Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/шцт/50

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Нямжав,

Шүүгдэгч С.С,

Нарийн бичгийн дарга Э.Болдсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт С.С –д холбогдох эрүүгийн 2024000620050 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...... оны ......... дугаар сарын .............-нд .................аймгийн ............ суманд төрсөн, ............... настай, ............й, .............. боловсролтой, ...................мэргэжилтэй, малчин, урьд нь 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........ аймгийн  сумын ...... багийн ............... гэх газарт оршин суух, ................. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ... овогт С.С..

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.С нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн И.И-г “ташуураар ороолголоо” гэсэн шалтгааны улмаас түүний зүүн далны доор хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн И.И-г “ташуураар ороолголоо” гэсэн шалтгааны улмаас түүний зүүн далны доор хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч И.И*ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зам засварын компаний захирал Галбадрах намайг утсаар ажил дээр хүрээд ир гэж дуудсан. Би хөдөөнөөс мотоциклтой орж ирээд машин дээр байсан багаж хэрэгслийг буулгачихаад хамт ажиллаж байсан ажилчидтайгаа хамт 1 шил архи уусан. Нэмж архи дарс уугаагүй. Тэгээд би ажлаасаа гараад хөдөө гэр рүүгээ явж шөнө 24 цагийн үед очсон. Би гэртээ очиход С ахынд орчихоод ирье намайг янз бүрээр хүмүүст ярьсан байна, хэдэн үг хэлчихээд ирье гэж эхнэртээ хэлчихээд С ахынх 2 нохойтой учраас гэрээсээ ташуураа аваад гарсан. Тэгээд ташуураараа нохойг нь айлгаад гэрт нь орсон. Тэгтэл С ах намайг яахаараа архи уудаг юм гээд гэрээсээ түлхэж гаргахдаа нуруу хэсэг рүү нэг юмаар хатгачих шиг болсон юм. Би гэрийнх нь хаалгаар дөнгөж оронгуут л намайг түлхэж гэрээсээ гарсан. Би юм хэлж ярьж амжаагүй, бид хоёр хоорондоо муудалцсан зүйл болоогүй. Тухайн үед нуруу хэсэгт юмаар хатгасаныг нь мэдэгдээгүй. Би гэртээ орж ирээд дээлээ тайлаад гэрэлд харсан чинь нурууны ар хэсгээс цус гарсан байсан. Тэгсэн манай эхнэр эмнэлэг дуудахаас өмнө цагдаад мэдэгддэг юм байна лээ гээд эхнэр цагдаа руу утсаар мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Загастайн давааны зам ангид ажилладаг. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн оройн 21 цагийн үед гэрээсээ ганцаараа ажлынхаа найзуудтайгаа уулзах гээд явсан. Яваад 23 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн. Ирээд саахалт айлдаа орчихоод ирье гээд явтал нохойнууд барьж идэх гээд байна гээд эргэж гэртээ орж ирээд ташуураа аваад гарсан. 20-30 минутын хооронд эргээд гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ миний биеийн хойд тал руу хутгалчихлаа гэхээр нь би худлаа яриад бай гээд загнаад өмсөж явсан дээлийнх нь ар талаас хартал хэсэг газар нарийн үзүүртэй юмаар онги татсан маягтай цус нь нэвтэрсэн байсан. Тэгээд хувцасыг нь тайлаад хартал зүүн талын далны доод талд үзүүртэй зүйл орсон юм шиг шархнаас цус гоожоод байсан. Мөн манай нөхрийг эмнэлэгт хэвтсэн байхад зомгол цуулсан хутган дээр унасан гэж үгээ нийлүүлж ярья гэж гуйж байсан гэсэн. Манай нөхөр тэгэж надад ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28- 29-р хуудас/,

Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 21 цаг өнгөрч байхад галаа түлэх зомголоо цуулаад тогоо тавьдаг тавиурны доод талд байх алимны хайрцаганд гал түлэх мод хийгээд дээр нь зомголоо болон хутгаа ханаа дагуулаад босоогоор нь тавьдаг. И.И манай гэрийн босгыг даваад ороод ирэх үед нь манай нөхөр орноосоо босоод гэрээс түлхэх үед унаад чирээд аваад гарсан. Намайг араас нь гарах үед дээр доороо ороод ноцолдоод байсан. Би тэд нарыг салгачихаад түлээний хайрцагтай мод унасан байхад буцааж хайрцаганд хийчихээд унтсан. Хутга байхгүй байсан. С хутга хураасан байсан. Цагдаа нарт С хутгаа гал тогооны шүүгээнээс гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31- р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №000000268 дугаартай: “... Иргэн И.И-ын биед: Зүүн далны доор оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа 2020 оны 08 дугаар сарын 10-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. И.И-ын биед нэг тооны шарх гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн И.И-ын биед: Зүүн далны доор оёдол бүхий шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4642 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илрээгүй, Шинжилгээнд ирүүлсэн И.И-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов ...” гэсэн шинжээчийн дүгнэлт. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын нэгдсэн эмнэлэгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1414/225 дугаартай “... Ичинноровын И-ын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарыг хүргүүллээ...” гэсэн тодорхойлолт. /хх-ийн 50-58-р хуудас/

Ялгуусан овогт И.И-ын ИЖ79040515 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний хуулбар,/хх-ийн 60-р хуудас/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 47/152 дугаартай: “... И.И /ИЖ79040515/ ам бүл-6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн иргэн нь төлөв даруу бөгөөд урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй болохыг тодорхойлов ...” гэсэн тодорхойлолт./хх-ийн 59-р хуудас/ 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Тулга Тогтох” ХХК-ний: “... И.И нь тус компанид ажилладаг нь үнэн болно. Мужаан нь нэг сард 1.500.000 мянган төгрөгний цалин авдаг...” гэсэн цалингийн тодорхойлолт хх-ийн 61-р хуудас/

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Завхан аймгийн Цагдаагийн газрын С.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэсэн...” ял шийтгэл шалгах хуудас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 175 дугаартай: “...С.С /ИГ66030516/, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 72-р хуудас/ С.С ИГ66030516 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний хуулбар, Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ 140241 дугаартай: “...1966 онд төрсөн С.С нь Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 8 жилийн дунд сургуулийг 1983 онд Онц сахилга баттайгаар төгсөв гэсэн...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 74-р хуудас/ 1993 оны 11 дүгээр сарйн 08-ны өдрийн 29 дугаартай: “...1966 онд төрсөн С.С, 1974 оны Ш.Баттүвшин нар 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсон учир 1993 оны 11 дүгээр сарйн 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв гэсэн ...” гэрлэлтийн бүртгэлийн хуулбар,/хх-ийн 75-р хуудас/, БЦЕГ-ын 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 616/87 дугаартай : “...С.Смужаан мэргэжлээр 2-р зэрэг олгов...” гэсэн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, Завхан аймаг Тосонцэнгэл сумын Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20/58 дугаартай: “... 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1 иргэний данс эзэмшдэг эсэх лавлагаа авах тухай прокурорын зөвшөөрөлтэй тогтоол хүлээн авсан. Тус иргэний хувьд ХААН банк дахь мэдээллийг лавлахад С.С (РД:ИГ66030516) нь Хаан банкинд зээлгүй, хадгаламжгүй, 5498008518 тоот харилцах данстай, тус данс энэ өдрийн байдлаар 745.95 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг мэдэгдэж байна...” гэсэн тодорхойлолт, Төрийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 24-ны 34-13/095 дугаартай: “... Иргэн С.С /ИГ66030516/ нь тус банкинд харилцагчаар бүртгэлгүй болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, Хас банк 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 40/423 дугаартай: “...С.С РД:/ИГ66030516/-нь хас банкинд ямар нэгэн дансны мэдээлэлгүй болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт;

Шүүгдэгч Санжжавын Санвайдагва /ИГ66030516/0 нь Завхан аймгийн сум дундын шүүхийн 2 дугаар шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 830 дугаартай: Иргэн С.С /ИГ66030516/-ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна...” гэсэн тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Эрүүгийн 2024000620050 дугаартай: “ ...хэрэгт хэргийн хохирогч И-И-д учруулсан гэх хохирлыг төлж барагдуулсан талаарх яллагдагч С.С нарын бичгээр ирүүлсэн баримтгүй зардлыг үндэслэн гаргасан хохирлын тооцооны...” баримт,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл бусад тодорхойлолтын хуулбар зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно. Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлсэн байна.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Яллагдагч С.С нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн И.И-ыг “ташуураар ороолголоо” гэсэн шалтгааны улмаас түүний зүүн далны доор хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Мөн түүнчлэн шүүгдэгч С.С нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2020 оны 08 дугаар сарын 09-нөөс 08 дугаар сарын 10-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд би өөрийн эхнэрийн хамт унтаж байтал, манай гэрийн гадаа хүн ирсэн бололтой С.С гэрээсээ гараад ир гээд орилоод байсан. Тэгээд чимээ чагнаад хэвтэж байтал, гэрийн гадаа нохой хуцаад хүн хоргоож байгаа бололтой сонсогдоод, гэрийн гадаах телевизийн антен тан ян дуугараад, гэрт гаднаас нэг хүн ороод ирсэн. Тэгэхээр нь орноосоо босоод хартал, манай хөрш айлын Идэрбат гэх залуу нилээн согтуу байдалтай гэрийн хаалганы орчимд зогсоод, би тантай яриатай шүү гэж хэлэхээр нь би түүн рүү дөхөж очих зуураа хүний амгалан тайван алдагдуулаад, чи яах гэж байгаа юм бэ, гэрээс гар гэж хэлсэн. Тэгтэл И гартаа ташуур барьчихсан, ташуураар миний гар руу хальт ташуурдаад авсан. Би ч тэр дороо гар чи гээд түүнийг түлхтэл гэрийн баруун хатавчин дахь алимны цаасан хайрцагтай галын түлээ рүү уначихсан. Түүнийг түлээний хайрцаг руу унасны дараа гэрийн үүдний орчмын газраар гал түлэхээр бэлтгэж цуулсан зомгол шалаар нэг тарсан байдалтай, зомгол цуулдаг хутга газарт унасан байхаар нь би газраас хутгыг авч, И-ын ар нуруун тус газарт нэг хутгаар цохьсон. Тэгтэл И ахин намайг ташуурдах гэхээр нь би түүний гар дахь ташуураас нь барьж аваад, түүнийг гэрээсээ чирч гаргатал, манай эхнэр бид 2-ын араас гарч ирээд биднийг салгасан. Тэгээд манай эхнэр Идэрбатыг сугадан, гэр рүү нь дөхүүлж өгөөд буцаж ирэхээр нь би эхнэрийн хамт гэртээ ороод унтаж байсан. Тухайн үед би өөрөө хүний биед хутгаар гэмтэл учруулсанаа мэдээгүй. Миний бодоход би хутганы ирний ар хэсгээр түүнийг цохьсон байх гэж бодож байна. Бид 2-ын дунд өш хонзон байхгүй. Шинжээчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би түүнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Би уг гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж байна гэв. ...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь: Хохирогч И.И-аас ирүүлсэн хохирлын талаархи баримт Хохирогч И.И, шүүгдэгч С.С нарын “...С.С миний бие И.И-д учруулсан хохирол, эмчилгээ болон унааны зардалд 1.500.000 төгрөг бэлнээр төлж хохиролгүй болгосон, Иймд ямар нэгэн маргаангүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж бичиж, гарын үсэг зурж ирүүлсэн тайлбар, эвлэрч, баталгаа гарган, гарын үсэг зурж ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй байна гэж үзлээ. Мөн түүнчлэн шүүгдэгч С.Схолбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон алаг өнгийн нийт 32 см урттай хутга 1 хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт С.С-ыгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч С.С нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С –д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.ОТГОНХИШИГ