Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/шцт/53

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Нямжав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч С.Д,

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Д-д холбогдох эрүүгийн 2024000000023 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ............оны ..... дугаар сарын ...........-нд ............ аймгийн ............суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, ............ аймгийн ................. сумын ................ багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,.......................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, С.Д.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Д нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 20-23 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян-Улаан хэсгийн 6-600 тоот хашааны гадна талд байсан иргэн Б.Н-ийн эзэмшлийн Мустанг 5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 12-1221 тоот хашаанд байх иргэн Д.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Ц-д 132.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцэгч талуудаас шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд: Хохирогч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оныдугаар сарын 05-ны өдөр гэрээ цоожилчихоод дүүгийнхээ гэрийг Эрдэнэт хот рүү нүүхэд ачаалж өгчихөөд 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн урд талын цонхны поорчиг онгойчихсон байсан. Гэртээ ороод хартал манай ДДИШ-ний станц алга болчихсон байхаар нь хэн аваад явчихдаг юм бол бодчихоод оройн хоолоо хийхээр хөлдөөгчөө онгойлгосон чинь хөлдөөгч нь дотор байсан мах, сүү, аньс, нэрс, чацаргана бас алга болчихсон байсан. Гараад ойр орчимдоо хулгай орсон ямар нэгэн ул мөр байгаа эсэхийг харахад юм ажиглагдаагүй. Тэгээд эд зүйл алдагдсан байна гэж цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс ДДИШ-ны станц, 2 ширхэг ундааны савтай сүү, 3 кг орчим хонины мах, тортой жимс алдагдсан байсан. ДДИШ-ний станцыг 100.000 төгрөгөөр, 2 ширхэг ундааны савтай сүүгээ 1 литрийг 2000 төгрөгөөр 2 ундааны савтай нийлээд 3 литр 700 грамм хэмжээтэй байсан. Махаа 1 кг-ыг 8500 төгрөгөөр тус тус үнэлнэ. Харин 1 торонд нийлүүлээд хийчихсэн аньс, чацаргана, нэрс зэрэг жимс байснаа үнэлэхгүй...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 5-ны орой 20 цагийн орчимд би мотоциклоо хашаанд оруулах гэж байснаа болиод найзыгаа машинтай хүрч ирээд зааланд тоглоё гэхээр нь мотоциклоо хашааныхаа гадна талд орхичихоод явсан. Зааланд тоглож байгаад 23 цагийн орчимд гэртээ хүргүүлээд ирсэн чинь хашааны гадна талд мотоцикль харагдахгүй байхаар нь оруулчихсан юм байх гэж бодоод хашаа нь дотор байгаа эсэхийг анзааралгүй гэртээ ороод унтчихсан. Тэгээд өглөө босоод та мотоцикль оруулсан уу гээд ахаас асуусан чинь “... үгүй чи унаж явсан биз дээ...” гэхлээр нь хулгайд алдсанаа мэдээд гадуур өдөржин хайсан боловч олдоогүй. Мустанг 5 маркийн 150 мотортой, никель карлантай, улаан өнгөтэй цоохор суудлын бүрээстэй хуучин мотоцикль байсан. Би мотоциклио 800.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 93-96-р хуудас/,

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өглөө босоод дэлгүүрээс 2 шил архи авч уучихаад ......., Муна ах, Да бид дөрөв Н-ийнд ирсэн. Тэднийд Б, М ах, Д, Н дөрөв мах хуураад сууж байсан тэгэхээр нь юун мах хуурч байгаа юм гэсэн чинь Д гэрээсээ авчирсан гэсэн гэж хэлчихээд бид нар архи хувааж уусан. Би тэр станцыг хараагүй. Муна буюу Х ахыг унтаж байхад нь Насаа ДДИШ-ний станц энгэрээс гаргаж байхыг харсан байсан. Д, Н хоёр хамт явж байгаад ДДИШ-ний станц авчирсан байсан. Хэн нь авсан талаараа надад хэлээгүй. Гадаа харанхуй болчихсон хойно Д би ахындаа очоод ирье гэж гарснаа удалгүй нэг гэрэлгүй мотоцикль унаж ирээд Н-гийн гэрийн хойно тавиад ороод ирэхээр нь бид нар гараад юун мотоцикль хаанаас аваад ирэв гэж асуусан чинь ахындаа байсан өөрийнхөө мотоциклийг авчирч байна гэж хэлэхээр нь бид нар буцаад гэртээ орсон. Хулгайн юм биш биз дээ гэж асуусан чинь үгүй миний мотоцикль байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө мотоциклийг нь Н, Б, бид гурав дэлгүүрт тавихаар Ж-гийнд очсон. Би Ж-д миний мотоцикль байгаа юм та энэ мотоциклийг хэдэн төгрөгөнд авчихаач гэж хэлээд хэдэн шил архи авсан. Тэгээд Б, Н бид гурав Н-гийн гэр рүү явган явсан. Харин Ж ах нөгөө мотоциклийг аваад хоцорсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40, 103-р хуудас/,

Гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд Б, М, Д бид дөрөв Н гэх залуугийнд ирсэн. Өнгөрсөн шөнө нь Б бид хоёр архи ууж хоносон болохоор Н-гийнд унтсан, нэг мэдсэн Н, М, Д гурав гараад явчихсан байсан. Удаа ч үгүй Н, Д хоёр орж ирэхдээ Н ДДИШ-ний станц цамцынхаа дотуур хийчихсэн байснаа гаргаад тавьж харагдсан. Нөгөө банди нь буцаж гараад тортой юм бариад орж ирэхээр хаанаас юм аваад ирэв гэсэн чинь Д би гэрээсээ авчирсан юм гэж хэлсэн. Тэгээд торноос мах гаргаж ирээд нөгөө махыг нь бид нар хуурч идсэн. Мөн тэр тор нь дотор ундааны савтай сүү 2 ширхэг, бага зэрэг хэмжээтэй аньс болон чацаргана байсан. Харин Мн хивсээ айлд өгчихлөө гээд 2 шил архи авч ирснийг нь бид нар хувааж уугаад байж байтал Д гараад явсан. Тэгээд удаа ч үгүй гадаа харанхуй болчихсон байхад Д гэрэлгүй нэг мотоцикль унаж ирээд Нгийн гэрийн хойно авчирч тавьсан.Тэгээд гэрт орж ирээд тэд нар хоорондоо ярьж байгаад нөгөө мотоциклио барьцаанд тавьж архи авах болоод Н, Б, М гурав яваад ирэхдээ 4 шил архи, 3 хайрцаг тамхи авсан бололтой байсан. Тэгээд бид нар архийг нь хувааж уусан. Би Д-ийг хаанаас ямар мотоцикль авчирсныг асуугаагүй. Миний өөрийн мотоцикль гэж ярьж байсан..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 99-р хуудас/,

Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд Муна буюу Х, М, Д бид нар тал шил архитай Н-ийнд орсон. Тэгээд нөгөө архиа ууж байгаад М хивсээ аваачиж зарна гээд гараад явсан. Муна бид хоёр Н-гийнд унтаад үлдсэн. Нэг сэрэхэд Д, Н хоёр ч гэсэн гараад явсан байсан. М бид хоёрыг унтаж байхад Н, Д хоёр сэрээсэн. Тэгсэн Д нь гаднаас нэг цагаан тортой юм барьж орж ирээд гэртээ очоод мах, сүү аваад ирлээ хоол хийж идье гээд хоол хийгээд байж байтал М 2 шил архи авчихсан ирсэн. Тэгээд бид нар хоолоо идээд нөгөө архиа хувааж уусан. Тухайн үед Ц гэдэг айл руу орж ДДИШ станц, мах, жимс, сүү зэрэг зүйл авсан гэж ярьж байсан. Н уг айл руу орж хулгай хийсэн эсэхийг мэдэхгүй. Бид нар хоол хийж идчихээд байж байтал Д ахындаа очоод ирье гээд гарсан. Тэгээд нилээн байж байгаад ирэхдээ гэрэлгүй, улаан өнгөтэй, мустанг 5 маркийн мотоцикль унаж ирсэн. Тэгэхээр нь бид нар хаанаас авсан, хэний мотоцикль болохыг асуухад миний мотоцикль би хөдөөнөөс мотоцикльтой орж ирсэн гэж байсан. Тэгээд М, Н бид гурав нөгөө мотоциклийг нь унаж яваад Ж-ийн дэлгүүрт тавиад тэдний дэлгүүрээс 200 граммтай 5 шил архи, 4 хайрцаг тамхи, 1 лаазалсан загасны мах авсан. Ж-йн дэлгүүрээс гарч алхаад Н-гийн гэрт ирж нөгөө архиа хувааж уусан. Гэрэлгүй, улаан өнгийн суудлын бүрээстэй, Мустанг 5 маркийн мотоцикль байсан. Өөр ямар нэгэн содон шинж тэмдгийг ажиглаагүй. Ж гэдэг нь Н-ын хүргэн ах О гэдэг хүн байгаа юм. ..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45, 101-р хуудас/,

Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 05- ны өдөр 17-18 цагийн орчимд 2 хүүхэдтэйгээ гэртээ байж байхад гадаа нохой хуцаад байхаар нь гарсан чинь манай үүдэн нь дээр нэг банди зогсож байсан. Яах гээд байгаа юм бэ гэсэн чинь би танайхаар орчихоод явъя гээд нэг залуутай хамт орж ирсэн. Гэрт орж ирээд та надаас хивс худалдаад авчихаач гэхээр нь “...хулгайн эд зүйл биш биз дээ...” гэсэн чинь “... миний өөрийнх байгаа юм...” гэхээр нь би 20.000 төгрөгөөр хивсийг худалдаж автал “...эгчээ би өлсөөд байна гурав хоног хоол идсэнгүй...” гэсэн. Би чанаж байсан махнаасаа гаргаж өгөөд нэг аяга хоол хийж өгсөн. Тэгээд маргааш тэр залуугийн ээж нь гэх эмэгтэй ирээд нөгөө хивсийг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил таараад гэртээ очиход Б.М гэх залуу манайд ээжтэй юм яриад, ээж хоол хийгээд сууж байсан. Би ээжээс ямар учиртай залуу юм гэж асуусан чинь энэ банди хивс зарна гээд байна. Хэдэн өдөр архи уулаа, хоол унд ч идээгүй гээд байсан. Тэгсэн ээж миний хүү очиж үзээд аваад ир гэсэн тэгээд ах бид хоёр нөгөө залууг машиндаа суулгаж аваад Дэнжийн доод хэсэгт айлын хашааны гадаа зогссон. Тэгээд хашаанд байх гэрт ороход 2 талын орон дээр согтуу бололтой 2 хүн унтаж байсан тэгээд нөгөө хивсийг нь аваад гэртээ харьсан. Мягмарсүрэн манайд орж ирээд дахиж нэг аяга хоол идчихээд, надаас тамхи нэхэж татчихаад хүргээд өгөөч гэхээр нь манай дүү мотоциклиор яваад сайр гаргаж өгчихөөд ирлээ гээд буцаад хүрээд ирсэн. Маргааш нь М-гийн ээж нь гэх эмэгтэй намайг хөдөө явсан хойгуур ирээд хивсний мөнгийг өгчихөөд аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.М-нгийн зарсан хивс нь цэцгэн хээтэй, шар өнгийн хивс байсан. Уг хивсийг Мягмарсүрэнг хуримаа хийхэд нь авч өгсөн тэр хивсийг айлд 20.000 төгрөгөөр зарчихсан байна гэхээр нь би өөрөө очиж тухайн айлаас нь авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

Гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Б-мын хадам дүү М гэрээсээ авсан гээд нэг хивс барьчихсан Б М хоёр бас нэг хүнтэй гурвуулаа манайд ирсэн. Тэгээд манайхаас гараад нөгөө хивсээ зарах гээд явж байгаад Д-той тараад Г гуайнд ороод гарч ирэхгүй байхаар би гэртээ харилаа гээд түрүүлээд гэртээ ирээд байж байсан чинь хойноос Д 2 тортой юм барьчихсан орж ирээд ах өлсөөд байна хоол хийж идье би гэрээсээ мах, сүү, тортой нэрс авчирсан гэсэн. Тэгээд бид хоёр хоол хийгээд байж байтал Б, М хоёр нөгөө хүнтэйгээ 2 шил архи барьж ирсэн. Бид нар хоолоо идчихээд 2 шил архиа хувааж уугаад сууж байтал Д харьчихаад ирье гээд гарсан. Тэгээд бид нар сууж байтал манай хашаанд мотоцикль дуугарч орж ирээд гэрийн хойд талд зогсоохоор нь юу вэ гээд гарсан чинь Д улаан өнгөтэй мустанг 5 маркийн мотоцикль унаж ирсэн байсан. Чи хаанаас мотоцикль унаад ирэв гэж асуусан чинь би гэртээ хариад мотоциклио аваад ирлээ гэсэн. Тэгээд бид нар гэрт орсон..., мотоциклийг барьцаанд тавих гээд манайхаас мотоциклийг Б унаад М бид 2 хойгуур нь суугаад Ж ахын гадаа очсон. Би нохойг нь хорьж оруулчихаад гадаа нь хүлээгээд гарч ирэхгүй болохоор хойноос ортол наймаагаа хийчихсэн байсан. Тэгээд Б Ж ахаас 4 шил архи, клаб ЛД 3 ширхэг, парламент 1 ширхэгийг авсан байсан. Д өдөр гэрээсээ авчирсан гээд мах, ундааны савтай сүү 2 ширхэг, ДДИШ-ийн станц 1 ширхэг, тортой нэрс зэргийг авчирсан. Өөр зүйл байсан эсэхийг сайн мэдэхгүй. Би хаанаас авчирсан бэ гэхэд гэрээсээ авчирсан гэсэн. Д-ийн унаж ирсэн мотоцикль гэрэлгүй, улаан өнгийн суудлын бүрээстэй, дөрвөлжин хэлбэртэй банктай мустанг 5 маркийн улаан өнгөтэй хуучин мотоцикль байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 105-р хуудас/,

Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 06-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал ОО цагийн орчимд Б, Н,  буюу М нар манай гэрийн хаалгыг цохиод байхаар нь хаалгаа онгойлгож өгтөл гурвуулаа орж ирсэн. Тэгээд мотоциклыг 0.75 гр хэмжээтэй 2 шил архинд тавьчих гэхээр манайд бараг архи байхгүй гэхэд М миний мотоцикль байгаа юм гээд 1 цаг гаран гуйгаад байхаар нь надад 100 граммын жижиг архи л байгаа гэсэн чинь тэрийг чинь авъя гэсэн. Би дэлгүүрээсээ 100 граммын 4 шил архи, клаб ЛД тамхи 4 ширхэг, 1 ширхэг загасны консерав өгсөн. Би мотоциклийг нь аваад гэр рүүгээ явсан. Харин Б, М, Н гурав манай дэлгүүрийн урьд зогсож байгаад явсан. Мустанг 5 маркийн 150 мотортой, никель карлантай, улаан өнгөтэй цоохор суудлын бүрээстэй, хуучин мотоцикль байсан. Гэрэл нь асахгүй, түлхүүргүй гишгээд асаж байсан...” /ХХ-ийн 109-р хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

Мөн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа: Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 1,2 гэж дугаарласан гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаартай гарын мөр С.Д-ийн зүүн гарын эрхий хурууны дардастай, 2 гэж дугаарласан гарын мөр С.Д-ийн баруун гарын долоовор хурууны гарын дардастай тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 57-58-р хуудас/, Цагдаагийн хошууч Б.Алтанжингийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай: “...ДИДШ станц 100.000 төгрөг, 2 ширхэг ундааны савтай сүү 7400 төгрөг, хонины мах 25.500 төгрөг...”, Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикль 800.000 төгрөг ...” гэсэн мөрдөгчийн магадлагаа, /хх-ийн 63, 111-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох: Завхан аймгийн Цагдаагийн газрын “... Боржигон овогт С-Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн ял шийтгэл шалгах хуудас /хх-ийн 119-р хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7156 дугаартай: “... С.Д /ИГ90100813/ нь ам бүл 4. Аав ээж дүү нарын хамт амьдардаг. Тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, Төрийн банкны Тосонцэнгэл салбарын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34- 13/064 дугаартай: “...Иргэн С.Д /ИГ90100813/ нь тус банканд харилцагчаар бүртгэлгүй болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт. Хас банкны Тосонцэнгэл тооцооны төвийн 2020 оны 06 дугаар сарын 17өдрийн 40/297 дугаартай: “... С.Д /ИГ90100813/ нь Хас банканд харилцах, хадгаламж, зээлийн дансны мэдээлэлгүй нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт, Хаан банкны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20/40 дугаартай: С.Д /ИГ90100813/ нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хаан банканд дансгүй болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын: “......регистрийн дугаар С.Д нь жолооны үнэмлэхийн мэдээлэл олдсонгүй ...” гэсэн жолоочийн лавлагаа, мэдээлэл, Улсын бүртгэлийн байгууллагын ......... регистрийн дугаар С.Д нь үл хөдлөх хөрөнгөгүй...” гэсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Улсын бүртгэлийн байгууллагын .......... регистрийн дугаартай С.Д нь гэр бүлгүй...” гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Улсын бүртгэлийн байгууллагын .............регистрийн дугаартай С.Д. халх, эрэгтэй, .оны ..... дугаар сарын .........-нд ....... аймгийн ........суманд төрсөн. .........н аймгийн .... сумын ........ багт оршин суудаг...” гэсэн иргэний үнэмлэхний лавлагаа, Улсын бүртгэлийн байгууллагын ....................регистрийн дугаартай С.Д нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт оршин суух хаягийн бүртгэлтэй байна...” гэсэн оршин суугаа хаягийн лавлагаа,

Гэрч Р.Д- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Д нь зан чанарын хувьд төлөв, даруу зантай, үг дуу цөөтэй, хүний үгнээс гардаггүй, элдэв гаж буруу, ааш зан байхгүй, хар бор ажил төрөлд сайн хүүхэд. Нэг нутгийн хүмүүс болохоор сайн танина. Аав ээжтэй нь хамт нутагладаг. Багийн л төлөв даруу зантай сайн хүүхэд байсан. Архи, тамхи хэрэглэж мэдэгдэггүй, хүнтэй маргалдаж муудалцаж байна сонсож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134-р хуудас/,

Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Д нь зан чанарын тухайд гайгүй хүүхэд байсан. Элдэв ааш араншингүй, үг дуу цөөтэй, сургуульд суралцаагүй, архинд жаахан дуртай юм шиг байгаа юм. Архи уугаад байна гэж сонсогдоод байдаг. Хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Хар бор ажилд сайн, аав ээжтэйгээ хамт амьдардаг. Тамхи татдаг, дуу цөөтэй, хүнтэй яриа хөөрөө муутай. Энэ тэнд айлын мал маллаад явдаг хүүхэд...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-р хуудас/ зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Яллагдагч С.Д нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 20-23 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян-Улаан хэсгийн 6-600 тоот хашааны гадна талд байсан иргэн Б.Н-ийн эзэмшлийн Мустанг 5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 12-1221 тоот хашаанд байх иргэн Д.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтрэн орж ДДИШ-ний станц, ундааны савтай сүү, хонины мах, тортой жимс / аньс, нэрс, чацаргана/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.Ц-д 132.900 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон бөгөөд энэ нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байна. Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч С.Д-д холбогдуулан Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгдэгч С.Д-ийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр орой 20-23 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян-Улаан хэсгийн 6-600 тоот хашааны гадна талд байсан иргэн Б.Н-ийн эзэмшлийн Мустанг 5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хороо 12-1221 тоот хашаанд байх иргэн Д.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилгын хувьд тус тусдаа, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн тус тусдаа эхлэл, төгсгөлтэй үйлдэл боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан, халдлагын объект, зүйл нэгтэй нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэрэг байна. Шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хэд хэдэн шинжийг агуулсан бөгөөд обьектив болон субьектив шинжүүдээрээ нийтлэг байгаа, нэг төрлийн хэргийг цаг хугацааны завсарлагаатайгаар үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болон 2.1-т зааснаар үйлдэл тус бүрд ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжтой юм.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэх нь үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Д-ийн дээрх үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй. Харин шүүгдэгч С.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа ял, хүлээлгэх хариуцлагыг ойлгож мэдсэн. Би 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчимд Балжинням, Мягмарсүрэн, Хүрэлбаатар бид гурав Насантогтохынд очиж архи уусан...” , “... Насантогтохоос салаад салсан газрынхаа хойд талын гудамжны цагаан хүрээтэй улаан банзан хашаа, хуучин банзан хашаа хоёрын засвар орчмоор хашаа давж ороод гадна тал нь цагаан өнгийн шавар байшингийн урд талын вакум цонхны пооршигийг түлхэж байшингийн дотогш орсон. Тэр үед пооршиг онгорхой байсан. Байшинд ороод том өрөөнд зурагтын хажууд байсан цагаан өнгийн ДДИШ-ний хүлээн авагчийг авчхаад гал тогоо руу орж цагаан өнгөтэй хөлдөөгч нь дотор байсан мах, сүү, жимс зэргийг аваад буцаж орж ирсэн цонхоороо гарсан...”, “... Насантогтох ганцаараа явж байхаар нь араас шүгэлдэж уулзаад ДДИШ-ний хүлээн авагчийг өвөртөө хийчих гээд өгөөд гэрт нь очсон. Би тэр үед тухайн эд зүйлийг гэрээсээ авчихлаа гэж хэлсэн....”, Мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б........., ...., ..... бид нар Н-ынд очиж архи ууж өнжсөн....” , “... Хишиг” дэлгүүрийн ар талын гудамжинд 6-600 тоот хашааны гадна талд байсан мустанг-5 маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг 22 цагийн орчимд кундакторын утасыг нь салгаад манувелдаж асааж унаад Н-ынд очиход Б, М, М, Н нар гэрээсээ гарч ирж хараад “...хаанаас хэний мотоцикл аваад ирэв...” гэж асуухаар нь би тэд нарт “...манай ах надад өгсөн юм...” гэж хэлсэн....”, “... Н “...чиний наад мотоцикл чинь асуудалгүй бол аваачаад тавьчих уу...” гэж хэлэхээр нь би “...та нар авч чадах юм бол тэг...” гэж хэлтэл Б, Н,  гурав нөгөө мотоциклийг унаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж ирэхдээ 4 шил архи, 3 хайрцаг тамхи авчирсан. Би энэ хэргийг ганцаараа хийсэн. Н надад хулгай хийхэд зааж өгсөн, зөвлөсөн, айлгаж, сүрдүүлсэн, дарамталсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би Н-оос салж явсныхаа дараа хулгай хийсэн. Н сайрын гол дунд зүүн тийшээ явж байсан байсан болохоор хараагүй. Би эдгээр хэргийг өөрийн бодлогогүй болчимгүй зангаасаа болж хийсэндээ маш их харамсаж байна. Энэ хэргийг хөнгөн шийдэж өгөхийг хүсэж байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Муухай зүйл хийж байсандаа одоо маш их гэмшиж байна...” гэж мэдүүлсэн,

шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д нь “...Би 6 сард Н-той уулзсан....” , “... орой нь Н над руу залгасан “чи хаана байна” гэхээр нь би гэртээ байна гэж хэлэхэд хашааныхаа үзүүрт гараад ир хоёулаа уулзъя гэж надад хэлсэн. Тэгээд би гараад очтол Н надад лаазтай пиво гаргаж өгөхөөр нь би уусан. Н хоёулаа манайд очъё гэрт манай найзууд байгаа ярьж жаахан сууя гээд гэр рүүгээ дагуулж явсан. Тэгээд гэрт нь очтол найзууд нь архи уугаад байж байсан. Н надад хоёулаа дэлгүүр яваад ирье гэж хэлэхээр нь хамт явсан....”, Н 1 шил архи аваад явж байгаад мотоцикль хараад “... намайг согтуу байхад ах унаад явсан миний мотоцикл байна...” гэж хэлэхээр нь би “за найз нь явлаа чи ахтайгаа уулзчихаад араас хүрээд ирээрэй гэж хэлчихээд явсан” юм. Удалгүй Н намайг дуудахаар нь хартал мотоцикль түрээд явж байсан бөгөөд би “чи наад мотоциклоо асаагаад яваач ээ” гэж хэлэхэд Н чи унаад яв найзынх нь хөл өвдөөд байна. Найз нь согтуу мотоцикль жолоодож чадахгүй байна гэж хэлэхээр нь би асаагаад хашаа руу нь оруулж өгсөн юм....”, “... Б, Н хоёр дэлгүүр яваад ирье гээд нөгөө мотоциклыг асаагаад хашаанаас гараад явсан. Удалгүй тэр хоёр 2, 3 шил архи барьчихсан орж ирсэн бөгөөд авчирсан архийг нь задлаад байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн....” , “...Насантогтох чи тэр мотоциклыг миний мотоцикль гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй...”гэж мэдүүлэн, хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “ ...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй “ гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр, яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө тогтворгүй, өөр өөр мэдүүлэг өгсөн, шүүгдэгч нь мэдүүлгийг хэрхэн өгөх нь түүнд хуулиар олгогдсон эрх боловч түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь эх сурвалжгүй, тодорхой бус буюу нотолгооны чадваргүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байгаа болох нь шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч, няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэггүй ч, гэмт хэрэг үйлдээгүй болохоо өөр бусад нотлох баримтуудаар үгүйсгэж чадаагүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь хохирогч нар төлөх хохирол төлбөргүй болох нь: Эд мөрийн хураан авсан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр МPEG-4, DVB-S2, DIGITAL, SATELLITE RECEIVER гэсэн чиглэлтэй ДДИШ-ийн станцыг 2020 оны 18 өдрийн 10 цаг 03 минутад ... овогт Д.Ц-д хүлээлгэж өгөв...” гэсэн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар хурааж авсан Мустанг 5 маркийн 150 мотортой, никел карлонтай, улаан өнгөтэй, цоохор суудлын бүрээстэй мотоциклийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 30 минутад цагдаагийн хэлтсийн Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны хашаанаас .... овогт Б.Н-д хүлээлгэн өгөв ...” гэсэн тэмдэглэл, Шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Би хулгайлсан мотоцикль, ДДИШ-ийн хүлээн авагч нарыг эздэд нь буцааж өгсөн. Ц гэдэг хүнээс хулгайлсан мах, жимс зэрэг зүйлийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Н, Д.Ц шүүгдэгч С.Д нарын “...С.Д миний бие учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулж өгсөн. Иймд ямар нэгэн маргаангүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн тайлбар, эвлэрч, баталгаа гарган, гарын үсэг зурж ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчид нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Д-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2- т заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл болох ба дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлж шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэхээр байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” тухай заасан ба шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргасан, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй тул түүнд дээрх хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй байна.

Иймд С.Д-д 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч С.Д-д хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн учир түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шүүхийн шийдвэрт зааж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тухайн цаг үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Д нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байх ба цаашид энэ хэрэгт түүнээс гаргуулах хохирол, төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Д-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч .... овогт С.Д-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ийн цагдан хоригдсон 4/ дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож хорих ялын биелэлтийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч С.Д-с энэ хэрэгт гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрий17.1н хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОТГОНХИШИГ