Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.П, С.Ө,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Пийн өмгөөлөгч Г.Баттулга,

Хохирогч Ц.Ж,

Иргэний нэхэмжлэгч Ц.Ц,

Иргэний хариуцагч Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр, Д.Эрдэнэтуяа,

Шинжээч Н.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал /онлайнаар/,

Гэрч Ё.Ө,

Шүүгдэгч М.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.С-ид холбогдох эрүүгийн 2024000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ****************************************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 3 километр орчим зайд “Хар үзүүр” гэх газарт 00-00 000 улсын дугаартай “Dongfeng” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад орон нутгийн засмал зам дээр зогсоож, автомашинаа замаас чөлөөлөөгүйгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас түүний араас 00-00 000  улсын дугаартай “Suzuki Escuda” маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, 00-00 000  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Иийн амь нас хохирч, зорчигч Ц.Жийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.С нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 3 километр орчим зайд “Хар үзүүр” гэх газарт 00-00 000 улсын дугаартай “Dongfeng” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад орон нутгийн засмал зам дээр тоггүй болсон гэх шалтгааны улмаас замаа чөлөөлөхгүйгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зогссоны улмаас 00-00 000  улсын дугаартай “Suzuki Escuda” маркийн тээврийн хэрэгсэл чиргүүлд илүү гаргаж ачсан ачааг мөргөж, улмаар 00-00 000  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Иийн амь нас хохирч, зорчигч Ц.Жийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цаг 26 минутад 98000000 гэсэн дугаараас миний 002 дугаар луу 2 удаа дохихоор нь эргүүлээд залгахад дүү Ц.Ц утас авч осолд орчихлоо И ах өнгөрчихлөө гэхээр нь хаана юм бэ гэж асуухад Хар үзүүр өнгөрөөд засмал зам дээр гэж хэлсэн. Ослын газарт очихоор явж байтал өөдөөс машины гэрэл гялбаад байхаар нь автомашиныхаа гэрлийг хол дээр тавиад очиход чиргүүлтэй банз ачсан ачааны автомашин ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойшоо чиглэлтэй замын зорчих хэсэг дээр байсан ачаатай машины урдуур нь тойрч гараад баруун гар тийш эргээд далан руу орж талийгаач ахынхаа машин дээр очиход дүү Ц өөрийн дүү Жийг цээжээр тэврээд машины зүүн талд нь газар сууж байсан. Очиход Ж хөлөө татахаар нь амьд байгаа юм байна гэж бодоод тэр хоёр дээр очилгүй автомашины зүүн урд хаалгаар очоод үзэхэд талийгаач ах амьдын шинжгүй амьсгалахгүй зүрхний цохилтгүй зүүн талын хүүхэн хараа нь өргөссөн, баруун нүд бүлтэрсэн байдалтай нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 55-56/,

2.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Жийн мөрдөн шалгаж ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би ах Цийн хамт Т.И ахын хөдөө гэрт нь очиж хоноод маргааш малыг нь тарина гээд шөнө талийгаач ах И ах Ц нарын хамт 00 цаг өнгөрч байхад шатахуун авчхаад дэлгүүрээс ундаа аваад засмал замаар ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун хойшоо чиглэлтэй Хар үзүүр өөд өгсөөд явж байсан. Би суудлын голд нойр хүрээд байхаар нь гэдийгээд унтах санаатай зүүрмэглээд явж байсан. Тэгээд юу ч санахгүй 2-3 хоногийн дараа Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт сэрэхэд зам тээврийн осолд орсон гэдгийг манай аав надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 60-65/,

3.Иргэний нэхэмжлэгч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас гарч Хар үзүүр гэх нэршилтэй газрын Шумуултайн голын бетонон гүүр өнгөрөөд явж байгаад авто замын гүдгэр, гүвээтэй хэсгийн орой дээр гартал бидний урдаас нэгэн машин гэрлээ тусгаад зогсож байгаа харагдсан. Тэгтэл талийгаач жолоодож явсан машиныхаа холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээд хэсэгхэн зуур явж байтал нэгэн хатуу зүйл рүү машин мөргөөд онхолдсон. Тэгээд хэсэг зуурт миний ухаан санаа балартаж нэг ухаан орсон чинь машин замын хажуу талын шороон далан уруудаад явж байхаар нь би гар карданыг нь гараараа таттал машин зогссон. Машин зогсонгуут хурдны хайрцагны арааны залгуурыг салгасан. Тэгээд би машины хаалгыг онгойлгож машинаас буугаад, талийгаач ахыг нэрээр нь дуудтал, талийгаачийн зүгээс хариу өгөхгүй болохоор нь би жолоочийн талын хаалгаар шагайгаад хартал, талийгаачийн нэг нүд нь нүдний аяганаас бүлтрээд гарсан байдалтай, нүүрэн хэсэг нэлэнхийдээ няцарсан жолоочийн суудал нь хойш гэдийж тахийсан, талийгаачийн толгой хэсэг нь арын суудал руу унжсан байдалтай, ямар ч дуу авиа гарахгүй болсон байсан. Ингээд талийгаачийг нас барсныг мэдээд жолоочийн хажуу талын суудлыг аравч дэрийг дэрлүүлж орхиод, тэр дороо өөрийн төрсөн дүү Ц.Жийг машины арын хаалгыг онгойлгон машинаас буулгаад газар хэвтүүлсэн. Тэгээд бидний урдаас машиныхаа гэрлээ тусгаад зогсож байсан машины хүмүүс рүү тусламж дуудсан боловч уг хүмүүс ирэхгүй болохоор нь өөдөөс нь явган очиход машины жолооч нь сайн танил Ө гэгч хүн байхаар нь утсыг нь гуйж нагац ах Пийн 88000000 дугаарын гар утас руу залгатал авахгүй байсан. Тэгээд удалгүй цаанаас дуудлага орж ирэхээр нь утсаар ярьж болсон явдлын талаар түүнтэй ярьсан...” гэсэн мэдүүлэг /1хх 72-73/,

4. Гэрч Ё.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 40 минутаас ээж Дашзэвэг, хүү Батцоожийн хамт Говь-Алтай аймаг явах С, А нарыг гаргаж өгөхөөр яваад “Хар үзүүрийн ам” гэх газрын урт гүүр гараад явж байтал дүүгийн машины гэрэл унтарсан. Тэгээд асахгүй байхаар нь буцаж эргээд замаа чөлөөлөөд аваар, подвороо асаагаад машинаа унтраагаад хоёр дүү дээрээ очоод юу болов гэж асуусан. Дүү С нь гэнэт машин тоггүй болоод машин унтарчихлаа гэсэн. Тэгээд С ачааны машиныхаа мотор дээр гаран сууж байхдаа тогны гэрлийн холбогдолтой зүйл ярин үзэхээс гэж хэлэх хооронд би замын хөвөөний хажууд гаран бие засаад гарч иртэл няс хийсэн дуугаар гэрэл гараад дээрээс шилний хагархай шиг зүйл газарт унан ээжээ гэж хэлэх хооронд нэг машин зам дээр унан хажуугаар далан руу орон нилээн явж байгаад зогссон. Тэгэхээр нь миний дүү юу болов оо ямар аймар юм бэ гэж хэлээд би ээж дээр очсон. Ээж маань миний унаж явсан машины урд суудал дээр сууж явсан бөгөөд машины хаалгыг онгойлгон ээж ээ гэж хэлэхэд юу ч хариу хэлэхгүй нулимс нь гарсан байдалтай сууж байсан. Тэгээд би машиныхаа урдуур нь тойроод хаалгыг нь онгойлгоод түлхүүрээ түлхээд гэрлээ асаасан. Тэгээд машины хаалгыг хаагаад хойноос машины гэрэл орж ирэхээр нь тухайн машиныг зогсоогоод энд аваар гарчихлаа энэ хүүхдийг аваад яваач, эмнэлэг, цагдаа дуудах гэсэн юм гээд явуулсан. Тэгээд тухайн машинд дүү Сийг суулган Тосон руу явуулсан. Тэгээд байж байтал Ч гүйгээд ирсэн. Ч надаас утас байна уу, ах руу хэлэх гэсэн юм гээд асууж ирэхээр нь миний утас цэнэггүй байхаар нь ээжийн утсыг авч өгсөн. Ч аваар гарсан машин руу ээжийг утсыг аваад замын хажуу руу гүйгээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх 82/,

5. Иргэний хариуцагч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Төв замаар явж байтал гүүр гараад манай ачааны машины их гэрэл болон хяналтын самбар гэнэт унтарсан. Машинаас пор пор хийсэн чимээ гарсан бөгөөд баруун гар тийшээ зам чөлөөлөх гээд зогсох гэтэл машин төд удалгүй унтарсан. Манай нөхөр машинаас буугаад миний талын хаалгыг онгойлгон хайрцгаас гурвалжин тэмдэг өгөөд чиргүүлийн цацруулагчийн голд тавьчих гээд хэлсэн. Тэгээд тавьчхаад хүрээд иртэл Санжаа мотор дээрээ суучихсан байсан утасны гэрлээ асаа гээд надад хэлсэн. Удалгүй Ө эгч ирж юу болов дүү нар, машин нь зүгээр үү гээд асуухаар нь бид хоёр машины гэрэл асахгүй байна гэж хэлсэн. Тэгээд машины мотор луу гэрэл тусгаж байхад гэнэт тас няс гээд дуугараад Санжаа түлхүүрээ алдан доошоогоо тонгойгоод манай машины хажуугаар нэг машин өнгөрөөд явсан. Нэг мэдэхэд бонго машин ирсэн удалгүй цагдаагийн байгууллагын ажилтан болон эмнэлгийн машин ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 87/

6. Гэрч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед охин Ө машинаас буухдаа машинаа унтрааж анивчсан гэрэл дохио асаачхаад машинаас буухад машины гэрэл тусаад улаан өнгийн автобус хоёр машины дундуур гарч өнгөрсний дараа охин Ё.Ө хоёр хүүхдийн ачаатай машин дээр очсон. Би тухайн үед охин Ё.Өийн автомашины зүүн урд талын суудалд сууж байсан. Өөдөөс машины гэрэл тусахаар нь хүүхэддээ хэлэх үү гэж бодоод сууж байтал гэнэт л машины урд тал руу миний нүдэн дээр тулаад ирсэн би ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг /1хх 97/

7. Гэрч О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 30-72 УАВ улсын дугаартай “Субару Форестэр” маркийн тээврийн хэрэгслээ жолоодон ганцаараа ослын газар луу очихоор явтал хар үзүүрийн ойролцоо ямар нэгэн зам тээврийн осол гарсан зүйл харагдахгүй байхаар нь жижүүр лүү утсаар ярьж асуух гэснээ жаахан яваад үзье гэж бодоод цаашаа засмал зам ертөнцийн зүгээр зүүнээс баруун хойшоо чиглэлтэй явж байтал өөдөөс буюу ертөнцийн зүгээр баруун хойноос урагш чиглэлтэй тээврийн хэрэгслийг гэрэл тусч байсан ба замын зорчих хэсгийн хойд талд 2 гэрэл асчихсан байхаар нь давхиад очиход банз ачсан ачааны чиргүүлтэй автомашин ертөнцийн зүгээр зүүнээс баруун хойшоо чиглэлтэй зорчиж яваад замын зорчих хэсгийг чөлөөлөөгүй зогссон байдалтай чиргүүлийн хойд буланг мөргөж банзнууд хагарч замаар унасан байдалтай байхаар нь би автомашинаа зорчих хэсгийн хойд талд гаргаж тавиад гэрэл асаж байсан машин руу очиход талийгаачийн төрсөн дүү П, ах дүү нарынхаа хамт ирчихсэн байж байсан. П миний ах үхчихлээ гээд орилоод байхаар нь тэнд байсан хүмүүсээс өөр хүн байсан юм уу гэж асуухад Жийг эмнэлгийн машин аваад явчихсан гэж хэлж байсан. Ачаа ачсан машин нь машиныхаа кабинийг сөхчихсөн байдалтай ямар нэгэн гэрэл асаагүй тоггүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 94-95/,

8. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 000000030 дугаартай “...Амь хохирогчийн биед гэмтэл учирсан байна. Авто ослын гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, нүүрийг нэлэнхүйд нь хамарсан буцарч, няцарсан хугарал, суурь ясны хугарал, тархины суурь хэсгийн эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн эгэм, зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн нүдний бүлтрэл, зүүн нүдний урд хэсгийг дайрсан, эрүүний ооч, баруун сарвууны ар хэсэгт шарх, цээжний зүүн дээд хэсэг, баруун сарвууны ар хэсэг, баруун шуу, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн нүдний бүлтрэлт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн эгэм, зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний урд хэсгийг дайрсан, эрүүний ооч, баруун сарвууны ар хэсэгт шарх, цээжний зүүн дээд хэсэг, баруун сарвууны ар хэсэг, баруун шуу, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Бусад гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн тул гэмтэл тогтоох боломжгүй. Гавал тархины битүү гэмтэл, нүүрийг нэлэнхүйд нь хамарсан буцарч, няцарсан хугарал, суурь ясны хугарал, тархины суурь хэсгийн эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн. Цаг хугацааны хувьд 2020.07.05-ны өдөр үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Гавал тархины битүү гэмтэл, нүүрийг нэлэнхүйд нь хамарсан буцарч, няцарсан хугарал, суурь ясны хугарал, тархины суурь хэсгийн эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 120-124/,

9. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 000000249 дугаартай “...Ц.Жийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцралт, зөөлөн эдийн бүрхүүл доорхи цус харвалт, баруун жавьж, цээжний баруун дээд хэсэг, хүзүүнд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюул үүсгэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ц.Жийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ц.Жийн биед учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 2020.07.05-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Ц.Жийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцралт, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох  журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюул үүсгэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх 134-135/,

10. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 000000247 дугаартай “...Ц.Цийн биед тархи доргилт, хамрын нуруунд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.Цийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ц.Цийн биед учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 2020.07.05-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Ц.Цийн биед тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх 141-142/,

11. Завхан аймгийн техник хяналт үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...dongfeng маркийн 00-00 000 улсын дугаартай LGAXJK4P345011028 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр техник хяналтын үзлэгт орсон боловч тэнцээгүй байна. Тус автомашины ерөнхий өнгө үзэмж хэвийн, гадна гэрэлтүүлэх хэрэгсэл бүгд асдаг, тоормосны механизм, хөдөлгүүр болон хүч дамжуулах ангиас ямар нэг тос гоожсон болон битүүмж алдагдсан зүйлгүй, авцуулах холбоо болон тоормосны дөрөөн дээр гишгиж үзэхэд шаардлага хангахуйц байгаа боловч тус автомашиныг асаах боломжгүй байгаа тул тоормосны механизм, хурдны хайрцаг, хүч дамжуулах ангийн хэвийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Хөдөлгүүрт үзлэг хийхэд динамны суурийн дээд талын боолт сул, аппаратурын уян холбоосны боолт сул байдалтай байна. Хөдөлгүүрт үзлэг хийхэд динамны суурийн дээд талын боолт сул, аппаратурын уян холбоосны боолт сул байгаа нь автотээврийн хэрэгсэл бүрэн бус байснаас зайлшгүй зогсолт хийсэн байх боломжтой. Хөдөлгүүрт үзлэг хийхэд динамны суурийн дээд талын боолт сул, аппаратурын уян холбоосны боолт сул байгаа нь осол болохоос өмнө үүссэн байна. Хөдөлгүүрийн аппаратурын уян холбоосны боолт сул байгаа нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд нөлөөлсөн мөн динамны суурийн дээд талын боолт сул байгаа нь дамжуулгын ремен суларч аккумляторыг бүрэн цэнэглээгүйн улмаас гадна гэрэлтүүлэх хэрэгсэл асаагүй байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1хх 160-163/,

12. Завхан аймгийн техник хяналт үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “...suzuki escudo маркийн 00-00 000  улсын дугаартай TL52W152087 арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр техник хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Тус тээврийн хэрэгслийн бүх хэсгээрээ хэв гажилтад орсон, баганууд бүгд тахийж гулзайсан, урд гупер хагарч салж унасан. 4 хаалга цөмөрч хэв гажилтад орсон, баруун талын 2 хаалга мөн урд болон хойд салхины шилнүүд хагарч бутарсан, урд 2 крыло хэв гажилтад орж үрчийсэн, баруун толь байхгүй, зүүн толь сууриараа хугарч хагарсан, 4 дугуй нь стандарт шаардлага хангасан бүгд хийтэй байна. Тус тээврийн хэрэгсэл нь ослын улмаас бүх хэсгээрээ хэв гажилтад орсон, баганууд бүгд тахийж гулзайсан, урд гупер хагарч салж унасан, 4 хаалга цөмөрч хэв гажилтад орсон, баруун талын 2 хаалга мөн урд хойд салхины шилнүүд хагарч бутарсан, урд 2 крыло хэв гажилтад орж үрчийсэн, баруун толь байхгүй, зүүн толь сууриараа хугарч хагарсан, 4 дугуй нь стандарт шаардлага хангасан бүгд хийтэй байна. Явах анги, тормосны механизм, хөдөлгүүр, хүч дамжуулах ангийн хэвийн ажиллагааг суурин болон явуулын тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүйгээр эвдэрсэн тул тодорхойлох боломжгүй. Дээр дурдсан эвдрэл нь осол болоход үүссэн эвдрэл гэмтлүүд байна. Явах анги, тоормосны механизм, хөдөлгүүр, хүч дамжуулах ангийн хэвийн ажиллагааг суурин болон явуулын тоног төхөөрөмж шалгах боломжгүй эвдэрсэн тул тодорхойлох боломжгүй...” гэсэн дүгнэлт /1хх 149-152/,

12. ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч нарын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14/03 дугаартай “...00-00 000 улсын дугаартай “Dongfeng” маркийн автомашины жолооч Мөнхцэцэг овогтой С нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт буюу “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” заалтын зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Харин 00-00 000  улсын дугаартай “suzuki escudo” маркийн автомашины жолооч Т.И нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-р заалт буюу “жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн гэж үзэж байна. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна...” гэсэн дүгнэлт /1 хх 178-179/

13. Шинжээч И.Базаррагчаагийн шүүх хуралдаанд өгсөн “...Осол болсон газар зогсохыг хориглосон газар. Заавал зорчих хэсгийг чөлөөлж зогсох ёстой. Өөрөө хэлбэл хашлагагүй, шороон зурвастай газарт бол заавал зорчих хэсгийг чөлөөлж зогсох ёстой. Зорчих хэсгийг чөлөөлж зогсохгүй бол хөдөлгөөний аюулгүй байдал алдагдана гэж үздэг учраас замын хөдөлгөөний дүрэмд заавал зорчих хэсгийг чөлөөлж зогсоно гээд заачихсан байгаа. Тэгэхээр зорчих хэсгийг чөлөөлж зогсоогүй учраас хориглосон газар болж байгаа юм. Хориглосон газар зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслийг нэн даруй зорчих хэсгээс зайлуулах ёстой. Гэтэл жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг буруугаар тайлбарлаж ойлгодог. Өөрөөр хэлбэл ослын зогсолтын тэмдэг тавиад замаа чөлөөлөхгүй зогсож болно гэж ойлгодог. Замаа чөлөөлөхгүй зогсож байгаа нь маш аюултай нөхцөл байдал үүсгэчихсэн байдаг учраас замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийг нэн даруй зайлуул гэсэн байдаг. Тээврийн хэрэгсэл техникийн байдлаас болоод эвдэрчихвэл ямар арга хэмжээ авах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд дуут дохио болон аваарын гэрлийг ажиллуулах ёстой. Аваарын гэрэл ажиллахгүй бол ослын гурвалжин тэмдгээ тавих ёстой. Энэ зам нь орон нутгийн зам учраас ослын тэмдгийг 30 метр болон түүнээс хол зайд тавих ёстой. Яагаад 30 метр гэж үздэг юм бэ гэхээр харанхуй, гэрэлтүүлэггүй замд 80 км цаг хурдтай явж байгаа жолооч зам дээр зогсчихсон байгаа хар өнгөтэй зүйлийг 25 метр тулж ирсэн хойноо хардаг. Энэ 25 метрээс нь холдуулаад 30 метр гэсэн заалтыг 3 дугаар зэрэглэлийн зам дээр тавьчихсан байгаа. Өөрөөр хэлбэл бүр аюулгүй байдлыг хангаж чадахгүй ч гэсэн зогсоод тойроод гарчих боломж байна уу гэдгийг хэлж байгаа юм. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр хүн өөрөө алдаатай байдаг учраас хүний реакцийн хугацаа гэж байдаг. Тухайн аюултай зүйлийг харангуутаа жолооч арга хэмжээ авдаг реакцийн хугацаа гэж бий, энэ хугацааг дунджаар 0,8 секунд гэж үздэг. Энэ 0,8 секундэд жолооч ямар нэгэн үйлдэл хийж амждаг. Өөрөөр хэлбэл тормоз гишгэх юм уу, жолооны хүрдийг аль нэг тийш нь дараад тухайн саадыг тойрох арга хэмжээнүүд авах боломжтой. Дээр нь ямар нэгэн арга хэмжээ авахад тээврийн хэрэгсэл өөрөө дутагдалтай байдаг учраас тормоз өөрөө ажиллах юм уу, жолооны хүрд ажиллах үедээ 0,2 секунд зарцуулдаг. Ингээд 0,2 дээр 0,8 секундыг нэмэхээр 1 секундын хугацаанд автомашин ямар нэгэн зогсох болон чиг өөрчлөх тийм үйлдэл хийхгүй. Өөрөөр хэлбэл 80 км цагийн хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл 1 секундын хугацаанд 22 метрт зогсох ямар нэгэн зүйл хийхгүй, тойрч гарах ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр явна гэсэн үг. Үүний дараагаас эхлээд тормозлоод дугуй нь эргэхээ болиод эхэлнэ эсвэл автомашин залагдаад тойроод гарна гэсэн үг. Тэгэхээр 22 болон 25 метрийг давсан зайд ослын тэмдгийг байрлуулсан байхыг орон нутгийн зам дээр шаарддаг. Бид нар дүгнэлт гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд гаргадаг учраас хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг зэргээс харахад ослын гурвалжин тэмдгийг байрлуулсан зай нь арай өөр байсан. Дээр нь тээврийн хэрэгсэл эвдрээд зогсох агшинд механик гэмтэл гараад тээврийн хэрэгсэл явахаа болихгүй л бол ямар ч тохиолдолд жолооч замаа л чөлөөлж зогсох ёстой. Та бүхэн бүдүүвч зургийг хараарай. Энэ жолооч бол замаа чөлөөлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Зогссоны дараа жолооч машинаа засах гээд оролдсон байгаа юм. Уг нь бол зайлуулах арга хэмжээ авах ёстой. Зайлуулахад хүндрэлтэй байгаа бол тэрэнд тохирсон ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Жишээ нь гэрэл нь асахгүй байгаа бол цуг явж байгаа машиныг хойноо зогсоож ослын дохионы гэрлийг асаах, гурвалжин тэмдгийг тавих, бусдад мэдэгдэхүйц арга хэмжээ авах, ачаануудаа хөнгөлж замаас зайлуулах гэх мэтчилэн байж болох бүх л арга хэмжээг авах ёстой. Өөрөөр хэлбэл бусдад аюултай байдал үүсгэхгүй байх бүх л арга хэмжээнүүдийг авч эхлэх ёстой. Гэтэл уг жолооч бол машиныхаа копутыг сөхөөд гэрэлтүүлэхийнхээ юмнуудыг засаад суучихсан. Энэ хугацаанд маш их цаг хугацааг алдаж байгаа юм. Дараагийн нэг зүйл нь 80 км цаг хурдтай явж байгаа машины өөдөөс ослын дохионы гэрлээ асаагаад өөр тээврийн хэрэгслийг тухайн зам дээр зогсож байгаа машины хажууд тавьчих юм бол нөгөө харах 25 метрийн зай маань богиносдог. Тухайн хүний нүдний хараа болон анхааралтай байдлаас шалтгаалдаг. Энэ нь аюултай байдлыг нэмэгдүүлж байгаа юм. Суурингаас гаднах замд ямар нэгэн аюултай байдлаас 150 метрийн өмнө анхаарал тэмдэг тавьдаг шүү дээ. Юу гэсэн үг вэ гэхээр хүн бол дутагдалтай учраас аль болох холоос тухайн аюултай зүйлийг анхааруулж урьдчилан мэдэгдэж байж тухайн хүн тохирсон арга хэмжээг авдаг болохоос биш тулаад ирсэн хойноо хүн юу ч хийж чаддаггүй. Бас нэг зүйл нь зогсоох арга хэмжээ гэж ярьдаг. Тэр нь ганц тормозлохыг хэлдэггүй, машинаа унтраахыг хүртэл хэлдэг. Тэгэхээр тойрон гарах бүх үйлдлүүд зогсоох арга хэмжээндээ ордог. Энэ бүх зүйлийг тооцсоны үндсэн дээр замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг бичсэн байдаг учраас үүндээр бусдад анхааруулах хамгийн оновчтой аргуудыг нэн даруй авч эхлэх ёстой. Тийм учраас уг жолооч нь нэн даруй зайлуулах үйлдэл хийгээгүй учраас зам тээврийн осол гарах нөлөөллийг бий болгосон байдаг. Үзэгдэлт хангалтгүй нөхцөлд харанхуй үедээ орно. Харанхуй үе гэдэг чинь огт юм харагдахгүй үеийг хэлнэ. Тэр сартай байна уу, саргүй байна уу ямар ч хамаагүй. Машин барьж яваа хүн чинь өөрийнхөө машины гэрэлд л харж явдаг болохоос биш бусад зүйлийг харж чадахгүй. Харин хажуу тийшээ юм уу, хойшоо хараад явж байвал өөр нөхцөл байдал үүснэ. Машины гэрэл тусчихсан явж байвал өөр. Машинаасаа буугаад явах юм шал өөр байдаг. Жишээ нь орон нутагт явж байгаа жолооч нар машиныхаа гэрлийг унтраачхаад машин дээрээ гарч зогсоод тухайн газрынхаа баримжааг хараад, тэгээд цаашаа машинаа асаагаад явдаг. Хүн өөрөө нүдний хараа нь томорч жижгэрдэг учраас харах чадвар нь тухайн нөхцөл байдалдаа тохироод яваад байдаг. Үзэгдэлт хангалтгүй гэдэг нь өөр, харанхуй гэдэг нь бас өөр юм. Мөрдөгч шинжээч томилсон тогтоолдоо хууль асуусан байхаар нь бид хуулийг тайлбарлаж чадахгүй нээ гэж хариулсан. Хуулийн хүрээнд батлагдсан хэм хэмжээний актыг нь хариулаарай, хуулийг нь битгий хариулаарай гэсэн бол бид акт буюу дүрэм асууж байгаа юм байна гэж ойлгох байсан. Нэн даруй гэдэг нь байж болох хамгийн бага хугацааг хэлнэ. Ослын гурвалжин тэмдгийг 30 болон түүнээс дээш алхаад тавьсан гэдгийг хүлээн авах боломжгүй. Учир нь тухайн хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын зурагт ослын тэмдэг яг ачааны доор байгаа. Тэгэхээр 30 метрийн цаана байсан ослын тэмдэг мөргөх юм бол 30 метр нисэж очоод ачааны машины чиргүүлийн доор очих боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

14. Шинжээч Н.Мөнхзулын шүүх хуралдаанд өгсөн: “...Үзэгдэлт хангалтгүй нөхцөл гэдэг нь байгалийн үзэгдэл. Байгалийн үзэгдэл дотроо цас, бороо, манан, шуурга орж байгаа. Бүрэнхий үе гэдэг нь харанхуй үеэс бусад үеийг хэлнэ. Гэхдээ замд тодорхой хэмжээгээр харагдахгүй болсон нөхцөл байдлыг хэлж байгаа юм. Харанхуй үе гэдэг нь үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох үеийг хэлээд байгаа юм Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч эхний ээлжинд ослын дохионы гэрлийг асаах ёстой. Ослын дохионы гэрэл ажиллахгүй бол ослын зогсолтын тэмдгийг байрлуулах ёстой. Түүний дараа автомашинаа нэн даруй зайлуулах ёстой. Нэн даруй зам чөлөөлөх арга хэмжээ гэдэгт тухайн тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээрээс аль болох хурдан зайлуулах арга хэмжээнүүдийг оруулж байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн эвдрэлийг засах нь зам чөлөөлөх арга хэмжээнд орохгүй. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч зам чөлөөлөх тохирсон арга хэмжээнүүдийг авах ёстой...” гэсэн мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  /1 хх 19-26/, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 32-34/, 00-00 000 улсын дугаартай “dongfeng” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 27-29/, 00-00 000  улсын дугаартай suzuki escudo маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 30-31/ зэрэг нотлох баримтууд байна.

Ман шүүгдэгч М.Сийн “...00-00 000 улсын дугаартай “Dongfeng” маркийн тээврийн хэрэгслээр банз палк мод ачаад Говь-Алтай аймаг руу өөрийн эхнэр Д.Аын хамт гарсан. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс гараад баруун тийш явдаг орон нутгийн хатуу хучилттай засмал замаар явсан. Тэгээд Тосонцэнгэл сумын төвөөс гараад 3 км орчим зайд яваад миний машин ямар ч тоггүй болоод унтарсан. Би удаан явж байсан болохоор замаа чөлөөлөх гээд замын баруун гар тал руу шахаад явсан боловч машины толгой хэсэг хагас чөлөөлөгдөөд, чиргүүлийн хамгийн ойр хэсэг нь замын гол зурааснаас 1 метр зайтай зогссон. Тэгээд би бууж ирээд буруу талын хаалгаар багажаа аваад дотроос нь ослын гурвалжин тэмдэг эхнэртээ өгөөд “Чиргүүлийн 2 цацруулагч голлуулаад хойшоо алхаад тавиарай” гэж хэлээд өгсөн. Би өөрөө багажнаасаа кабин өргөдөг домкратны иш аваад кабинаа өргөөд багажнаасаа 2 ширхэг түлхүүр аваад галны боолтоо суллаад байж байтал миний машиныг нэг машин мөргөөд, миний машины зөв талаар агаарт шидэгдээд өнгөрсөн. Тэр үед би машиныхаа мотор дээр сууж байсан. Тухайн газраас би газарт унаад босож ирээд хартал нэг машин замын баруун тал руу өнхөрсөн. Тэгээд би өөрийнхөө машиныхаа урдуур тойрч ирээд зөв талд нь гараад харахад сарны гэрэлд хагарсан толь, шилний үйрмэгүүд байсан. Эргээд харахад замын эсрэг талд Өийн эгчийн машин аваараа дарчихсан зогсчихсон байсан. Тухайн замын хажуу руу өнхөрч байсан машин зогсож, түүний дотор талаас нэг хүн бууж ирсэн. Тухайн хүн бууж ирээд туслаарай гэж орилоод байсан. Тэр үед манай эхнэр А, эгч Ө нар нь тусалъя гэж хэлээд намайг түргэн дууд гэсэн. Тэр хооронд Бонго маркийн машин ирээд би тэр машинд суугаад Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсийн үүдэнд ирж цагдаагийн хэлтэст орж ирээд дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би дуудлага мэдээлэл өгсний дараагаар цагдаагийн суурин утаснаас эмнэлэг рүү залган дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг нь зам тээврийн осол болсон үйл баримтыг давхар нотолж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогч Т.Иийн нас барсан шалтгааныг, мөн хохирогч Ц.Жийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, эргэлзээгүй тогтоосон байх тул хууль зүйн хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна гэж үзэв.

Шүүгдэгч М.С нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч М.С нь хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн урд, ард гэрэл ойлгуур болон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүй болон замын хөдөлгөөний дүрэмд заасан аюулгүй байдлыг хангаагүй” гэж заасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээс хамааралтай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Сийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд прокурорын газраас шүүгдэгч М.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Сийн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Тиймээс шүүгдэгч М.Сийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч М.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлөхөө шүүх хуралдааны явцад илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин түүнд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбар болон шүүгдэгч М.Сийн шүүх хуралдаанд “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талд дахин эмгэнэл илэрхийлье. Би хохирлыг төлж барагдуулна. Өөрийнхөө тээврийн хэрэгслээ зараад төлнө. Миний машиныг авъя гэсэн хүн байгаа. Би мод зардаг ажил хийдэг учраас жилийн дотор нийт хохирлыг хоёр хуваагаад төлнө. Хохирогч Ц.Ж, иргэний нэхэмжлэгч Ц.Ц нарт хохирлыг 2022  оны 06 дугаар сардаа багтаагаад төлнө. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг 2022 оны 12 дугаар сардаа багтаагаад төлнө...” гэсэн мэдүүлгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзээд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцэхээр байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч М.Сид  мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэж заасан үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан байх тул шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс шүүгдэгч М.Сид оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг тоолох нь зүйтэй байна.

Амь хохирогч Т.Иийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.П нь шүүхийн хэлэлцүүлэгт буяны ажлын зардал 16,373,440 төгрөг, “Suzuki escudo” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөг, амь хохирогчийн хүүхдүүдэд тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү болон хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаснаас баримтаар буяны ажлын зардалд нийт 12,224,608 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж /1хх 219-233, 235-243/, буяны ажлын зардлаас 4,148,832 төгрөгийн шаардлагын нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй үндэслэлээр, мөн Suzuki escudo” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөг, амь хохирогчийн хүүхдүүдэд тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү болон хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бодитой тогтоох боломж бүхий баримтыг шүүхээс өмнөх болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ц.Ж эмчилгээний болон бусад зардал нийт 5,084,223 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нийт 4,480,123 төгрөгийн шаардлагыг хангаж, 29-16 ЗАА улсын дугаартай “lexus 570” маркийн машинд засвар үйлчилгээ хийсэн зардал 295,000 төгрөг, бензин хийсэн зардал 224,100 төгрөг нийт 519,100 төгрөгийн шаардлагын нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй үндэслэлээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж /2хх 3-4/, нийгмийн даатгалын сангаас төлсөн 85,000 төгрөг нь гэмт хэргийн хохиролд холбогдолгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /1хх 247/

Мөн хохирогч Ц.Жийн эрүүл мэндэд учирсан хүнд /гэмтэл/  хохирлыг эмчлэх цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Ц.Ц эмчилгээний болон бусад зардал нийт 1,756,740 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нийт 1,230,500 төгрөгийн шаардлагыг хангаж, гэмт хэргийн хохиролтой холбоогүй 526,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ...бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.

Гэвч шүүгдэгч М.Сийн унаж явсан 00-00 000 улсын дугаартай “Dongfeng” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Д.А нь бүртгэлтэй байгаа боловч М.С, Д.А нар нь гэрлэгчид, уг тээврийн хэрэгсэл нь тэдгээрийн дундын өмч бөгөөд өмчлөгчөөр бүртгэгдсэн Д.А, шүүгдэгч М.С нарын хооронд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Соос амь хохирогч Т.Иийн хууль ёсны төлөөлөгч Т.Пид хохиролд 12,224,608 төгрөг, хохирогч Ц.Жд хохиролд 4,480,123 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Цд хохиролд 1,230,500 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан зардалд 200,000 төгрөгийг гаргуулж шинжлэх ухаан техникийн их сургуулийн зөвлөх инженер И.Базаррагчаад олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүд мэт зүйл 1 ширхэг, банзны хугархай 2 ширхэг зэргийг тус тус устгаж, ослын гурвалжин тэмдэг 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, М.Сийн дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Сийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч М.С-ид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг тоолсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.С-оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан зардалд 200,000 төгрөгийг гаргуулж шинжлэх ухаан техникийн их сургуулийн зөвлөх инженер И.Базаррагчаад олгосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.С-оос хохирол төлбөрт нийт 17,935,5231 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Пид 12,224,608 /арван хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун найм/ төгрөг, хохирогч Ц.Жд 4,480,123 /дөрвөн сая дөрвөн зуун наян мянга нэг зуун хорин гурав/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Цд 1,230,500 /нэг сая хоёр зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Ц.Жийн 85,000 төгрөг гаргуулах, иргэний нэхэмжлэгч Ц.Цийн 526,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогч Т.Иийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.П-н буяны ажлын зардал 4,148,832 төгрөг, Suzuki escudo” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөг, амь хохирогчийн хүүхдүүдэд тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү болон хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох тухай, хохирогч Ц.Жийн бусад зардал 519,100 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүд мэт зүйл 1 ширхэг, банзны хугархай 2 ширхгийг устгаж, ослын гурвалжин тэмдэг 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч М.Сийн  дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

12. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ