Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2022/0002/Э/205/2022/0006 |
Дугаар | 2022/ШЦТ/04 |
Огноо | 2022-01-12 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,
Шинжээч Б.Даваацэрэн,
Гэрч Ш.Т, С.Б,
Шүүгдэгч Г.Р,
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Рд холбогдох эрүүгийн 2124000710073 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ************************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Р нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан баг “Гунзаны шар жалга” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1,005 метр куб хэрэглээний нойтон мод бэлтгэж ойн санд 668,308 төгрөгийн хохирол учруулсан, уг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Гунзаны шар жалга” гэх газарт байх ойгоос Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэр онгоц буудал хүртэл 00-00 000 улсын дугаартай “Kia bongo frontier” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Ргийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Р нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Гунзаны шар жалга” гэх газрын ойгоос 3 ширхэг ургаа босоо нойтон мод огтолж 1,005 метр куб хэрэглээний нойтон мод бэлтгэж, уг модыг Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах онгоц буудал хүртэл 00-00 000 улсын дугаартай “Kia bongo frontier” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч Ж.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Г.Р нь ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ.Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 47/,
Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 07-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа онгоц буудлын бензин колонкийг шалгаж явж байх үед модтой Пронтер маркийн 2 машин зогсож байхаар нь жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаа цагдаагийн ахлах Ө.Я-тэй хамт машинаасаа буугаад тухайн 2 машин дээр очиж шалгасан. Тэр үед тухайн 2 машины жолооч нь мод тээвэрлэх зохих зөвшөөрөлгүй явж байсныг жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруул-Эрдэнэд танилцуулан тухайн хоёр машиныг түр саатуулах цагдаагийн хэлтсийн журмын хашаанд авч ирсэн юм. Тухайн 2 тээврийн хэрэгслийг шалгахад мод тээвэрлэх зөвшөөрлийн бичиг баримт байхгүй байсан ба тухайн 2 машины жолооч нь модны гоожин байхгүй гоожин төвөөс ирнэ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 54-55/,
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагаас 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг хүртэл Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Жижүүрийн 80251102 дугаар руу байгаль хамгаалагч Ш.Т нь модтой хоёр машин онгоц буудлын бензин колонкийн хажууд байна гэсний дагуу би 2021 оны 08 дугаар сарын 07-ны шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан шүүхийн дэг сахиулагч цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Б.Э, жижүүрийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Ө.Я нарыг явуулсан юм. Тэгээд тухайн хоёр цагдаа нь тухайн хоёр машинтай модыг журмын хашаанд байрлуулсан юм. Тухайн хоёр машины жолооч нь машинаа журмын хашаанд байрлуулаад жижүүрийн өрөөний үүдэнд ирээд Маяти маркийн 74-13 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрээд уг хоёр машинд хувааж модоо ачиж оруулж ирсэн юм гэж хэлсэн. Тухайн машины хоёр жолооч унанги мод гэж хэлээд 21-080162 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлэхээр нь тухайн эрхийн бичгийг аваад өглөө моднуудыг нягталж үзэхээр болсон. Би 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагт журмын хашаа руу орж үзэхэд нойтон мод байсан юм. Тухайн машинуудад ачсан моднууд нь цагаан голтой моднууд байсан. Өмхтэй болон унанги моднууд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 59-60/,
Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн босоо модны 3 ширхэг хожуул нь модны хажууд дорцов хэсэг нь байсан учраас тухайн авч ирсэн модны тайрдас нь уг 3 ширхэг босоо модны дунд хэсгээс тайрч авсан байх магадлалтай байсан. Тухайн 3 ширхэг босоо мод нь хэрэглээний мод байсан. Галын түлээний мод биш юм...” гэсэн мэдүүлэг /хх 73/,
Гэрч Ө.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг 3 ширхэг босоо модны дорцов хэсэг нь босоо модныхоо хажууд байсан. Модны үзүүрийн хэмжээнээс модны дорцов хүртэлх хооронд хэмжээний дунд хэсгээс тайрч авсан модны хэсэг тохирч байсан. Тухайн хожуулын холтос, модны өнгөний хэв шинж, тухайн модны гол, өмх, яр зэргээр харьцуулан үзэхэд тохирч байсан. 4 ширхэг унанги мод нь байгалийн жамаар салхи шуурганы улмаас унасан байдалтай байсан. Унанги мод нь үндсээрээ булгарч унасан байсан. Иргэн Г.Ргийн 3 ширхэг босоо модны хожуулаас 14 ширхэг мод бэлтгэсэн байх боломжтой байсан. Тухайн 3 ширхэг босоо модны унасан хожуулаас модны үзүүрийн хүртэлх хэмжээг авахад 2.50 метрийн урттай нийт 14 ширхэг мод бэлтгэсэн байх магадлалтай байсан. Тухайн 3 ширхэг босоо мод нь 2.50 метрийн урттай байсан болохоор хэрэглээний модонд тооцно. Галын түлээний мод биш юм...” гэсэн мэдүүлэг /хх 75/,
Шинжээч Б.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “Цагдаагийн хашаанд очиж тээврийн хэрэгсэлд ачсан байсан 26 ширхэг модыг нэг бүрчлэн хэмжиж буулгаж үзлэг хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Бүх мод нойтон байсан учраас нойтон мод гэж дүгнэлтээ гаргасан. 2 дахь дүгнэлтэд цагдаагаас нарийн шургааг мод байсан уу гэсэн асуулт тавьсан байсан учраас байхгүй гэж хариулсан. Сүүлийн дүгнэлтийг хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг надад өгсөн. Учраас үзлэгийн тэмдэглэлийг үндэслээд дүгнэлтээ гаргасан. Цэвэрлэгээний ажил хийх эрхийн бичгээр босоо мод бэлтгэх боломжгүй. Ргийн босоо мод бэлтгэж байгаа нь хууль зөрчиж байгаа. Иргэн хүнд 2 төрлийн мод бэлтгэх эрхийн бичиг өгдөг. Нэг нь мужааны зориулалтаар авдаг. Үүнийг байгаль хамгаалагчийн хяналт дор босоо нойтон модыг авч болно. Хэрэглээний модны гоожинг сумын иргэдийн хурал хуваарилдаг. Хашаа, байшин барих зориулалтаар авч болно. Үүнийг байгаль хамгаалагчийн хяналт дор унанги модноос авна. Цэвэрлэгээний огтлолоор иргэн хүн босоо модыг огтлохгүй, хуулиар хориотой. Цэвэрлэгээний огтлолын эрхийн бичгийг аж ахуй нэгжид олгоно. Иргэн хүн цэвэрлэгээний ажил гэсэн эрхийн бичгээр галын модоо хийнэ. Ойгоос мод бэлтгэх журмын 3.5-т “Байгалийн гэнэтийн гамшиг түймэр, ойн хөнөөлт шавьж, өвчин, салхи, шуурга, цас, үер, гэх мэтийн улмаас мод нь нэлэнхүйдээ хатсан, хугарч гэмтсэн, унасан талбайд цэвэрлэгээний огтлол хийхэд Ойн ангийн дүгнэлтийг үндэслэн сумын засаг дарга шийдвэр гаргана” гэж заасан байгаа. Тэгэхээр иргэн хүн уначихсан модыг ойн ангийн дүгнэлтээр засаг даргын шийдвэр гаргасны дараа авч болно. Би 09 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаартай дүгнэлтийг цагдаагийн тавьсан асуултын дагуу хариулсан. Цагдаагийн асуулт нь иргэн Г.Ргийн ойгоос бэлтгэсэн мод нь хэргийн газрын үзлэгээр хуурай 3 ширхэг мод огтолж, 14 ширхэг шургааг мод бэлтгэсэн байх ба тухайн 14 ширхэг шургааг модыг портер маркийн тээврийн хэрэгсэл дээр байсан уу гэж асуусан байхаар нь уг дүгнэлтийг гаргахад тээврийн хэрэгсэл дээр байгаагүй болохоор нь байгаагүй гэж бичсэн. Хуурай мод бол холтосгүй, хатчихсан, цуурчихсан, мөчиргүй, шилмүүсгүй болчихсон, цав цагаан модыг хэлнэ. Нойтон мод бол холтостойгоо, цагаан долтой тийм модыг хэлнэ. Г.Ргийн бэлтгэсэн моднууд бол дан нойтон байсан. Ургаж байгаа, холтос нь унаагүй, ногоон шилмүүстэй модыг босоо нойтон мод гэж хэлнэ. Доороосоо чийгээ татаж байгаа босоо нойтон модыг тайрч бэлтгэж авахгүй. Орой хэсгээс татсан модыг цаашид ургаж амьдрах эсэхийг дүгнэлт гаргаж л тодорхойлохоос шууд ургах боломжгүй гэж хэлэх боломжгүй. Би 18 дугаартай дүгнэлтийг гаргахдаа машин дээр ачсан байсан модыг үндэслэж гаргасан. Тухайн тээврийн хэрэгсэл дээр ачсан байсан моднууд нь цагаан голтой холтостой нойтон моднууд байсан. Би эхлээд ачиж ирсэн модонд дүгнэлт гаргасан. Тэр үед хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл ирээгүй. Дараа нь нөхөн үзлэгийн тэмдэглэлийг хараад үндэслэлтэй гэж үзээд сайн шалгаж дүгнэлт гаргасан. Г.Ргийн бэлтгэсэн моднууд нь хэрэглээний нойтон модны ангилалд орно. Өөрийн хэмжээ ба шинж чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглах, өнгөний хувирал, өмх яртай, гүн цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй модыг галын түлээний мод гэнэ. Үүнээс бусдыг нь хэрэглээний мод гэнэ. Хэмжээ нь 2.20 см-аас дээш бол хэрэглээний мод болно. Хэрэглээний модны эрхийн бичгийг иргэнд өгнө. Хэрэглээний мод гэсэн эрхийн бичгээр хуурай мод л авна. Унанги модонд дүгнэлт гаргуулна. Иргэн хүн хэрэглээний хуурай модыг бэлтгэх гэж байвал байгаль хамгаалагч эрхийн бичиг бичиж өгөөд иргэн хүн өөрөө авч болно. Байгаль хамгаалагчийн хяналт дор хаанаас бэлтгэх вэ гэж газрыг нь зааж өгнө. Учир нь янз янзын мод бэлтгэхээс сэргийлнэ. Босоо модыг хуульд мэргэжлийн байгууллага огтолно, иргэн хүн огтлохгүй гээд заасан байгаа. Хэрэглээний мод нойтон, хуурай аль аль нь байж болно. Би сүүлийн дүгнэлтэд 26 ширхэг модноос 14 нь нойтон босоо мод, 12 нь унанги нойтон мод гэдгийг хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл дээр босоо модны диаметр, сантиметрийг үндэслэж гаргасан. Цэвэрлэгээний ажил гэсэн зориулалтаар босоо модыг тайрч болохгүй...” гэжээ.
Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Уг 3 ширхэг босоо модны дорцов хэсэг нь босоо модныхоо хажууд байсан. Тухайн босоо 3 ширхэг мод нь байгалийн жамаар унаагүй харин хөрөөдөж унагааж бэлтгэсэн мод байсан. Унанги мод нь нойтон мод байсан. 3 ширхэг босоо мод бас нойтон мод байсан. Тэр үед тухайн 3 ширхэг босоо модны үзүүр хэсгээрээ хуурай болчихсон, тоншуул цохисон, дундаас доош хэсэгт нойтон бөгөөд модны холтос хэсэг нь цагаан долтой байсан. Тэр шинжээрээ тухайн мод нь нойтон гэсэн үг юм. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр хуурай мод байна гэж тусгагдсан талаар сайн мэдэхгүй байна. Байгалийн салхиар унасан мод нь унанги мод байсан. Тэр мод нь ногоон шилмүүстэй, нойтон мод байсан. Босоо модны хожуул нь нойтон байсан. Цэвэрлэгээний огтлол гэж аж ахуй нэгж зөвшөөрөл авч босоо модыг тайрдаг. Цэвэрлэгээний ажил гэж унасан унанги, мөчир зэрэг тухайн ойн ангиас гаргасан дүгнэлтийн дагуу хийдэг...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Тын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би хэргийн газарт үзлэгээр цагдаагийн дэслэгч С.Мягмаржав, байгаль хамгаалагч С.Б нартай очиход мод үндсээрээ булгарсан нойтон шилмүүстэй, ногоон моднууд тайрч авсан байсан. Нэг хэсэг нь бол угаасаа нойтон байсан. Тухайн 3 ширхэг босоо мод нь цагаан дол хэсэг харагдаж байгаа болохоор нойтон мод гэсэн үг. Уг 3 ширхэг босоо модны дорцов хэсэг нь босоо модныхоо хажууд байсан. Тухайн босоо 3 ширхэг мод нь байгалийн жамаар унаагүй харин хөрөөдөж унагаасан мод байсан. Унанги мод нь байгалийн жамаар салхи, шуурганд унасан байсан. Унанги мод нь нойтон мод байсан. Тухайн 3 ширхэг босоо модны хөрөөдөж унагаасан хэсгийг харахад цагаан дол тойрог хэлбэрээр хүрээлсэн шинжээрээ тухайн мод нь нойтон гэсэн үг юм. Нойтон мод бол цагаан долтой, хуурай мод нь дол байхгүй байдаг. Ргийн ачиж ирсэн моднууд нойтон байсан. Босоо модны хожуулын гол нь нойтон байсан. Чийг нь бүрэн арилаагүй, бүрэн цэвэр хатаагүй. Захаараа нойтон, голоороо улаагаад хатаж байгаа юм уу гэмээр байсан. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцаагүй гарын үсэг зурсан. Ер нь босоо модыг иргэн авах ёсгүй...” гэжээ.
Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Г.Р болон Ж.Б нар нь миний өрөөнд орж ирээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга болон Байгал орчны хяналтын байцаагчид хүсэлт гаргах нь гэсэн бичгийн цаасны дээд хэсэгт бичигдсэн өргөдлийг барьж орж ирсэн юм. Тэр хүсэлт нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бичигдсэн байсан ба тухайн өргөдлийг хараад би Б.Д-н дугаар луу залгаад лавлаж асуухад Т.Б байхгүй байгаа учраас 3 куб хэрэглээний модны эрхийн бичгийг бичээд явуулчихгүй гэж надад хэлсэн. Тэгээд иргэн Г.Рд 6 куб хэрэглээний модны цохолтоос 3 куб хэрэглээний модны 21-080187 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг иргэн Г.Рд үлдсэн 3 куб модыг галын түлээний модны 21-080189 дугаартай мод бэлтгэх бичгийг иргэн Ж.Б нарт Б.Д-н цохолтоор бичиж өгсөн юм. Би тухайн 2 мод бэлтгэх эрхийн бичгийг Тосонцэнгэл сумын орлогч дарга Б.Д-н цохолтоор бичиж өгсөн юм. Цэвэрлэгээний огтлол нь ойн сан дахь босоо хуурайшсан, хорхой шавьж идсэн хуурайшсан модыг тайрч бэлтгэхийг хэлнэ. Цэвэрлэгээний огтлол дээр иргэнд мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй. Цэвэрлэгээний ажил нь ойн санд унасан унанги, хугарч гэмтсэн мод, салхи шуурганд унасан мод, ойн цэвэрлэгээний ажлаар цэвэрлэгээний үлдэгдэл мод зэргийг иргэн, аж ахуйн нэгж байгууллага нарт мод бэлтгэх эрхийн бичиг олгоно. Би иргэн Г.Рд 3 м3 модыг хэрэглээний модны 21-080187 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг олгосон юм...” гэсэн мэдүүлэг /хх 69,71/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай “...Г.Ргийн нь ойгоос бэлтгэсэн мод шинэс /хар мод/ мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний нойтон мод байна. Хамаарч байгаа үндэслэл нь 2,20 см-ээс дээш урттай мод хэрэглээний модонд хамаарах. Г.Ргийн мод бэлтгэсэн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Гунзаны шар жалга” гэх газар ойн сангийн 2-р мужлалд хамаарна...” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгт /хх 80-82/
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай “...Г.Р бэлтгэсэн 14 ширхэг мод нь босоо нойтон мод 12 ширхэг нь байгалийн аясаар салхинд унасан нойтон мод байна...” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгт /хх 106-108/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Г.Ргийн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өглөө 10 цагийн үед байгаль хамгаалагч байцаагч Галбаатараас 3 метр куб хэрэглээний модны гоожин авсан. Би гоожин аваад хөдөө гэрээрээ ороод хувцсаа солиод Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Гунзаны Шар жалга” гэх газар руу мод бэлтгэхээр явсан. Би тэр газарт очоод 3 ширхэг босоо мод болон унанги модыг бэлтгэж, 00-00 000 улсын угаартай “Kia bongo frontier” маркийн тээврийн хэрэгсэлд ганцаараа ачаалаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэрийн голын гүүрээр орж ирж байхад цагдаа нар зогсоогоод шалгасан. Тухайн үед би машин дотроо мод бэлтгэх гоожингоо хувцсаа солихдоо мартчихсан байсан байна гэж хэлсэн. Хоёр цагдаа гоожингоо биедээ авч яваагүйн улмаас машин болон бэлтгэсэн модыг маань цагдаагийн хэлтсийн журмын хашаанд оруулсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Гунзаны шар жалга” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг ургаа босоо нойтон мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна.
Шүүгдэгч Г.Рд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Р нь “...Тосонцэнгэл сумын “Гунзан шар жалга” гэх газарт, цэвэрлэгээний ажил, мод бэлтгэгчийн нэр Г.Р, ИГ00222615, 89792428, Пронтер 30-47 ЗАА, хэрэглээний мод, мод тээврийн зай /км/ 45, тоо хэмжээ 3, ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласны төлбөр 1 метр куб модны 5,565, бүгд 16,695, хуудасны үнэ 300 төгрөг, ойгоос мод бэлтгэж ашигласны төлбөр 16,695 төгрөг, бэлтгэх хугацаа 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 8-ны өдрийг хүртэл 3 хоног, тээвэрлэсэн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 8-ны өдрийг хүртэл 3 хоног, мод бэлтгэх эрх олгосон Л.Галбаатар, мод бэлтгэх эрх авсан Р...” /хх 138/ гэсэн ЗАА 21-080187 дугаартай цэвэрлэгээний ажил хийх зориулалттай хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг авсны дагуу тус газарт хэрэглээний модыг бэлтгэхдээ 3 ширхэг ургаа босоо нойтон мод огтолж буюу тайрч унагаасан үйлдлийг зөвшөөрөлд заасан мод бэлтгэх аргыг зөрчиж хууль бусаар нойтон мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Зохих зөвшөөрөл авсан иргэн, ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно” гэж, мөн хуулийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Г.Ргийн ЗАА 21-080187 дугаартай цэвэрлэгээний ажил хийх зориулалттай хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр арга замаар буюу бэлтгэх арга, технологийг зөрчиж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Гунзаны шар жалга” гэх газрын ойгоос 3 ширхэг ургаа босоо нойтон мод тайрч, 1,005 метр куб хэрэглээний нойтон мод бэлтгэж, Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах онгоц буудал хүртэл 00-00 000 улсын дугаартай “Kia bongo frontier” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх үзлээ.
Тиймээс шүүгдэгч Г.Ргийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтээр 1,005 метр куб хэрэглээний нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 668,308 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 668,308 төгрөг байна.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,004,924 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол тодорхойлох зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Ргаас ойн санд учруулсан хохиролд нийт 2,004,924 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргад олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Р нь 3 ширхэг ургаа босоо мод тайрч бэлтгэсэн талаар мараагүй болно.
2. Шүүгдэгч Г.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Р нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Р нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 126/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Ргийн хувийн зан байдлын талаар гэрч Г.Ганзоригийн “...Миний том хүү Г.Р нь хувийн зан байдлын тухайд илэн далангүй, шударга яриа хөөрөөтэй, найз нөхөд болон хүнд тусархуу зантай багийнхаа ард иргэдийн дунд нэр хүнд сайтай сонсогддог. Найз нөхөдтэйгөө энгийн зөв боловсон харьцаатай, ажилч хичээнгүй, ар гэх, ах дүү, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, хүнд тусархуу, хамт олон найз нөхдийн дунд элдэв муу зан ааш гаргаад байдаггүй юм. Согтууруулах ундааны зүйл болон тамхи татдаггүй. Өөрийн эзэмшлийн морийг уяж сумын алдарт уяач цолыг 2019 онд авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 67/ хэрэгт авагджээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Рд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Ргийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь түүний “...Модыг бэлтгэхдээ ашигласан хөрөө нь миний өөрийн өмчлөлийнх...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Ргийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia bongo frontier” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.Г-н өмчлөлийнх болох нь гэрч Г.Г-н “...00-00 000 улсын дугаартай “Kia bongo frontier” маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Тухайн машиныг би 2019 онд худалдаж авч байсан юм. Бичиг баримт миний нэрээр байгаа...” гэсэн мэдүүлэг, “...Улсын дугаар 00-00 000, марк KIA BONGOFRONTIER, төрөл бага оврын ачааны, үйлдвэрлэсэн он 2002, арлын дугаар KN3HDP3352K853728, өнгө ягаан, өмчлөгч Г.Г, хаяг Завхан, Тосонцэнгэл, 05, Баян-Улаан...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 68 дугаартай “...цахилгаан хөрөө 2021 оны байдлаарх ханш 50,000 төгрөг...” гэсэн,
шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дугаартай “...“Kia bongo frontier” марк, 2002 онд үйлдвэрлэгдсэн. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсад орж ирсэн. 2021 оны байдлаарх ханш 6,500,000 төгрөг...” гэсэн дүгнэлтүүдээр тээврийн хэрэгслийн болон хөрөөний үнэлгээг тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар, цагаан алаг өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 6,500,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг буюу 1,005 метр куб модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Рг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Рг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Рд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай,
5. Шүүгдэгч Г.Р нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Рд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,
7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ргаас ойн санд учруулсан хохиролд 2,004,924 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргад олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ргийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia bongo frontier” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Г.Ганзоригт буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50,000 /тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн шар цагаан алаг өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 14 ширхэг буюу 1,005 метр куб модыг улсын орлого болгосугай,
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай,
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай,
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ