Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0049

 

2015 оны 1 сарын 22

Дугаар ДЗШ/МА2015/0049

 

 

Т.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Н-ын нэхэмжлэлтэй БӨА-ийн ЗДТГД холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.М нь хүн амын орлогын албан татварын буцаан олголтыг заасан хэмжээнээс хэтрүүлэн олгож, Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр миний албан тушаалын цалинг 1 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан асуудалд гомдолтой байна. Миний бие уг ажлыг ажил үүргийн хуваарийн дагуу хариуцах ёстой ба татварын буцаан олголтыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ш-д тухай бүрт нь албан ёсоор танилцуулж, батлуулан ажиллаж байсан. Ийнхүү ажиллах явцдаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй, улсын төсөвт хохирол учраагүй бөгөөд Төсвийн тухай хуулийг зөрчөөгүй. Би гагцхүү аймгийн Татварын албанаас тус төрийн сангийн хэлтэст нэр нь албан ёсны жагсаалтаар ирсэн, хүн амын татварын буцаан олголтод хамрагдах эрх үүссэн, Б.Ш даргын баталж өгсөн, жагсаалтад заасан хүмүүст уг мөнгийг олгох гүйлгээ хийсэн Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Т.Н   нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар батлуулаагүй, жагсаалт гаргаж гүйлгээ хийсний дараа хоёр хуудас жагсаалтыг батлуулсан... Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар гарын үсэг зууруулж тамгаа даруулсны дараа гүйлгээ хийх, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, Засгийн газрын 2012 оны 205 дугаар тогтоолоор батлагдсан төрийн сангийн үйл ажиллагааны журмын 12 дугаар зүйлийн 12.6, 12.7 дахь заалтыг удаа дараа зөрчиж, гүйлгээ хийсний дараа баталгаажуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаас удаа дараа шаардсан байна Хөдөлмөрийн хуулийн дагуу хариуцлага алдсан учраас урьд нь сануулах арга хэмжээ авагдсан, дараагийн арга хэмжээ цалинг бууруулах арга хэмжээ авах талаар Зөвлөлийн хурлын шийдвэр гарсан... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.6, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2, 26.3, 26.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 132 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Н давж заалдах гомдолдоо: ...Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сахилгын шийтгэл оногдуулсан 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаар тушаал нь намайг Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцож болох байсан. Гэтэл нэг талыг барьж, миний оронд өөр хүнийг ажилд авах сонирхолдоо хөтлөгдөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ утгаараа Т.М даргын 132 дугаар тушаал хууль ёсны бус, үндэслэлгүй болсон. Мэргэжилтэн намайг хувь хүний орлогын буцаан олгох албан татварын хэмжээг 80 саяар хэтрүүлж олгосон гэсэн мэргэжлийн байгууллагын Аудитын дүгнэлт гараагүй. Би уг буцаан олгох мөнгөний хэмжээг хэтрүүлээгүй. Энэ утгаараа 132 дугаар тушаал үндэслэлгүй.

Ерөнхий нягтлан бодогч Р.Х-ы хийх ёстой байсан жагсаалт гаргах ажлыг намайг гарга гэж Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ш хууль бус үүрэг өгсөн. Жагсаалтыг ерөнхий ня-бо гаргаад хэлтсийн даргаар батлуулж, би дараа нь гүйлгээ хийх журамтай. Гэтэл жагсаалтыг надаар гаргуулж, гүйлгээ надаар хийлгэх үүргийг хэлтсийн дарга Б.Ш нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн. Тийм учраас ерөнхий ня-бо Р.Х-д надтай хамт сахилгын шийтгэл ногдуулсан. Нэг зөрчлийн төлөө хоёр хүнд тэр тусмаа хамааралгүй надад сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу учраас 132 дугаар тушаал хууль бус болсон.

Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ш нь 15-26 дугаартай жагсаалтыг өөрөө хянаж, баталж,гарын үсгээ зурж, гүйлгээ хийх зөвшөөрлийг өгсөн. Утсаар ярьж гүйлгээ хийхийг шаардсан. Б.Ш дарга зөвшөөрч гарын үсэг зураагүй, баталж өгөөгүй, утсаар ярьж шаардаагүй бол би гүйлгээ хийхгүй байсан учраас уг 132 дугаар тушаал үндэслэлгүй болсон. Буцаан олгох мөнгөний хэмжээ 399,9 сая төгрөг, Өлгий сумынх 272,8 сая төгрөг байгаа. Үүнийг аймгийн иргэдийн Хурлаас баталсан гэж хэлтсийн дарга Б.Ш ерөнхий ня-бо Р.Х нар надад мэдэгдээгүй. Шууд л аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулаад түүнийг ярьж эхэлсэн. Энэ бол зориуд зохион байгуулалттай, намайг ажлаас халах гэсэн, өөрсдийнхөө хүнийг миний оронд ажилд авах гэсэн далд ажиллагаа байсан. Миний ажил үүргийн хуваарьт жагсаалтыг гаргана, хэлтсийн даргаар батлуулан, гүйлгээ хийх гэсэн нэгэн зэрэг ажлыг шууд гүйцэтгэх хуваарь байхгүй.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны 06 дугаар сарын хуралдаанаар татварын буцаан олголтын хэмжээг 850 сая төгрөгөөр баталсан. Гэтэл би 23 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байхад 80 саяар хэтэрсэн байх ямар ч үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр гэрч Б.Ш-ы мэдүүлгээр бичээд байсан байна. Шүүх хуралдаанд Б.Ш дарга өөрөө ирж мэдүүлэг, тайлбар өгөөгүй байхад юун мэдүүлэг-ийг иш татаж нотлоод байгаа нь ойлгомжгүй байна. Энэ утгаараа анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бус, үндэслэлгүй гарсан. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 132 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтэн Т.Н   нь Хүн амын орлогын албан татварын буцаан олголтыг 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны хооронд хийжээ. Ингэхдээ ерөнхий нягтлан бодогч үйлдсэн гэх 1-14 дугаартай жагсаалтын дагуу буцаан олголтыг хийснээс гадна 15-26 дугаартай жагсаалтыг өөрөө үйлдэж, буцаан олголт хийсэн гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, энэ талаар талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд тухайд үед Өлгий сумын иргэдэд буцаан олгох татварын хэмжээ 272.769.300 төгрөг байжээ. Гэтэл Т.Н   нь Өлгий сумын иргэдэд 352.862.900 төгрөг буюу 80.093.600 төгрөгийн татварын буцаан олголтыг зөвшөөрөлгүй илүү хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тогтоогдсон талаар нотлох баримтуудад тулгуурлан зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Т.Н   давж заалдах гомдолдоо ...шүүх гэрч Б.Ш-ы мэдүүлэг гэж бичээд байна. Шүүх хуралдаанд Б.Ш дарга өөрөө ирж тайлбар, мэдүүлэг өгөөгүй... Энэ утгаараа анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бус үндэслэлгүй гарсан гэж дурдсан боловч Б.Ш гэрчийн мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудсанд авагдсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 дугаар тогтоолыг үндэслэдэг боловч тэр 30 дугаар тогтоол нь хэрэгт байдаггүй, хийсвэр дүгнэлт гаргасан гэсэн агуулга бүхий тайлбарыг хэлж байгаа боловч дээрх 30 дугаар тогтоол хавтаст хэргийн 54-59 дүгээр хуудсанд нотлох баримтаар авагджээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Хувь хүний орлогын буцаан олгох албан татварын батлагдсан төсвийг хэтрүүлсэн эсэх, баталгаажуулаагүй жагсаалтаар гүйлгээ хийсэн гэх байдлуудыг бүрэн шалган тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулсан байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авч болох байсан гэсэн үндэслэлийг зааж байгаа боловч дээрх зүйлд зааснаар ногдуулах шийтгэл нь албан тушаалаас нь огцруулах, төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэх мэт илүү хүнд шийтгэл байгаа тул төрийн албан хаагчийн гаргасан зөрчилд тохирох шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийг баримтлан ногдуулсан нь буруу биш юм.

Нэхэмжлэгчийн гарсан зөрчлийг хариуцагчаас шалган тогтоосон, түүнчлэн нэхэмжлэгчээс тайлбар бичүүлж авснаас гадна аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцэж, хуралд нэхэмжлэгчийг өөрийг нь оролцуулсан байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 132 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР