Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2096

 

 

 

 

 

 

 

 

 

И.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг  даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01461 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М Б” СӨХ-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: И.М,

Хариуцагчийн төлөөлөгч: Х.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймагт оршин суудаг. 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 68 дугаар байранд оршин суудаг авга ахындаа золгохоор ирсэн бөгөөд шөнийн 22 цагийн орчим орцны гадаа нь харанхуй, гэрэлгүй байсан учир орцны хажуу талд байрлах автомашины гараашруу хөл алдан унаж, миний зүүн хөлний дунд чөмөг тасарч, 40 см орчим цууралттай хугарч, хөлөндөө 12 хадаас хадуулж, биедээ хүнд гэмтэл авч хохирсон. Хөдөө орон нутгаас золгуутаар Улаанбаатар хотод ирээд "Мандан бадрах" СӨХ-ны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, хүнд гэмтэл авсан тул надад учирсан хохирол болох 1 800 000 төгрөг гаргуулж өгнө үү. Уг байрны гадна ямарч гэрэлтүүлэг байхгүй, авто гарааш нь хашлага байхгүй, тэмдэг тэмдэглэгээ байхгүй, авто гарааш байгаа талаар мэдэх боломжгүй, огцом 2 метр ухагдсан гарааш байсан. Энгийн хүний нүдээр шөнө хараад мэдэх боломжгүй байсан юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байранд ирэхдээ архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан. Иймд үзэгдэх орчин хэвийн, байрны гарааш байгаа нь харагдаж газар руу унасан байна. Тухайн үед СӨХ-ны ажилчдад бэртлийн талаараа хэлээгүй бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн, удирдах хяналтын зөвлөлийн шийдвэрээр аливаа асуудлыг шийдвэрлэдэг тул уг асуудлыг хариуцахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч “М Б” СӨХ-оос гэм хорын хохиролд 1 449 686 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350 314 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Мандан бадрах" СӨХ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 38 144 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.М-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.М миний бие 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс “М Б” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тухайн үед болсон хэргийн талаар мэдэхгүй бөгөөд шүүхээс Д.М-д мэдэгдэж 68 дугаар байранд золголт хийж явахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан хүний талаар цухас дурдсан. И.М нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байх магадлалтай. Учир нь ямар ч эрүүл хүн тэгж унаж байгаагүй ба гараашийн хашлаганы өндөр нь явган хүний замаас 25 см орчим өндөр хийгдсэн. Тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа СӨХ-г 7 000 000 орчим төгрөгний өрөнд оруулсан ба одоогоор лифт зогсоох гэх мэт өрний асуудлаар өр нь дуусаагүй төлөгдсөөр байна. Мөн ажлаа хүлээлгэж өгөөгүй ба одоо утас нь холбогдохгүй холбоо барьж болохгүй байна. Иймд хэрвээ хохирол төлүүлэх шаардлагатай бол Д.Мөнхтуяа төлөх нь зүйтэй байна гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч И.М нь хариуцагч “М Б” СӨХ-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “М Б” СӨХ нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 68 дугаар орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан үйл ажиллагаа явуулдаг болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч И.М нь 2017 оны 3 сарын 01-ний өдөр дээрхи орон сууцанд оршин суух айлаас гарахдаа орцны хажууд байрлах гараашийн хөндий рүү унаж, хөлөндөө гэмтэл авсан үйл баримтын талаар талууд маргаагүй, энэ нь эмнэлгийн баримт, амбулаториор эмчлүүлэгчдийн картаар тогтоогджээ. /хх-ийн 5, 7-8 дугаар тал/ Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... уг орон сууцны гадна талбай нь гэрэлтүүлэггүй байснаас гадна орцны хажууд гараашийн хөндий рүү нэвтэрдэг хэсэг байгаа нь харагдаагүйгээс унасан. Энэ хэсэгт гэрэлтүүлэг тавих нь сууц өмчлөгчдийн холбооны үүрэг байсан” гэж тайлбарласан нь үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус заасныг зөв тайлбарлан дүгнэжээ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй болохоо нотолж чадаагүй болно.

 

Хариуцагч “М Б” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ буюу орцны гадна талбай гэрэлтүүлэгтэй байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн зохицуулалтыг шийдвэрт орхигдуулсан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байгаа тохиолдолд улсын тэмдэгийн хураамжийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотойгоор эмчилгээ хийлгэхэд 1 449 686 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт цугларсан зарлагын баримтуудаар тогтоогдсон байх тул уг мөнгөн хөрөнгийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэлийн хувийг хариуцагч “М Б” СӨХны гүйцэтгэх захирал Д.М нь 2017 оны 3 сарын 27-ны өдөр гардан авч, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж оролцсон байна. /хх-ийн 19-20, 44-45/ Анхан шатны шүүхээс Д.М-д шүүх хуралдааны товыг 2017 оны 6 сарын 8-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан журмын дагуу мэдэгджээ.

 

Энэ хугацаанд “М Б” СӨХны гүйцэтгэх захирлаар Х.М томилогдсон талаар хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б үйлдсэн байхад шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт нарийн бичгийн даргаар Ц оролцсон гэж зөрүүтэй бичсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хамаарахгүйг дурдаж байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01461 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 ...” гэсний дараа “505 дугаар зүйлийн 505.1” гэж нэмж,

2 дахь заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 145 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ