Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Ц.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Ит холбогдох 0000000000 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, Архангай аймгийн Цахир сумын Цахир багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц.И,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.И нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Цуурайн ам гэх газарт “Тoyoto prius” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 1.3 дугаар зүйлд “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зорчигч Т.Өын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.И нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Цуурайн ам гэх газарт “Тoyoto prius” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан үйл баримт нь:

Насанд хүрээгүй хохирогч Т.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Даваанд байх гэрээсээ гараад Архангай аймгийн Цахир сумын Цахир багт байх гэр рүүгээ аавын машинтай аав, эмээ Д, ах Ө нарын хамт явсан. Тэнд очоод давааны гэр рүүгээ явахаар болж замаараа найр болж байгаа айлд орсон. Найр болж байгаа айлд ороод аав аягаар хийж өгсөн архинаас жаахан уусан. Тухайн айлаас гараад даваан дээр явж байгаад аавын машин онхолдсон. Аав өөрийнхөө машиныг жолоодон явж байсан. Аавын хажууд эмээ Д, арын суудал дээр ах Ө бид хоёр сууж явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 57-59/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн гэр буюу одоо байгаа гэрээсээ хувцас хунараа аваад аавын машинтай эмээ Д, дүү Өын хамт машиндаа суугаад гэрээсээ хөдлөөд найр болж байсан айлд замаараа зогсоод тухайн айлд орсон. Тэр үед аав маань хундагатай архи өгснийг нь аваад уусан. Тэгээд бид нар тухайн газраас буюу айлаас гараад Солонготын давааны хажууд байдаг гэр рүүгээ хөдөлсөн. Тэгээд явж байтал Солонготын даваа даваад, уруудаад явж байтал онхолдсон Тухайн үед аавын машин шороон зам дээр буюу Солонготын даваа руу уруудаж байх үед машины бөгс баруун, зүүн тийшээ дайвалзаад замын хажуу тал руу орсон юм. Түүнээс цааш юу болсон талаар би санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 65-67/,

Хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүргэн Ц.И машинтай түүний хүү Т.Ө, Т.Ө нарын хамт Солонготын даваанаас одоо байгаа Архангай аймгийн Цахир сумын Цахир багт байх гэрт 12 цагийн үед ирсэн. Энд сургуулийн хүүхдүүдийн хувцас болон хүүхдүүдийн сургуульд сурах ажлаар орж ирсэн юм. Тэгээд манай хүргэн хүү И нь ажлаа амжуулаад уг газраас Буяндэлгэрийн хүүхдийн үсний сэвлэгний найранд бид 4 хамт очсон. Тухайн газарт очоод манай хүргэн И нь 3 хундага архи уугаад, хоол цай идээд гарсан. Тухайн газраас шууд Солонготын даваанд байх гэр рүү машинтайгаа бид 4 хамт явсан юм. Тэгээд явж байтал Солонготын даваа өгсөөд уруудаж явж байх үед хүргэн Ц.Иийн машин гэнэт замын хажуу тал руу орсон юм. Тухайн үед би юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 71-73/,

Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр Ц.И нь Солонготын даваа уруудаж байгаад осол гарсан гэж хэлсэн. Миний ээж Г.Дын зүүн гар нь, хүү Т.Өын зүүн хацар шанаа нь зулгарсан байсан. Хүү Т.Өын толгой хэсэг нь гэмтснийг би Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явж байхдаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 84-85/,

Гэрч Б.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай бага хүүгийн дайх үргээх ёслолыг гэртээ цомхон хийж байх үед ирсэн. Тэгээд манай гэрт хадам ээж, 2 хүүхдийн хамт өөрийн машинтайгаа ирсэн. Тухайн үед манай гэрт орж ирээд цай хоол идээд 3-н хундага архи уугаад манайхаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 89/,

Гэрч Д.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.Э нь Их-Уул сумын Цэцүүх 5-р багийн нутагт байрлах “Завхан АЗЗА” ТӨХК-ний хэсгийн байранд байж байхад үед 17-18 цагийн орчимд нэг замын машин ирээд Солонготын даваа уруудаад явах замд машин онхолдсон байна гэж хэлэхээр нь би өөрийн машиндаа Энхбаярын хамт суугаад тухайн осол болсон газарт очиж 00-00 000 улсын дугаартай приус 11 маркийн машиныг өргөж босгоцгоосон юм. Би Иийн хадам ээж Д, 2 хүүхдийг нь машиндаа суулгаад Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэж өгсөн юм. 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна замын хажууд Иийн хадам ээж Д, 2 хүүхэд сууж байсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь замын зорчих хэсгийн хойд талд байсан. Машиныг босгож өгчхөөд эмнэлэг явсан юм. Тухайн үед авто машиныг Ц.И жолоодож явсан бөгөөд машинд хадам ээж Д, Иийн хүүхдүүд болох И.Ө, Ө нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх 91-92/,

Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.Э нь Их-Уул сумын Цэцүүх 5-р багийн нутагт байрлах “Завхан АЗЗА” ТӨХК-ний хэсгийн байранд байж байхад үед 17-18 цагийн орчимд нэг замын машин ирээд Солонготын даваа уруудаад явах замд машин онхолдсон байна гэж хэлэхээр нь Д.Г-н хамт тухайн осол болсон газарт очоод 00-00 000 улсын дугаартай приус 11 маркийн машиныг өргөж босгоцгоосон юм. 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хойд талд 4-н дугуй нь зүүн тийшээ харсан, жолоочийн эсрэг талаар унасан байдалтай тухайн машинд явсан 1 эмэгтэй, 2 хүүхэд болон жолооч нар машинаасаа гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 94-95/,

Мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Ц.И нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг мөн дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой...” гэсэн магадлагаа /хх 134-136/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 14-15/, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 45-48/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Иийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Солонготын даваанд байх гэрээсээ Архангай аймгийн Цахир сумын Цахир багт орших буюу одоо байгаа гэртээ хадам ээж Д, хүү Ө, Ө нарын хамт өөрийн машин болох 00-00 000 улсын дугаартай саарал өнгийн Prius-11 маркийн тээврийн хэрэгслээр ирсэн. Энд ирээд би хүүхдүүдийнхээ хувцас болон сургуульд бүртгүүлэх ажлыг амжуулаад буцахдаа бид нар Б-н хүүгийнх нь үсний сэвлэг дээр очсон. Тэнд бид нар Б-н гэрт ороод 2-3 хундага архи уугаад 16 цаг 30 минутын үед тэднийхээс гараад Солонготын даваанд байрлах гэр лүүгээ явсан. Замд Солонготын даваа өгсөөд, уруудаад явж байтал жолоочийн эсрэг талын урд талын дугуйны хэсэгт хүчтэй чимээ гараад байсан юм. Тэгж байснаа би машины тоормоз гишгээд дугараад байгаа юм болов уу гээд тоормозноос хөлөө автал жолоочийн дагуу машин хагас эргээд зогссон юм. Тухайн үед машин маань баруун, зүүн тийшээ дайвалзаж байгаад уг осол болсон юм...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож “Toyota prius” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан болохыг нотолж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Өын биед хүнд хохирол /гэмтэл/ учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9227 дугаартай “...Т.Өын биед зүүн зулай, чамархай ясны цөмөрсөн далд хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн эдийн няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 113-114/,

Хохирогч И.Өын биед хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9226 дугаартай“...И.Өын биед зүүн хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 120-121/,

Хохирогч Г.Дын биед хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 9232 дугаартай“...Г.Дын биед зүүн сарвуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр /хх 127-128/ тус тус тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Ц.Ит холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Иийн “Тоёота приус” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйлдэл нь хохирогч И.Өын биед учирсан зүүн зулай, чамархай ясны цөмөрсөн далд хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн эдийн няцрал бүхий гэмтэл шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 1.3 дугаар зүйлд “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг тус тус зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Иийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.И нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Т.Өын хууль ёсны төлөөлөгчийн “...Миний зүгээс болон гэр бүлийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож  байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч Ц.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.И-ийг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.И-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.И-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг /CD/ хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

9.  Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ