Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/шцт/58

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баттулга,

Шүүгдэгч Б.Д, Н.Ш,

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д, Н.Ш нарт холбогдох эрүүгийн 2024000000053 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч-1: Монгол улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Завхан аймгийн Тэлмэн сумын ... багт оршин суугч урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ::: регистрийн дугаартай, Б.Д,

Шүүгдэгч-2: Монгол улсын иргэн, 1981 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Завхан аймгийн Тэлмэн сумын .... багт оршин суугч, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, .... регистрийн дугаартай, Н.Ш.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Уужим дунд товгор” гэх газрын ойгоос 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 6.468 м3 түлээний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг руу “Пронтер” маркийн 96-42 ЗАА, “Портер” маркийн 15-92 ЗАН улсын дугаартай машинаар тээвэрлэн ойн санд 709.926 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нар нь 2020 оны 9 дүгээр сарын 22- ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Уужим дунд товгор” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6.468 м3 түлээний хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг руу “Пронтер” маркийн 96- 42 ЗАА улсын дугаартай, “Портер” маркийн 15-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт нь:

Гэрч Ш.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Идэр багийн нутгийн иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтаар ажиллах хугацаанд Н.Ш, Б.Д нар Идэр багийн нутаг “Уужим” гэх газраас галын түлээний модыг бэлтгэж “Портер” маркийн 15-92 ЗАН, “Пронтер” маркийн 96-42 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж яваад таарсан. Н.Ш, Б.Д нар нь Идэр багийн нутаг “Уужим дунд овгор” гэх газраас галын түлээний модыг бэлтгэж, тээвэрлэн яваа гэж хэлсэн. Тухайн үед ... нарт мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар шалгахад ямар нэгэн эрхийн бичиг байхгүй байсан. Мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас заагдсан хугацаанд тухайн иргэн модоо бэлтгэж тээвэрлэх ёстой. Тухайн моднууд нь 1.50 метрийн уртаар тайрсан галын түлээнд ашиглах боломжтой хуурай шинэс төрлийн моднууд байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

Гэрч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тосонцэнгэл сумын Идэр багийн байгаль хамгаалагчаар ажилладаг. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгаль хамгаалагч Ш.Тарав, цагдаагийн ажилтан М.Амгаланбаатар нартай хамт Тосонцэнгэл сумын Идэр багийн нутагт хяналт шалгалтаар ажиллахад Идэр багийн нутаг Урд эхний гарам гэх газарт Тэлмэн сумын иргэн Ш, Д нар нь “Портер” маркийн 15-92 ЗАН, “Пронтер” маркийн 96-42 ЗАА улсын дугаартай автомашинд галын түлээний мод бэлтгэж, тээвэрлэж явахаар нь шалгахад ямар нэгэн эрхийн бичиг байхгүй байсан. Бэлтгэсэн моднууд нь 1.50-1.60 орчим метрийн урттай хуурай шинэс төрлийн галын түлээний моднууд байсан. Тэр үед дээрх иргэдийн зүгээс өөрсдийн буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч гоожингүй мод ойгоос бэлтгэсэн талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 29-30/,

Иргэний нэхэмжлэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Д, Ш нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 21-22/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 3-6/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Д: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цагийн орчимд Тэлмэн суманд байдаг хөдөө гэрээсээ цагаан өнгөтэй бонго “Пронтер” маркийн 96-42 ЗАА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр галын түлээний мод бэлтгэж ачихаар Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Уужим дунд товгор” нэртэй газрын ойд хүрч очсон. Тэгээд модоо бэлтгэж байтал саахалт айлын залуу Ш өөрийн машинтайгаа миний мод бэлтгэж байсан газрын ойд ирсэн. Тэгээд Шинэтогтох энэ хавиар мод хийчих газар байна уу гэж асуухаар нь цаагуур чинь хийчихээр мод байна лээ гэж хариулсан. Тэгээд бид хоёр тус тусынхаа машинд бэлтгэж цагаалсан моднуудаа ачаад дуусахад гадаа харуй бүрий болж байсан. Би шинэс төрлийн 1.50-60 сантиметрийн урттай, 3 тооны босоо мод унагасан ба газрын унанги модноос тайрч галын түлээний мод хийж ачсан. Би мод бэлтгэхдээ гоожин аваагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Ш-ын: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагийн орчимд галын түлээний мод бэлтгэж ачихаар өөрийн “Портер” маркийн 15- 92 дугаартай дунд оврын ачааны тээврийн хэрэгсэлтэй явж, Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Уужим дунд товгор” нэртэй газрын ойд хүрч очсон. Би уг мод бэлтгэж байгаа газар руу явган явсаар дөхөж очиход манай саахалт айлын ах Д гуай галын түлээний модоо бэлтгэж байна гээд байж байсан. Тэгээд би мод хийчихээр газар байна уу гэж асуухад цаагуур чинь хийчих модтой харагдана лээ гэж хариулж байсан. Тэгээд Д гуай би бараг мод бэлтгээд дуусаж байна гэснээ 2-уулаа бие биедээ тус дэм болоод модоо ачаад буцах уу гэж хэлсэн. Тэгээд би ч галын түлээний модоо бэлтгэхээр цахилгаан хөрөөгөө асаагаад босоо хуурай модноос 2 тооны мод хөрөөдөж унагаж, газрын унанги модноос 1.50 метрийн урттайгаар хөрөөдөж бэлтгэсэн. Д гуай бид хоёр бие биедээ тусалж модоо ачиж дуусгасан. Би Тэлмэн сумынхаа байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Гэхдээ гоожингийн бичилтэд заагдсан газар нутгаас галын түлээний модоо бэлтгэлгүй өөр сумын буюу Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Уужим дунд товгор” гэх нэртэй газрын ойгоос галын түлээний модоо бэлтгэж тээвэрлэсэн юм...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Уужим дунд товгор” гэх газрын ойгоос 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 6.468 м3 түлээний хуурай модыг бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг руу тээвэрлэсэн болохыг нотолж байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас байгаль экологид нийт 709,926 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай: “...Иргэн Н.Ш-ын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 1.5 метрийн урттай түлээний бөөрөнхий хуурай 3,234 м3 мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Идэр багийн нутаг “Уужим, Дунд товгор” гэх газар нь сумын ойн сангийн 2-р мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. БОАЖ-ын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1-аар үржин бодож 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг болж, бэлтгэсэн 3,234 м3-р үржин нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 354,963 төгрөг байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 39-40/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай: “...Иргэн Б.Д ойгоос бэлтгэсэн мод нь шинэс хар мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд 1.58 метрийн урттай түлээний бөөрөнхий 3,234 м3 хуурай мод байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Идэр багийн нутаг “Уужим, Дунд товгор” гэх газар нь сумын ойн сангийн 2-р мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. БОАЖ-ын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1-аар үржин бодож 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг болж, бэлтгэсэн 3,234 м3-р үржин нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 354,963 төгрөг байна..” гэсэн шинжээчийн дүгнэлтээр /хх 32-33/, тус тус тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирлыг төлбөрийг төлөх талаар иргэний нэхэмжлэгчтэй тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байна.

 Иймд шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр түлээний хуурай мод бэлтгэж, тээвэрлэж байгаа үйлдэл нь бүлэглэж хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба тэдгээрийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ. Шүүгдэгч нарын 6,468 метр куб хар мод бэлтгэсний улмаас байгаль экологид 709,926 төгрөгийн хохирол учирсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч нар нь ойн санд 709,926х3=2,129,778 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул тэдгээрээс тус бүрээс 1,064,889 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “Зөвшөөрөлгүйгээр бүлэглэж ойд мод бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгчтэй хохирол төлөх талаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулж тохиролцсон, тэдгээрийн хувийн байдал, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo prontier” маркийн 96-42 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хүрэн алаг өнгөтэй цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь “...Улсын дугаар 96-42 ЗАА, марк “Kia Bongo prontier”, эзэмшигч Б.Д...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүгдэгчийн “...Мод бэлтгэхдээ ашигласан хөрөө, тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI porter” маркийн 15-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хөх алаг өнгөтэй цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь “...Улсын дугаар 15-92 ЗАН, марк “HYUNDAI porter”, эзэмшигч Н.Ш...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүгдэгчийн “...Мод бэлтгэхдээ ашигласан хөрөө, тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo prontier” маркийн 96-42 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “HYUNDAI porter” маркийн 15-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн алаг, хөх алаг өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6,468м3 хуурай модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo prontier” маркийн 96-42 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “HYUNDAI porter” маркийн 15-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хүрэн алаг, хөх алаг өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6,468м3 түлээний хуурай модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчтэй тохиролцож хохирол төлбөрийг барагдуулахаар гэрээ байгуулсан байх тул хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгөөс тус бүр 2 тооны үхэр битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/27 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4/23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo prontier” маркийн 96-42 ЗАА улсын дугаартай, “HYUNDAI porter” маркийн 15-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн алаг, хөх алаг өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6,468 м3 хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын “Kia Bongo prontier” маркийн 96-42 ЗАА улсын дугаартай, “HYUNDAI porter” маркийн 15-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хүрэн алаг, хөх алаг өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6,468 м3 хуурай модыг тус тус худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус бүр хохиролд 1,064,889 төгрөгийг тус тус гаргуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

9. Шүүгдэгч шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгөөс тус бүр 2 тооны үхэр битүүмжилсэн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/27 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4/23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

12. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ӨЛЗИЙХИШИГ