Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 81

 

 

                                                           

            .

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Шүүгдэгч Л.Наран-Очир, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл /ҮД:1943/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Наран-Очирт холбогдох эрүүгийн 201625030834 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Баянбуурал овогт Лосолын Наран-Очир: Монгол улсын иргэн, 1963 оны 07 сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, охин, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 3-41 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, /РД:ХК63072876/

 

Шүүгдэгч Л.Наран-Очир /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 01 сарын 30-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 3-41 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эхнэр Б.Уранчимэгийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Наран-Очироос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 01 сарын 30-ны өдөр орой 19 цаг өнгөрч байхад манай эхнэр Д.Уранчимэг гаднаас нилээд согтуу цүнхээ дээрэмдүүлчихлээ гэж хэлээд ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд “чи намайг захиалгаар дээрэмдүүллээ гэж хэлээд уурлаад зайл гэж” намайг гэрээс хөөсөн. Тэгээд би гарч яваад гаднаас ганцаараа 0.33 л “Хараа” архийг ганцаараа уучихаад гэртээ ороод ирсэн чинь ахиж өмнөх юмаа давтаж яриад байхаар нь уурлаад хэвтэж байсан орноос нь татаж газар унагаагаад нуруу тус газар нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм тэгээд маргааш өглөө нь манай хүргэн Алтансүх ирж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 51/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Д.Уранчимэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 01 сард ажлаа тараад гэр рүүгээ явж байгаад цүнхтэй эд зүйлээ алдчихаад ирэхэд “чи яахаараа эд зүйлээ алддаг юм бэ” гээд загнаад өнгөрсөн, тухайн үед эрүүл байсан юм маргааш нь архи ууж ирээд намайг хэвтэж байхад орноос татаж унагаад нүүр рүү өшиглөж, үсдэж байгаад гутлынхаа өсгийгөөр нуруун дээр дэвсээд зодсон. Тэгээд би өглөө нь хүргэн Алтансүхийг дуудаж гэмтэлд очиж үзүүлэхэд нурууны 1, 2 дугаар үеийн сэртэн яс хугарсан, дотор эрхтний доргилт ихтэй байна гэж эмч хэлж байсан. Тэгээд хүргэнийдээ, дараа нь Дарханд байж байгаад 3 сарын 30-нд хотод ирсэн. Бид 2 гэр бүлийн дундын хөрөнгөтэй учир эмчилгээний мөнгө авахгүй, шүүхээр ороод эд хөрөнгийн маргаангүй гэж гэр бүлээ салгуулсан, одоо надад гомдол санал байхгүй, надад хийсэн зүйлийг нь уучилж байна. Түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.. гэсэн мэдүүлэг. /хх 15/

 

Гэрч З.Баяржаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 04 сарын эхээр байх Оюунбилэг над руу залгаж Баяраа ах миний толгой бариад өгөөч гэхээр нь гэр лүү нь ороход Б.Оюунбилэг орондоо байсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад Л.Сосорбарам зодоод зугтаасан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 15-16/

 

Гэрч Н.Рэнцэнмядагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 01 сарын 30-ны орой 19 цагийн үед байх манай ээж Уранчимэг над руу утсаар ярьж зах дээр явж байгаад цүнхээ дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд орой 22 цагийн орчим эгч Цэрэнханд мессэж бичээд аав ээж 2 маргалдаад байна гэсэн. Маргааш өглөө нь эгч мессэж бичээд ээжийг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм шиг байна, босч чадахгүй байна гэхээр нь нөхрөө дагуулаад яваад очиход ээж орон дээрээ дээш харчихсан, хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд нурууны сэртэн яс хугарсан байна гэсэн гэсэн мэдүүлэг /хх 21/

 

Гэрч Н.Оюунчимэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Наран-Очир манай охин Отгончимэг бид нар буузны мах татаад байж байхад 22 цагийн орчим Уранчимэг согтуу орж ирээд маргаан үүсгээд байсан. Тухайн үед Наран-Очир архи уугаагүй эрүүл байсан. Тэгж байгаад Уранчимэг дэлгүүр орж 1 шил архи авчраад Наран-Очир тэр 2 уусан. Архиа ууж дуусгаад хоорондоо маргалдаад нөхөр нь Уранчимэгийг том нохой гутлаар 2 удаа өшиглөөд авсан. Охин бид 2 салгаад унтуулсан. Өглөө Уранчимэг орон дээрээсээ босч чадахгүй байсан /хх 18/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹4669 дугаартай дүгнэлт: Уранчимэгийн биед бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.4-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх 42/

 

Шүүгдэгч Л.Наран-Очирын иргэний үнэмлэхний хуулбар /хх 62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/, компьютерын томографын оношлогоо /хх 66/, эмчлүүлэгийн карт /хх 67-86/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн ¹182 дугаартай шийдвэрийн хуулбар /хх 90-92/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн ¹4669 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 42/, хохирогч Д.Уранчимэгээс хавтаст хэргийн материалтай танилаад гомдол санал байхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн баримт /хх 102/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Л.Наран-Очир нь 2016 оны 01 сарын 30-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 3-41 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эхнэр Б.Уранчимэгийг зодож биед нь бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Л.Наран-Очирыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэл оногдуудлах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Наран-Очир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Наран-Очир нь цагдан хоригдсон хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түрийтэй гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Баянбуурал овогт Лосолын Наран-Очирыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Наран-Очирыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Наран-Очирт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Л. Наран-Очир нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг түрийтэй гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Наран-Очирт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Наран-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч,  нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР