Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

   2022        02         10                                   2022/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

  шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

  шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их хорчин овогт М.А нарт холбогдох эрүүгийн 2111 00000 0106 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Н.Г, регистрийн дугаар ...............................................

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 31-60 тоотод оршин суух,

урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 276 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,

2. Их хорчин овогт М.А, регистрийн дугаар ....................................

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 42-74 тоотод оршин суух,

урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Норовын Ганбаатар нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боорж Баян” нэртэй дэлгүүрийн гадна  насанд хүрээгүй хохирогч М.Учралын “Самсунг А-50” загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч Мөнгөнсуурийн Амармэнд нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Учралын “Самсунг А-50” загварын гар утсыг “Дээрэмдэх” гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, бусдад 200.000 төгрөгөөр зарж, түүний эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Насанд хүрээгүй хохирогч М.Учралын “...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад “Боорж Баян” хүнсний дэлгүүр орчихоод буцаад гарах үед миний урдаас 30 гаруй насны 2 ах ирж байсан. Тэр 2 ахын урд явж байсан нь миний хажуугаар зөрөөд дэлгүүр рүү яваад орчихсон. Гэтэл араас нь явж байсан цэнхэр өнгийн куртик өмссөн саравчтай малгайтай ах намайг хана руу түлхсэн ээ тэврээд авах шиг болсон. Би тэр ахыг согтуу байсан болохоор мөргөчихлөө гэж ойлгосон. Тэгээд дэлгүүрийн гадаа халааснаасаа утсаа хайтал алга болсон байсан ...буцаж дэлгүүр рүү ороод хамт явж байсан хүнээс таны ард явж байсан хүн миний утсыг аваад зугтсан, миний утсыг авч өг гэж хэлэхэд би мэдэхгүй ш дээ гэхээр нь гэр лүүгээ явж аав, ээждээ хэлээд цагдаад хандсан. Утас авсан хүн нь биеэр жижиг, өндөр 165-170 см орчим хар бараан өнгийн өмд гуталтай архи үнэртүүлсэн хүн байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 04-10 дугаар тал/,

Мөрдөгчийн Илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 10-15 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21-27 дугаар тал/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Гын “...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз болох Амармэндтэй хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Боорж баян” гэх нэртэй дэлгүүр лүү архи авахаар явсан. Тэгээд дэлгүүрийн кордор хэсэгт миний өөдөөс 15-16 насны орчим нэг охин гарч ирсэн ба коридорт зөрөхдөө бага зэрэг мөрлөөд утсыг нь авчихаад тухайн охиныг гараад явахаар нь ардаас нь дэлгүүр лүү оролгүй буцаж гараад ...зугтаачихсан. Тэгээд дүүгийнд иртэл Амараа ирчихсэн надаас чи хүний утас авчихсан юм уу гэж хэлэхээр нь би тиймээ би авчихсан хоёулаа энэ утсыг зарах уу гэж хэлэхэд Амармэнд тэгье гэж зөвшөөрөөд бид 2 гарч такси бариад Хар хорин орж утсыг ченж залууд зараад мөнгөөр нь архи уусан ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 106-107 дугаар тал/,

Шүүгдэгч М.Аийн: “...Ганбаатараас чи утсыг нь авчихсан юм уу гэж асуутал Ганбаатар тиймээ би авчихсан юм, нэгэнт утсыг авчихсан юм чинь утсыг зарчих уу гэхээр нь би тэгье гэж хэлээд бид 2 хамт Хар хорин зах руу очиж гар утсыг нь утасны ченж залууд 200.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи уусан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 108-109 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн  20, 36 дугаар тал/, хохирогчийн гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал/, шийтгэх тогтоол хуулбарууд /2 дугаар хавтаст хэргийн 23-27, 30-35, 39-43 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Норовын Ганбаатар нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боорж Баян” нэртэй дэлгүүрийн гадна  насанд хүрээгүй хохирогч М.Учралын “Самсунг А-50” загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч Мөнгөнсуурийн Амармэнд нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Учралын “Самсунг А-50” загварын гар утсыг “Дээрэмдэх” гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, бусдад 200.000 төгрөгөөр зарж, түүний эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж, мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогч М.Учралын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 04-10 дугаар тал/, Мөрдөгчийн Илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 10-15 дугаар тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21-27 дугаар тал/, Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч М.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус бүр оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Н.Г, М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 34 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд, шүүгдэгч М.Аийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 38 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, М.А нар нь эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, Шүүгдэгч Н.Г, М.А нар нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотоос гарахгүй байх хязгаарлалт тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, М.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулав.

Шүүгдэгч М.А нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба уг ялаа эдлээгүй байх тул;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу М.Аэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогчоос “утсаа ямар нэгэн эвдрэл гэмтэл сэвгүй эргүүлэн олж авсан тул гомдол байхгүй” гэсэн хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар тал/-ийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

         Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 34 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд,

Шүүгдэгч М.Аийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 38 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд нь тус тус оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, М.А нар нь эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

6. Шүүгдэгч Н.Г, М.А нар нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, Улаанбаатар хотоос гарахгүй байх хязгаарлалт тус тус тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, М.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

8. Шүүгдэгч Н.Г, М.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Г, М.А нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г, М.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН