Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Иргэдийн төлөөлөгч Б.Одончимэг,     

Улсын яллагч П.Нямцэцэг,

Шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнц, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД:0363/

Хохирогч Б.Ууганбаяр, О.Сайханцэцэг, гэрч Д.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнх-Ертөнцөд холбогдох эрүүгийн 201625030760 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 19-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Шинэбаярын Мөнх-Ертөнц: Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 23 дугаар хороо зүүн ард аюуш 17-479 тоотод оршин суух хаягтай боловч хаягандаа оршин суудаггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй РД: /ТЕ94061312/

 

Шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнц /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Б.Ууганбаяраас "...манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх нь эмчилгээний зардалд өгөх гэсэн юм..." гэж хэлэн 3.750.000 төгрөг, "...бөөгийн онгод шүтээнээс үлдээсэн өв хөрөнгийг авах гэсэн юм..." гэж хэлэн 34.100.000 төгрөг, нийт 37.850.000 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

 

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд О.Сайханцэцэгээс "...манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх эмчилгээний зардалд өгөх гэсэн юм..." гэж хэлэн 2.400.000 төгрөг, ...бөөгийн онгод шүтээнээс үлдээсэн өв хөрөнгийг авах гэсэн юм.." гэж хэлэн 875.000 төгрөг, нийт 3.275.500 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

 

2015 оны 6 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Б.Төгсбаяраас "...манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх эмчилгээний зардалд өгөх гэсэн юм..." гэж хэлэн 1.700.000 төгрөгийг нь тус тус хуурч мэхлэх аргаар залилан авч бусдад нийт 42.825.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд дуудсан цагт ирээгүй, хаягандаа байхгүй, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнцөөс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хамаатны эгч болох Ууганбаяр болон түүний нөхөр Бямбасүрэн нараас 29.100.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Би тэр хоёроос мөнгө авахдаа миний бөөгийн зан үйлд хэрэг болоод байна гэж хэлж мөнгө авсан юм. Тэгээд мөнгөө аваад би хувиараа юм хийнэ гэж бодоод тэр өдрөө Их дэлгүүрийн хажууд хувь хүнээс 25-47 УБИ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг 11.900.000 төгрөгөөр авсан. Тэгээд Хонгконг улсаас хувцас оруулж ирж заръя гэж бодоод хүмүүстэй уулзаж судалгаа хийхэд миний мөнгө хүрэхгүй байсан. Тэгээд би унаж байсан приус 20 машинаа ардын эрхэд байдаг "Гуртын тавилан" нэртэй авто ломбарданд 3 сая төгрөгний барьцаанд тавьж, явдаг зээл авсан. Тэгээд үлдсэн мөнгөөрөө машинд бензин хийх, мөн өөрийн сурдаг Сити дээд сургуулийн сургалтын төлбөрт 2.100.000 төгрөгийг төлсөн. Тэгээд өөртөө хувцас авсан мөн найзаасаа 300.000 төгрөгөөр Асер брендийн Ай 3 маркийн суурин компьютер худалдаж авсан. Мөн Теди төвөөс Блэк бэрри 9900 маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Урд нь өртэй байсан Дархан хотод байдаг найз Батхуяг /99637117/-аас авсан байсан гуталныхаа 250.000 төгрөгийг өгсөн. Машиндаа өвлийн 4 ширхэг дугуйг Да хүрээ зах дээрээс 450.000 төгрөгөөр авч тавьсан. Тос маслыг нь солиулсан. Өөрийн ээж Мөнхтуяад 250.000 төгрөгөөр Самсунг Эс 4 маркийн гар утас авч өгсөн. Тэгээд өөрийн гэр орондоо хоол унд авсан. Би Эс Би дэлгүүрээс 32 инчийн Сони брэндийн зурагт 550.000 төгрөгөөр, зах дээрээс 150.000 төгрөгөөр угаалгын машин авсан. Ээж дүү хоёртоо хувцас авч өгсөн. Мөн машиндаа бензин хийж Дархан хот руу явж өөрийн төрсөн эцэг М.Шинэбаяр дээр очдог байсан. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ууганбаяр эгчийн мөнгийг олж өгнө гэж гэрээсээ гарсан. Тэгээд эхний 7 хоног найз охин Халиуны гэрт нь байж байгаад найз Мөнхтөрийн гэрт нь 2 хоносон. Тэгээд буудалд 2-3 удаа хоносон. Машиндаа нэлээд хэд хоносон. Тэгээд өчигдөр өглөө Халиунаатай уулзаад өөрийн барьж байгаа 95353696 дугаарыг өгсөн. Тэгээд орой нь найзуудтайгаа уулзах гээд хорооллын эцэст байдаг нэг караокед ороод удаагүй байж байтал Бямбасүрэн ах ороод ирсэн.

Би Ууганбаяр эгчээс анх мөнгө авахдаа бөөгийн эд зүйлс хасаг түрэг манадаг хүнд мөнгө өгнө тэгээд бас тэр хүнтэй холбож өгсөн хүнд нь мөнгө өгнө гэж хэлээд 29.100.000 төгрөг авсан. Тэгээд бүр сүүлд цагаан сарын үеэр Ууганбаяр эгчээс бөөгийн холбоотой 40 ширхэг цүнх хийлгүүлэх гэж байгаа юм аа 4 сая төгрөг өгөөч гэж хэлэхэд Ууганбаяр эгч 3 сая л байна гээд 3 сая төгрөг өгсөн. Нийт 32.100.000 төгрөг би авсан.

Би 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаа мэдэж байсан. Би өөрийн буруутай үйлдлээс болж 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш дуудсан цагт ирээгүй мөрдөн байцаалтын шатанд саад учруулсанаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш өөрийн оршин суух бүртгэлтэй Баянгол дүүргийн 23-р хороо Зүүн ард аюушын 17-р гудамж 479 тоотод байгаагүй. Учир нь би энэ хаяг дээр 2013 оноос хойш огт амьдраагүй бөгөөд ээж бид хоёр Хайлаастын эцэсд айлын хашаанд гэр барин амьдарч байгаад 2016 оны 05 сарын 10-ны өдөр нүүсэн. Одоо ээж бид хоёр Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолтой танилцсан. Би мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлснаа хүлээн зөвшөөрч байна. Оргон зайлах хугацаандаа батлан даалтанд авсан найз охин Халиунаатай 2016 оны 5 сарын эхээр уулзсан, харин ээж болох Мөнхтуяатай уулзаж, утсаар холбогдож байсан.. /хх 70-71/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би 2012 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид төгсөж Улаанбаатар хотод ирсэн. Хохирогч Сайханцэцэг, Ууганбаяр нар ирээд чи манай хамаатны хүн байна, чи бөө болох ёстой гэж хэлсэн. Би тухайн үед энэ 2 хүнийг манай хамаатан гэдгийг мэддэггүй байсан. 2012 оны 06 дугаар сард манай багш Гэгээнсүрэн гэдэг хүн дээр дагуулж очиход удмын онгод тэнгэр байна, чи бөө болох ёстой, чи бөө болохгүй бол танай хамаатан садангууд чинь аюул тохиолдоод байна чи заавал бөө болох ёстой гэж хэлсэн. Тухайн үед би ааваасаа зөвшөөрөл авахад манай аав зөвшөөрөөд би бөө болсон. 2012 оны 07 дугаар сард анх бөө болоод 2015 оны 08 дугаар сар хүртэл жил болгон Завхан руу явдаг байсан. Анх намайг бөө болоход удмын онгод маань өвөлж үлдээсэн өв хөрөнгө байгаа, энэ хөрөнгийг авах хугацаа нь болоогүй, тийм учраас та нар онгод тэнгэрээ авах хэрэгтэй гэж хэлж байсан. Жил болгон Завханы Цагаан хайрхан гэдэг газарт очиж тахидаг байсан. Хохирогч нар болон хамаатан садангууд маань бүгд хамт явдаг байсан. 08 дугаар сард Завхан руу яваагүй Архангай аймаг руу явсан. Архангай аймаг руу яах гэж явсан бэ гэхээр өв хөрөнгө үлдээсэн. Өв хөрөнгөө үлдээсэн хүнтэйгээ уулзъя гээд хохирогч Ууганбаяр, Сайханцэцэг, Бямбасүрэн ах, Отгонжаргал эгч, би хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу явсан. 10 дугаар сарын 09-ний өдөр өв хөрөнгө үлдээсэн хүмүүст мөнгө өгөх гэсэн юм мөнгө авсан. Би энэ мөнгийг худал хэлж, залилан мэхлэж аваагүй. Мөн Гэгээнсүрэн гэдэг хүний ээжийнх нь эмчилгээнд мөнгө өгөөгүй гэж ярьж байгаа. Тухайн үед манай хамаатан садангууд маань бүгд мөнгө цуглуулж өгч байсан. Сайханцэцэг эгч манай хашаанд хамт амьдардаг байсан. Ууганбаяр эгч манайд бараг ирдэггүй байсан, бөөлөх үед л ирдэг байсан талаар хэлсэн ч Ууганбаяр эгч байнга ирдэг байсан. Манайд бараг амьдардаг байсан. Сайханцэцэг эгчтэй 1 хашаанд амьдардаг байсан Сайханцэцэг эгч манай хашаанд хажуу талын гэрт амьдардаг байсан. Манай хамаатнууд бүгд над руу дансаар нутаг явах гэж байна, юм авах гэж байна гээд 2012 оноос хойш мөнгө хийдэг байсан. Надаас дансанд хийж байсан мөнгийг бүгдийг нь надаас нэхэмжилсэн байсан гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Ууганбаяраас мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Шинэбаярын Мөнх-Ертөнц нь манай өвөө Очирбатын төрсөн дүү Содномын охин Мөнхтуяагийн хүү юм. Мөнх-Ертөнц нь бөө юм. 2015 оны 10 дугаар сард манай нөхөр бид хоёр уулзаад манай дээд тэнгэр өвөг дээдэс маань хойч үедээ өв хөрөнгө үлдээсэн байсан юм байна. Тэр хөрөнгө нь өөр хүнд үе дамжин хадгалагдаж байсан юм байна. Тэр хөрөнгөө авах гэсэн юм. Гэхдээ тэр хөрөнгөө авахад тухайн хадгалж байсан хүмүүст гарын цайлгаж юм өгөх хэрэгтэй байна, та хоёр надад 30 сая төгрөг зээлж тус болооч гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр Мөнх-Ертөнцийг бөө болохоор хааяа очиж юм асууж үзүүлж харуулж байсан учир мөн хамаатан садангийн холбоотой учир нэг удаа тус болъё гэж бодоод эхний ээлжинд 1.100.000 төгрөг бэлнээр өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "Тэрх Капитал" ББСБ-д манай нөхөр Бямбасүрэнгийн эх Х.Иринагийн нэр дээр байдаг БЗД-ийн 15-р хороолол 7-р хороо 37-Б-39 тоот 2 өрөө байрыг барьцаанд тавьж 40 сая төгрөг зээлж авсан юм. 40 сая төгрөг зээлсэн учир нь өмнө нь тус байрыг манай дүү Булганбат нь Солонгос улс руу явах гээд өөр ББСБ-д барьцаанд тавьчихсан Солонгосоос мөнгө явуулж төлдөг байсан юм. Тэгээд тэр зээлийн үлдэгдэл нь 7.900.000 төгрөг болсон байсан. Тэгээд нөхөр бид хоёр хувь хүнээс мөнгө зээлж тухайн 7.900.000 төгрөгийн зээлийг нь дарж чөлөөлөөд "Тэрх Капитал" ББСБ-д тавьсан юм. Тэгээд илүү гарсан 10 сая төгрөгөөр хувь хүнээс зээлсэн өрөө дарсан. Мөн зээлийн шимтгэл гэх мэт бас бус зардалуудад зарцуулагдсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед хуучнаар Ард кино театрын урд байх Хаан банкинд очиж Мөнх-Ертөнцтэй уулзаж Мөнх-Ертөнцийн 5429234528 тоот дансанд 29.100.000 төгрөгийг хийсэн. Тэгээд Мөнх-Ертөнц нь бид нарт хэлэхдээ тэр хөрөнгөө 4 сарын дараа сайн өдөр харж байж авна. Тэгэхээр зээлийг 4 сарын дараа мөнгийг ББСБ-ын хүүтэй нь төлнө гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Мөнх-Ертөнц залгаад нөгөө хөрөнгөө авах гэтэл 40 ширхэг хайрцаг хэрэгтэй боллоо нэг хайрцаг хийлгэхэд 100.000 төгрөг болдог юм байна. Та хоёр эхнээс нь тус болсон юм чинь нэг мөсөн тус болчих гэж гуйсан. Тэгээд нөхөр бид хоёроос 4 сая төгрөг зээлэхээр болоод нөхөр бид хоёр хадам ээжийн данснаас 2 сая төгрөгийг нь шилжүүлээд эгч Сайханцэцэгийн данснаас 2 сая төгрөг Мөнх-Ертөнцийн данс руу хийлгэсэн юм. Нөхөр бид хоёр ээж, эгч хоёрт буцааж мөнгийг нь өгөх ёстой. Тэгээд 4 сарын дараа 2016 оны 02 дугаар сарын 10-ны ББСБ-ын зээлийн хугацаа дуусаад Мөнх-Ертөнцтэй холбогдоход арай болоогүй байна аа хэд хоног хүлээгээч би бүх гарсан зардалыг бүрэн төлнө гэж хэлсэн. Тэгээд 03 дугаар сарын 09-ний өдөр Мөнх-Ертөнц манай гэрт ирээд маргааш мөнгөө аваад ирье та машинаа өгчих гээд манай нөхрийн 80-61 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн "Соната-6" маркийн автомашиныг аваад явсан. Тэгээд сүүлдээ Мөнх-Ертөнц нь одоо юм аа авчихлаа би Төв аймагт жаахан ажилтай байна та нар санаа зоволтгүй шүү дүү нь мөнгө төгрөгөө аваад очно оо гээд худлаа яриад өнөөдрийг хүрсэн. Одоо бүр утсаа салгаад алга болсон...” /хх 11-14/

Хохирогч О.Сайханцэцэгээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Бид нар Гэгээнсүрэнтэй уулзахад Мөнх-Ертөнцийг "улаач мөн байна" гээд 2 талын ах дүү нар ярилцаад мөн Мөнх-Ертөнцөд өөрт нь бас сайн хэлээд өөрөөс нь "чи бөө болж чадах уу" бөө болох хатуу олон хүний зовлон үүрнэ гэж хэлэхэд Мөнх-Ертөнц "би бөө болж чадна" гэж сайн дурын үндсэн дээр ах дүү нар нь зөвшөөрөөд бөө болгохоор болсон. 2012 онд бөө болсон эхний 2 жил их сайн бөөлж байхдаа манай онгод тэнгэр Цэвээнравдан өвөө маань "миний амьд байхдаа хэрэглэж байсан өв хөрөнгө байгаа, гэхдээ авах хугацаа болоогүй байгаа" гэж хэлж байсан. Гэтэл сүүлийн 2 жил нь Мөнх-Ертөнц худлаа бөөлж 2015 оны 6 сард "өвөөгийн өв хөрөнгө авах хугацаа болчихлоо гээд ах дүү нараас мөнгө татаж бөөгийн үйл хийсэн. Бөөгийн үйл хийх нэрээр 2015 оны 6 дугаар сарын 11-нд надаас 520.000 төгрөг нэхэхээр нь би 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 50.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 90.000, 30.000, 50.000 төгрөгөөр, нийт 520.000 төгрөгийг Мөнх-Ертөнцөд Хаан банкны 5429234528 тоот данс руу шилжүүлж өгсөн. Энэ мөнгөө 8 сард буцааж өгнө гэж надад Мөнх-Ертөнц хэлж байсан боловч өгөөгүй. Тэгсэн дахин Мөнх-Ертөнцийн данс руу 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 20.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 35.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, нийт 205.000 төгрөгийг хийсэн. Тэгж байгаад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 150.500 төгрөгийг өгсөн. ...Харин би 875.000 төгрөг дээр нэмээд 2015 оны 4 сард Мөнх-Ертөнц Гэгээнсүрэн багшийн ээжийн эмчилгээний зардалд надаас 2.400.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Уг мөнгийг өгөхдөө ямар нэг баримт бичиг үйлдэж аваагүй бөгөөд дансаар шилжүүлээгүй учир бичиг гэх зүйл алга. Гэхдээ уг мөнгийг нэхэмжилнэ..." /хх 15-16/

 

Хохирогч Б.Төгсбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Миний хувьд Мөнх-Ертөнцөд 2012 оны зунаас эхэлж үзүүлж засал хийлгэдэг байсан юм. Мөнх-Ертөнцийг бөөгийн зан үйл хийх гэж байна гэхэд нь хааяа нэг очиход манай удмын сахиус Цэвээнравдан өвөөг буулгаад хамаатан садан маань асуух зүйлээ асууж, үйл хэргээ засуулдаг байсан. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Мөнх-Ертөнцтэй уулзсан чинь "манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх нь бие нь тааруу болчихоод байна, эмчилгээнд нь мөнгө хандивлаач гэхээр нь за би чадах чинээгээрээ хичээе" гэж хэлээд өнгөрсөн. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 400.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөгийг Мөнх-Ертөнцийн Хаан банкны 5429234518 тоот данс руу хийсэн. Гэтэл бүр сүүлд нь буюу 2016 оны 4 сард манай эгч Ууганбаяр гэнэт байраа барьцаанд тавьж Мөнх-Ертөнцөд мөнгө өгсөн талаархи яриа эхлэх үед нь асууж сурсан чинь надаас авсан мөнгөө Гэгээнсүрэн багшийн эмчилгээний зардалд огт өгөөгүй байсан. Гэхдээ би 1.700.000 төгрөгийг Мөнх-Ертөнцөөс нэхэмжлэхгүй гэж бодож байна. Учир нь Мөнх-Ертөнцөөр засал ном хийлгэж байсан удаа байгаа.. /хх 17-18/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Чойдогнамнанаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр манай эгч Баярмаа интернэтээр зар үзэж байсан чинь "2008 оны хар өнгөтэй, Приус 20 маркийн автомашиныг зарна" гэсэн зарын дагуу одоо утасны дугаарыг нь мэдэхгүй байна холбогдох утас руу нь залгахад "эрэгтэй хүн аваад би машинаа зарна, яаралтай мөнгө хэрэг болчихоод хямдхан зарж байна, авахаар бол ирж үзэж болно, 8.500.000 төгрөг гэхээр нь би 19-р хорооллын тэнд очиж машиныг нь үзэхэд 25-47 УБИ улсын дугаартай, хар өнгөтэй, 2008 оны "Приус 20" маркын автомашин байхаар нь үзэж харчихаад эргээд холбогдоё гэж хэлээд явсан. Ингээд хэд хоногийн дараа нөгөө утас руу нь дахиж залгаад автомашиныг худалдан авья гэж хэлээд 2016 оны 03 сарын 06-ны өдөр шиг санагдаж байна автомашиныг би Ш.Мөнх-Ертөнцөөс 8.500.000 төгрөгөөр худалдан авсан. Уг автомашиныг худалдаж авахад эзэмшигчийн нэр нь Шинэбаяр овогтой Мөнх-Ертөнцийн нэр дээр байсан ба тухайн өдөр би 8.500.000 төгрөгийг өгөөд, тээврийн эзэмшигчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад явсан. Миний машиныг хурааж битүүмжилбэл мөнгөө нэхэмжилнэ. /хх 20/

 

Гэрч А.Халиунаагаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Намайг 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр сургууль дээрээ байж байсан чинь Ш.Мөнх-Ертөнц гараад ир гэхээр нь хичээлийнхээ завсарлагаанаар гарч уулзсан. Тэгэхэд Ш.Мөнх-Ертөнц би цагдаагийн байгууллага дээр байнга уулзаж дуудсан цагт нь бэлэн байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би "чи дуудсан цагт очихгүй бол би батлан даалтанд авсан учир хариуцлага тооцогдоно шүү гэж хэлэхэд Ш.Мөнх-Ертөнц би ойлгож байна гэж хэлж байсан. Надад ЭБШХ-ийн 65-р зүйлд заасны дагуу хүлээлгэх хариуцлагаас татгалзах шалтгаан байхгүйг ойлгож байна. Батлан даалтанд авахдаа уг зүйл заалтын талаар уншиж танилцсан. Яг одоо Мөнх-Ертөнцийг хаана байгааг мэдэхгүй байна, бас Улаанбаатар хотод хаана оршин суудаг талаар нь мэдэхгүй байна. Аав, ээж нь хэл ярианы сонсголын бэрхшээлтэй хүмүүс байдаг болохоор сонсож, ярьж чаддаггүй юм. Найз нөхдийн талаар нь мэдэхгүй. 2015 оны 11 сарын орчим байх тодорхой сайн санахгүй байна Мөнх-Ертөнц надад "мөнгөний хэрэг гараад байна, мөнгө байна уу" гэхээр нь би "яах гэж байгаа юм бэ, надад чамд өгөх мөнгө байхгүй ш дээ яаж чамд туслах юм бэ гэж хэлсэн чинь "Мөнх-Ертөнц харин мөнгөний хэрэг гараад байна, чиний утас, ээмэг, гинж зэргийг чинь түр хугацаанд ломбарданд тавьчихья" гэхээр нь би за за чи тэгвэл хурдан авч өгөөрэй гэж хэлээд Ай фоне 6 маркийн саарал өнгөтэй гар утас 1 ширхэг, монетон хос ээмэг 1 ширхэг, монетон гинж 1 ширхэгийг нийлүүлээд 850,000 төгрөгөнд бодож Хорооллын Парадоксын хажуу талд байсан ломбарданд Мөнх-Ертөнц өөрийнхөө нэр дээр тавьсан юм. Тэгээд 850,000 төгрөгийг Мөнх-Ертөнц өөрөө аваад би нэг ажил хийх гээд байгаа юм гэж хэлж байсан. Яг ямар учиртай ажилд зарцуулах гэж байгааг нь огт мэдээгүй. Тухайн үедээ би Мөнх-Ертөнцийн хамаатныхаа эгчээс мөнгө авсан талаар огт мэдээгүй байсан болохоор ажлын хэрэгцээ гарсан юм байх л гэж бодсон. Тэгээд нэх их удаагүй шиг санагдаж байна 1 сарын дотор буцаагаад ээмэг, гинжийг авч өгсөн. Гэхдээ буцааж авч өгсөн 850,000 төгрөгийг хэнээс хаанаас олж ломбарднаас эд зүйлийг маань авч өгсөн талаар огт асууж сонирхоогүй гэсэн мэдүүлэг /хх 21-24/

 

Гэрч Н.Гэгээнсүрэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Би 2009 оноос эхэлж бөөгийн зан үйл хийдэг болсон юм. Ингээд Ш.Мөнх-Ертөнцтэй 2012 онд Ууганбаяр эгчээр нь дамжуулж танидаг болсон. Учир нь Ууганбаяр эгч надад үзүүлж, бөөгийн зан үйл хийлгэдэг байсан бөгөөд Ууганбаяр эгчийн хамаатан саданд зовлон тохиолдож байсан учир миний дээд тэнгэр надаар дамжуулан тэдний хамаатан садан дундаас 18 настай эрэгтэй хүүхдийг бөө болгох хүн гарах ёстой, ингэж тухайн хүүхэд бөө болсноор тэдний хамаатан садны гай барцад арилах ёстой гэж дамжуулсан юм. Ингээд би энэ тухай Ууганбаяр эгчид хэлэхэд хэд хэдэн удаа хамаатныхаа хүүхдүүдийг дагуулж ирж байсан боловч тухайн хүүхдүүд нь бөө болох сонгогдсон хүүхдүүд биш болохыг онгод сахиус надаар дамжуулан хэлж байсан юм. Гэтэл хэдэн сарын дараа тодорхой цаг хугацааг нь санахгүй байна Ууганбаяр эгч хамаатныхаа Мөнх-Ертөнц гэх 18 настай эрэгтэй хүүхдийг дагуулж ирсэн. Ингээд Мөнх-Ертөнцийг ямар учираас бөө болох ёстой, мөн тухайн яриад байгаа хүүхэд нь Мөнх-Ертөнц эсэхийг мэдэхгүй бөгөөд сахиус буухдаа надаар дамжуулж мөн гэж хэлсэн юм. Би Мөнх-Ертөнцийг танидаг байгаагүй бөгөөд анх удаа дагуулж ирэхэд нь танилцаж байсан ба Мөнх-Ертөнц миний шавь болж бөөгийн зан үйл хийдэг болсон юм. Би огт хүмүүсээс мөнгө авч бөөгийнхөө зан үйлийг үйлддэг бөө биш. Ш.Мөнх-Ертөнцөд би хүмүүсээс мөнгө авч үйл хийж болохгүй тухай захиж байсан ба зарим тохиолдолд буюу хатуу засал /хараал арилгах, лус аргадах, овоо тахих/ зэрэг үйлд тодорхой хэмжээний тогтсон мөнгө заагаагүй ойролцоогоор сая орчим төгрөг болдог юм. Гэхдээ үзүүлж байгаа хүн нь өөрөө намайг хүндэлж сүсэг бишрэлээрээ хэдэн төгрөг өгнө тэр мөнгийг нь авдаг учиртай. Гэтэл Мөнх-Ертөнц нь шашны зан үйл хийх нэрийдлээр хүнээс их хэмжээний мөнгө авсныг би их гайхаж байна. Энэ явдлыг энгийн үгээр тайлбарлахын бол би болон бусад бөө нар онгод тэнгэртэй сүнсээр холбогдож, хийх зан үйлээ сонсож мэдэж авдаг бөгөөд онгод шүтээн бол ямар нэг байдлаар үзүүлж байгаа хүнээс бид нараар дамжуулан мөнгө шаарддаггүй. Тийм учраас Мөнх-Ертөнц нь бүрэн гүйцэд сүнс, онгод шүтээнтэйгээ холбогдоогүй байж үзүүлж байгаа хүнээсээ их хэмжээний мөнгө авсан нь талаар мэдэхгүй. Уг мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар нь ч мэдэхгүй. Манай ээж Дүзиймаа нь нойр булчирхайн хорт хавдарын улмаас бие нь муудаж 2015 оны 12 сард нас барсан. Гэхдээ би Мөнх-Ертөнцөөс ээжийн бие муу байна, мөнгө олоод өг эсвэл зээлээч гэж хэлж нэг ч төгрөг аваагүй гэсэн мэдүүлэг /хх 25-26/

 

Шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнцийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 81/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 85/, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх 90/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 96-100/,   харилцагчийн дансны хуулга /хх 131-138/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 07 сарын 19-ний өдрийн ¹678 дугаартай шинжээчийн дүгнэлт /139-141/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

 

Шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнц нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Б.Ууганбаяраас "манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх нь эмчилгээний зардалд өгөх гэсэн юм" гэж хуурч мэхлэн 3.750.000 төгрөг, "бөөгийн онгод шүтээнээс үлдээсэн өв хөрөнгийг авах гэсэн юм" гэж хуурч мэхлэн 34.100.000 төгрөг, нийт 37.850.000 төгрөгийг,

 

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч О.Сайханцэцэгээс "манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх эмчилгээний зардалд өгөх гэсэн юм" гэж хуурч мэхлэн 2.400.000 төгрөг, "бөөгийн онгод шүтээнээс үлдээсэн өв хөрөнгийг авах гэсэн юм" гэж хуурч мэхлэн 875.000 төгрөг, нийт 3.275.500 төгрөгийг,

 

2015 оны 6 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд хохирогч Б.Төгсбаяраас "манай багш Гэгээнсүрэнгийн ээжийнх эмчилгээний зардалд өгөх гэсэн юм" гэж хуурч мэхлэн 1.700.000 төгрөгийг нь тус тус залилан авч бусдад нийт 42.825.500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Мөн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд дуудсан цагт ирээгүй, хаягандаа байхгүй, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнцийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс: Зүйлчлэлийн хувьд Ш.Мөнх-Ертөнцийн үйлдсэн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд 2015 оны 07 сарын 02-ноос өмнөх үйлдэгдсэн гэмт хэргүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн заалтыг хамруулж харахаар нийт 4 үйлдлийн 2 үйлдэл нь 2015 оны 07 сарын 02-ноос өмнөх үйлдэлд хамаарагдаж байна. 2015 оны 06 сарын 03, 04, 2015 оны 04 сарын 06 сарын үйлдлүүд нь 8.725.000 төгрөгийн хохирол учруулсан нь харагдаж байна. Иймд өршөөлийн хуульд хамруулж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Гэвч шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнцийн үйлдсэн бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг нь хэд хэдэн этгээдээс давтан, үргэлжилсэн үйлдлээр буюу өөрөөр хэлбэл нэг хохирогчоос хэд хэдэн удаагийг үргэлжилсэн үйлдлээр, хэд хэдэн хохирогчоос давтан үйлдлээр мөнгө авч онц их хэмжээний хохирол учруулсан бөгөөд хохирлын хэмжээгээр зүйлчлэлийг тодорхойлсон байна. Мөн эдгээр үйлдлээс зарим хэрэг, үйлдлийг салгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь зүйлчлэл, цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Ш.Мөнх-Ертөнцийг бусдыг хуурч мэхлэн залилаж онц их хэмжээний хохирол учруулсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг тогтоохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохгы тус тус дурдаж, шүүгдэгчийн 2016 оны 04 сарын 18-ны өдрөөс 2016 оны 04 сарын 29-ний өдөр, 2016 оны 06 сарын 03-ны өдрөөс 2016 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч шүүгдэгч  Ш.Мөнх-Ертөнц нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 42.825.500 төгрөгийн гаргуулж хохирогч Б.Ууганбаярт 37.850.000 төгрөг, хохирогч О.Сайханцэцэг 3.275.500 төгрөг, хохирогч Б.Төгсбаяр 1.700.000 төгрөгийг нь тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Шинэбаярын Мөнх-Ертөнцийг бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнцөөс 500.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдлэгч Ш.Мөнх-Ертөнцөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийг эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаар хорих ялыг бүхэлд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 500.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын сарын хугацаагаар хорихоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнцөд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнцийн цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнх-Ертөнцөөс 42.825.500 төгрөгийн гаргуулж хохирогч Б.Ууганбаярт 37.850.000 төгрөг, хохирогч О.Сайханцэцэг 3.275.500 төгрөг, хохирогч Б.Төгсбаяр 1.700.000 төгрөгийг нь тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР

 

ШҮҮГЧИД                                 Ё.ЦОГТЗАНДАН

 

    С.БАТЖАРГАЛ