Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2022/0013/Э |
Дугаар | 2022/ШЦТ/15 |
Огноо | 2022-02-11 |
Зүйл хэсэг | 24.6.2.2., |
Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгч Д.Б, Б.Р,
Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б, Б.Р нарт холбогдох эрүүгийн 2224000000000 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. ***********************
2. *******************************
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б, Б.Р нар нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Элстий” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 2.631 метр куб модыг бэлтгэж, ойн санд 519,801 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б, Б.Р нар нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Элстий” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 2.631 метр куб модыг бэлтгэж, ойн санд 519,801 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Д.Б, Б.Р нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 20/,
Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн иргэдийн зүгээс надаас 2021 оны 10 дугаар сард ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан тухайн модныхоо төрөл хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ, харин цэвэрлэгээний огтлолоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллага ойгоос мод бэлтгэх ёстой. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй. Ойн тухай хуулиар хориотой учир хууль бус үйлдэл гэж үзнэ. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглодог. Ойгоос мод бэлтгэснийхээ дараа эрхийн бичиг авч болохгүй. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхийнхээ өмнө заавал бичиг авч байж ойн сан руу орох эрх нь үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх 28/,
Гэрч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Б, Б.Р хоёр 2021 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байхад модонд явлаа гэж хэлээд манай нөхөр Д.Б өөрийнхөө Маяти маркийн 00-00 000 улсын дугаартай автомашинаар явсан. Манай нөхөр Б 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр надад ярихдаа Б.Р ах босоо мод хөрөөдөж унагах үедээ модны мөчирт цохиулчихсан. Тэр өдөр хамгийн эхлээд 1 босоо модыг Б.Р ах тайрч унагаад 2 дахь босоо модоо тайрч унагах үедээ модны мөчирт толгойгоо цохиулсан гэж надад хэлсэн юм. Тэгэхээр миний ойлгосноор тухайн газраас тэр өдөр 2 ширхэг босоо модыг тайрч бэлтгэсэн байгаа юм. Ер нь бол 2021 оны 10 дугаар сарын 26-ны өглөө манай нөхөр Д.Б, Б.Р хоёр манай гэрт хоорондоо ярьж байгаад хамт модонд явахаар болоод явж байсан юм. Манай нөхөр Д.Б надад дараа нь ярихдаа тухайн өдөр Их-Уул сумын төвөөс Мягмарбаяр гэдэг хүүхдийг модонд хамт яваад өгөөч гэж гуйгаад авч явсан гэж хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,
Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Т нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хувийн өргөдөл, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг материал бүрдүүлээд Цэцүүх багийн нутаг “Ар өл” гэх газраас хэрэглээний мод бэлтгэж амьдрал ахуйдаа хэрэглэх гэсэн гээд надаас дээрх эрхийн бичгийг бичүүлж авсан. Ш.Т-д олгосон эрхийн бичигт хяналт тавих ажлын хүрээнд 2021 оны 11 сарын 03- ны өдөр залгаад “та нөгөө эрхийн бичгээрээ модоо бэлтгэсэн юм уу” гэж асуухад ах нь модоо бэлтгээд сумын төвд хашаандаа буулгасан байгаа. Би хөдөө байна төв орохоороо эрхийн бичгээ чамд аваачиж өгье гэж хэлсэн. Түүний дараа Ш.Т-н эхнэр манай ажил дээр орж ирээд надад манай нөхөр нөгөө эрхийн бичгийг чинь модоо оруулж ирэхдээ цагдаад хураалгачихсан байна шүү гэж хэлсэн. Иргэн хүн мод бэлтгэхдээ босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ. Мод бэлтгэх эрхийн бичиггүй ойгоос мод бэлтгэх болохгүй. Ойн тухай хуулиар хориотой учир хууль бус үйлдэл гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хх 31-32/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 09-10 цагийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Ирээдүй хорооллын гэртээ байхад үед хашааны үүдэнд машин чагнаалдахаар нь би гэрээсээ гараад хартал Б ах өөрийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ манай хашааны үүдэнд ирсэн. Тэгэхээр нь очтол мод бэлтгэх ажилд туслаад өгөөч гээд байхаар нь би тэгье гэж хэлээд гэр лүүгээ буцаж ороод дулаан хувцас болон ундааны саванд цай хийж аваад Б ахын машинд суугаад Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс гараад Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Элстий гэх газар очсон. Тэнд очоод нэг босоо модыг тайрч унагаагаад дараа нь босоо мод унагасан газраас жаахан явж байгаад нэг бүдүүн мод хөрөөдөж мөчрийг нь ярлахаар хэмжээ тавьж байтал Р гэх хүний цахилгаан хөрөө нь дуугарахгүй болохоор нь бид 2 бүдүүн босоо модны хажууд очоод хартал Р гэх хүн тухайн бүдүүн модны хажууд нүүрэн хэсгээ бээлийтэй гараараа дарчихсан сууж байсан. Тэгээд Р гэх хүн би зүгээр мод хийе гэхэд Б ах явъя эмнэлэгт үзүүлье гээд сумын төвийн эрүүл мэндийн төвд ирсэн. Тухайн үед Р гэх хүн 2 босоо модыг тайрч хөрөөдсөн. Би болон Б ах тухайн үед хэмжээ тавих болон мөчрийг нь ярлах зэрэг ажлыг хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх 48-49/
Шинжээч Б.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мод бэлтгэсэн Элстий гэх газар нь ойн сангийн хоёр дугаар мужлал буюу сумын ойн санд хамаарна. 2- р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны үнэлгээг гаргадаг юм. Тухайн бэлтгэсэн модны үнэлгээ нь 197,568 төгрөг болж байсан. Элстий гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг ойгоос бэлтгэсэн 2 ширхэг ургаа босоо модны хожуулын дээрээс гаргах бүрэн боломжтой. Хангайн Тайгажуу шинэсэн ойн моддын хожуулын диаметрээр таксацын үзүүлэлтүүдийг 2 мод хожуулыг хөрснөөс өндөр тайрсан байсан тул хожуулын цээжний өндрийн диаметрээр тооцож гаргасан. Эдийн засгийн үнэлгээг гаргахдаа хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, тоолуурын хүснэгт зэрэг нотлох баримтад тулгуурлан гаргасан. Бэлтгэсэн 2 ширхэг босоо шинэс төрлийн хуурай мод бөгөөд 2,631 метр куб болсон. Иргэдэд цэвэрлэгээний ажил хийх зориулалтаар түлээний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа. Эрхийн бичиг авсан иргэд эрхийн бичигт заагдсан газраас заагдсан хугацаанд нь бэлтгэж, тээвэрлэх ёстой. Дээрх иргэд Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 20.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг зөрчсөн байна...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай “...Иргэн Д.Б, Б.Р нарын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Д.Б, Б.Р нарын бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд ургаа огтолсон модны хожуул, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд зааснаар хуурай мод байна. Мод бэлтгэсэн Их-Уул сумын Хонгор багийн “Элстий” гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарч байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1-метр, куб бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Д.Б, Б.Р нарын ойгоос бэлтгэсэн модны хожуулаас экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох боломжтой. Хангайн тайгажуу шинэсэн ойн моддын хожуулын диаметрээр таксацын үзүүлэлтүүдийг тодорхойлох аргачлалаар тогтооно. Д.Б, Б.Р нар ойгоос 2,631 метр куб мод бэлтгэсэн байна. Д.Б, Б.Р нарын ойгоос бэлтгэсэн түлшний модны экологи эдийн эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний хуурай модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 2,631 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 519,801 төгрөг болж байна. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газарт мод бэлтгэж болохгүй. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газарт мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Иргэн хүн ойгоос түлшний мод цэвэрлэгээний ажлаас унанги мод, хожуул гишүү, мөчир түлшинд бэлтгэж болно. Босоо ургаа модыг огтлох замаар мод бэлтгэж болохгүй. Д.Б, Б.Р нарын ойгоос босоо ургаа модыг бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 20.1.4-р заалт зөрчсөн байна. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалтыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 54-56/, улсын байцаагчийн акт /хх 52/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6, 141-146/ зэргээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Д.Бын: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Элстий” гэх газар луу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Р, М нарын хамт 09 цагийн үед явсан. Тэгээд тухайн газарт 11 цагийн үед очсон юм. Тэр үед би өөрөө мод хөрөөдөж чадахгүй тул Р гэх хүнээр хөрөөдүүлэхээр болсон. Тэгээд тухайн өдөр Р нь эхний модоо хөрөөдөж унагаад дараагийн модоо хөрөөдөж дууссаны дараа мөчирт цохиулж гэмтэл авсан учраас шууд Их-Уул сумын эмнэлэг явсан. Тухайн газарт 2 босоо мод хөрөөдөж унагаагаад тэр газарт нь үлдээсэн. Тухайн 2 босоо мод нь хуурай мод байсан. Тухайн өдөр бэлтгэсэн модоо ачиж тээвэрлээгүй. Тухайн өдөр найз Болд-Эрдэнийн цагаан өнгийн хөрөөг гуйж аваад уг 2 модоо хөрөөдүүлсэн. Мод бэлтгэхдээ эрхийн бичиг аваагүйгээр мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Раднаасэнгийн “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн “Элстий” гэх газар луу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тухайн газарт очоод Б намайг хөрөөдчих гээд би 2 босоо мод хөрөөдсөн. Би сүүлд унасан модны мөчирт цохиулсан. Тухайн 2 босоо модыг Бын найзынх нь цагаан өнгийн хөрөөгөөр хөрөөдөж унагаасан юм. Би модны мөчирт цохиулаад гэмтэл аваад шууд Их-Уул сумын эмнэлэг явсан. Уг 2 босоо модыг би өөрөө хөрөөгөөр огтолж тайрсан. Тэр үед Б, Мягмарбат нар байсан...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч Д.Б, Б.Р нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол 1,559,403 төгрөгийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна. Шүүгдэгч Д.Б, Б.Р нар нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Элстий” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний 2.631 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Д.Б, Б.Р нар нь бүлэглэн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2,631 метр куб шинэс төрлийн мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ. Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч нарын 2.631 м3 хуурай мод бэлтгэсний улмаас байгаль экологид 519,801 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,559,403 төгрөгийн хохирол ойн санд учирсан байна.
Шүүгдэгч нар нь ойн санд учруулсан хохирлоос 1,559,403 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ойн санд учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй ...бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө нь иргэний нэхэмжлэгч Н.Б-н өмчлөлийнх болох нь иргэний нэхэмжлэгч Н.Б-н “...Би хөрөөг 2017 оны хавар Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Тэс гол гэх нэртэй газраас 80,000 төгрөгөөр авч байсан. Одоо бол хуучирсан, элэгдэл хорогдолд орсон. Хуучирч элэгдсэн учраас 40,000 төгрөгөөр үнэлж байсан. Учир нь би уг хөрөөг аваад 5 жил болж байна...” гэсэн /хх 24/ мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт хөрөө нь 40,000 төгрөгийн үнэтэй болох нь иргэний нэхэмжлэгч Н.Б-н “...Би хөрөөг хуучирч элэгдсэн учраас 40,000 төгрөгөөр үнэлж байсан. Учир нь би уг хөрөөг аваад 5 жил болж байна...” гэсэн мэдүүлэг, Хурд-Од ХХК-ий хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай “...хөрөнгийн нэр моторт хөрөө, хохирогчийн ханш-40,000, 2022 оны байдлаарх ханш 40,000, дундаж үнэлгээ-40,000, үнэлгээ 40,000...” гэсэн үнэлгээний дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгөтэй моторт хөрөөг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож, моторт хөрөөний үнэ 40,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б, Б.Р нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Р нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Р нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Р нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Р нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Р нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 40,000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн моторт хөрөөг хууль ёсны эзэмшигч Н.Болд-Эрдэнэд буцаан олгож, шүүгдэгч Д.Б, Б.Р нараас моторт хөрөөний үнэ 40,000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Д.Б, Б.Р нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 1,559,803 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Б.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ