Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/шцт/61

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга

Шүүгдэгч Ч.Э,

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Э-д холбогдох эрүүгийн 2024000930062 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын ... багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... регистрийн дугаартай Ч.Э.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч нь Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өвөр тээл” гэх газрын ойгоос 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 5.9976 метр куб түлээний хуурай мод бэлтгэн, Тосонцэнгэл сумын төв рүү “Портер” маркийн 04-29 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 658,296 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өвөр тээл” гэх газрын ойгоос 5,9976 метр куб түлээний хуурай мод бэлтгэж, Тосонцэнгэл сумын төв рүү “Портер” маркийн 04-29 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт нь:

Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд манайд орж ирээд хөдөө галын модонд явах гэсэн юм та хөлсөөр яваад өгөөч гэж надаас гуйхаар нь би зөвшөөрөөд Э-ийн хамт түүний цагаан өнгийн Портер маркийн автомашинаар Тосонцэнгэл сумаас гарч яваад Тээлийн даваагаар давж цаашаа уруудаж яваад ойролцоогоор 1 км орчим газар яваад газрын нэрийг нь мэдэхгүй Тээлийн даваа руу харсан модтой уулын энгэрээс галын түлээний модыг бэлтгээд 18 цагийн үед Тосонцэнгэл сум руу орж ирээд Э-ийн хашаанд буулгасан. Би Э-тай 2020 оны 8 дугаар сарын 25- ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Тээлийн даваагаар давж дээрх газраас хоёр удаа хамт мод хийлцсэн. Э-тай модонд 2 удаа хамт явах үедээ түүний гуйснаар өдрийн 20.000 төгрөгийн хөлсөөр явсан...” гэсэн мэдүүлэг /хх 14-16/,

Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ч.Э нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Их-Уул сумын Зарт багийн нутаг Өвөр тээл гэх газраас галын түлээний мод бэлтгэж 2 удаа өөрийнхөө эзэмшлийн Портер маркийн 04-29 ЗАН улсын дугаартай машинаар Тосонцэнгэл сум руу тээвэрлэж өөрийнхөө хашаанд буулгаж байсан. Манай нөхөр 2 автомашин галын түлээг Их-Уул сумын Зарт багийн “Өтөр тээл” гэх газраас бэлтгэсэн гэж хэлсэн. Манай нөхөр 2020 оны 08 сарын сүүлчээр дээрх 2 машин галын түлээний модыг бэлтгэхдээ Тосонцэнгэл сумын төвөөс Балсан гэх хүнийг гуйгаад өдрийн 20.000 төгрөгөөр хөлслөөд модонд авч явсан. Манай нөхрийн ойгоос бэлтгэсэн моднууд нь 1.40-1.50 орчим метрийн урттай ан цав ихтэй галын түлээний моднууд байсан. Тухайн моднуудыг өөрийнхөө эзэмшлийн шар өнгийн цахилгаан хөрөөг ашиглаж ойгоос бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 20- 21/,

Иргэний нэхэмжлэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч.Эн гэх залуугаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 08 сарын 30-ны өдрийн хооронд байх хоёр Портер галын түлээний модыг худалдан авсан. Би тэр үед портер модыг 150.000 төгрөгөөр худалдан авч, 2 портер модны үнэ 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би худалдаж авсан дээрх моднуудыг нь 2020 оны 9 дүгээр сарын эхээр бондголж хөрөөдөөд хураасан. Одоо манай хашаанд хураалгаастай байгаа. Би Ч.Э-аас мод худалдан авахдаа мод бэлтгэх эрхийн бичиг гоожин байгаа эсэхийг асуухад байгаа асуудалгүй мод гээд надад нэг гоожин үзүүлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 26- 27/,

Гэрч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Балсан гуай намайг гэртээ байхгүй хойгуур манай эхнэр Нямд танай хашааны урд талд гэр нь байдаг Ч.Э гэх залуу модонд яваад өгөөч гэж гуйхаар нь түүнтэй хамт Тээлийн даваа даваад 2 удаа цагаан өнгийн “Портер” маркийн машинаар модонд яваад ирлээ гэж ярьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,

Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Ч.Балсан ах 2020 оны 08 дугаар сарын 30, 31-ний үед манайд орж ирээд Э гэдэг залуу модонд өдрийн 20,000 төгрөгөөр хөлсөөр яваад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрөөд Э-тай түүний “Портер” маркийн машинаар 2 удаа галын түлээний модонд хамт явлаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,

Иргэний нэхэмжлэгч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Э-ийн зохих зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй...” гэсэн мэдүүлэг /хх 9-10/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өвөр тээл” гэх газрын ойгоос 5,9976 метр куб түлээний хуурай модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн болох нь:

Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э нь 2020 оны 08 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Зарт багийн иргэдэд манай байгаль хамгаалагч Б.Соёл-Эрдэнэ мод бэлтгэх эрхийн бичгийг бас олгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би байгаль хамгаалагчаар 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Би Их-Уул сумын Зарт, Үржил багуудыг хариуцан ажилладаг байгаль хамгаалагч байгаа юм. Иргэн Ч.Э нь 2020 оны 08, 09 дүгээр сард Зарт багаас мод бэлтгэх эрхийн бичиг огт аваагүй..” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ч.Э 2020 оны 08 сарын сүүлчээр тухайн моднуудыг ойгоос бэлтгэх үедээ Их-Уул сумаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй...” гэсэн мэдүүлгээр /хх 21/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өвөр тээл” гэх газрын ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр “Портер” маркийн машинаар 2 удаа галын түлээний модыг бэлтгэж, Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэн оруулсан. Би тухайн моднуудыг бэлтгэхдээ ойгоос 10-11 орчим босоо модыг тайрч унгасан мөн газарт байсан 4-5 унанги модноос 1.40-1.50 метрийн уртаар тайрч бэлтгэсэн. Миний ойгоос бэлтгэсэн моднууд нь дан хуурай галын түлээний моднууд байсан. Би тухай моднуудыг бэлтгэх үедээ Их-Уул сумаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй юм...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Өвөр тээл” гэх газрын ойгоос 5,9976 метр куб түлээний хуурай модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн болохыг нотолж байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 658,296 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаартай: “...Ч.Э-ийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 0,35-0,40 см-ын урттай түлшний мод байна. Э-ийн ойгоос бэлтгэсэн модны хожуулаас экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжтой. Э нь ойгоос 5,9976 метр куб мод бэлтгэсэн байна. Портер маркийн автомашины тэвшинд 1.40-1.50 метрийн урттай тайрсан мод ачихад өндөр урт хэмжээ ойролцоогоор 3 метр куб орчим болно. Тухай мод бэлтгэсэн газар Зарт багийн нутаг Өвөр тээл гэх газар нь Их-Уул сумын ойн санд хамаарна. Мод бэлтгэсэн газар ойн сангийн 2-р мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг, жижиглэж тайрдас болгож тайрсан модноос дүгнэлт гаргах боломжтой. Ч.Э-ийн ойгоос хийж бэлтгэсэн дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг, бэлтгэсэн 5,9976 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 658,296 төгрөг байна...” гэсэн /хх 38-39/ дүгнэлтээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ч.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.Э-ийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5,9976 метр куб түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ. Шүүгдэгч нь 5,9976 метр куб түлшний мод бэлтгэсний улмаас байгаль экологид 658,296 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул байгаль экологид учруулсан 658,296 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,974,888 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ч.Энх-Амгалан нь ойн санд учруулсан байна гэж үзлээ. Шүүгдэгч нь ойн санд учруулсан 1,974,888 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар, мөн иргэний нэхэмжлэгч М.Баасандоржид хохирол төлбөрийг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч М.Баасандоржийн “...Ч.Э-тай сайн дураар эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 04-29 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хятад улсад үйлдвэрлэгдсэн улбар шар өнгөтэй цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь “...Улсын дугаар 04-29 ЗАН, марк загвар “HYUNDAI Porter”, өмчлөгч Ч.Э...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн “...Тээврийн хэрэгсэл болон хөрөө миний эзэмшлийнх...” гэсэн тайлбараар тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 04-29 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 5,9976 м3 түлшний хуурай модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 04-29 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, түүний гэрчилгээ, улбар шар өнгөтэй цахилгаан хөрөө, 5,9976 м3 түлшний хуурай модыг тус тус худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 4/29 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Э-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э*д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч М.Г-д хохирол төлбөрт 1,974,888 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч М.Б-д төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 04-29 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улбар шар өнгөтэй цахилгаан хөрөө, 5,9976 м3 түлшний хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 04-29 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, түүний гэрчилгээ, улбар шар өнгөтэй цахилгаан хөрөө, 5,9976 м3 түлшний хуурай модыг тус тус худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 4/29 дугаартай тогтоол, шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ӨЛЗИЙХИШИГ