Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/шцт/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Болдсайханаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 20ы өдөр ирүүлсэн 2024000810054 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

* улсын иргэн, * төрсөн, 45 настай, эрэгтэй, * боловсролтой, ковшийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр хүүхдүүдийн хамт * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ... овогт Т.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Уужмын зоо гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.4 метр.куб түлээний, хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Бонго пронтер маркийн 22-32 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 263,424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.С нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Уужмын зоо гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр түлээний, хуурай мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Бонго пронтер маркийн 22-32 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримтууд нь:

-2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр М.А-аас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст ирүүлсэн: “2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Т.С нь Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Уужим гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, Бонго маркийн 22-32 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явсан байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 2 дугаар хуудас/,

-2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-7 дугаар хуудас/,

-2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т.С-аас мод тээвэрлэсэн гэх 22-32 ЗАА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл, 02446920 серийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 2.4 метр.куб мод, мод бэлтгэхдээ ашигласан гэх цагаан хүрэн хөх алаг өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 11-12, 76 дугаар хуудас/,

-2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т.С-аас мод тээвэрлэсэн гэх 22-32 ЗАА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 2.4 метр.куб модыг битүүмжилсэн тэмдэглэл /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,

-2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т.С-аас хураан авсан мод тээвэрлэсэн гэх 22-32 ЗАА улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл, 02446920 серийн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 2.4 метр.куб модыг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Л.Б, гэрч Ш.Т, Т.Б Г.Ц О.Э Г.Г, Н.Ш Б.Д, яллагдагч Т.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн Т.С-ын зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны хэмжээ нь 2.4 метр.куб бөгөөд ойн санд учруулсан хохирлын хэмжээ нь 790,272 төгрөг болох нь:

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаартай: “......” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгт /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай: “......” гэсэн акт /ХХ-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Т.С нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Уужмын зоо гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт тээвэрлэсэн тул гарал үүслийн гэрчилгээний асуудал хөндөгдөхгүй юм.

Харин ойгоос мод бэлтгэж тээвэрлэхдээ сумын эрх бүхий албан тушаалтнаас эрхийн бичиг аваагүй  байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэрээр эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  Т.С-ын үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч  Т.Сыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Т.С-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Шүүгдэгч Т.С нь хувьдаа үл хөдлөх хөрөнгөтэй, төлбөрийн чадвартай нөхцөл байдал хэргийн материалд авагдсан байх тул прокурорын санал болгосон торгох ялыг шүүгдэгчийн үйлдлийн хэр хэмжээнд тохируулан оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.С-ын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 2.4 метр.куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 263,424 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 790,272 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Бямбарагчаагийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч Т.С-ын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлөөгүй байх тул 790,272 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.С-ын мод бэлтгэхдээ ашигласан цагаан хүрэн хөх алаг өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хурааж, мод тээвэрлэсэн бонго пронтер маркийн 22-32 ЗАА улсын дугаартай автомашин, 2.4 метр.куб шинэс мод зэргийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

Үүнээс үзвэл Т.С-ын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 2.4 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Бонго Пронтер” маркийн 22-32 ЗАА улсын дугаартай автомашин, цагаан хүрэн хөх алаг өнгийн  цахилгаан хөрөө зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 2.4 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Бонго Пронтер” маркийн 22-32 ЗАА улсын дугаартай автомашин, цагаан хүрэн хөх алаг өнгийн цахилгаан хөрөө зэргийг худалдан борлуулж  хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, дутсан тохиолдолд шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт  хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулуулахаар шийдвэрлэж буй учир 22-32 ЗАА улсын дугаартай Бонго пронтер макийн тээврийн хэрэгслийн 02446920 серийн дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч /Т.С-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.С-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-аас 790,272 /долоон зуун ерэн мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 2.4 метр.куб хэмжээтэй шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Бонго Пронтер” маркийн 22-32 ЗАА улсын дугаартай автомашин, цагаан хүрэн хөх алаг өнгийн цахилгаан хөрөө зэргийг худалдан борлуулж  хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, дутсан тохиолдолд шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс гаргуулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч  Т.С-ын эзэмшлийн 22-32 ЗАА улсын дугаартай Бонго пронтер макийн тээврийн хэрэгслийн 02446920 серийн дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч Т.С-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН