Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2020/шцт/52

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,

Шүүгдэгч Г.Б,

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 2024000650051 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны..... дугаар сарын .....-нд ....... аймгийн л суманд төрсөн, ....... настай, .й, ..... боловсролтой, ............ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ...... аймгийн ....... сумын ........ багийн ....... хорооллын ..... тоотод оршин суух, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, .... овогт Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн 22 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Мандах зочид буудлын хажууд Замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Д-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт нь 1 удаа цохих, энгэрээс нь заамдаж, хувцасыг нь урах зэргээр хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Б нь 2020 оны 08 дугаар сарын 9-нд оройн 22 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Мандах зочид буудлын хажууд тухайн өдөр Замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Д-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, энгэрээс нь заамдаж, хувцасыг нь урах зэргээр хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогдсон болох нь:

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 08 сарын эхээр өдрийг сайн санахгүй байна, орой 22-23 цагийн орчимд өөрийн мотоцикльтой найз Г.Б-ын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Худалдааны гудамж дахь Мандах нэртэй гуанз, буудлын гадаа очиж зогстол, бид 2-ын араас нэгэн суудлын машин ирж зогсоод машин дотроос 2 цагдаагийн алба хаагч бууж ирсэн. Тэгсэнээ нэг замын цагдаа нь манай найзад хандан, яагаад хамгаалалтын малгай өмсөж явахгүй байна, мотоциклийн бичиг баримтаа шалгуулна уу гэж хэлсэн. Би цагдаагийн алба хаагчид хандан “надад мотоциклийн бичиг баримт байхгүй” гэж хэлэх гэтэл, уг замын цагдаагийн алба хаагч “за тэгвэл таны мотоциклийг журмын хашаанд саатуулах үндэслэл байна” гэж хэлсэн. Тэгтэл Г.Б бидний хоорондуур орж, уг замын цагдаад хандан “манай найзын мотоциклийг энэ удаа журмын хашаанд саатуулаад яах вэ” гэж хэлээд, яах ийхийн зуургүй замын цагдаатай маргалдаж, түүний дүрэмт хувцасны энгэр хэсгээс зууралдаж, тэр 2 хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгтэл замын цагдаатай хамт явсан бас нэг цагдаа нь тэр 2-ыг салгасан. Удалгүй замын цагдаагийн байцаагч нь бололтой цагдаагийн ахмад цолтой албан хаагч машинтай хүрч ирсэн. Г.Б бид 2-ыг машиндаа суулган явж, цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэж, мотоциклийг журмын хашаанд түр саатуулсан юм. Г.Б цагдаагийн алба хаагчийг цохиж, зодсон зүйл байхгүй. Түүний дүрэм хувцасны энгэр хэсгээс зууралдаж аваад, цагдаа салгах үед дүрэмт хувцасных нь ногоон хантаазны энгэр хэсэг нь урагдсан харагдсан. Цагдаагийн алба хаагч Г.Б-ыг цохиж, зодсон зүйл байхгүй. Тухайн үед цагдаагийн алба хаагч надтай харьцаад зогсож байсан. Гэнэт юу болсон юм бүү мэд манай найз Г.Б намайг өмөөрсөн юм байлгүй, уг цагдаатай маргалдаж, түүнтэй зууралдаад л салцгаасан. Тэдний хажууд Д-ээс гадна бас нэг цагдаа болон бид 4-өөс өөр хүн байгаагүй. Би бага зэрэг пиво уусан байсан. Би уг зөрчилд би арга хэмжээ авахуулаад, жолоодох эрхээ хасуулж, торгуулийн арга хэмжээ авагдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/,

Хохирогч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу Замын цагдаагийн үндсэн постонд үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах Гандирас нэртэй зочид буудлын урд талаас сэжиг бүхий мотоцикль хөдөлж, замын хөдөлгөөнд оролцсон. Тухайн мотоциклыг зогсоон, шалгахаар араас нь дагаж явтал Мандах нэртэй зочид буудлын орчимд хөдөлгөөнөө зогсоосон. Миний бие тухайн мотоциклыг хөдөлгөөн зогсмогц очиж, өөрийн нэр албан тушаалаа танилцуулан мотоциклыг жолоодож явсан иргэн Б.Сумъяабазараас “тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ шалгуулна уу...” гэсэн шаардлагыг тавьтал, Сумъяабазартай хамт мотоцикль дээр зорчиж явсан Б “...би наадахыг чинь алж үзүүлэх үү...” гэж хэлээд бууж ирсэн. Б мотоциклоос бууж ирэнгүүтээ шууд миний эрүү рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний энгэрээс гараараа заамдаж барихдаа миний үүрэг гүйцэтгэж байх үедээ өмсөж байсан ногоон өнгийн хантааз болон хээрийн хүрэмний ханцуйны товчийг тасалсан. Энэ үед надтай хамт явж байсан Батсайхан бид хоёрыг салгасан. Тэгээд халдлагад өртсөн тухайгаа жижүүрийн шуурхай албанд мэдэгдсэн. Миний өгсөн мэдээллийн дагуу ахмад Б.Жадамба тухайн газарт ирж зөрчил гаргасан хоёр иргэнийг Цагдаагийн хэлтсийн байранд хүргэхээр авч явах гэж байхад Г.Б намайг “...чамайг ална, өдөр шөнөгүй гэрийн чинь гадаа отож байгаад чамайг ална, гэр бүлээр чинь оролдоно...” гэх мэт үгээр заналхийлсэнээ миний нэг мөрдөсийг гараараа татаж ураад газар шидсэн. Өөр ямар нэгэн үйл явдал болоогүй. Би Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаагаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлж ажиллаж байгаа. 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Замын цагдаагийн үндсэн постон нь дээр үүрэг гүйцэтгэж байсан. Би цагдаагийн хэлтсийн даргын баталсан эргүүл, жижүүрийн томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед мотоциклын жолооч Сумъяабазар гэгчид миний зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхыг уриалж, намайг хэл амаар доромжилсон, бие, эрүүл мэндэд халдсан, албан үүрэгтэй холбогдуулж заналхийлсэн зэрэг үйлдлийг гаргасан. Хүзүүний хэсэг арьс улайж хөхөрсөн. Тухайн газартаа эмзэглэлтэй байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Мөн хээрийн хүрэмний ханцуйны хоёр товч тасарсан, нэг мөрдөс урагдсан, ногоон хантааз урагдаж гэмтсэн. Ногоон хантаазыг дахин ашиглах боломжгүй болсон. Бусад хувцас, мөрдсийг оёж засварласнаар дахин ашиглах боломжтой. Албан үүргээ гүйцэтгэхдээ айдастай болж байна. Сэтгэл санааны хохирол амссан. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна. Миний зүгээс Г.Б гэгчийн биед халдсан ямар нэгэн үйлдэл байхгүй. Уг асуудлыг хуулийн дагуу шалгуулж шийдүүлмээр байна. Мөн урагдаж гэмтсэн албаны хувцас мөрдөс зэргээ төлүүлж авмаар байна. Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг,/хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Би 2020 оны 08дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа буугаад амарч байсан. Тосонцэнгэл сумын ДарханУул багийн нутагт байрлах Гандирас дэлгүүрээс хүнсний зүйл авах гээд явж байтал Д-тэй тааралдсан. Тухайн үед Д замын цагдаагийн үндсэн постонд үүрэг гүйцэтгэж байсан. Дэ бид хоёрыг уулзаад зогсож байтал Гандирас дэлгүүрийн орчмоор өндөр хаазтай, хурдтай мотоцикль явж өнгөрсөн. Тэгтэл Д надад “...сая өнгөрсөн мотоциклыг шалгахад хамт яваад өгөөч...” гэж хэлэхээр нь би Д-ийн машинтай хамт мотоцикль явсан зүгт араас нь дагаад явж байтал мотоцикль Мандах гуанзны үүдэнд зогссон. Д машинаас бууж нөгөө мотоцикль дээр очсон. Намайг буугаад араас нь очих үед Д тухайн мотоциклыг жолоодож явсан жолоочид “ ... бичиг баримтаа шалгуулна уу...” гэсэн шаардлагыг тавьсан. Тэгтэл жолоочийн хойд талд сууж явсан Болдбаатар гэх залуу “...би наадахыг чинь алж үзүүлэх үү...” гэж хэлээд бууж ирэнгүүтээ Д-ийн эрүү хэсэгт гараараа нэг удаа цохьмогцоо Д-ийн энгэрээс гараараа заамдаж барьсан. Тэр үед би Б гэгчийг Д-ээс салгасан. Намайг салгасны дараа Д бусдад зодуулсан талаараа жижүүрийн шуурхай албанд мэдэгдсэн. Мэдээллийн дагуу ахмад Б.Жадамба тухайн газарт ирж зөрчил гаргасан хоёр иргэний цагдаагийн хэлтсийн байранд хүргэхээр авч явах гэж байхад Г.Б дахин Дэ “...чамайг ална, өдөр шөнөгүй гэрийн чинь гадаа отож байгаад чамайг ална, гэр бүлээр чинь оролдоно...” гэх мэт үгээр заналхийлснээр Д-ийн нэг мөрдөсийг гараараа урж, тасдаад газар шидсэн. Тухайн үед өөр ямар нэгэн үйл явдал болоогүй. Тэр үед О.Д-ийн хүзүүний хэсэг арьс урд хэсгээрээ улайж, арьс нь зулгарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Мөн О.Д-ийн өмсөж явсан хээрийн хүрэмний ханцуйны хоёр товч тасарсан, нэг мөрдөс урагдсан, ногоон хантааз урагдаж гэмтсэн байсан. Зөрчил гаргасан иргэний эрүүл мэндэд халдсан ямар нэгэн үйлдэл гаргаагүй. О.Д албан үүргээ гүйцэтгэж явсан учир согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Б-ын тухайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/,

Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 22 цагийн үед жижүүрийн шуурхай албанаас цагдаагийн дэд ахлагч О.Д албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад зодуулсан тухай мэдэгдсэн. Би тухайн газарт очмогцоо зөрчил гаргасан хоёр иргэнд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг шаардаж, албаны үйл ажиллагаанд ашиглаж байсан аксент маркийн автомашинд суухыг шаардахад Г.Б нь албаны автомашинд суух гэж байхдаа О.Д-ийг чамайг ална, өдөр шөнөгүй гэрийн чинь гадаа отож байгаад чамайг ална гэх мэтээр заналхийлснээ Д-ийн нэг мөрдөсийг гараараа урж тасдаад газар шидсэн. Миний тухайд Г.Б гэгчид цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй талаар болон цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хэл амаар доромжлох, заналхийлэх нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болох талаар амаар дахин сануулж, уг үйлдлээ таслан зогсоох шаардлага тавьж, зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн хэлтсийн байранд хүргэж өгсөн. Тухайн үед О.Д-ийн хүзүүний хэсэг арьс урд хэсгээрээ улайж, арьс нь зулгарсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Бас О.Д-ийн өмсөж явсан хээрийн хүрэмний ханцуйны хоёр товч тасарсан, нэг мөрдөс урагдсан, ногоон хантааз урагдаж гэмтсэн байсан. Цагдаагийн алба хаагчид Г.Б-ын бие, эрүүл мэндэд халдсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 000000266 дугаартай: “...Иргэн О.Д-ийн биед хүзүүний урд хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа 2020 он 08 дугаар сарын 09-нд үүссэх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /ХХ-ийн 38-р хуудас/, З

авхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүр, замын цагдаагийн постонд ажиллах алба хаагчдын томилгоо, Алба хаагчдыг ажилд томилсон тушаал /ХХ-ийн 10-16-р хуудас/, Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 01 дугаартай: Цагдаагийн албаны хээрийн хүрэм 1 жил, 7 сарын хугацаагаар ашигласан, 2020 оны зуны хувцасны хангалт, 1 ширхэг, 53.947 төгрөг, магадлагааны үнэлгээ 53.947төгрөг, Ногоон өнгийн зуны хантааз 1жил, 7 сарын хугацаагаар ашигласан, 2020 оны зуны хувцасны хангалт, 1 ширхэг, 9350 төгрөг, Магадлагааны үнэлгэж 9350 төгрөг, нийт үнэлгээ 2 ширхэг, 63.297 төгрөг ...” гэсэн магадлагаа /ХХ-ийн 45-46-р хуудас/ , Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-8-р хуудас/, зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Завхан аймгийн Цагдаагийн газрын “... Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн...” ял шийтгэл шалгах хуудас Хаан Банкны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20/57 дугаартай: “...Г.Б (РД:ИГ97020313) нь ХААН банкинд зээлгүй, хадгаламжгүй, 5096209584 тоот харилцах данстай, тус данс энэ өдрийн байдлаар 500.00 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг мэдэгдэж байна...” гэсэн тодорхойлолт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хасбанкны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 40/424 дугаартай: “...Г.Б РД: /ИГ97020313/ нь хас банкинд 5002048257 тоот харилцах данс эзэмшдэг, шалгах өдрийн байдлаар үлдэл байхгүй болно ...” гэсэн тодорхойлолт, Төрийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 24-ны 34-13/096 дугаартай: “...Г.Б (PД:ИГ97020313) нь 171300290195 тоот харилцах данстай тус өдрийн байдлаар үлдэгдэлгүй, өр зээлгүй болохыг тодорхойлов ...” гэсэн тодорхойлолт, Г.Б ИГ97020313 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 831 дугаартай: “...Иргэн Г.Б /иг97020313/-ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна...” гэсэн тодорхойлолт, Цагдаагийн байгууллагын цахим сангаас гарган авсан: “...РД:и/г97020313/, мянган овогт Г.Б, эрэгтэй, 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, Орхон, Баян-Өндөр, 15-р баг, Рашаант, 21@гудамж, 15 тоот хаягтай, Халх, Эцэг регистр:ИЦ70021738, Эх регистр:ИЦ69071505...” гэсэн тодорхойлолт,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл бусад тодорхойлолтын хуулбар зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлсэн байна.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Яллагдагч Г.Б нь 2020 оны 08 дугаар сарын 9-ний орой 22 цагийн үед Завхан аймгийн Тоонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Мандах зочид буудлын хажууд Замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч О.Д-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, энгэрээс нь заамдаж, хувцасыг нь урж О.Д-ийн биед хүзүүний урд хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн найз Сумъабазарын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Худалдааны гудамжин дахь Мандах нэртэй гуанз, буудлын гадаа мотоциклтой очиж зогсоод байж байтал, бид 2-ын араас нэгэн суудлын машин ирж зогссон. Тэгээд уг машин дотроос 2 цагдаагийн алба хаагч бууж ирээд, нэг замын цагдаа нь манай найз Сумъяабазарт хандан мотоциклийн бичиг баримтаа шалгуулна уу, хамгаалалтын малгай өмсөж явах үүрэгтэй гэж хэлсэн. Тэгээд мотоциклийг журмын хашаанд саатуулна гээд байхаар нь би өөрийн өнчин өрөөсөн найзыгаа бодоод, нөгөө цагдаагийн алба хаагчид хандан “та наад мотоциклио авч яваад яах вэ, та бид 2 үе тэнгийн улсууд байна, ганц удаа явуулж өгөөч гэж хэлтэл, нөгөө цагдаа “ тийм зүйл байхгүй, мотоциклийг саатуулна” гэж хэлээд байхаар нь найзынхаа сэтгэлийг бодоод, нөгөө цагдаатай маргалдан, түүнтэй зууралдаж автал, хамт явсан цагдаа нь биднийг салгасан. Ийм байдлаас л болж цагдаагийн алба хаагчтай маргалдаж зууралдах болсон юм. Би түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Харин жаахан маргалдаж зууралдсанаас өөр зүйл болоогүй. Цагдаагийн алба хаагч намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би өөрийн буруутай үйлдэл гаргаж, хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа. Өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож байна, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан ...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь: Хохирогч О.Д-ээс ирүүлсэн хохирлын талаархи баримт Хохирогч О.Д, шүүгдэгч Г.Б нарын “...Г.Болдбаатар миний бие О.Дэмбэрэлд учруулсан хохирол, Цагдаагийн дүрэмт хувцасны зардалд 63.297 төгрөг бэлнээр төлж хохиролгүй болгосон, Иймд ямар нэгэн маргаангүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн тайлбар, эвлэрч, баталгаа гарган, гарын үсэг зурж ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгч Г.Б –т Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хээрийн хүрэм 1 ширхэг, ногоон өнгийн гэрэл ойлгогчтой хантааз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цагдаагийн албан хаагчид буцаан өгөхийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Г.Б-ыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Б –ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-ыг дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 7. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тэссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан боломжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлэлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хээрийн хүрэм 1 ширхэг ногоон өнгийн гэрэл ойлгогчтой хантааз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч, нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОТГОНХИШИГ