| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0062/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/05 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Б.Гансүх, шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Ч.Алтансүх /цахимаар/
Иргэдийн төлөөлөгч: Б.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.С,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Гомборагчаа, Х.Оюунбат, Р.Цэрэнханд, Ц.Энхтуяа, Б.Энхжаргал,
Шүүгдэгч Р.Ш,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Шт холбогдох 2124000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ........... оны ............. дугаар сарын ............нд ................ аймгийн .............суманд төрсөн, ...................настай, эрэгтэй, ................... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............... аймгийн ............ сумын...............т багт оршин суух, Р.Ш.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Р.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 01-03 цагийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хужирт хорооллын 10 дугаар гудамжны 5 тоотод байрлах О.Бын эзэмшлийн монгол гэрт согтуугаар О.Бтай маргалдаж, түүний хоолойг боомилон алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гардаг шөнө манай нөхөр над руу ямар ч байсан 2 удаа утсаар ярьсан. Ш бид нар найз нөхдийн холбоотой хүмүүс, бидний дунд өр авлага, өс хонзон байхгүй, ийм үйл явдал болсныг Р.Ш өөрөө хэлж чадахгүй бол найз нөхдөөрөө дамжуулаад надад хэлж болох байсан. Нөхрөө алдчихаад гомдолгүй гэж хэлж чадахгүй, би 3 хүүхэдтэй, өрх толгойлж үлдсэн. Одоо Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айлын хашаанд амьдарч байна. Мөрөн хотоос шууд ирэх унаа олдохгүй учраас Улаанбаатар хот орж тэндээсээ Хөвсгөл аймгийн Жаргал болон Завхан аймгийн Их-Уул сумаар дамжиж Тосонцэнгэл суманд ирж байгаа учраас замын зардлын баримтууд Жаргал, Их-Уул, Цахир сумаас авсан баримтууд байгаа. Мөн хөдөөний дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн худалдан авахад и-баримт өгөх дэлгүүр бараг байхгүй байна. Хохиролд нийт 24,653,702 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч тал 21,628297 төгрөг төлсөн. Р.Ш, талийгаач бид нар найз нөхдийн холбоотой, би Р.Шын хэлж байгаа зүйлд итгэж байна. Түүнд хүний итгэл даах зан чанарууд байдаг гэж боддог. Иймд шүүгдэгчид оногдуулж болох хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Энэ нь миний ганцаараа гаргасан шийдвэр биш бөгөөд талийгаачийн эцэг, эх, ах, дүү нар надтай адил байр суурьтай байгаа. Би шүүгдэгчийг бага ял эдэлбэл гарч ирээд надад болон хүүхдүүдэд маань түшиг тулгуур болох хүн гэж бодож байна..” гэж,
Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон:
Гэрч Г.О “...Талийгаачийг нас барсныг 2021 оны 01 дүгээр сарын 10-нд мэдсэн..., Цагдаа нар намайг хуурай мод хагалаад аваад ир гэж шөнө хэлсэн. Шөнө 03 цагийн үед мод аваачиж өгсөн. Тэр үед талийгаачийн гэрт ороход, хөлийг нь зүүн тийш тэнийлгээд толгойг нь шаланд хүргэлгүй орхисон байсан. Би талийгаачийн толгойд будаа, шар тос түрхэхээр очсон. Талийгаачийн цогцос нилээд хөлдүү байсан...” гэж,
гэрч Б.Б “...2021 оны 01 дүгээр сарын 10-нд 12 цаг өнгөрч байхад аав над руу утсаар ярьж дүү чинь нас барсан байна гэж хэлээд эхнэр бид хоёр ирсэн. Намайг ирэхэд талийгаачийн гэрт цагдаагийн албан хаагчид байсан бөгөөд гэрт нь хүн оруулахгүй байгаа гэж хэлсэн. Цагдаа нар цогцос гэсгээхээр гал түлэх гэж байна, мод авчир гэж хэлсэн. Аав бид хоёр талийгаачийн гэрт 5 уут мод аваачиж өгсөн...” гэж,
яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон:
Гэрч И.Г “... Р.Ш ах талийгаач хоёр маргалдаад талийгаач доор нь сууж байгаад Р.Ш ахын толгой руу нь цохиод тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд бид хоёр явъя гээд тэднийхээс гартал Р.Ш ах машиныхаа түлхүүрийг аваад ирье гээд гэр рүү орсон. Намайг түүний хойноос гэрт ороход Р.Ш цаашаа хараад талийгаачийн дээр нь суучихсан, гараараа дээрээс нь дарж байгаа бололтой байсан, би араас нь очоод татахад талийгаачийн хоолой хэржигнэж дуугараад, толгой нь доошоо гулсаад унасан. Би тухайн үед “үхчихэж байгаа юм биш үү” гэхэд Р.Ш “наадах чинь үхдэггүй юм, өмнө нь бас ингэж унаж байсан” зүгээр хаячих гээд байсан. Би талийгаачийн амьсгал хурааж байгааг мэдсэн..., “...Р.Ш ахын гутлын түрийнээс нь талийгаачийн гар утас гарч ирсэн. Р.Ш ах наад гар утсаа устгачих гээд надад өгөхөөр нь би гар утсыг устгаж болохгүй гэж бодоод хугалаад 00-ийн ард хаячихаад ороод ирсэн чинь Р.Ш ах гар утсыг галд хийчихгүй яасан юм бэ?, хаана хаясан бэ? гээд байхаар нь Р.Шыг авчихаж магадгүй гэж бодоод гар утсыг олж аваад хашаа давуулаад байшингийн ар руу шидсэн. Р.Ш ах надад чи энэ хэрэгт ямар ч хамааралгүй тул айх хэрэггүй, Х.Гыг гэрт нь хүргэж өгөөд хоёулаа явсан гэж хэлээрэй гэсэн..., Р.Ш ахтай хамт гэрт нь очихдоо эхнэрт нь талийгаачийг Р.Ш алчихлаа гэдгийг хэлсэн, Д.М тэр үед мэдсэн, тэгээд Д.М эгчтэй хамт талийгаачийн гэрт ороход Д.М эгч намайг талийгаачийг татаад үз дээ гэсэн, би үгүй гэж хэлсэн, тэгэхэд Д.М ...харж байж итгэлээ... гэж хэлж байсан. Энэ талаар тухайн үед сандарсан тул би хэлж чадаагүй...” гэж,
Гэрч Д.М “...Манай нөхөр 01 цаг өнгөрч байхад бага зэрэг архи үнэртүүлчихсэн гэртээ машингүй ирсэн. Машинаа асахгүй болохоор нь О.Бын хашааны гадна орхисон гээд машины холбогч асуусан. Тэгээд би хамт яваад талийгаачийн хашааны тэнд очиход манай машин хашааны үүдэнд нь байсан. Талийгаачийн гэр нь гэрэлтэй, хаалга нь хаалттай байсан. Г талийгаачийн гэрт түрүүлж орсон. Би Г.Стай найз тул гадаа нь ирчихээд оролгүй явж болохгүй байх гэж бодоод түүнтэй уулзах санаатай гэрт нь ороход Г.С байхгүй, талийгаач зүүн талынхаа орон дээр унтаж байгаа бололтой хэвтэж байсан. Би И.Гаас Г.Сг асуухад салаад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг унтаж байгаа юм байна гэж бодоод буцаад гэрээс нь гараад явсан. Тэгэхэд И.Г гэрт үлдсэн..., машинаа асаах гээд 30 орчим минут оролдоод, асаагүй тул чирэх машин, эсвэл аккумулятор олъё гэж ярилцаад бид хоёр Б.Бийн гэрт И.Гаас тусдаа очсон. Тэнд 30 орчим минут болж машиныг нь галлаад байж байтал И.Г араас ирсэн..., “ ...манай нөхөр гутлаа тайлахад түрүүнээс нь гар утас унасан. Би хэний гар утас вэ? гэж асуухад манай нөхөр “И.Г надад өгсөн юм, май утсаа ав” гэхэд И.Г утсыг авсан. Үүнийг Б.Б харсан. И.Г нөгөө гар утсыг хугалчихсан гал руу хийх гээд зогсож байсан. Би галруугаа эвдэрсэн зүйл хийлгэхгүй гэж хэлэхэд И.Г утсыг бариад гараад явсан...” гэж,
шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон:
Гэрч Б.Б “...Тухайн үед Р.Ш өглөө 5 цагийн үед И.Г болон эхнэрийнхээ хамт машин чирээд өгөөч гэж манайд ирсэн. Хаанаас ирсэн болохоо хэлээгүй, машины аккумуляторыг салгаж аваагүй, би өөрийнхөө машинаар чирж хашаанд нь авч ирээд Р.Шын гэрт орсон. Тэнд нэг цаг орчим болсон, тал шил архи уусан. Тэгэхэд хэн нэг нь гар утас гаргаж ирснийг анзаараагүй..., ...Машин чирж байх үед И.Г, Д.М хоёр миний машин дотор байсан. Р.Шын гэрт орсон эсэхийг анзаараагүй. Манайхаас талийгаачийн гэр хүртэл 3-4 километр зайтай, талийгаачийг нас барсан талаар цагдаа нараас мэдсэн..., гэж,
гэрч Ц.Б “...Би талийгаачийн гэрээр орж гардаг байсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-нд байх бүтэн сайн өдөр байсан. Би ажилдаа гарч байгаад гэртээ харьж цай уучихаад буцахдаа 22 цагийн үед Шт элсэн чихэр, цай оруулж өгөх гээд тэднийд очиход хаалга нь онгорхой, гэрэл нь асаалттай байсан. Гэрт нь ороход талийгаач гэрийнхээ зүүн талд галынхаа өрийг дэрлээд, хойморь талруугаа толгойгоо харуулсан байдалтай газар хэвтэж байсан, татаж үзэхэд бие нь хөшчихсөн хүйтэн байсан. Гэрт ороход халуун сав зуухны хажууд, аяга хаалганы босгоны хажууд байсан. Тэгээд би ажил дээрээ очиж гал түлчихээд цагдаад мэдэгдсэн... гэж тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгч Р.Ш нь гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр И.Г над руу утсаар яриад мод ачаад өгөөч гэж хэлсэн тул орой нь эхнэр, хүүхдүүдийн хамт сумын төв орж ирсэн. И.Г бид хоёр хамт явж байгаад талийгаач болон өөр хоёр хүнтэй таарсан. Тэгээд талийгаачийн гэрт очоод архи уусан.., “...Талийгаач И.Г хоёр хоорондоо мөнгө өгч авалцах болон янз бүрийн зүйл ярьж маргалдсан..., намайг сууж байхад талийгаач миний дээр гарч ирээд толгой руу хальт цохисон. Тэгээд би түүнийг хажуу тийш нь унагаагаад гэрээс гарсан бөгөөд гэрт нь буцаж ороогүй..., “...бид нар талийгаачийн хашааны гадна очиж машинаа чирээд гэртээ ирсэн. Намайг гутлаа тайлахад миний гутлын түрүүнээс И.Гын надад өгсөн утас унахад манай эхнэр хэний утас вэ? гэхэд нь би И.Гын утас гэж хэлсэн. Би галруу хийчих, устгачих гэж хэлээгүй, халуун сав, аяга тухайн үед яагаад хагарсан болохыг сайн мэдэхгүй байна..., би талийгаачийн хоолой хэсэгт дарсан нь үнэн, миний дарсан үйлдлээс болоод талийгаач нас барсан бол би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, харин И.Гын мэдүүлж байгаа шиг үйл явдал болоогүй, би талийгаачийг нас барсныг нь мэдээгүй...”. “...Өнөөдрийн шүүх хурал дээр И.Гын болон манай эхнэр Д.Мгийн өгч байгаа мэдүүлэгийг сонсоод зарим зүйл дээр эргэлзэж байна...”, “ ...Талийгаачийн болон өөрийн гэр бүл, ах дүү нараас уучлалт гуйж байна. Манай ар гэр, ах дүү нар шүүхээс тогтоосон хохирлыг хохирогч талд төлж барагдуулсан байна. Цаашид талийгаачийн хүүхдүүдийг харж хандаж, тус дэм болно. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, бид найз нөхөд хүмүүс байсан. Чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлэн оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэж мэдүүлсэн байна.
Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:
Үүнд: Хохирогч Г.Сгийн: “... 2021 оны 1 дүгээр сарын 10-ны шөнийн 01 цаг 25 минутад Ш залгаад энэ хэд манайд ирчихээд надад агсам тавиад байна, би гэрээсээ гараад ярьж байна, чи цагдаагийн утасны дугаар олоод цагдаа дуудаад өгөөч гэхээр нь...олон нийтийн цагдаа Болдоо гэдэг залуугийн гар утас руу залгахад дуудаад авахгүй байхаар нь буцааж залгаад хэлэхэд “ за юу ч гэсэн гайгүй болох байлгүй дээ” гэсэн. Би наана чинь яг хэн хэн байгаа юм гэхэд чи өөрөө сонс тэгээд бичлэг хийгээд авахгүй юу гэхээр нь би өөрийнхөө гар утасны хураагуурыг асаатал гар утасны дуудлага тасарчихсан. Тэгээд би дахиад залгахад холбогдох боломжгүй байна гээд байсан тул амарсан...”, ... Ш 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өглөө миний 98312533 дугаарын утас руу 98201217 дугаарын утаснаас залгаж надтай утсаар ярихдаа...за ёстой баларсан юм болжээ, тэр орой Г, Га ах бид гурав танай нөхөртэй таараад цуг танайд очсон... гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/,
Гэрч Ө.Бын: “...2021 оны 1 дүгээр сарын 8-ны 5 дахь өдөр сумын цагдаагийн хэсэг дээр архи уусан гэж баригдаад тэндээ өнжиж орой О.Бын гэрт нь очиж хоносон ба О.Б ганцаараа байсан. Ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундаа уугаагүй байсан. Тэгээд 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 11 цагийн орчимд О.Бын гэрээс нь гарч Шинэ хорооллын 1-1 тоотод байдаг ах Ууганбаярын гэрт нь очсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-р хуудас/,
Гэрч С.Цын: “...Би 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн эзэмшлийн ачааны Пусса маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр 4-5 дэлгүүрийн хүнсний бараа ачиж ирсэн. О.Б манай ачааг буулгахаар 14 цагийн орчим ирээд. 18 цагийн орчим буулгаж дуусгаад тарцгаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-р хуудас/,
Гэрч Ш.М-н: “...2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Бямба гарагт Ц гэх хүний дэлгүүрийн барааг машин дээрээс М, мөн О.Б нарын хамт буулгасан юм. О.Б үдээс хойш 14 цагийн орчим ганцаараа ирээд орой 18 цаг хүртэл ачаа буулгаж байгаад явлаа гээд ганцаараа яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 94-95-р хуудас/,
Гэрч Х.А-н: “...Миний Khurelbaatar гэсэн Facebook хаяг руу 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед талийгаач О.Бын эхнэр Г.С гэдэг танил эгч манай нөхөр өнөөдөр харагдана уу гэсэн чатыг мессэнжрээр явуулсан юм. Би тэр үед Г.С эгчид танай нөхөр өнөөдөр үзэгдээгүй гээд хариу чат бичсэн юм...”, ...Тэгээд би тэр үед Г.С эгч рүү өчигдөр танайд хүмүүс архидаад зодолдоод байна гээд байсан, манай ах сонслоо хүмүүс хэрэлдээд түлхүүр булаацалдаад байгаа бололтой байсан гэсэн шүү аниа гэсэн утгатай чатыг бичсэн...Миний төрсөн ах Х.Болдбаатар 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад гэрээсээ тамхи татах гээд гарсан юм. Тэгээд удаагүй гаднаас орж ирэхдээ манай урд талын О.Бын хашаанд хүмүүс хоорондоо хэрэлдээд зодолдоод түлхүүр энэ тэр булаацалдаад байх шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 96-р хуудас/,
Гэрч Б.Бийн: “...2021 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө үүрээр 04 цаг 55 минутын орчимд манай эхнэрийн гар утас руу 98465046 дугаараас залгасан байсан, тухайн үед нь хараагүй сүүлд харсан тул авч чадаагүй юм. Тэгсэн 05 цаг өнгөрч байхад манай гэрийн гадна хаалгыг цохиж нүдээд манай сумын Ш, эхнэр З, Г нар манай гэрт орж ирсэн...Ш надад машин царцаад асахаа байсан, машин асаагаад өгөөч аккумлятороор холбоод гэсэн, би тэгэхээр нь машин чинь хаана байгаа юм бэ гэхэд ойрхон хөдөө байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн гадаа байсан найзынхаа ISUZU маркийн ачааны машиныг гал түлж асааж гэрээс гарч асаах гэж явах замд Ш машин хөдөө байхгүй, сумын төвд дотор ойрхон байгаа гэж хэлээд шууд талийгаач О.Бын гэрийн гадна талд аваачсан юм. Тэдний гэрийн гадаа хүн харагдахгүй, хашааны гадна талд Шгийн хөх өнгийн ачааны зориулалттай сэрс гэх машин байсан. Тэгээд шууд тухайн машиныг олсоор чирээд сумын төвд шинэ хорооны 2-5 тоот хашаанд Шгийн өөрийнх нь гэрт аваачиж өгөөд машиныг асаачихаад би шууд гэр рүүгээ явсан юм. Шгийн гэрт түүний эхнэр, Ш, Г нар үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р хуудас/,
Гэрч Ц.Бийн: “...Би 2021 оны 1 дүгээр сарын 10-ны бүтэн сайн өдөр ажил дээрээ галчаар ажилласан. Тэгээд 22 цагийн орчимд гэртээ очиж хоол цайгаа идчихээд буцаж ажил руугаа явах замдаа О.Бт бага зэрэг элсэн чихэр, халуун цай өгөх санаатай гэрээр нь орсон юм. Учир нь амь хохирогчийн эхнэр хүүхэд нь Хөвсгөл аймаг руу салаад явсан гээд манайхаар сүүлийн хэд хоногт ирж хоол цай ууж байсан юм. Тэгээд би 22 цаг өнгөрөөгөөд амь хохирогчийн гэрт нь очсон, би хашааны хаалгыг татахад онгорхой байсан, нохойгүй учир шууд дотогш орсон ба гэр нь гэрэлтэй, хаалга нээлттэй байдалтай байсан. Гэрт ороод хартал үүдэнд аяга хагарсан, зуухны баруун талд цайны халуун сав хонхойгоод унасан амь хохирогч зуухныхаа зүүн хойд талд газар хулдаасан шалан дээр толгойгоо гудайлгаад хойд зүгт харж, зүүн мөрөөрөө газар хэвтсэн, баруун гар буруун гуян дээр хөдөлгөөнгүй байдалтай байсан, би очиж цамцнаас нь татаж үзэхэд илт нас барсан, хөшиж хүнд болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 105-106-р хуудас/,
Гэрч И.Гын: “...2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 20 цаг 30 минутын орчим намайг гэртээ байхад Р.Ш ганцаараа ирсэн. Тэгээд Р.Ш бид хоёр Б гэх хүнтэй уулзахаар гарсан. Хүнсний дэлгүүрийн орчим О.Б, Га нартай тааралдсан..., “...Тэгээд Га, Р.Ш бид 3 түлхүүрийг авч О.Бын гэрт очиж галыг нь түлээд байж байтал О.Б орж ирсэн. Ирэхдээ 0.5 литрийн Хар Чингис гэх нэртэй архи 1-ийг авч орж ирээд бид 4 хувааж уусан...Дараа нь гараад Ш, О.Б бид 3 Гыг гэрийнх нь ойролцоо хүргэж өгсөн. Тэгээд Гыг буулгасны дараа шинэ хорооны орчим явж байхад О.Б бууя гэж хэлээд буусан. О.Б монгол архи айлаас авна гээд буусан ба Р.Ш бид хоёрыг цааш явж байхад О.Б өөрийнхөө дугаараас Р.Шын 98-тай дугаар руу залгаад худгийн дэргэд байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Ш бид хоёр буцаад худгийн орчимд очиход О.Б 4 литрийн цагаан өнгөтэй хуванцар савтай нэрмэл архи барьсан авч ирсэн, хаанаас авсан юм бэ гэхэд О.Б айлын бурханы архийг авлаа гээд инээгээд байсан. Тэндээсээ шууд О.Бын гэрт нь очиж архиа ууцгаасан. Энэ үед 23 цаг болж байсан байх. Тэгээд архи ууж байхдаа Р.Ш, О.Б нар хоорондоо хүүхэд ахуй насныхаа болсон явдлуудыг ярьж байсан бөгөөд Ш би зөв
замаар явсан бол бөх болох байлаа, О.Б би Ховдод цэргийн алба хаахдаа сайн байлаа гэх мэтээр ярьж байснаа О.Б гэнэт Р.Шын нүүрний зүүн хацрын доод хэсэг орчимд баруун гараараа нэг удаа цохиод тэд барьцалдаж авсан ба цохилцоогүй, ноцолдсон. Тэгээд би салгаж дахин архи ууж суухад Р.Ш, О.Б нар бие биенийхээ дээр гарах гээд л юм ярьж суусан. Тэгээд би архи багасаад ирэхээр нь Р.Шт 2-уул гаръя та 2 таарахгүй юм гэж хэлсэн. Тэгээд гараад машин асаах гэтэл машины түлхүүрийг О.Б авчихсан байсан, гэрт Ш машины түлхүүрийг авна гэж орсон бөгөөд би бие засчихаад араас нь О.Бын гэрт ороход гэрийн зүүн талын буйдан дээр Р.Ш О.Бын дээрээс нь дарж боосон байдалтай байсан, би Шын араас нь татаад салгасан. Тэгтэл О.Бын царай нь хөхөрч хоолой нь хэрчигнэж дуугарч буйдангаас шууд гулсаж шалан дээр унасан ба ямар ч хөдөлгөөнгүй болсон. Тэгээд би нуруугаар нь тэвэрч сэгсэрэхэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, бие нь суларч хүний аясаар болсон байхаар нь би хүн алчихлаа эмч, цагдаа дуудъя гэхэд Ш хүрч ирсэнээ О.Быг дээш нь харуулж хэвтүүлээд хамрынх нь доор гарын хуруугаа тавьж үзсэнээ наадах чинь үхэхгүй ээ, хэсэг байж байгаад ухаан орчихно гэж хэлсэн. Тэгээд явъя гээд гэрээс гарч машинаа асаах гэтэл машин нь асаагүй. Тэгээд тэндээс Шын гэр рүү алхаж яваад халаагч холбогч утас авч буцаж явах гэтэл Шын эхнэр З хамт явна гээд хамт явсан...машин дээр очоод машиныг нь асаах гэтэл машин нь асаагүй. Тэгээд Б гэж дууддаг залуугийнд очиж машиныг нь асаалгаад Б-р жолоо бариулж дахин О.Бын гэрийн гадаа ирж машиныг нь холбоход асаагүй тэгээд шууд Бгийн машинаар Шын машиныг чирээд явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 108-109-р хуудас/,
Гэрч Х.Гын: “...2021 оны 1 дүгээр сарын 9-нд би гэр лүүгээ алхаж байхад талийгаач О.Б зүүнээс баруун тийшээ алхаж байсан. Бид хоёр гэрт нь очиход хүн байхгүй байсан. Тэгээд намайг та гал түлээд байж бай би гарчихаад ирье гээд явсан...Гаднаас талийгаач О.Б түүний араас Ш буюу Ш, Г хоёр орж ирсэн. Тэгээд талийгаачийн гэрт бид дөрөв 1 шил архи 0.75 литр савалгаатай байсан байхаа уусан. Тэгээд Ш, Г, талийгаач О.Б нар хамт яваад Ш өөрийнхөө хөх ангийн Серс маркийн бага оврын ачааны машинаар намайг гэрт буулгасан..., ойролцоогоор 22 цаг өнгөрч 23 цаг болж байсан болов уу...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 117-118-р хуудас/,
Гэрч Х.Б-н: “...Би 2021 оны 1 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч хашаан дотроо тамхи татаад зогсож байтал манай чанх урд талын гудамжинд байдаг талийгаач О.Б ахын хашаанд чанга дуугаар хүмүүс хоорондоо маргалдаж, муудалцаад байгаа бололтой шуугилдаж сонсогдсон. Тэгээд би тэр зуур чагнаж зогсоход уг хашаан дотор миний машины түлхүүр байхгүй байна, чи авсан, би аваагүй гэх зэрэг үгс хэлээд маргалдаж муудалцаад байх шиг байсан. Тухайн үед уг хашаан дотор 3 хүн байгаа бололтой гурван өөр хүний дуу хоолой сонсогдоод байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р хуудас/,
Гэрч Д.М-гийн “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр Р.Ш хөдөөнөөс ирээд төвийн гэртээ галаа түлээд байж байтал Г дахиж утас руу нь залгаад та ирчихсэн үү уулзая гээд Ш Гтай уулзахаар гэрээсээ гарсан, 23 цагаас 00 цагийн хооронд утас руу нь залгаад одоо удахгүй очих гэж байна гэж байсан, түүнээс хойш 1-2 цагийн дараагаар Гтай хамт гэртээ ирэхдээ машингүй явган ирсэн, машин царцчихлаа, Бын гадаа орхичихсон холбогч халаагчны утас байна уу гэсэн. Тэр хоёр ирэхдээ Шгээс бага зэрэг архи үнэртээд, Г нь нилээн согтуу байхлаар нь би хамт явна гээд Бын хашаа руу явсан тэгээд тэдний хашааны үүдэн дээр очоод Ш машинаа асаах гээд холбоод утсаар гэрэл тусгаад байсан, Г түрүүлээд Бынх руу орсон, Бынх гэрэлтэй байхлаар нь дараа нь би эхнэр нь байгаа юм болов уу гэж бодоод уулзах санаатай хойноос нь яваад орсон. Тэгсэн эхнэр нь гэртээ байхгүй, харин Б орон дээрээ цаашаа харчихсан унтаж байгаа бололтой хэвтэж байсан. Тэгээд Гаас энэ унтаж байгаа юм уу гээд асуусан чинь тийм ээ унтаж байгаа гэхлээр нь би буцаад гарсан, харин Г тэдний гэрт үлдсэн. Би буцаад машины хажууд очиж гэрэл тусгаж өгөөд асахгүй болохоор нь бид хоёр Бгийнх рүү явсан. Бгийнд очоод гал түлүүлж, цай халаалгаж уугаад байж байтал Г араас ирсэн. Тэгээд Г ирээд Бгийн хашаанд байсан нэг шар машиныг асаагаад Бын хашаа руу Г, Ш, Б бид дөрөв явсан, тэдний хашааны гадна очоод Шгийн машиныг Бгийн машинд холбож чирээд шууд манай хашаанд очсон, гэртээ очоод цаг харах үед 06 цаг болж байсан шиг санагдаж байна...”, “...Шгийн гутлын түрийнээс Жи мобайлын хар өнгөтэй гар утас гараад ирэхлээр нь энэ хэний утас вэ гэж асуусан чинь Гын утас, Г надад өгсөн юм гэж хэлсэн, тэгсэн Г З эгчээ энэ миний утас байгаа юм гээд аваад тэр гар утсыг эвдээд дундуур хугалчихсан гал руу хийх гээд зогсож байхаар нь хүний эвдэрч хэмхэрсэн юм гал руугаа хийлгэхгүй гээд хийлгээгүй, тэгсэн надаас гал руу чинь хийчихье гээд гуйгаад байсан..., ...Г гэрээс гарч ирээд манай зүүн талын хашааны байшингийн араар нөгөө гар утсаа шидчихсэн. Ш гэрт байсан 0,75 литрийн хэмжээтэй архийг гаргаад ир гээд байхлаар нь гаргаад өгсөн чинь нөгөө архийг Г, Б, Ш нар хувааж уусан..., ... өглөө нь Ш бид хоёр, хоёр хүүхдээ сэрээгээд хөдөө гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Г.Оын “...2021 оны 01 сарын 11-ний шөнө 01 цагийн үед цагдаагаас над руу яриад танай хүү нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би яахаа мэдэхгүй хүүхдүүд рүүгээ ярьж хэлсэн...” , ... хүргэн Бийн хамт 03-04 цагийн үед амь хохирогч хүүгийнхээ гэрт очсон. Бид хоёрыг очиход аймгаас цагдаа нар ирнэ, хүлээж байгаа, гэртээ нас барсан байна, хүн оруулахгүй, түлэх мод аваад ир, амь хохирогч тэс хөлдүү болсон байна гэж хэлээд намайг оруулаагүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 93-95-р хуудас/,
Гэрч Б.Бийн “...хадам аав бид хоёр О.Бын гэрт очиход цагдаа нар ирээд хамгаалалт авсан оруулахгүй байсан. Тэгээд цагдаа нар амь хохирогч гэртээ нас бараад хөлдсөн байдалтай байна, гал түлэх мод хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр аавын гэрт буцаж ирээд 2 шуудай мод хагалаад хүргэж өгөөд буцсан. 2021 оны 01 сарын 11-ний үдээс хойш оройхон цогцосыг авч явсан, цаг хэд болж байсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 96-98-р хуудас/ зэрэг мэдүүлгийн нотлох баримтууд,
Мөн шинжээчийн дүгнэлтүүд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 476 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн зураг №2 цогцосны хүзүүний баруун хэсэгт гарсан гүн мөр нь шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн хар ногоон ноосон цамцны захны дотор талаар дарагдаж гарсан байж болно...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 130-136-р тал/,
тус хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 859 дугаартай: “...Р.Шын гэх цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байсан...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 147-р тал/,
2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 864 дугаартай: “...Ш.Батчимэгийн гэх цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. И.Гын гэх цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 151-р тал/,
2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 475 дугаартай: “...Шинжилгээнд тэнцсэн 8 ширхэг гарын мөрийн санд 2021-1004-ЗАВ О овогтой Бын гарын дардасны хамт кодлон оруулж санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн мөртэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор хайлт хийн шинжилж үзэхэд 11 дугаартай гарын мөр шинжээч З.Б-н баруун гарын дунд хурууны дардастай, 4 дугаартай гарын мөр санд MN005510002221 дугаараар бүртгэгдсэн Иийн Гын баруун гарын дунд хурууны дардастай битүү хээ гэсэн ерөнхий шинж тэмдэг болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт, /1-р хх-ийн 167-168-р тал/,
2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 856 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “О.Б 37 нас, эр” гэсэн хаягтай цуснаас 5,8 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 5,8 промилли спиртийн агууламж нь согтолын хүнд зэрэгт хамаарна. “О.Б 37 нас, эр” гэсэн хаягтай цуснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 178-179-р тал/,
2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 863 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №1-ээс 4 гэж дугаарласан арчидас нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хиймэл арьсны хэсэг нь шинжилгээнд тэнцэхгүй байна. Хэргийн газраас хураан авсан гэх 1 ширхэг тамхины ишинд илэрсэн шүлс нь ДНХ-ийн тогтоцоороо яллагдагч Р.Шын цусны ДНХ-нийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 182-184-р тал/,
2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 861 дугаартай: “...Амь хохирогч О.Б, яллагдагч Р.Ш, гэрч Ж.Б, И.Г нарын баруун зүүн гараас авсан гэх тус бүр 10 ширхэг хумсан дээр цус илрээгүй...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 188-189-р тал/,
2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 866 дугаартай: “...Хэргийн газраас хураан авсан гэх тамхины иш №1-4, 6-7-д илэрсэн шүлсний ДНХ-ийн тогтоц нь яллагдагч Р.Шын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. №8 дугаартай тамхины ишинд илэрсэн шүлс нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч О.Б, яллагдагч Р.Ш, гэрч Ж.Б, И.Г нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. №5-д илэрсэн шүлс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 191-193-р тал/,
2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 674 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 4, 5 /дугаартай наалтуузанд бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр/, 6, 8, 11 дугаартай гарын мөр, талийгаач О овогтой Бын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2, 7, 9, 10, 12, 13 дугаарын гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 4 дугаартай гарын мөр MN005510002221 дугаараар бүртгэгдсэн Иийн Гын баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна. Шинжилгээнд тэнцсэн 1, 3, 5 /2 ширхэг мөр/, 6, 8 гарын мөр талийгаач О.Бын гарын дардас болон санд бүртгэлтэй гарын дардас эзэнгүй хэргийн мөртэй тохирохгүй...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 195-197-р тал/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 000000006 дугаартай: “...Амь хохирогч О.Бын цогцост хүзүү хоолой дахь амьддаа үүссэн боолтын дарагдлын ором, зулгаралт, хүзүү хоолойн булчингийн эд дэх цус хуралт. Төвөнх, улаан хоолойн хэсгийн цус хуралт. Духны баруун дээд хэсэгт, баруун хөмсөгний доор, зүүн шанаанд зүүн хацрын төвгөрт, зүүн хацарт, хамрын зүүн угалзанд, баруун хацрын төвгөрт, баруун доод зовхины доор, баруун чихний урд, баруун чихний дэлбээнд, хүзүүний баруун урд хэсэгт, хүзүүний баруун ар хэсэгт, эрүүний доод хэсэгт, эрүүний баруун доод хэсэгт, цээжний баруун дээд хэсэгт, зүүн далны доод хэсэгт, зүүн хөх махны зүүн дээд хэсэгт, зүүн мөрний ар дээд хэсгийн зулгаралт, баруун далны урд доод хэсэгт, баруун талын 11, 12-р хавирганы дотор уг хэсгийн цус хуралт гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нас барахаас өмнө буюу 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд, Хүзүү хоолой дахь амьддаа үүссэн боолтын дарагдлын ором, зулгаралт, хүзүү хоолойн булчингийн эд дэх цус хуралт, төвөнх, улаан хоолойн хэсгийн цус хуралт гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн. Амь хохирогч О.Бын цогцост хүзүү хоолой дахь амьддаа үүссэн боолтын дарагдлын ором, зулгаралт гэмтлүүд нь уян зөөлөн материалын үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Амь хохирогч О.Бын цогцост шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Амь хохирогч О.Б нь боолтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 190-192-р тал/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 000000031 дугаартай: “...Амь хохирогч О.Бын цогцогст нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. /уг цогцос бүрэн хөлдсөн байсан/. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 000000006 дугаартай шинжээчийн дүгнэлтийн болсон хэргийн товч болон дүгнэлт хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой гэж бичсэн нь шинжээч томилох тогтоолын ОЛСОН нь хэсэгт 2021 оны 01 сарын 10-наас 2021 оны 01 сарын 11-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутад Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хужирт хорооллын 10-05 тоотод оршин суух О.Б /ФФ/ нь гэртээ амь нас хохирсон гэж бичсэн байсан тул шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. Амь хохирогч О.Б нь боолтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан. Бөөр: Венийн судасны жигд бус дүүрэлт, сувганцарын тархмал уургийн мөхлөгт хувирал, тахир сувганцарын голомтот үхжил зэрэг өөрчлөлтүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй. Эдгээр өөрчлөлт нь хүн нас барснаас хойш эд эрхтний үйл ажиллагаа зогссоноос болон архаг хууч өвчнөөс үйлдэлтэй үүсдэг өөрчлөлтүүд. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 000000006 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1 дэх хэсэгт тусгагдсан гэмтлүүд бүгд амьд байхад үүссэн шинэ гэмтлүүд. /дүгнэлт хэсэгт хуучин гэмтэл бичигддэггүй/ дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 202-207-р тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Р.Ш нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Р.Ш нь аливаа үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. Р.Ш нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой хэмжээний согтолттой байсан бөгөөд өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан. Р.Ш нь одоо сэтгэцийн хувьд эрүүл, архаг хууч эмгэггүй болно. Р.Ш нь хэрэг хариуцах чадвартай...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 124-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 586 дугаартай “...Амь хохирогч О.Бын цогцост хийсэн шинжилгээгээр дух, баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, зүүн хацар, хамрын зүүн угалз, баруун хацрын төвгөр, баруун доод зовхи, баруун чихний урд хэсэг, баруун чихний дэлбэн, хүзүүний баруун урд хэсэг, хүзүүний баруун ар хэсэг, эрүүний баруун доод хэсэг, цээжний баруун дээд хэсэг, зүүн далны доод хэсэг, зүүн хөхний зүүн дээд хэсэг, зүүн мөрний ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, баруун далны доод хэсэгт зулгаралтууд, баруун далны урд доод хэсэгт цус хуралт, хүзүүний баруун тал, хүзүүний ар хэсэгт дарагдалын ором, хүзүүний урд болон баруун талын булчинд цус хуралт, төвөнхийн мөгөөрсний баруун урд хэсэгт цус хуралт, улаан хоолойн цус харвалт, баруун 11,12-р хавирганы булчин завсарт цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон байна. Амь хохирогч О.Бын цогцост учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр өөр өөр цаг хугацаанд учирсан байна. Амь хохирогч О.Бын цогцост учирсан хүзүүн дэх дарагдалын ором, хүзүүний урд болон баруун дотор талын булчингийн цус хуралт, төвөнхийн мөгөөрсний цус хуралт, улаан хоолойн цус харвалт, баруун 11,12-р хавирганы булчин завсарт цус хуралт, хүзүүний баруун урд хэсэг, хүзүүний баруун ар хэсэг, эрүүний баруун доод хэсэг, зүүн хөхний зүүн дээд хэсгийн зулгаралт зэрэг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дух баруун хөмсөг, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, зүүн хацар, хамрын зүүн угалз, баруун хацрын төвгөр, баруун зоод зовхи, баруун чихний дэлбэн, цээжний баруун дээд хэсэг, зүүн далны доод хэсгийн зулгаралтууд баруун далны урд доод хэсгийн цус хуралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. Амь хохирогч О.Бын цогцост учирсан дээрх гэмтлүүд нь бүгд амьддаа буюу нас барахаас өмнө үүссэн байна. Амь хохирогч О.Бын цогцост учирсан хүзүүний дарагдалын ором, хүзүүний урд болон баруун дотор талын булчингийн цус хуралт, төвөнхийн мөгөөрсний цус хуралт, улаан хоолойн цус харвалт гэмтлүүд нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч О.Б нь механик амьсгал бүтэлт, боолтын улмаас нас барсан байна. Амь хохирогч О.Б нь хэзээ нас барсаныг нарийвчлан тогтоох боломжгүй. Амь хохирогч О.Б нь үхэлд шууд хүргэх архаг хууч өвчингүй байна. Амь хохирогч О.Бын цусанд 5,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтын үзүүлэлт бөгөөд үхэлд хүргэх шалтгаан болоогүй байна. Амь хохирогч О.Б нь осголтын улмаас нас бараагүй бөгөөд нас барсаны дараа цогцос хөлдсөн байх боломжтой байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд амь хохирогч О.Бын зүүн гар хэвлий орчим хагас нугалж толгойн нүүрэн тал нь зүүн хажуу талаараа харсан байрлалтай...зүүн хажуу талаараа хэвтээ байрлалтай гэсэн нь талийгаачийн нас барах үеийн байрлал байх боломжтой байна. Амь хохирогч нас барсаны дараа дотор эрхтэнд илрэх шинж тэмдгүүд цогцосыг гэсгээх буюу гал түлж цогцос гэсгээсэн гэх үед алга болохгүй, өөрчлөгдөхгүй. Архины хордлогын шинж тэмдэг цогцос гэсгээсэнтэй холбоотойгоор өөрчлөгдөхгүй. 2124000000001 дугаартай хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 177-р хуудсан дахь мөрдөгчийн тэмдэглэлд:“...амь хохирогчийн цогцосыг сумын эрүүл мэндийн төвөөс цогцос хадгалах мoopгийн өрөөнд цогцосыг гэсгээх боломж муутай байсан тул шинжээч нар цогцосыг гэрийн нөхцөлд гэрт нь гал түлж гэсгээхээр гал түлсэн боловч амь хохирогчийн цогцос их хэмжээний хөлдөлттэй байсан гэжээ. Эд эсийн шинжилгээний хариунд дурьдсан “бөөр венийн судасны жигд биш цус дүүрэлт, сувганцарын голомтот үхжил” зэрэг нь механик амьсгал бүтэлт, түргэн үхэл, хордлогын үед илэрдэг. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 3-р сарын 02-ны өдрийн 000000006 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт,
Бусад нотлох баримтууд болох:
Хэргийн газарт болон цогцост, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 11-18-р тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /ХХ-ийн 19-21-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 41-45-р тал/, хэргийн газрын үзлэгийн план зураг, эд зүйл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Оын Б нь / / 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болохыг бүртгэсэн нас барсны гэрчилгээний хуулбар,
Оын Б, Г. С нар нь 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг бүртгэж олгосон, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, лавлагаа,
Юнитель, Жи-мобайл, Моби-ком ХХК-уудаас ирүүлсэн дугаар эзэмшигчдийн мэдээлэл, дуудлага, мессеж, ярианы түүхийн дэлгэрэнгүй лавлагаа,
Завхан аймгийн хөдөмөр халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар тодорхойлолт, бүртгэлийн маягт,
Монголын бахайчуудын үндэсний олон улсын оюун санааны чуулга ТББ-ын тодорхойлолт,
Б.А, Б, Оюундарь нарын төрсний гэрчилгээний, Г.Сгийн иргэний үнэмлэхний хуулбарууд, мөн и-баримтууд, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтууд зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн, бичгийн бус нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд гэж үзэж, шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Шүүгдэгч Р.Шыг 2021 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 01-03 цагийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хужирт хорооллын 10 дугаар гудамжны 5 тоотод байрлах О.Бын гэрт согтуугаар О.Бтай маргалдаж, түүний хоолойг боомилон алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь дээрх яллах дүгнэлтэд тусгаж, ирүүлсэн нотлох баримтуудыг яллах талын нотлох баримт болгон, шүүхийн хэлэлцүүлэгт агуулгыг нь шинжлэн судалж, шүүгдэгч Р.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С болон түүний өмгөөлөгч Г.Баттулга нар нь “...шүүгдэгч Р.Ш нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлогдсон тул дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй. Хохиролд нийт 21,628,297 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс төлсөн. Шүүгдэгчид оногдуулж болох хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Цаашид нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй...” гэсэн мэдүүлэг, дүгнэлт, тайлбарыг,
Шүүгдэгч Р.Шын өмгөөлөгч М.Гомборагчаа, Х.Оюунбат, Р.Цэрэнханд, Ц.Энхтуяа, Б.Энхжаргал нар нь “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд цус мэт зүйлээр бохирлогдсон талаар дурдсан байдаг бөгөөд энэ байдал дээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, хэний цус гарсан, яагаад ул мөр үлдсэн гэдгийг тогтоогоогүй, хагарсан эд зүйл дээр мөн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, цогцос хөлдүү байсан талаар тэмдэглэл болон баримт хэрэгт байдаггүй, шинжээч эмчээс энэ талаар асууж тодруулаагүй, талийгаачийн нас барсан цаг хугацаа тодорхойгүй, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байна. Гэрч И.Гаас 1 удаа мэдүүлэг авсан бөгөөд хохирогч нас барсныг мэдэж байсан атлаа И.Г яагаад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, гэрийн хаалга онгорхой орхисон, эд мөрийн баримт болох гар утсыг хугалж устгасан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө сандарч тэвдэж байгаа байдал зэргээс дүгнэхэд мэдүүлэг нь эргэлзээтэй, түүний мэдүүлгийг шүүгдэгчийг яллах нотлох баримт гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгдэгч Р.Ш нь талийгаачийг өөрөөсөө холдуулах үйлдэл хийсэн бөгөөд түүний энэ үйлдлээс болж талийгаач нас барсан бол өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин гэрч И.Гын мэдүүлж байгаа шиг үйл явдал болоогүй, хохирогчийг санаатай алах үйлдэл хийгээгүй. Хохирлын зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Иргэдийн төлөөлөгч Б.А гэм буруугийн шүүх хуралдаанд “... Прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Р.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хужирт хорооллын 10 дугаар гудамжны 5 тоотод байрлах О.Бын эзэмшлийн монгол гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байх үедээ өөрийн найз болох О.Бтай маргалдаж, улмаар түүний өмсөж байсан цамцны захаар хоолойг нь боомилсон, дээрх үйлдлийн улмаас О.Б нь амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж амь хохирсон болох нь:
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогч Г.Сгийн: “ ...манай нөхөр 2021 оны 1 дүгээр сарын 10-ны шөнийн 01 цаг 25 минутад залгаад Ш энэ хэд манайд ирчихээд надад агсам тавиад байна, чи цагдаа дуудаад өгөөч гэсэн...” гэсэн,
Гэрч И.Гын: “...О.Б гэнэт Шын нүүрний зүүн хацрын доод хэсэг орчимд баруун гараараа нэг удаа цохиод тэд барьцалдаж авсан ба цохилцоогүй, ноцолдсон..., би бие засчихаад О.Бын гэрт ороход гэрийн зүүн талын буйдан дээр Р.Ш О.Бын дээрээс нь дарж боосон байдалтай байсан ба тэгээд би Р.Шыг араас нь татаад салгасан. Тэгтэл О.Бын царай нь хөхөрч хоолой нь хэрчигнэж дуугарч, буйдангаас шууд гулсаж шалан дээр унасан ба ямар ч хөдөлгөөнгүй болсон. Тэгээд би нуруугаар нь тэвэрч сэгсэрэхэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, бие нь суларч хүний аясаар болсон байсан...” гэсэн,
гэрч Б.Бийн: “...05 цаг өнгөрч байхад Ш, З, Г нар манайд ирсэн...түүний машиныг олсоор чирээд Шгийн гэрт аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Бийн: “... Би 2021 оны 1 дүгээр сарын 10-ны 22 цагийн орчимд О.Бынд очиход гэр нь гэрэлтэй, хаалга нь нээлттэй байсан, амь хохирогч зуухныхаа зүүн хойд талд газар хулдаасан шалан дээр толгойгоо гудайлгаад хойд зүгт харуулж, зүүн мөрөөрөө газар хэвтсэн, баруун гар буруун гуян дээр хөдөлгөөнгүй байдалтай байсан ба тэгээд би очиж цамцнаас нь татаж үзэхэд илт нас барсан, хөшиж хүнд болсон байсан...” гэсэн,
Гэрч Х.Б-н: “...2021 оны 1 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байхад О.Б ахын хашаанд чанга дуугаар хүмүүс хоорондоо муудалцаад байгаа бололтой шуугилдаж сонсогдсон...” гэсэн,
Шинжээчийн “...цогцосны хүзүүний баруун хэсэгт гарсан гүн мөр нь шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн хар ногоон ноосон цамцны захны дотор талаар дарагдаж гарсан байж болно...” гэсэн,
“... амь хохирогч О.Бын цогцост учирсан дээрх гэмтлүүд нь бүгд амьддаа буюу нас барахаас өмнө үүссэн байна..., цогцост учирсан хүзүүний дарагдлын ором, хүзүүний урд болон баруун дотор талын булчингийн цус хуралт, төвөнхийн мөгөөрсний цус хуралт, улаан хоолойн цус харвалт гэмтлүүд нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..., Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч О.Б нь механик амьсгал бүтэлт, боолтын улмаас нас барсан байна..., О.Б нь хэзээ нас барсаныг нарийвчлан тогтоох боломжгүй..., О.Б нь үхэлд шууд хүргэх архаг хууч өвчингүй байна...., О.Бын цусанд 5,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтын үзүүлэлт бөгөөд үхэлд хүргэх шалтгаан болоогүй байна..., О.Б нь осголтын улмаас нас бараагүй бөгөөд нас барсаны дараа цогцос хөлдсөн байх боломжтой байна..., Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 000000006 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн агуулага бүхий дүгнэлтүүд, хэргийн газар, цогцос, гар утас, эд зүйл, хувцсанд үзлэг хийсэн, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Ш нь О.Бтай маргалдсны улмаас түүнийг өмсөж байсан цамцны зах хэсгээр нь боомилж дарсан үйлдлийн улмаас О.Б нь амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эрх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон тэднээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.
Мөн хэрэгт хувийн сонирхолгүй, хамааралгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргасан, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүд болон дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан хэрэгт ач холбогдолтой шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв нотлох баримтууд байна.
Р.Ш нь энэ гэмт хэргийг хэн нэг этгээдтэй хамтран үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах”, 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн үндсэн шинжүүд тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Мөн түүнчлэн хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байх шинжээр илэрэх бөгөөд Р.Ш нь өөрийн хийж буй үйлдлийн хууль бус шинжтэй, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд аюултайг мэдэж, хүсч үйлдсэн, үйлдлээрээ үр дагаварт хүргэж, хохирогчийн амь насыг хохироож буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Иймд прокурорын яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэдийн төлөөлөгч Б.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд “... Прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, хуульчилсан байна.
Шүүгдэгч Р.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас О.Бын амь нас хохирсон болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан байх тул шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг хариуцан арилгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Шын Эрүүгийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.
Амь хохирогч О.Бын хууль ёсны төлөөлөгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт буяны ажил, оршуулгын зардал болон бусад зардалд нийт 24,653,702 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас нотлох баримтын шаардлага хангасан дараах зардлуудыг шүүгдэгч Р.Шаас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан оршуулагатай холбогдуулан худалдан авсан эд зүйл, шатахууны бусад зардалууд болох 2021.01.11-ний өдрийн 292,830 төгрөгийн /2-р хх-ийн 91-р хуудас/, 2021.01.11-ний өдрийн 530,700 төгрөгийн /2-р хх-ийн 92-р хуудас/, 2021.01.12-ны өдрийн 354,790 төгрөгийн /2-р хх-ийн 93-р хуудас/, 2021.01.12-ний өдрийн 150,012 төгрөгийн /2-р хх-ийн 94-р хуудас/, 2021.01.12-ний өдрийн 392,500 төгрөгийн /2-р хх-ийн 95-р хуудас/, 2021.01.14-ний өдрийн 1,545,000 төгрөгийн /2-р хх-ийн 96-р хуудас/, 2021.01.12-ний өдрийн 6,419,500 төгрөгийн /2-р хх-ийн 96-р хуудас/, 2021.01.12-ний өдрийн 4,888,500 төгрөгийн /2-р хх-ийн 97-р хуудас/, 2021.01.15-ны өдрийн 4,503,100 төгрөгийн /2-р хх-ийн 97-р хуудас/, 2021.01.14-ний өдрийн 926,500 төгрөгийн /2-р хх-ийн 98-р хуудас/, 2021.01.14-ний өдрийн 300,000 төгрөгийн /2-р хх-ийн 97-р хуудас/, 2021.01.15-ны өдрийн 248,720 төгрөгийн /2-р хх-ийн 100-р хуудас/, 2021.01.13-ны өдрийн 206,400 төгрөгийн /2-р хх-ийн 101-р хуудас/,
шүүх хуралдаанд хохирогч талаас гаргаж өгсөн 2021.11.30-ны өдрийн 51,600 төгрөгийн, 2021.11.28-ны өдрийн 51,600 төгрөгийн, 2021.06.19-ний өдрийн 20,000 төгрөгийн, 2021.11.26-ны өдрийн 52,800 төгрөгийн, 2022.01.10-ны өдрийн 52,800 төгрөгийн, 2022.01.14-ний өдрийн 65,025 төгрөгийн, 2022.01.17-ны өдрийн 50,000 төгрөгийн, 2022.01.16-ны өдрийн 50,000 төгрөгийн, 2021.12.20-ны өдрийн 40,000 төгрөгийн, 2021.06.19-ний өдрийн 23,270 төгрөгийн, 2021.06.21-ний өдрийн 25,000 төгрөгийн, 2021.11.28-ны өдрийн 53,800 төгрөгийн, 2021.06.19-ний өдрийн 30,000 төгрөгийн, 2021.06.24-ний өдрийн 40,250 төгрөгийн, 2021.12.02-ны өдрийн 52,800 төгрөгийн, 2021.03.10-ны өдрийн 35,000 төгрөгийн, 2021.01.22-ны өдрийн 78,000 төгрөгийн, 2021.09.23-ны өдрийн 40,000 төгрөгийн, 2021.12.17-ны өдрийн 30,000 төгрөгийн 2021.12.22-ны өдрийн 30,000 төгрөгийн нийт 21,653,702 төгрөгийн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, худалдан авсан эд зүйл, хугацаа нь хэрэгт ач холбогдолтой, талийгаачийг оршуулахтай холбогдуулан гаргасан бодит зардал гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх 21,628,297 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Харин хавтаст хэрэгт авагдсан оршуулагатай холбогдуулан худалдан авсан эд зүйл, шатахууны болон бусад зардалууд гэх 2021.01.03-ны өдрийн 1,030,000 төгрөгийн /2 хх-ийн 95-р хуудас/, 2021.01.15-ны өдрийн 73,000 төгрөгийн /2-р хх-ийн 100-р хуудас/, 2021.01.12-ны өдрийн 203,200 төгрөгийн /2-р хх-ийн 101-р хуудас/, 2021.01.12-ны өдрийн 50,000 төгрөгийн /2-р хх-ийн 102-р хуудас/, 2021.01.14-ний өдрийн 50,000 төгрөгийн /2-р хх-ийн 102-р хуудас/, 2021.01.12-ны өдрийн 66,002 төгрөгийн, 2021.01.13-ны өдрийн 60,000 төгрөгийн /2-р хх-ийн 103-р хуудас/, 109,200 төгрөгийн /2-р хх-ийн 103-р хуудас/, 2021.01.11-ний өдрийн 67,903 төгрөгийн /2-р хх-ийн 104-р хуудас/, 2021.01.11-ний өдрийн 50,000 төгрөгийн /2-р хх-ийн 104-р хуудас/, 2021.01.14-ний өдрийн 203,200 төгрөгийн /2-р хх-ийн 105-р хуудас/,
шүүх хуралдаанд хохирогч талаас гаргаж өгсөн 21,500 төгрөгийн нийт 1,962,505 төгрөгийн баримтууд нь хэн, хаанаас ямар зориулалтаар, ямар эд зүйл, бүтээгдэхүүн худалдан авсан нь ойлгомжгүй, он, сар, өдөр, дугаар бичигдээгүй, тамга дарагдаагүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нь хэрэгт ач холбогдолтой үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.
Мөн хохирогч тал Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 16 дугаар тогтоолын дагуу оршуулгийн тэтгэмж болох 1.000.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно....” заасан, О.Б нь ниймийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь тогтоогдохгүй байх тул дээрх тэтгэмжийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,923,205 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 8,000,000 төгрөгийг хохиролд тооцон хохирогчид төлсөн, дээрх мөнгийг хохирогч хүлээн авсан болох нь талуудын тайлбар, мэдүүлэг, мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдож байна.
Иймд хохирогч талын нэхэмжилсэн 24,653,702 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,923,205 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 21,628,297 төгрөгөөс урьд төлсөн 8,000,000 төгрөгийг хасаж тооцон шүүгдэгчээс 13,628,297 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Сд олгохоор шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхэд гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчээр дуудагдсан хүн дуудагдаж ирсэнтэй холбогдож гарсан зардлаа нөхөн төлүүлж авах эрхтэй...” гэжээ. Шүүх хуралдаанд дуудагдсан гэрч Г.О нь шүүхэд ирсэн унааны зардалд 102,200 төгрөгийн баримт болох Хот хооронд, орон нутгийн тээврийн зорчих тасалбарыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул дээрх 102,200 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулж, гэрч Г.От олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 8,000,000 төгрөг, гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 өдрийн завсарлах хугацаа авч дээрх хугацаандаа 13,630,000 төгрөг, нийт 21,630,000 төгрөгийн хохирлыг хохирогч Г.Сд, гэрч Г.От шүүхийн зардалд 103,000 төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан Төрийн банкны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, гэрчид зардал төлсөн баримт болон шүүх хуралдаанд өгсөн хохирогч, гэрч шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь хохирогчид нийт 21,630,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан, хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 дахь хэсэгт зааснаар “ Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд хохирогчийн нас барсны дараа төрсөн хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй, эцэг, эх, нөхөр, /эхнэр/ -ийн аль нэг нь авах эрхтэй байна. Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин, хөлс орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч, тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсны тэтгэвэрийг хасна...” гэж заажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс амь хохирогчийн асрамжид байсан 3 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах хүсэлттэй байна. Иймд дээрх хохирол, төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжилсэн байна.
Талийгаач О.Б нь эхнэр Г.С, 2009 оны 04 сарын 22-нд төрсөн охин Б.Б, 2010 оны 10 сарын 15-нд төрсөн охин Б.О, 2014 оны 12 сарын 24-нд төрсөн охин Б.А нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт амьдарч байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол цалин хөлс авч байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь орлого олж, олсон орлогоосоо татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд талийгаач О.Бын 1 сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 2021 оны байдлаар 420,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Талийгаач О.Бын асрамжид байсан насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Б, Б.О, Б.А нарт Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсны тэтгэвэрт сар бүр 282,000 төгрөг олгож, эх Г.С нь авдаг болох нь Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймээс талийгаач О.Бын 1 сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420,000 төгрөгөөр тооцож, нэг хүүхдэд ногдох тэтгэврийн хэмжээ нь 84,000 төгрөг, /420,000%5=84000/ сар бүр 252,000 төгрөгийн тэтгэвэр ноогдож байгаа, гэвч Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсны тэтгэвэр сар бүр 282,000 төгрөг олгож байх тул зөрүү гарахгүй байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч О.Бын орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон дүнгээс Нийгмийн даатгалын сангаас сар бүр олгож байгаа тэтгэврийн хэмжээ нь илүү гарч байна. Иймд шүүгдэгчээс гэм хор учруулсны төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Р.Шт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал Бс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал Бс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Шын үйлдсэн хүнийг санаатай алах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад хамаарч “...8-12 жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээр хуульчилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хүнд ангилалын гэмт хэрэгт хамаарна.
Иймд Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Р.Шт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул түүнд хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчид 8,000,000 төгрөг, гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан хугацаагаар завсарлага авч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан, нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж шүүх дүгнэсэн 13,628,279 төгрөгийн нийт 21,628,297 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгч бүрэн төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй болсон байна.
Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд:
шүүгдэгч шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…”-аар хуульчилсан байх тул шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэн хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэсэн санал,
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч О.Б нь амь хохирохоос өмнө Р.Штай маргалдах үедээ, шүүгдэгч Р.Ш нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан мансуурсан байдалтай байсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна гэж дүгнэлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн гэж үзэхээр байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” тухай заасан байх бөгөөд шүүгдэгч Р.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохиролоо төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг зэргийг харгалзан шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Шт 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхэр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Шт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн босоо захтай, энгэртээ цахилгаан товчтой хар ногоон өнгийн ноосон цамц, Nokia 3600 маркийн хар өнгийн хугарч 4 хэсэг болсон гар утас, тамхины иш 7 ширхэг, амь хохирогч О.Б, гэрч И.Г, Ж.Б, шүүгдэгч Р.Ш нарын хурууны хумс, 0,5 литрийн “Чингис” гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон алчуур 2 ширхэг, “Алтан навчис” нэртэй 1 бүтэн, 1 тал нийт 2 хайрцаг тамхи зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Р.Шын иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Шын цагдан хоригдсон 372 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгчийн эзэмшлийн “Kia ceres” маркийн бага оврын ачааны битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 5, 8, 36.10 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Ш-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ш-ыг 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Шт оногдуулсан 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Шын цагдан хоригдсон 372 /гурван зуун далан хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн өмчлөлийн “Киа Серс” маркийн 90-88 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар ногоон өнгийн цахилгаантай цамц, Nokia-3600 маркийн гар утасны дөрвөн хэсэг болсон хугархай, тамхины 7 ширхэг иш, амь хохирогч О.Б, гэрч И.Г, Ж.Б, шүүгдэгч Р.Ш нарын хурууны хумс, 0,5 литрийн Чингис гэсэн бичигтэй архины шил, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг алчуур, Алтан навчис нэртэй нэг бүтэн хайрцаг, нэг тал хайрцаг тамхи зэргийг устгаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн ял эдлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.