Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/шцт/59

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Л.Э,

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Э-д холбогдох эрүүгийн 2024000760056 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ... багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ... регистрийн дугаартай Л.Э.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Нарийн хадат” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 1.2418 м3 хэрэглээний нойтон мод бэлтгэж Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу “Портер” маркийн 63-93 УБТ улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, ойн санд 825,877 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Нарийн хадат” гэх газрын ойгоос 2.50 метрийн урттай 9 ширхэг мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу “Портер” маркийн 63-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт нь:

Гэрч Ө.А-ийн “...Манай нөхөр 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Улаан баг руу өөрийнхөө эзэмшлийн “Портер” маркийн 63- 93 УБТ улсын дугаартай машинаар модонд явсан. Модонд явахдаа ямар нэгэн эрхийн бичиг гоожин авалгүйгээр тухайн моднуудаа бэлтгэсэн байсныг би сүүлд мэдсэн. 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ойгоос бэлтгэсэн модоо машинаараа тээвэрлэж яваад Идэрийн голын гүүрэн дээр шөнө 23:00 цаг өнгөрч байх үед цагдаатай таарч шалгуулсан байсан. Манай нөхөр надад 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Улаан багийн нутаг “Нарийн хадат” гэх газрын ойгоос 2.40 метрийн урттай 9 ширхэг нойтон модыг бэлтгэсэн гэж хэлсэн. Манай нөхөр модонд явахаасаа хэд хоногийн өмнө уг нь гоожин бичүүлж авна гээд сумын засаг даргын тамгын газраар яваад өргөдөл хүртэл бичиж өгсөн гэхдээ гоожин бүтэхгүй байна гэж ярьж байсан. Манай нөхөр тухайн модоор гэрийн хана хийх зорилгоор бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,

Гэрч Б.Т-ын “...Би 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үүрэг гүйцэтгэх хугацаанд Идэрийн голын гүүр орчмоор хяналт шалгалт хийхэд шөнө 23 цаг 40 минутын орчим Л.Э гэх хүн “Портер” маркийн 63-93 УБТ улсын дугаартай автомашинаар 2.40 метрийн урттай 9 ширхэг шинэс төрлийн нойтон модыг тээвэрлэж яваад таарсан. Тухайн үед Л.Э-оос Ш.Батбаатар бид хоёр тээвэрлэж яваа модны эрхийн бичиг гоожинг шалгахад ямар нэгэн эрхийн бичиг, гоожин байхгүй байсан. Л.Э нь шалгуулах үедээ тээвэрлэж явсан моднуудаа нуух зорилгоор дээгүүр нь бүтээлгээр хучсан байдалтай байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 10-12, 19/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Нарийн хадат” гэх газрын ойгоос 2.50 метрийн урттай, 9 ширхэг нойтон модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн болох нь: Гэрч Б.Т-ын: “...Л.Э Портер маркийн 63-93 УБТ улсын дугаартай автомашинаар 2.40 метрийн урттай 9 ширхэг шинэс төрлийн нойтон модыг тээвэрлэж явахад шалгахад модны эрхийн бичиг гоожин байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг, /хх 28-29/

Гэрч Г.Г-ны: “...Би байгаль хамгаалагчаар 2013 оны 03 дугаар сараас хойш ажиллаж байна. Л.Э 2020 оны 09 сард надаас мод бэлтгэх эрхийн бичиг гоожин аваагүй. Миний хувьд зарим үед Баян-Улаан багт мод бэлтгэх эрхийн бичиг олгодог...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,

Иргэний нэхэмжлэгч Л.Б-ын “...иргэн Л.Э-ын зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй...” гэсэн мэдүүлэг /хх 22-24/,

Гэрч Т.Б-ийн: “...Би байгаль хамгаалагчаар 2014 оны 06 дугаар сараас хойш ажиллаж байна. Л.Э надаас нойтон мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлгээр /хх 30-31/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Э-ын “...Би 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Нарийн хадат” гэх газрын ойгоос 2.50 метрийн урттай хэрэглээний 9 ширхэг нойтон модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэж яваад цагдаатай таарч шалгуулсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн нутаг “Нарийн хадат” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 9 ширхэг, 2.50 метрийн урттай нойтон модыг бэлтгэж, тээвэрлэсэн болохыг нотолж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Э-ын дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 825,777 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-ийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай: “...Л.Э-ын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс төрлийн 2,5 метрийн урттай хэрэглээний бөөрөнхий, 1,2418 м3 нойтон мод байна. Мод бэлтгэсэн Баян-Улаан багийн нутаг “Нарийн хадат” гэх газар нь сумын ойн сангийн 2-р мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 369,436 төгрөг, Л.Э-ын ойгоос хийж бэлтгэсэн дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 369,436 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 664,984 төгрөг, бэлтгэсэн 1,2418м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 825,777 төгрөг...” гэсэн дүгнэлтээр /хх 39-40/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнд холбогдох хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Э ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 9 ширхэг 2,50 метрийн урттай хэрэглээний нойтон мод бэлтгэж, Тосонцэнгэл сум руу тээвэрлэж байгаа үйлдэл нь хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Л.Э нь 1,2418 метр куб хэрэглээний нойтон хар мод бэлтгэсний улмаас байгаль экологид 825,777 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Э-ын байгаль экологид учруулсан 825,777 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,477,331 төгрөгийн хохирол ойн санд учруулсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь ойн санд учруулсан 2,477,331 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй болох нь иргэний нэхэмжлэгчийн “...шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “...хохирол, төлбөрийг төлөөгүй...” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээс хохиролд 2,477,331 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Л.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 63-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цагаан өнгөтэй цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь гэрч Ө.А-ийн “...Тухайн автомашиныг манай нөхөр 2018 оны 09 сараас хойш өөр дээрээ эзэмшиж, хэрэглэж байгаа юм. Одоогоор өөрийнхөө нэр дээр шилжүүлэг хийлгэж чадаагүй яваад байгаа юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “...“Портер” маркийн 63-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 09 сард худалдаж авсан. Бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. Хөрөө миний эзэмшлийнх ашиглаад 4-5 жил болж байгаа..” гэсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Л.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 63-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,50 метрийн урттай, 9 ширхэг 1,2418 м3 хэрэглээний нойтон модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 63-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цагаан өнгийн цахилгаан хөрөө, 2,50 метрийн урттай, 9 ширхэг 1,2418 м3 хэрэглээний нойтон модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 4/24 дугаартай тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Э-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-оос ойн санд учруулсан хохирол 2,477,331 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 63-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,50 метрийн урттай, 9 ширхэг, 1,2418 м3 хэрэглээний нойтон модыг тус тус улсын орлого болгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Л.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 63-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,50 метрийн урттай, 9 ширхэг, 1,2418 м3 хэрэглээний нойтон модыг тус тус худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/24 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэ эргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ӨЛЗИЙХИШИГ