Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/шцт/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Болдсайханаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд, Г.Баттулга,

Шүүгдэгч Ч.С, А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 2024000780058 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

* улсын иргэн, *төрсөн, 38 настай, эрэгтэй, *, хувиараа мал малладаг, *  хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.С.

* улсын иргэн, * төрсөн, 36 настай, эрэгтэй, *, хувиараа мал малладаг, * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б.А.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөр тээлийн Нарийн нүүр гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.38 метр.куб түлээний, шинэс төрлийн хуурай модыг бэлтгэж, Mighty маркийн 63-37 ЗАА, Isuzu elf маркийн 56-30 УНИ улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, ойн санд 919,678 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөр тээлийн Нарийн нүүр гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.38 метр.куб түлээний, шинэс төрлийн хуурай модыг бэлтгэж, Mighty маркийн 63-37 ЗАА, Isuzu elf маркийн 56-30 УНИ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн үйл баримтууд нь:

-2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр М.А-аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ч.С, А.А нар Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөр тээлийн Нарийн нүүр гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй шинэс төрлийн галын мод бэлтгэсэн” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 2 дугаар хуудас/,

-2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-8 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн нарын зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

-Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Их-Уул сумын Зарт багийн нутаг Өртөнтийн хясааны дээд талд намаржиж байгаа юм. Манай найз С 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө 10:00 цагийн үед өөрийнхөө маяти маркийн машиныг жолоодож ганцаараа ирсэн юм. С манайд ирэхдээ Өртөнтийн тээлээс түлээний мод хийх гэсэн юм гээд намайг машинаараа цагаалаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би модыг нь машинаараа цагаалж өгөхөөр зөвшөөрсөн. Тэгсэн тэр үед манайд А мотоциклоор хүрч ирсэн. Тухайн үед А Со-ыг миний машинаар мод цагаалж хийх гэж байгааг мэдээд хамт мод хийлцье, би ч гэсэн өвөлжөөндөө галын түлээний модоо оруулаад авъя гэж хэлээд С-ын хамт ойгоос түлээний мод хийхээр болсон. Тэгээд би 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн серес маркийн 58-38 ЗАН улсын дугаартай автомашинаар Зарт багийн нутаг Өвөр тээл гэх газраас  С, А хоёрт галын түлээний модыг цагаалж өгч байсан. Тухайн өдөр ойгоос мод бэлтгэж дуусаад С, А нар өөр өөрсдийн ачааны автомашинд түлээний моднуудаа ачсан. Харин би машиндаа ямар нэгэн мод түлээ ачилгүй тэндээс шууд машинтайгаа гэр рүүгээ түрүүлээд явсан. Тэгсэн орой С модтой машинтайгаа манайд ирэхдээ цагдаа нартай таарч шалгууллаа, сумын төв орж уулзана гэж хэлсэн. А-ээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуугаагүй, гоожин авсан байлгүй гэж бодсон. Харин С-ыг өглөө манайд ирэх үед чамд гоожин байгаа юм уу гэж асуухад гоожин байгаа гэж хэлсэн, гэхдээ би гоожинг нүдээр үзэж хараагүй. Би дээрх хоёр хүнийг мод бэлтгэх эрхийн бичиг гоожин авсан байх гэж бодоод тус болох үүднээс тухайн өдөр серес маркийн машинаараа модыг нь цагаалж өгч байсан. ...Мод бэлтгэх үед 1 ширхэг босоо, хуурай мод унагасан. Харин бусад модыг нь унанги модноос бэлтгэсэн. Мод бэлтгэх үед С, А нар өөр өөрсдийн хужаагийн цахилгаан хөрөөг ашиглаж модыг тайрч бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/,

-Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн 2 иргэний хувьд 2020 оны 9 дүгээр сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсны дараа ой руу орох эрх нь үүсэж, эрхийн бичигт заагдсан газраас заагдсан хугацаанд модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт мод бэлтгэхийг хориглоно. Мод бэлтгэх эрхийн бичгийн ар хэсэгт бусдад шилжүүлэхийг хориглоно гэсэн санамж байгаа. Тийм учраас иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авчхаад түүнийгээ өөр хүнд дамжуулж мод бэлтгүүлж болохгүй. Зарт багийг энэ жил манай байгаль хамгаалагч С хариуцан иргэдэд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,

-Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Их-Уул сумын Зарт багт оршин суух хаягтай ... нар 2020 оны 9 дүгээр сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

-Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Их-Уул сумын төвөөс Зарт багийн нутаг дэвсгэр рүү экологийн ахлах мөрдөгч М.А-ын хамт иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу модны хяналт шалгалтаар явсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 20:00 цагийн үед Зарт багийн нутаг Өртөнтийн тээлийн дээд өвөлжөөний урд талд Зарт багийн иргэн С, А гэх хүмүүстэй таарсан. Тухайн үед С нь Mighty маркийн 63-37 ЗАА,  А нь Isuzu elf маркийн 56-30 УНИ дугаартай автомашины тэвшинд дүүрэн галын түлээний мод аччихсан явсан. А нь ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Харин С нь машинаасаа Б гэдэг хүний нэр дээр бичигдсэн эрхийн бичгийг үзүүлсэн. Тэр үед С үзүүлсэн эрхийн бичигт мод бэлтгэхээр заагдсан газар нь тухайн газраас шал өөр газарт бичигдсэн байсан. ... нар нь бэлтгэсэн моднуудаа Зарт багийн нутаг Өвөр тээлийн Нарийн нүүр гэх газрын ойгоос бэлтгэсэн гэж хэлсэн. Угаасаа мод ачиж яваад анх таарсан газрын дээхэн талд нь Өвөр тээлийн Нарийн нүүр гэдэг газар байдаг юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/,

-Гэрч П.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Зарт багийн Хужирт булаг, Өвөр тээлийн Нарийн нүүр гэх газрууд манай багт байдаг. Тухайн 2 газар нь хоорондоо 8 орчим км-ийн зайтай оршдог, 2 өөр тусдаа газарт байрладаг...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,

-Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Их-Уул сумын байгаль хамгаалагч Б.Сээс галын түлээний №049468 дугаартай 8 метр.куб модны эрхийн бичиг авч байсан. Тэгээд би дээрх эрхийн бичгээр модонд явж чадаагүй юм. Би 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Их-Уул сумын төвд Ирээдүй хороололд Ч.С-н гэрт нь санаандгүй очсон юм. Тухайн үед Ч.С хөдөөшөө модонд явах гэсэн юм, гоожин байхгүй гэж надад хэлэхээр нь би тэр үед санаанд оролгүй надад гоожин байгаа ш дээ, миний гоожингийн хугацаа дуусах гээд байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 юм ярьж сууж байгаад С надад галын түлээний мод хийж худалдахаар болоод би гэртээ мод худалдаж авахаар болж бид 2 тохирсон. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 07:00 цагийн үед С миний утас руу залгаад би хөдөө модонд явлаа, чи надад гоожингоо өгчих, юмыг яаж мэдхэв цагдаа таарч магад чиний гоожинг аваад явчихъя гэж хэлээд миний гоожинг аваад явсан. ...Миний гоожинд модыг Зарт багийн нутаг Хужирт булаг гэдэг газраас бэлтгэхээр бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

-Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсны үндсэн дээр цэвэрлэгээний ажлаар ойгоос мод бэлтгэж байгаа. Ойгоос унанги мод бэлтгэх тохиолдолд ялгаа байхгүй мод бэлтгэх эрхийн бичгийг заавал авах ёстой...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,

-Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Isuzu elf маркийн 56-30 УНИ автомашиныг 2020 оны 7 дугаар сард миний төрсөн ах А.А Улаанбаатар хотоос 5 орчим сая төгрөгөөр худалдан авч байсан. Манай ах тухайн автомашиныг худалдан авахдаа миний нэр дээр цаад хүнээсээ шилжүүлэг хийлгэж байсан. А ах дээрх автомашинаа одоо Их-Уул суманд өөрөө эзэмшиж хэрэглэж байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай: “Ч.С-ын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 1.8 метрийн урттай түлээний, бөөрөнхий, хуурай мод байна. Уг моднууд нь 5.544 метр.куб түлээний хуурай мод байна.” гэсэн, 17 дугаартай: “А.А-ийн  ойгоос бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 1.5 метрийн урттай түлээний, бөөрөнхий, хуурай мод байна. Уг моднууд нь 2,835 метр.куб түлээний хуурай мод байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгтүүд /ХХ-ийн 36-43 дугаар хуудас/,

-2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А.А-ээс Isuzu elf маркийн 56-30 УНИ дугаартай автомашин, хар өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй хуучин сүх зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 59 дүгээр хуудас/,

-2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ч.Саас Mighty маркийн 63-37 ЗАА дугаартай автомашин, цагаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 61 дүгээр хуудас/,

-2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... нарын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 8.38 метр.куб галын түлээний мод, Ч.С-н эзэмшлийн Mighty маркийн 63-37 ЗАА дугаартай автомашин, А.А-ийн эзэмшлийн Isuzu elf маркийн 56-30 УНИ дугаартай автомашин, иргэн Э.Оын эзэмшлийн серес маркийн 58-38 ЗАН улсын дугаартай автомашин зэргийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 122-126 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн ... нарын ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны хэмжээ нь 8.38 метр.куб бөгөөд ойн санд учруулсан хохирлын хэмжээ нь 2,759,034 төгрөг болох нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай: “Ч.С-ын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Зарт багийн нутаг Өвөр тээлийн Нарийн нүүр гэх газар нь сумын ойн сан, ойн сангийн 2 дугаар мужлалд хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Ч.С-ын ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 608,509 төгрөг байна” гэсэн, 17 дугаартай: “А.А-ийн  ойгоос бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Зарт багийн нутаг Өвөр тээлийн Нарийн нүүр гэх газар нь сумын ойн сан, ойн сангийн 2 дугаар мужлалд хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. А.А-ийн ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 311,169 төгрөг байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгтүүд /ХХ-ийн 36-43 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 07-04-328-05 дугаартай: “...Ч.С-д Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дахь заалтыг үндэслэн 1,825,527 төгрөгийн нөхөн төлбөр тавив...” гэсэн, 07-04-328-06 дугаартай:” “...А.А-д Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дахь заалтыг үндэслэн 933,507 төгрөгийн нөхөн төлбөр тавив... гэсэн актууд /ХХ-ийн 162-163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч нар нь Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөр тээлийн Нарийн нүүр гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн тул гарал үүслийн гэрчилгээний асуудал хөндөгдөхгүй юм.

Харин шүүгдэгч нар нь Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөр тээлийн Нарийн нүүр гэх газрын ойгоос мод бэлтгэж, тээвэрлэхдээ сумын эрх бүхий албан тушаалтнаас эрхийн бичиг аваагүй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэд эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч  нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд прокурорын санал болгосноор шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 8.38 метр.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 919,678 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 2,759,034 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч нараас ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.С-н эзэмшлийн Mighty маркийн 63-37 ЗАА дугаартай автомашин, цагаан өнгийн цахилгаан хөрөө, шүүгдэгч А.А-ийн  эзэмшлийн Isuzu elf маркийн 56-30 УНИ дугаартай автомашин, хар өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй хуучин сүх  зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 8.38 метр.куб галын түлээний мод, Mighty маркийн 63-37 ЗАА дугаартай автомашин, Isuzu elf маркийн 56-30 УНИ дугаартай автомашин, иргэн Э.Оын эзэмшлийн серес маркийн 58-38 ЗАН улсын дугаартай автомашин зэргийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

Үүнээс үзвэл шүүгдэгч нарын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 8.38 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Mighty маркийн 63-37 ЗАА дугаартай автомашин, цагаан өнгийн цахилгаан хөрөө, Isuzu elf маркийн 56-30 УНИ дугаартай автомашин, хар өнгийн цахилгаан хөрөө, модон иштэй хуучин сүх  зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 8.38 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ч.С-ын эзэмшлийн Mighty маркийн 63-37 ЗАА дугаартай автомашин, цагаан өнгийн цахилгаан хөрөө, А.А-ийн эзэмшлийн Isuzu elf маркийн 56-30 УНИ дугаартай автомашин, хар өнгийн цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгож,  модон иштэй хуучин сүхийг устгах  нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.

1.1. үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ,

1.2. эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ

1.3. хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус хуульчилсан ба эрүүгийн хуульд заасан ялын зорилгыг хангах үүднээс албадлагын арга хэмжээг тохируулан хэрэглэх эрхийг шүүхэд олгосон зохицуулалт юм.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн тухайд нийгмийн хор аюулаар харьцангуй хөнгөн байх ба тэд тогтмол тодорхой орлогогүй ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэж олсон болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө орлогыг хураахаар шийдвэрлэж буй учир иргэн Э.Оын серес маркийн автомашины үнийг гаргуулгүй байхаар шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэр бүлийг эдийн засгийн дарамтад оруулахгүйгээр эрүүгийн хуульд заасан ялын зорилгыг хангах боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэж буй учир эд мөрийн баримтаар хураагдсан тэдгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй.

Харин шүүх шүүгдэгч нараас иргэн Э.Оын серес маркийн автомашины үнийг гаргуулахгүй байхаар шийдвэрлэж буй учир серес маркийн 58-38 ЗАН улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч нараас гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч * нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нарын гэмт хэрэг үйлдэж олсон 8.38 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ч.С-н эзэмшлийн Mighty маркийн 63-37 ЗАА дугаартай автомашин, цагаан өнгийн цахилгаан хөрөө, А.А-ийн эзэмшлийн Isuzu elf маркийн 56-30 УНИ дугаартай автомашин, хар өнгийн цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгож, модон иштэй хуучин сүхийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Э.Оын эзэмшлийн серес маркийн 58-38 ЗАН улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын ойд зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 8.38 метр.куб галын түлээний шинэс мод, Ч.С-ын эзэмшлийн Mighty маркийн 63-37 ЗАА дугаартай автомашин, А.А-ийн эзэмшлийн Isuzu elf маркийн 56-30 УНИ дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ч.-ын эзэмшлийн цагаан өнгийн цахилгаан хөрөө, А.А-ийн эзэмшлийн хар өнгийн цахилгаан хөрөө, 02336920, 02919567 серийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн хамтаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН