Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2095

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01576 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Т-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээнээс учирсан хохиролд 62 922 850 төгрөг гаргуулж, орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Т нь 2013 оны 7 сард өөрийнхөө Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, ............... тоот, 2 өрөө, 47 м.кв орон сууцыг м.кв-ыг нь 2 200 000 төгрөгөөр үнэлэн нийтдээ 103 400 000 төгрөгөөр, 8 хувийн зээлд хамруулж, нэхэмжлэгч Б.Г-д худалдахаар болж, урьдчилгаанд 40 000 000 төгрөг авсан юм. Гэтэл 2013 оны 10 сард нөгөө зээл гаргаж мөнгөө авч надад байраа өгөх асуудал юу болсон гэж асуухад “Чиний нэр дээр зээл гарах боломжгүй байна. Иймд би нэр дээрээ зээл гаргуулъя. Чи түүнийг нь төлж байгаач гээд зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх Худалдаа хөгжлийн банкны 453082217 тоот дансны дугаар өгч  байрандаа оруулсан. Ингээд Б.Г нь 2014 оны 1 сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийнх нь дагуу, өгсөн дансанд нь сар бүр 474 982 төгрөг төлөөд 2014 оны 11 сарыг дуустал төлсөн. Энэ хугацааны дунд үед буюу 2014 оны 4 сарын 12-нд Туяа яриад “10 000 000 төгрөг хэрэг болоод байна. Дараа тооцоондоо оруулчихна.” биз гэхээр би нөхөртөө байсан 8 000 000 төгрөгийг түүний өгсөн Худалдаа хөгжлийн банк 453082217 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл 2014 оны 12 сард А.Т надруу бас утсаар яриад “Манай нөхөр н.Н чамд энэ байрыг 8-хан хувийн зээлтэй өөрийнхөө нэр дээр зээл гаргуулж худалдлаа гэж уурлаад бид 2-н маргаан гараад төвөгтэй болоод байна, би чамаас авсан мөнгөө буцааж өгье, чи байраа буцаагаад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “чи мөнгөө өгчих, би байрыг чинь суллаад өгчихье” гэж хэлээд, мөн зээлийг нь ч төлөхөө зогсоосон юм. Ингээд А.Т мөнгөө өгөхгүй цаг алдаж байснаа 2015 оны 2 сард цагаан сараас 3 хоногийн өмнө “надад миний нэр дээрх байрны зээлийг дуусгаад асуудлыг зохицуулах боломж гарлаа. 2000 ам.доллар төлчихвөл болох гээд байна. Тэгээд хүргэний чинь нэр дээр байрны зээлийг 8 хувийн хүүтэйгээр гаргаад өгчих боломжтой боллоо гэхээр нь өөрийнх нь “Аксис” ресторанд нь аваачиж өгсөн. Асуудал зохицоод болох юм байх гэж хараад бүтэхгүй болохоор нь нэлээд маргалдаж явсны эцэст маргаанаа бүрэн зохицуулж дуусгах үүднээс 2015 оны 6 сарын 24-ний өдөр өмнө бүх яриагаа дуусгаж “Төлбөр барагдуулах гэрээ” хийж нотариатаар батлуулсан юм. Энэ гэрээгээр А.Т-гийн хүсэлтийн дагуу буцааж авах мөнгөн дүнгээ ч багасгаж 40 000 000 төгрөг болгон, төлбөр төлөх хугацааг нь ч сунгаж 2015 оны 10 сарын 01-ний өдөр болгосон юм. Гэсэн ч энэ тохиролцоо маань хэрэгжихгүй урьдын адил худлаа, үнэн ярьсаар 2016 оны 06 сарыг хүргэсэн. Иймд А.Т-гаас “Төлбөр барагдуулах гэрээ”-ний “Хэлцлийн агуулга”-д заасан Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо нарны зам гудамж 100/2 дугаар байрны 1 тоотод байрлах 47 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд авсан 40 000 000 төгрөгийг, гэрээний “Талуудын хүлээх хариуцлага” хэсэгт заасан алдангийн 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг гаргуулж Б.Г-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 7 дугаар сард н.Ц буюу Б.Г хэмээх эмэгтэйтэй найзаараа дамжуулан танилцсан. Байр авах гэсэн чинь урьдчилгаа 30 хувийн мөнгө хүрэхгүй байна гэхээр нь ярьж байгаад Хурдын нарны хороололд 3 өрөө байр урьдчилгаа 5 000 000 төгрөгөөр захиалж өгсөн. Гэтэл Б.Г нь авч чадахаа байлаа, чиний зарах гэж байгаа 2 өрөө байрыг авъя гэхэд охин маань хойд эцэгтэйгээ таарахгүй байна гэж уйлж орж ирэн баахан зовлон ярьсан. Тэрээр Казакын иргэн, иргэншлээ 2-3 сарын дараа авна, надад мөнгө орж ирэхээрээ 10, 20 саяаараа бөөн орж ирдэг, чи өөрийнхөө нэр дээр авчих, би 1 жилийн дотор төлж дуусгана гэж хэлсэн. Би зөвшөөрч, өөрийнхөө нэр дээр 8 хувийн зээл авч,  2 өрөө 47 м.кв байрыг 1 м.кв-ыг нь 2 200 000 төгрөгөөр тохирч нийт 103 400 000 төгрөгөөр байр авахаар болсон. Энэ ярианы дагуу би зээлээ өөрийн нэр дээр хөөцөлдөж эхэлсэн. Банк 51 000 000 төгрөгийн зээл гарч болно гээд Б.Г нь надад үлдэгдэл 52 400 000 төгрөг  өгөх ёстой байсан. Үүнийгээ гүйцэд өгөөгүйгээс бидний хооронд маргаан гарсан. 2013 оны 12 дугаар сарын байдлаар 23 600 000 төгрөгийг надад өгсөн. Дараа нь 2014 оны 2 дугаар сард 1180 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2 019 600 төгрөг, мөн 800 000 төгрөгийг цувуулж өгсөн. Гэхдээ урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөөгүй байж сар бүрийн банкны зээлд 475 000 төгрөг Г төлдөг байсан. Ингээд 2014 оны цагаан сарын баярын дараа урьдчилгаа мөнгөө гүйцэд өгөхгүй бол байраа буцааж авна гэхэд 2014 оны 4 дүгээр сард 8 000 000 төгрөг өгөөд үүнээс хойш бүтэн жил надаас зугтааж, утасны номероо байнга сольдог байсан. Ингээд нийт 33 619 600 төгрөгийг надад өгсөн. Үүнээс хойш Г нь сар бүр банкинд төлдөг байсан 475 000 төгрөгөө 2014 оны 9 дүгээр сар хүртэл төлөөд түүнээс цааш төлөхөө больсон. Миний нэр дээр зээл гарсан учир би зээлийн түүхээ муу болгохгүйн тулд би өөрөө сар бүр 475 000 төгрөгөө төлж байсан. Ам.долларын зөрүү 1 400 000 төгрөг, дээр нь 4 750 000 төгрөгийн гал зуухны  тавилга хийсэн, тэндээ үлдэнэ гэхээр нь 40 000 000 төгрөгөөр тохирч гэрээ хийгээд 3 хоногийн дотор байр чөлөөл, би 10 дугаар сарын 1-нд мөнгийг чинь өгье гэж гэрээ хийгээд байр чөлөөлөх болсон. Би зун амраад явахдаа ажилчиддаа тэр байрыг түрээслүүл гэж зар өгөөд түлхүүрийг нь үлдээгээд явахад манай ажилчид сарын 500 000 төгрөгөөр тохироод хүн оруулах гээд очиход байрыг маань чөлөөлөөгүй байсан. Ингээд утсаа авахгүй алга болж байгаад мөнгөө авъя гэсэн, тэгэхээр нь би байрыг чөлөөл, наад байрыг чинь зарж байгаад мөнгийг чинь өгье гээд байр зарах зар тавьсан. Зарын дагуу хүмүүст үзүүлэх гэтэл утсаа авдаггүй байсан. Энэ хүнд туслах гэж яваад одоо элдэв янзаараа гүтгүүлж байгаад маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Энэ хүнд тусалсаныхаа төлөө би одоогийн байдлаар банкинд хүү төлсөн дүн 19 000 000 төгрөг, бизнесийн зээлийн хүүнд 13 600 000 төгрөг болсон. Жил бүр амь насны даатгал 780 000 төгрөг, зээл судалгаанд 255 000 төгрөг, нотариат 260 000 төгрөг тус тус төлсөн.  Нийт мөнгөн дүнгээр бодоход зээлийн хүүд төлсөн 38 895 000 төгрөг, хүний барааны мөнгө 2 800 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 727 850 төгрөг, орон сууцыг хөлслүүлсэн төлбөр 20 500 000 төгрөг, нийт 62 922 850 төгрөгийг Б.Гульзираагаас гаргуулан авч байр чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь хууль ёсны үндэслэлгүй, иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй, нотлох баримтууд авагдаагүй байгаа. Сөрөг нэхэмжлэлээр гэм хор нэхээд байгаа юм уу эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаад байгаа юм уу гэдэг нь тодорхой харагдаж, хуулийн тухайлсан заалтад хамрагдаж өгөхгүй байна. Гэрээ, тохиролцоо нь ч хэрэгжихгүй урьдын адил худлаа, үнэн ярьсаар 2016 оны 6 дугаар сарыг хүргэсэн тул тэрээр А.Тг ер нь залилаад яваад байна гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон. Сөрөг нэхэмжлэлд дурдсан байрны тухайд одоо Б.Г нь эзэмшдэггүй, өөрийнх нь сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан аль 2015 онд гэрээ хийснийхээ дараа байрных нь түлхүүрийг хүлээлгэн өгч, нэгэнт тэр байранд нь тааруулж хийлгэсэн гал тогооны тавилга болон бага сага тавилгаа үлдээгээд байрнаас нь гарсан бөгөөд тийм ч учраас сөрөг нэхэмжлэлдээ ч түлхүүрийг нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хүн амьтанд үзүүлж явснаа ч дурдсан байна. Ийм болохоор орон сууцыг нь эзэмшээгүй хүнээс тухайн байрыг нь чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохүй байна. Иймд хариуцагч А.Тгийн нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг, хариуцагч А.Т-гийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 62 922 850 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 564 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо  "Нэхэмжлэгч Б.Г нь дээрх үүргээ  зөрчиж  худалдан авахаар тохиролцсон байсан орон сууцаа өдийг хүртэл хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгөөгүй, бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа болох нь хариуцагчийн тайлбар болон "Хүслийн өргөө" сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 6 сарын 13-ны өдрийн 12/2017 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна." гэж үзээд, "Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д заасан энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэг хангагдаагүй тул урьдчилгаанд өгсөн 40 000 000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай боллоо. Учир нь: хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа “уг маргаан бүхий орон сууцны түлхүүрийг гардан авсан, өөрөөр хэлвэл орон сууцыг хүлээн авсан, бусдад түрээслүүлэхээр зар тавьсан, сонирхсон этгээдэд үзүүлсэн” болохоо хүлээн зөвшөөрсөн. Гэтэл "Хүслийн  өргөө" СӨХ-ны шүүхийн шийдвэрт тусгасан албан тоот болон түүнд хавсаргасан шүүгчийн 2 ч захирамжид уг орон сууцыг нэхэмжлэгч Б.Г  өнөөг хүртэл эзэмшиж байгааг нотлох үг, үсэг бүү хэл санаа ч байхгүй. Харин ч өөр гуравдагч этгээдийн нэр орж ирсэн байгаа. Хариуцагч өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх талаар ямар нэгэн алхам хийсэн талаархи нэг ч баримт хэрэгт байхгүй байхад гэрээнээс  татгалзсаны  үр  дагаварыг  нэхэмжлэх эрхгүй гэж үзэхдээ "... нэхэмжлэгч тал түлхүүрийг хариуцагчид хүлээлгэж өгснөөс бус орон сууцыг биет байдлаар нь хүлээлгэж өгсөн байдал тогтоогдохгүй, төлбөр барагдуулах гэрээнд энэ талаар дурдаагүй байна" гэсэн маш ядмаг, хууль зүйн бус дүгнэлт хийж, "төлбөр барагдуулах гэрээнд дурдаагүй" асуудлаар шүүх өөрөө санаачлан "орон сууцыг биет байдлаар нь хүлээлгэж өгөх" үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчээс шаардаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчлөө. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтанд Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан утгатай өөрчлөлт оруулж, уг өөрчлөлттэй уялдуулан 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжийн талаархи заалтыг хуульд нийцүүлж өгнө үү гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч А.Т-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс учирсан хохиролд 62 922 850 төгрөг гаргуулж, орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй  байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл болно.

Учир нь талуудын маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо .................... тоот, 2 өрөө, 47 м.кв орон сууц нь хэний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ