Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0734

 

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Гомдол гаргагч: “ГМО” ХХК

        Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч З.Ц, О.Энар

Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч З.Ц, О.Энарын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 242201776 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”–ыг хүссэн гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Г, хариуцагч О.Э, З.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Унар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гомдол гаргагч  “ГМО” ХХК-ийн захирал Д.Г шүүхэд гаргасан гомдолдоо: “Тус компанийн санхүүгийн 2011 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн талаар шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 240029 тоот дүгнэлт гаргасан. Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гол буруу нь биднийг хуурч мэхэлж падаан өгсөн гэм буруутай этгээд нь хариуцлага, хохирол төлөхгүй биднийг хохироож байна.

          Татварын улсын байцаагч нар нь 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг шалгаж гаргасан улсын байцаагчийн дүгнэлтээр 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр шийтгэлийн хуудсаар нөхөн татвар ногдуулсан байна. Энэ шийдвэрийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шуудангаар хүлээж авсан.

          Шийтгэлийн хуудасны тодорхойлох хэсэгт татварын улсын байцаагч З.Ц, О.Энар нь тус компанийн 2012 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтөд хэсэгчлэн шалгалт хийсэн мэтээр бичсэн байна. Биднээс 2012 оны санхүүгийн баримт авч хяналт шалгалт хийгээгүй болно. 2013 оны 5 дугаар сарын 17-ны дүгнэлтийг гаргах үед уулзаж байсан түүнээс хойш Цагдаагийн байгууллагад 1 удаа дуудагдсан, өөр дуудаж уулзаж, ярилцаж байсан зүйлгүй, харин 2017 оны 12 дугаар сарын эхээр эдгээр байцаагчид дуудаснаар уулзсан болно.

          Мөн шийтгэлийн хуудасны үндэслэх болох шийдвэрлэх хэсэг дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчсөн нь 2011 оны тайлангаар нотлогдож байна гэж бичсэнээр 2012 оны 4-12 дугаар сарыг дуусталх санхүүгийн баримтанд шалгалт хийсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна.

 Хариуцагч болох татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх...” гэж заасан журамд нийцүүлэх гэж 2012 оны 4-12 дугаар сард шалгалт хийсэн мэтээр бичиж нөхөн татвар ногдуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө”, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”гэж зааснаар 2011 оны зөрчилд татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа татвар ногдуулж байгаа нь татварын улсын байцаагчийн дээрх маргаан бүхий захиргааны акт хууль бус болохыг нотолж байна.

          Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч З.Ц, О.Энараас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 242201776 тоот шийтгэлийн хуудас хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч З.Ц, О.Энар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, ******* тоот регистрийн дугаартай “ГМО” ХХК-ийн 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хэсэгчилсэн хяналт шалгалтыг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Ц.Ц нар шалгаж 256,754,500.00 төгрөгийн зөрчил илрүүлэн Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д «татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу | бусал хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих ...» гэж заасныг үндэслэн 2013 оны 05 сарын 1 7-ны өдөр Татварын улсын байцаагчийн ******* тоот дүгнэлт бичин цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн.

          Дээрх дүгнэлттэй холбогдуулан компанийн захирал Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч. учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дугаар тогтоолоор тус дүгнэлтэнд холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар \ эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

          Татварын улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан зөрчил нь татварын гэмт хэргийн 1 бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болсноор зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхдээ Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйл. 35.3. Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй; Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно.” гэсэн заалтыг үндэслэн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн Татварын улсын байцаагчийн 242201776 тоот шийтгэлийн хуудсаар захиргааны хариуцлага тооцож 25,675,460.00 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр, /Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу алданги, торгууль ногдуулаагүй болно”гэжээ.

                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

          “ГМО” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч З.Ц, О.Энарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч З.Ц, О.Энарын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 242201776 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

          Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч З.Ц, О.Энар нь гомдол гаргагч “ГМО” ХХК-ийг 2011 онд 5500737 тоот татвар төлөгчийн дугаартай “Дархан наран сүлд” ХХК, 5437857 тоот татвар төлөгчийн дугаартай “Хүслэнт хулан”, 5508304 тоот татвар төлөгчийн дугаартай “Төгөлдөр гуалин” ХХК-иас бараа, ажил, үйлчилгээ худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа худалдан авсан мэтээр тус компанийн нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт 256,754,600.0 төгрөгийг тусган албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 25.675.460.00 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр, /Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу алданги, торгууль ногдуулаагүй/, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-т “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган  шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон байна

Гэтэл дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч З.Ц, О.Энар “ГМО” ХХК-ийн татвар ногдолт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж, татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 242201776 дугаар шийтгэлийн хуудсаар “ГМО” ХХК-д шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 тоот тогтоол, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, хяналт шалгалтын 24/13/0377 тоот томилолтын дагуу 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг явуулсан 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, анхан шатны баримт зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Тухайлбал, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... прокурор энэ асуудлыг хянасан эсэхийг би мэдэхгүй, би прокурорын тогтоолтой танилцаагүй. Сая хариуцагчийн хэлж байгаагаар прокурор хянасан, би зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж байна. Миний хувьд тийм зүйл огт болоогүй. Яг яаж, хэрхэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хуурамчаар бичүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан нь тодорхойгүй...” гэж тайлбарласнаас дүгнэвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлүүдийг дээрх нотлох баримтууд нь тодорхойлж чадахгүй байхад татварын улсын байцаагч нар нь “ГМО” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан журмаар хяналт шалгалт явуулж, гомдол гаргагч хуулийн этгээдэд зөрчил оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байхад татварын улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль ёсны гэж үзэхгүй тул хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

          Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “ГМО” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч З.Ц, О.Энарын тогтоосон 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 242201776 дугаар “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    О.ОЮУНГЭРЭЛ