Баднайсамбуу, С.Дашдорж нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Л.Энхмэнд, С.Баднайсамбуу, С.Дашдорж нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА