Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/шцт/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Болдсайханаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баттулга,

Шүүгдэгч Б.Г,

Шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 2024000770055 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

* улсын иргэн, * төрсөн, 46 настай, эрэгтэй, *боловсролтой, * мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г

* улсын иргэн, 1* төрсөн, 46 настай, эрэгтэй, * боловсролтой, *, мал малладаг, * оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С.П /

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г, С.П нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Нарийн хадат гэдэг газрын ойгоос 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 10.5084 метр.куб түлээний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу маяти маркийн 42-55 УНН, маяти маркийн 02-10 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1,153,401 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г, С.П нар нь бүлэглэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Нарийн хадат гэдэг газрын ойгоос 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 10.5084 метр.куб түлээний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Hyundai mighty маркийн 42-55 УНН, Hyundai mighty маркийн 02-10 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн үйл баримтууд нь:

-2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Н.Н-аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Нарийн хадат гэх газраас Б.Г, С.П нар нь маяти маркийн 42-55 УНН, 02-10 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн байна” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 2 дугаар хуудас/,

-2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Н, цагдаагийн ахлагч Б.Б нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн талаар бичсэн илтгэх хуудас /ХХ-ийн 4-5 дугаар хуудас/,

-2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-11 дүгээр хуудас/,

-2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Г-ээс БНХАУ-д үйлдвэрлэсэн, хөх тагтай, OULIGEN  гэсэн бичигтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, төмөр толгойтой жижиг лантуу 1 ширхэг, 1.8 метрийн уртаар тайрсан түлээний модыг, С.П-оос БНХАУ-д үйлдвэрлэсэн, банкны таг нь шар, маниуль хэсэг нь цэнхэр өнгөтэй, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Г-ээс цагаан өнгийн майти маркийн 42-55 УНН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, 02823381 серийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С.П-оос хөх өнгийн майти маркийн 02-10 ЗАН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, 01704954 серийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол  /ХХ-ийн 12-27, 33 дугаар хуудас/,

-2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр майти маркийн 42-55 УНН улсын дугаартай, цагаан өнгийн автомашин, майти маркийн 02-10 ЗАН улсын дугаартай, автомашин, 10.5084 метр.куб хэмжээтэй шинэс төрлийн модыг битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 28-32 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн С.П, Б.Г нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

-Гэрч И.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр Б.Г 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн маяти 42-55 УНН улсын дугаартай автомашинаар гэрийнхээ өвлийн галын түлээний модыг бэлтгэж ирнэ гээд хөдөө явсан юм. Манай нөхөр хөдөө явахдаа намайг гоожин аваадхаарай гэж хэлээд явсан. Би гоожин бичүүлж авах гээд Галаа гэдэг байгаль хамгаалагчтай 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр утсаар ярьтал гоожингийн хуудас дууссан гэж хэлсэн. Тэгээд угаасаа амралтын өдөр таараад би гоожингоо авч чадаагүй. Тэгсэн манай нөхөр Б.Г 2020 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө гэртээ ирээд галын модоо хийгээд машинаараа ачаад ирлээ. Модтой машинаа сумын төвийн урд талд онгоц буудлын тэнд орхичихлоо, маргааш өглөө гоожингоо авч байгаад машинаа төв рүү оруулъя гэж надад хэлсэн. Би нөхрийгөө хаанаас ямар нэртэй газраас мод хийж бэлтгэснийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 42-43 дугаар хуудас/,

-Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Г 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай ажлын өрөөнд өөрийн биеэр орж ирээд №20-001961 дугаартай 7 метр.куб галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг, мөн С.П нэр дээр Ц гэдэг хүн №20-001960 дугаартай7 метр.куб галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг тус тус бичүүлсэн. Тухайн 2 иргэний зүгээс 2020 оны 9 дүгээр сард надаас түүнээс өөр мод бэлтгэх эрхийн бичгийг аваагүй. ...Мод бэлтгэсний дараа иргэн хүн эрхийн бичиг бичүүлж болохгүй, хуулиар хориотой. Иргэн хүн мод бэлтгэхээсээ өмнө эхлээд мод бэлтгэх эрхийн бичгээ авах ёстой...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/,

-Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр замын цагдаагийн постод үндсэн ээлжээр томилгоот үүрэг гүйцэтгэсэн. Орой 18 цагаас цагдаагийн ахлагч Б.Б-ы хамт заагдсан маршрутын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд 21 цагийн үед Идэрийн голын гүүрний орчимд хяналтаар ажиллах хугацаанд Хожуулын гүүрээр 3 автомашины гэрэл сумын төв рүү чиглээд явсан. Тэгээд Идэрийн голын гүүрэн дээр тухайн гэрлүүдийг ирэхийг хүлээгээд 30 орчим минут болоод ирэхгүй болохоор нь урдаас нь явтал сумын төвийн урд талд Нисэх буудлын шатахуун түгээх станцын хажууд 42-55 УНН, 02-10 ЗАН улсын дугаартай маяти маркийн 2 автомашин галын түлээний мод аччихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/,

-Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэдийн зүгээс мод бэлтгэх эрхийн бичгийг сумын байгаль хамгаалагчаас бичүүлж авсны дараа тухайн эрхийн бичигт заагдсан газраас, заагдсан хугацаанд модоо бэлтгэж тээвэрлэн оруулж ирэх ёстой байдаг учир дээрх зарчмаар Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт иргэдэд эрхийн бичгийг байгаль хамгаалагч нарын зүгээс олгож байгаа. ...Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичгийг авч байж ой руу орох эрх нь үүснэ. Ойгоос урьдчилж мод бэлтгэчхээд дараа нь эрхийн бичиг бичүүлж авна гэдэг ойлголт огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,

-Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэртээ галын түлээний мод бэлтгэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг руу хувийн эзэмшлийн машинтайгаа явсан. Тэгээд тус багт амьдардаг найз С.П-нд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9:00 цагт босоод найз С.П-ийн хамт өөр өөрсдийн галын түлээний модыг бэлтгэж ачихаар 2 машинтай явцгаасан. Тэгээд Рашаант багийн нутаг нарийн хадат гэдэг газраас шинэс төрлийн 1.9 метр урттай 2-3 тооны босоо мод унагаж, ойр орчмын газрын унанги хуурай галын түлээний модоо тус тусдаа бэлтгэж цагаалсан. Тэгээд бид 2 бэлтгэсэн галын түлээний модоо машинууддаа ачихдаа хамтарч хамжиж ачаад сумын төв рүү орохоор явцгаасан. Би галын түлээний модоо бэлтгэхээсээ өмнө сумын байгаль хамгаалагч нараас  модны гоожин бичүүлж авах гэтэл амралтын 2 өдөр таараад бичүүлж авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 92-94 дүгээр хуудас/,

-С.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай найз Б.Г галын түлээний модоо бэлтгэхээр өөрийнхөө машинтай яваа талаараа ярьсан. Тэгээд орой болсон болохоор манайд хоносон. Маргааш өглөө нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 9:00 цагт босоцгоож, найз Б.Гийн хамт 2 гэртээ галын түлээний мод бэлтгэж ачихаар тус тусын машинтай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг руу явсан. Тэгээд Агьтын эхний Нарийн хадат гэдэг газарт очсон. Уг газрын нарийн мод ихтэй, унанги моднуудтай газрын ойгоос 2-3 тооны босоо хуурай мод хөрөөдөн унагаж, хөрөөдөж унагасан модныхоо ойр орчмын газрын унанги хуурай моднуудаас хамж шимэн галын түлээний модоо бэлтгэж Б.Г бид 2 тус тусдаа биеэрээ цагаалсан. Тэгээд Б.Г-тэй хамжиж бэлтгэж цагаалсан галын түлээний модоо өөр өөрсдийн машинууддаа ачиж, сумын төв рүү орохоор явцгаасан. ...Модны гоожингоо бичүүлж амжаагүй байсан болохоор маргааш нэг дэх өдөр буюу ажлын өдөр гоожингоо бичүүлээд авчихъя гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 84-86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн Б.Г, С.П нарын зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны хэмжээ нь 10.5084 метр.куб бөгөөд ойн санд учруулсан хохирлын хэмжээ нь 3,460,203 төгрөг болох нь:

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Д-ийн 24 дугаартай: “Б.Г-ийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 1.8 метрийн урттай түлээний, бөөрөнхий, хуурай мод байна. Уг моднууд нь 5.8212 метр.куб түлээний хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Баян-Улаан багийн Нарийн хадат гэх газар нь сумын ойн сан, ойн сангийн 2 дугаар мужлалд хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Б.Г-ийн ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 638,934 төгрөг байна” гэсэн, 22 дугаартай: “С.П-ийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 1.8 метрийн урттай түлээний, бөөрөнхий, хуурай мод байна. Уг моднууд нь 4.6872 метр.куб түлээний хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Баян-Улаан багийн Нарийн хадат гэх газар нь сумын ойн сан, ойн сангийн 2 дугаар мужлалд хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. С.П-ийн ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 514,467 төгрөг байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгтүүд /ХХ-ийн 50-53, 57-60 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 8 дугаартай: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 3 дахин өсгөж тооцож Б.Г-ээр 638,934х3=1,916,802 төгрөгийг нөхөн төлүүлэх...” гэсэн, 9 дугаартай: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 3 дахин өсгөж тооцож С.П-оор 514,467х3=1,543,401 төгрөгийг нөхөн төлүүлэх...” гэсэн актууд /ХХ-ийн 65.61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Нарийн хадат гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн тул гарал үүслийн гэрчилгээний асуудал хөндөгдөхгүй юм.

Харин шүүгдэгч нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг Нарийн хадат гэх газрын ойгоос мод бэлтгэж, тээвэрлэхдээ сумын эрх бүхий албан тушаалтнаас эрхийн бичиг аваагүй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэд эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч  нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч  нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд прокурорын санал болгосноор шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 10.5084 метр.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,153,401 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 3,460,203 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Бямбарагчаагийн улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч нарын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ойн санд учруулсан хохирол болох 3,460,203 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж, тодорхой хуваарийн дагуу нөхөн төлөхөө илэрхийлж, иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул уг эвлэрлийн гэрээнд заасан хугацааны дотор төлүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Байгаль хамгаалах санд оруулахаар тогтоох нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г-ийн мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, хөх тагтай, OULIGEN  гэсэн бичигтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, төмөр толгойтой жижиг лантуу 1 ширхэг, цагаан өнгийн Hyundai mighty маркийн 42-55 УНН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, 02823381 серийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, С.П-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  БНХАУ-д үйлдвэрлэсэн, банкны таг нь шар, маниуль хэсэг нь цэнхэр өнгөтэй, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хөх өнгийн Hyundai mighty маркийн 02-10 ЗАН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, 01704954 серийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, мөн тэдний гэмт хэрэг үйлдэж олсон 10.5084 метр.куб шинэс төрлийн, түлээний, бөөрөнхий, хуурай модыг эд мөрийн баримтаар хурааж, мод тээвэрлэсэн Hyundai mighty маркийн 42-55 УНН улсын дугаартай, цагаан өнгийн автомашин, Hyundai mighty маркийн 02-10 ЗАН улсын дугаартай автомашин, 10.5084 метр.куб хэмжээтэй шинэс төрлийн мод болон шүүгдэгч Б.Г-ийн хувьд оногдох эд хөрөнгө болох Monel маркийн телевизор, Hailishi маркийн хөлдөөгч, шүүгдэгч С.П-ийн хувьд оногдох эд хөрөнгө болох сарлагийн хар зүсмийн эр үхэр, сарлагийн хар зүсмийн үнээ зэргийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

Үүнээс үзвэл ... нарын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 1.8 метрийн урттай, 10.5084 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, хөх тагтай, OULIGEN  гэсэн бичигтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, төмөр толгойтой жижиг лантуу 1 ширхэг, цагаан өнгийн Hyundai mighty маркийн 42-55 УНН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл,  БНХАУ-д үйлдвэрлэсэн, банкны таг нь шар, маниуль хэсэг нь цэнхэр өнгөтэй, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хөх өнгийн Hyundai mighty маркийн 02-10 ЗАН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 1.8 метрийн урттай, 10.5084 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, хөх тагтай, OULIGEN  гэсэн бичигтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, төмөр толгойтой жижиг лантуу 1 ширхэг, цагаан өнгийн Hyundai mighty маркийн 42-55 УНН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл,  БНХАУ-д үйлдвэрлэсэн, банкны таг нь шар, маниуль хэсэг нь цэнхэр өнгөтэй, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хөх өнгийн Hyundai mighty маркийн 02-10 ЗАН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл зэргийг улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баттулга нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчилсан тул шүүгдэгч Б нарын гэмт хэрэг үйлдэж олсон 1.8 метрийн урттай, 10.5084 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, хөх тагтай, OULIGEN  гэсэн бичигтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, төмөр толгойтой жижиг лантуу 1 ширхэг, цагаан өнгийн Hyundai mighty маркийн 42-55 УНН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл,  БНХАУ-д үйлдвэрлэсэн, банкны таг нь шар, маниуль хэсэг нь цэнхэр өнгөтэй, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хөх өнгийн Hyundai mighty маркийн 02-10 ЗАН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл зэргийг худалдан борлуулж, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого болгож шийдвэрлэнэ үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж, 3 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана” гэж тус тус хуульчилсан ба өмгөөлөгч Г.Баттулга нь яллагдагч нарыг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу прокурор яллагдагч нартай ял тохиролцсон байх бөгөөд ийнхүү тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилсан бөгөөд хохирлоо нөхөн төлсөн буюу хохирлыг төлөх талаар идэвхтэй үйлдэл хийсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, багаж хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдан борлуулсны орлогыг буцаан олгох хуулийн зохицуулалтгүй байхад хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу хохирлыг нөхөн төлөх талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй этгээдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, багаж хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдан борлуулсны орлогоос хохирлыг хасч тооцох нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэж буй учир эд мөрийн баримтаар хураагдсан тэдгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй.

Мөн хохирлыг тогтоосон хугацааны дотор шүүгдэгч нараас төлүүлэхээр шүүх шийдвэрлэж буй учир тэдний хувьд оногдох эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г, С.П нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1 дэх хэсгүүдэд зааснаар ойн санд учирсан 3,460,203 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Г-ээс 1,730,101.5 төгрөгийг, шүүгдэгч С.П-оос 1,730,101.5 төгрөгийг тус тус гаргуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Байгаль хамгаалах санд оруулсугай.

6. Ойн санд учруулсан хохирлыг шүүгдэгч нар нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 576,000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 576,000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 576,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 576,000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 576,000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 580,203 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж төлж барагдуулахаар хугацаа тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нарын гэмт хэрэг үйлдэж олсон 1.8 метрийн урттай, 10.5084 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, хөх тагтай, OULIGEN  гэсэн бичигтэй цахилгаан хөрөө 1 ширхэг, төмөр толгойтой жижиг лантуу 1 ширхэг, цагаан өнгийн Hyundai mighty маркийн 42-55 УНН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл,  БНХАУ-д үйлдвэрлэсэн, банкны таг нь шар, маниуль хэсэг нь цэнхэр өнгөтэй, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хөх өнгийн Hyundai mighty маркийн 02-10 ЗАН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл зэргийг улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-ийн хувьд оногдох эд хөрөнгө болох Monel маркийн телевизор, Hailishi маркийн хөлдөөгч, шүүгдэгч С.П-ийн хувьд оногдох эд хөрөнгө болох сарлагийн хар зүсмийн эр үхэр, сарлагийн хар зүсмийн үнээ зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 02823381, 01704954 серийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн хамтаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН