Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/шцт/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Болдсайханаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 2024000850059 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 25 настай, эрэгтэй, *, * боловсролтой, *, малчин, * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Г.М /РД:*/.

Шүүгдэгч Г.М нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн нутаг Хайрханы өвөр гэх газраас иргэн С.Б-ны эзэмшлийн 1 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн нутаг Хайрханы өвөр гэх газраас иргэн С.Б-ны эзэмшлийн 1 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь:  

-Хохирогч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд Нөмрөг суманд манай төрсөн дүү Бынд миний 33 тооны адуу байдаг. Би 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Нөмрөг суманд ирсэн бөгөөд 8 дугаар сарын 05-нд адуундаа яваад Нөмрөг сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Хайрханы өврөөс адуугаа үзэхэд бүгд бүрэн байсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр адуун дээрээ очиход 1 тооны халтар адуу дутсан бөгөөд тухайн өдрөөс хойш адуугаа хайгаад олоогүй. Тухайн адуугаа хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан адуу нь халтар зүсмийн бүдүүн морь бөгөөд зөв гуя дээрээ Б үсгэн тамгатай байсан. Би одоо адуугаа 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр үнэлж байгаа, хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5-6 дугаар хуудас/,

-Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б ах хотод байдаг бөгөөд би малыг нь хардаг юм. Бид хоёрын нийлсэн 60 гаруй адуу байдаг. Тэрнээс 33 адуу нь Баяраа ахын адуу. Манай ах Б-д Б үсгэн тамгатай халтар зүсмийн бүдүүн морь байдаг бөгөөд 2020 оны 8 дугаар сарын эхэнд алдсан. Тухайн халтар адуу нь Хайрханы өвөрт байсан юм. Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр харсан. Тэрнээс хойш олоогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

-Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б гэх хүнд адуу үхрүүд байдаг санагдаад байна. Яг хэдэн малтай гэдгийг нь мэдэхгүй байна. Өөрөө хотод байдаг бөгөөд малыг С.Б гэх хүн хардаг. Б ахад халтар зүсмийн Б үсгэн тамгатай адуу байдаг. Б ахын адуунууд одоо Б үсгэн тамгатай байгаа, дээхэн үед дармал Б үсгэн тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14 дугаар хуудас/, 

-Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 12-ны орой байх 19 цагийн үед М мотоциклтой ирээд гарал үүслийн гэрчилгээ баталгаажуулах гэсэн юм гэж хэлж байсан. Г.М нь 28 тооны адуунд гарал үүслийн гэрчилгээ авсан бөгөөд би баталгаажуулаад адууг нь үзлэгийн хашаан дээр очоод харсан. Тэгээд зургийг нь нэг нэгээр дараад үүсгэсэн эмч рүүгээ явуулаарай гэж хэлсэн. Адуунуудаа хашчихсан машин ирэхээр ачна гэж ярьж байсан. Нөмрөг хөдрөгийн нуруу хоршооны малын эмч Д.В бичсэн. Би баталгаажуулсан. Би тамга тэмдгүүдийг нь хараагүй, голдуу бараан зүсмийн адуунууд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, 

-Гэрч Д.В-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр яг хэдэн цагийн үе гэдгийг нь мэдэхгүй байна. М ирээд гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн юм. Тэгээд би зургуудыг нь оруулаад Бадамгараваар баталгаажуулаад хэвлээд гаргаж өгсөн. 28 тооны адуунд гарал үүслийн гэрчилгээ авсан бөгөөд би тухайн гарал үүслийг нь бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

-Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би малын ченж хийдэг бөгөөд Г.М бид хоёр 2020 оны 8 сарын 12-ны өдөр 28 тооны адуу ачуулах гээд машин хүлээгдээд ачиж амжилгүй 13-ны өглөө 08 цагийн үед ачсан. Тухайн адуунуудаас 11 адууг нь Г.М авчирсан. Харин үлдсэн 17 адуу миний ачиж явсан адуунууд байсан. М авчирсан 11 адуунаасаа надад 2 адууг өрөндөө шууд өгсөн. Тухайн үед М нь миний өөрийн адуу байгаа юм гэж хэлээд надад өгсөн. Би тухайн үед юу ч бодолгүй авсан. Надад 2 тооны халтар зүсмийн нас гүйцсэн адууг өрөндөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, 

-Шүүгдэгч Г.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нөмрөг сумын Хайрхан багийн нутаг Хайрханы өвөр гэх газарт адуугаа эргэх гээд очтол манай адуунаас 1 гүү, 1 унагатай гүү, 1 шүдлэн, 1 даага байхгүй байсан юм. Тэгээд би тухайн үед дээрх дутсан адуугаа хайгаад явж байтал Хайрханы өврийн Жачирт гэх газар манай салсан адуунууд байж байхаар нь очоод хартал манай адуун дотор Б үсгэн тамгатай 1 халтар зүсмийн морь нийлсэн байсан бөгөөд тэр үед би адуунаас салсан байсан дээрх адуунуудаа өөрийнхөө үндсэн адуундаа нийлүүлээд өөрийн өвөлжөөний хашаан дээр аваачиж адуугаа хашаад тэнд хоносон юм. Тэгээд би 2020.08.12-ны өдөр өөрийн адуунаас 11 тооны адууг зэх зээлд худалдан борлуулахаар Нөмрөг сум руу тууж явах үедээ манай адуунд байсан өөр хүний халтар зүсмийн танихгүй адууг  авч 11 тооны адуутайгаа нийлүүлээд тууж яваад Нөмрөг сумын иргэн Галсандорж гэх хүнд өглөгтэй байсан учир нөгөө хүний Б үсгэн тамгатай халтар зүсмийн морийг өөрийн эзэмшлийн 9 тоон тамгатай халтар үрээний хамт 1,500,000 төгрөгөөр бодож өрөндөө өгч байсан юм. Тэгсэн миний Гд худалдан борлуулсан Б үсгэн тамгатай халтар зүсмийн морь манай Нөмрөг сумын иргэн С.Б гэх хүний адуу байсан гэдгийг би сүүлд нь мэдсэн юм. Би учруулсан хохирлоо бэлэн мөнгөөр нь өөрт нь бэлнээр өгч төлж барагдуулсан байгаа. Одоо бид хоёрын хооронд хохирол гомдлын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Нөмрөг сумын үнэлгээний комиссын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн: “Эд зүйлийн нэр: адуу, тоо, хэмжээ, чанар: халтар зүсмийн Б үсгэн тамгатай нас гүйцсэн /бүдүүн/ адуу, битүүмжлүүлэгчийн үнэлгээ нэг бүрийн 1,000,000, нийт 1,000,000, шинжээчийн үнэлгээ нэг бүрийн 1,000,000, нийт 1,000,000” гэсэн шинжээчийн дүгнэлт,

-Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Г.Заяагийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн: “малын зүс, нэр: халтар зүсмийн нас гүйцсэн морь, тоо ширхэг: 1 ш, нэгжийн зах зээлийн үнэ /төгрөгөөр/ 1,000,000, нийт зах зээлийн үнэ /төгрөгөөр/ 1,000,000” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Иймд Г.М-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г.М-ыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.М-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Г.М-ны гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Г.М нь алдуул мал завших гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М-ыг алдуул мал завших  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН