Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1101

 

 

 

 

 

 

 

 

-

 

   Ж.Г-эд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1379 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Г-эд холбогдох эрүүгийн 1806044980979 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ж-ийн Г,

 

Ж.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, согтуурсан үедээ, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байрны урд талд байрлах тоосгон гражийн 2 давхарын барилга дотор, 58 настай иргэн Ү.Б-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Г-ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар Ж.Г-ийг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г-эд оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ийн цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг Сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ж.Г-ийн өмсөж явсан гүн хөх өнгийн срочкин цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, талийгаач Ү.Б-ы өмсөж явсан хувцас болох саарал өнгийн цамц, хөх судалтай саарал цамц, цэнхэр өнгийн пудволк, хар болон хөх өнгийн 2 ширхэг өмд, цагаан өнгийн хос оймс, саарал өнгийн хос бээлий, хар өнгийн хос гутал, хэргийн газрын үзлэгээр хураагдсан “Хандгай”, “Эзэн чингис”, “Хараа” гэсэн шошготой архины шил тус бүр 1 ширхэг, “Алое” гэсэн бичигтэй ногоон өнгийн хуванцар сав, “Вояж” гэсэн бичигтэй тагтай хуванцар сав тус бүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ээс 7.126.000 /долоон сая нэг зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Балжсүрэн /РД:ЧП39070128/-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ж.Г-ийг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр” байж олон тооны шарх, гэмтэл үүсгэснийг онц харгис хэрцгийгээр алсан гэж зүйлчлэн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, талийгаачийн биед үүссэн олон тооны шарх, гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачтай хэрэг гардаг өдөр уулзахад нүүрэндээ олон тооны шарх, гэмтэл, зулгаралттай байсан талаар шүүгдэгч мэдүүлдэг. “Камерын бичлэгт 12.22.03-д бараан хувцастай 3 хүн манаачийн байр луу орж байгаа гэдэг нь үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан, шинжээч эмч шүүх хуралдаанд оролцохдоо талийгаач 11-13 цагийн хооронд нас барсан гэж мэдүүлсэн. Бичлэгийн 14.16.50-д манаачийн байрны шатнаас бараан өнгийн хувцастай хүн бууж ирээд, ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт зам хөндлөн гарч байгаа гэсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр шүүгдэгчийг талийгаачийн биед олон тооны шарх үүсгэн алсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна. Яллах дүгнэлтэд олон тооны шарх үүсгэсэн талаар байхгүй атал, шүүх дүгнэхдээ шинжээчийн дүгнэлтийн олон тооны гэх гэмтлүүдийг дурдсан мөртлөө зүйлчлэлд нөлөөлөхгүй гэмтлийг дурдсанд гомдолтой байна. Тэд нар 2 шил архи хувааж уугаад дуусах үедээ маргалдсан ба уг маргааныхаа агуулгыг ойлгож байсан. Энэ байдлаас харахад талийгаачийг тухайн үед биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1379 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Г-ийн үйлдсэн хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын Дээд шүүхийн 13 дугаар тогтоолд, онц хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийг хохирогчид олон тооны шарх үүсгэж, өвтгөн шаналгасан үйлдлийг хамаарахаар тайлбарласан байдаг. Талийгаач Ү.Б-ы биед ил харагдах олон тооны гэмтэл үүссэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн  олон тооны буюу зүүн талын 7 хавирганд хугаралт үүсч, улмаар зүрх шахагдан чихэгдэж, хагарч нас барсан нь задлан шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон. Эдгээрээс үзэхэд, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж үзсэн зүйлчлэлийг тохирсон гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 14 дүгээр тогтоолд “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг “бие махбодын хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдийн үйлдэлд эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байх, мөн биеэ хамгаалж чадахгүй хүн гэж өндөр настай, биеийн хувьд илтэд сул дорой, хүчтэй согтуурсан этгээдийг хамаарна” гэж тайлбарласан байдаг. Талийгаач Ү.Б-ы хувьд өндөр настай буюу 58 настай, биеийн ерөнхий хөгжлийн хувьд туранхай, сул дорой, биеэр жижиг хүн байсан. Задлан шинжилгээгээр цусанд 5.3, ходоодны шингэнд 6 бүхэл, шээсэнд 5.7 спиртийн агууламж илэрсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, шинжээч “спиртийн агууламж 5 промелээс дээш нөхцөлд үхэлд хүргэх хордлогын хэмжээнд очдог, энэ үедээ ухамсарт үйлдэл хийх чадваргүй болдог” гэж тайлбарласан. Үүгээр талийгаачийг хүчтэй согтуурсан байсныг тогтоосон гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон учраас өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

 

Прокуророос Ж.Г-ийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, согтуурсан үедээ, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байрны урд талд байрлах, 2 давхар тоосгон гражийн барилга дотор 58 настай иргэн Ү.Б-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ж.Г-эд прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ./ хх-1, х-1/

 

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тогтоогдсон нөхцөл байдлын улмаас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн  2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж яллагдагчид  танилцуулж байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу процесс ажиллагааг гүйцэтгээгүй төдийгүй, яллагдагчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан бөгөөд Ж.Г-эд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг нь дээрх заалтад хамаарч байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарахгүйгээр орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын зорилго нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах баталгаа болдог тул дээрх заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, яллагдагч Ж.Г- нь өмгөөлүүлэх болон сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхээ эдэлж чадаагүй нь шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлжээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Г-эд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1379 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Г-эд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл Ж.Г-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ