Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2019/0509

 

 

 

2019 оны 08 сарын 23 өдөр Дугаар Улаанбаатар хот

 

128/ШШ2019/0509

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ӨЭЖ ХХК

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагч О.Б, А.Тнарын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 230013961 дугаартай ӨЭЖ ХХК-д 54,545,450 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ӨЭЖ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК 2012 оны 10 сараас манай компанид элс, хайрга нийлүүлэх, худалдан авах гэрээтэй ажиллаж, уг гэрээнийхээ үүргийн дагуу манай зуурмагийн үйлдвэрийн хэрэгцээнд элс, хайрга нийлүүлсэн бөгөөд манай компани худалдан авсан элснийхээ үнийг төлсөн нь бодитоор хийгдсэн ажил юм. Гэтэл Хан-Уул дүүргийн Татварын албанаас хийсэн шалгалтаар манай компанийг Д ХХК-тай ямар нэгэн ажил, үйлчилгээний борлуулалт хийгээгүй атлаа ажил хийсэн мэтээр хий бичилттэй падаан худалдан авч, зардлаа өсгөж, татвар ногдуулах орлогоо нуусан гэсэн үндэслэлээр татварын байцаагчийн дүгнэлт бичиж, цагдаагийн байгууллагаар шалгуулж, энэ үндэслэл нь батлагдаагүй байхад дахин татвар төлүүлэхээр акт бичсэн. Манай компаниас Нийслэлийн болон Улсын Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлүүдэд гомдол гаргаж хянуулсан боловч актыг хэвээр баталсан тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

Уг маргаантай актыг бичигдсэний дараа Д ХХК-аас өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичилттэй байсан гэж татварын байцаагчид үзсэн бөгөөд Д ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан өгч байна гэдгийг тухайн үед мэдээгүй, манай компанийн зүгээс хууль бус падаан авах талаар тус компанитай ямар нэгэн хэлбэрээр хэлэлцэж, тохиролцсон зүйл байхгүй.

 

Акт бичигдсэний дараа манай компанийн захирал З.Ш өөрийн санхүүгийн ажилтнуудын хамт Дж ХХК-ийн захирал Ж.Ж-тай уулзаж яагаад хууль бус падаан бичиж өгч хууран мэхэлж компанийг хохиролд оруулж байгааг асуухад би үүнийг зохицуулна, танайд асуудал байхгүй гэсний дээр тус компани өөрсдөө элс, хайрга олдворлодог компаниудаас уг элсийг хямд үнээр бөөнөөр нь аваад манай компанид илүү үнээр өгч байсан, зөрүү үнээс нь ашиг олж байсан, НӨАТ өндөр үнэ төлөхөөр гараад байсан учир бид хууль бус падаан өгсөн. Танайд өгсөн падааныхаа татварыг өөрсдөө хариуцан төлж байгаа тул татвараас зайлсхийсэн эрүүгийн хэрэг болон татварын төлбөрт танай компани холбогдохгүй, энэ талаарх мэдүүлгээ би мөрдөн байцаах газарт өөрөө өгсөн гэж хэлж тайлбарласан.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.С-ын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр тогтоолын 44 дэх заалтаар манай компанийн захирал З.Ш-д үүсгэсэн хэргийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сайн дураараа татвараа нөхөн төлсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн татварын байцаагч нар энэ тогтоолын заалтыг үндэслэн нөхөн төлсөн татварт танайх татвар ногдуулж тайлагнаагүй учир актаар татвар ногдуулж, татвар төлөхөд заавал ногдуулж тайлагнах хуулийн зохицуулалттай гэж акт тавих үеийн ярилцлагын тэмдэглэлдээ тайлбарлаж өгсөн бөгөөд үүнийгээ тэмдэглэлдээ бичсэн байна.

 

ӨЭЖ ХХК тухайн үед уг падаануудыг нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн санд бүртгэлтэй падаан мөн эсэхийг татварын сүлжээнд орж шалгахад уг падаанууд татварын газарт бүртгэлтэй байсан. Манай компани харилцагчтай адил эрхтэй аж ахуйн нэгжүүд учраас үүнээс цааш шалгах эрхгүй.

 

Угаас нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч эсэхийг хянаж, шалгах эрх, үүргийг Татварын байгууллага хариуцдаг.

 

Татварын нэгдсэн сүлжээнд байршуулсан албан ёсны бүртгэлтэй падаануудыг хууль ёсны падаан гэж хүлээн авсан компаниудыг одоо буруутгаж, нөхөн татвар оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Манай компанийн хувьд Д- ХХК-аас худалдан авсан элс, хайрганы үнэ гэж төлсөн мөнгө буюу бодитойгоор гаргасан зардлаа тайлагнасан тул орлогоо хуурамчаар бууруулсан гэх гэм бурууг хүлээхгүй. Харин хуурамч падаан өгсөн компаниар уг татварыг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Түүнчлэн уг Д ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй гэж үзсэн 3 падааныг 2012 оны 2 дугаар улиралд манай компаниас худалдан авсан барааны баримт болгон өгсөн буюу зөрчил гарсанаас хойш 6 жил өнгөрсөн, татварын байцаагч нар 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр илрүүлж, анхны дүгнэлтийг бичсэнээс хойш 5 жил 5 сар өнгөрсөн байх тул Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-д заасныг тус тус үндэслэн татвар нөхөн төлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх бүрэн боломжтой байна.

 

Энэхүү маргаантай байгаа актыг үндэслэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс тухайн компаниар төлүүлэх татварын авлага бүртгэгдсэн эсэх, өөрөөр хэлбэл, уг актын дагуу өр үүсгэсэн эсэх талаар лавлагаа авахад өр үүсээгүй байгаа тухай мэдээллийг манай компанид өгсөн болно. Иймд татвар төлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөнд тооцох хуулийн заалтыг хэрэглэхэд ямар нэгэн хуулийн зөрчил үүсэхгүй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагч О.Б, А.Тнарын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 230013961 дугаартай ӨЭЖ ХХК-д 54,545,450 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг ӨЭЖ ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч А.Т, Ч.Б нар хэсэгчлэн шалгалт хийж, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 54,545,400.00 төгрөгийн зөрчил илрүүлж, 240036 тоот дүгнэлт бичиж, Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлснийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн прокурорын газрын 1524 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үндэслэн олгосон томилолтын дагуу татварын улсын байцаагч А. О. нар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 230013961 тоот акт тогтоосон.

 

Дээрх прокурорын тогтоолд мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

...Татварын хяналт шалгалтаар нийт 54,545,400.00 төгрөгийн зөрчил илэрч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд 18.1-д Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан, тэнцэл гаргах, 18.1.14-т хууль тогтоомжид зааасан бусад үүрэг гэж заасныг болон хууль тогтоомжийн бусад заалтыг дараах байдлаар зөрчсөн нь тогтоогдсон. Үүнд:

 

1.  Д ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12975080 дугаартай падааны 130,909,090.00 төгрөгийн, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12975081 дугаар падааны 148,363,600.00 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12975155 дугаар падааны 266,181,800.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварийн хий бичилттэй падаанаар нийт 545,454,500 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд ...14.3-д худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаангүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөнийг тэмдэглэж, Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэн,

 

2.  Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.4-т тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.3-д Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.7-д Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буругаа хүлээн зөвшөөрнө гэж заасны дагуу,

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар нийт 545,454,500.00 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт гэх хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд 54,545,450.00 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, 0.00 төгрөгийн алданги ногдуулах,

 

3.  Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг үндэслэн 54,545,450.00 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, 0.00 төгрөгийн алданги, нийт 54,545,450.00 төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоосон.

 

Тус татвар төлөгч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ татвар төлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөнд тооцох хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд ямар нэгэн хуулийн зөрчил үүсэхгүй гэж дурдсаныг дараах байдлаар тайлбарлаж байна.

 

Уг зөрчил бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь 2012 оны падаан байсан. Тухайн актыг тогтоох үед татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан учраас Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасныг зөрчөөгүй болно.

 

Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Татварын албанаас энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудас гардуулсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, цааш шинээр тоологдоно, 11.6-д Татварын хяналт, шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар, алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдөөс эхлэн тоолно гэж заасны дагуу тус татварын хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөнд тооцох нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа юм гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ӨЭЖ ХХК-аас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Т, О.Б нарт холбогдуулан ...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, А.Тнарын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ӨЭЖ ХХК-д 54,545,450 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх тухай 230013961 дугаартай акт болон Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоол, уг тогтоолыг хэвээр баталсан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч улсын байцаагч нарын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ӨЭЖ ХХК-д 54,545,450 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх тухай 230013961 дугаартай актыг хүчингүй болгох шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Татварын ерөнхий газрын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Тл, О.Б нар нь нэхэмжлэгч ӨЭЖ ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.

 

Улмаар улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 240036 дугаар дүгнэлтээр ӨЭЖ ХХК-ийг 2012 онд 545,454,500 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг хуурамчаар хасч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан, албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг, /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана гэж зааснаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/707 дугаар албан бичгээр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст дээрх дүгнэлтийг хүргүүлсэн байна.

 

Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 201626020533 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж шалгасны дотор нэхэмжлэгч ӨЭЖ ХХК-ийн захирал З.Ширнэн багтсан бөгөөд Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Улмаар Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт хийх тухай томилолт, удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А. О.Б нар нь ӨЭЖ ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Д ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12975080 дугаартай 130,909,090 төгрөгийн, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12975081 дугаартай 148,363,600 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12975155 дугаартай 266,181,800 төгрөгийн хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 545,454,500 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж 54,545,450 төгрөгийн нөхөн татвар, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги ногдуулжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Д ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан өгч байна гэдгийг тухайн үед мэдээгүй, манай компанийн зүгээс хууль бус падаан авах талаар тус компанитай ямар нэгэн хэлбэрээр хэлэлцэж, тохиролцсон зүйл байхгүй гэх боловч мөрдөн байцаалтын явцад ӨЭЖ ХХК-ийн захирал З.Ш Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 240036 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтээр татварын зөрчилтэй нь тогтоогдсон бөгөөд дээрх зөрчлийг санхүүгийн албаны буруутай ажлаас үүссэн байх магадлалтай, уг буруутай үйл ажиллагааг ойлгон татварын өрийг төлж барагдуулж байгаа болно. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэх хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан, Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр тогтоолоор 545,454.5 мянган төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 54,545.4 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй зэргээс үзвэл хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, А.Тнарын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 230013961 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж зааснаар худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг төлбөрийн нэхэмжлэл, мөнгөн хөрөнгийн тайлбан болон бусад анхан шатны баримтуудаар нотлоогүй байх тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нууцсан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж...ногдуулна гэж зааснаар нөхөн татвар ногдуулсан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 230013961 тоот акт үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д ХХК-ийн захирал Ш.Ж-г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд Ш.Ж нарт холбогдох Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дүгээр прокурорын тогтоолтой 8 хавтас бүхий хэрэг нотлох баримтаас ирсэн учраас шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад Ш.Ж-г буруутай талаар ерөнхий дүгнэлт гарсан хэдий ч З.Ширнэнтэй энэ асуудлыг яаж, үгсэж тохиролцсон талаар байхгүй, ...З.Ш болон Ш.Ж нарын хоорондын харилцааг тогтоохгүй байх боломжгүй гэж тайлбарлах боловч тус захиргааны хэрэг нь татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулсан татварыг ӨЭЖ ХХК эсхүл Ш.Ж нарын хэн нь төлөхийг тогтоох бус нэхэмжлэгч компанид татвар нөхөн ногдуулсан хариуцагч татварын улсын байцаагч нарын 2016 оны 230013961 тоот акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянасан болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй гэж үзсэн 3 ширхэг падааныг 2012 оны 2 дугаар улиралд манай компаниас худалдан авсан барааны баримт болгон өгсөн, зөрчил гаргаснаас хойш 6 жил өнгөрсөн, татварын байцаагч 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийг илрүүлж, анхны дүгнэлтийг бичсэнээс хойш 5 жил 5 сар өнгөрсөн... гэжээ.

 

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 11.2-т Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зааснаар 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлаар нэхэмжлэгч компанид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 1524 дүгээр тогтоолоор гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэн хариуцагч татварын улсын байцаагч нар 2016 онд маргаан бүхий акт ногдуулсныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, А.Тнарын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ӨЭЖ ХХК-д 54,545,450 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан 230013961 дугаартай актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ӨЭЖ ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, А.Тнарын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 230013961 дугаартай актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ