Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 4

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-, Б.Г-, Д.Б-нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч Д.Б-, Д.Б-нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1478 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.З-, шүүгдэгч Д.Б-, Д.Б-нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-, Б.Г-, Д.Б-нарт холбогдох 1806067711594 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Д-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

 

2. Б овгийн Б-ийн Г, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .....тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;

 

З. Б овгийн Д-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

 

Д.Б-, Б.Г-, Д.Б-нар нь бүлэглэж 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-2576 тоотод байрлах хохирогч Ш.З-эзэмшлийн авто машины сэлбэг зардаг чингэлэгт нууцаар, хууль бусаар нэвтэрч 13 ширхэг Бонго маркийн автомашины стартер, Портер маркийн автомашины 4 ширхэг стартер хулгайлан авч 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б овогт Д-ын Б, Б овогт Д-ын Б, Б овогт Б-ийн Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Д Б, Б овгийн Д-ын Б, Б овгийн Б-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий агуулахад нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Б-, Б.Г-, Д.Б-нар тус бүрт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-, Б.Г-, Д.Б-нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Д.Б-, Б.Г-, Д.Б-нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-, Б.Г-, Д.Б-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б-, Б.Г-, Д.Б-нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ш.З- давж заалдах гомдолдоо: “...Манай хадам дүү нар болох Д.Б-, Д.Б-нар нь дүү нараа сургууль цэцэрлэгээс зөөж гэр орны ажилд тусалдгаас гадна Д.Б- нь энэ хашаанд 2016 оноос 2017 онд байрлан эд хөрөнгийг манаж хамгаалдаг байсан. Энэ хугацаандаа манайхаас хүмүүс Солонгос машины сэлбэг хэрэгслийг том эд ангиас нь салгаж хэсэгчилж авахаар захиалга өгсөн тохиолдолд шаардлагатай эд ангийн эрэг боолтыг тайлж салган авч өгөх, зарж борлуулан үнийн тооцоог надтай болон ахтайгаа хийх тохиолдол байдаг байсан. Гэтэл хадам дүү нарын маань надад болон ахдаа хэлэлгүйгээр 2018 оны 8 дугаар сарын 19-нд манай агуулахаас нийт 17 ширхэг Солонгос автомашины стартерийг нууцаар авч яваад цагдаад баригдсан байсан.

Би цагдаагаас хулгайлсан эд зүйлийг тэр даруйд нь авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй, энэ хоёрт болон хамт явсан Г гэдэг хүүхдэд нь ямар ч гомдол саналгүй гэдгээ хэргийг шалгаж байсан мөрдөгчид ч хэлж байсан. Одоо ч шүүхэд хэлмээр байна.

Хоёр дүү маань энэ асуудлаас хойш үйлдсэн хэрэгтээ гэмшин найзыгаа дагуулж ирж уучлал гуйгаад сая хоригдох хүртлээ цагдаа дээр дуудагдаагүй үедээ энэ агуулах дээр ирж ажиллан бидний ажилд тусалж байсан. Б-ын 3 сар гаруй болж байгаа хүүхэд, нялх биетэй эхнэрийг нь харж асрах ажилтай болоод байна.

Манай хадам аав, ээж хоёр өндөр настай бөгөөд хүү Б-тэй хамт гурвуулаа амьдардаг байсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хадам эх Б.Д авто осолд орж тархины хүнд гэмтэл авсан тул байнгын асаргаа шаардлагатай байгаа.

Нөгөөтэйгүүр сэлбэг хадгалдаг агуулахын түлхүүрийн нэг хувийг нөхөр С хэрэг үйлдэгдэхээс хэд хоногийн өмнө дүү Баттөгсөд өгөөд “Өгөөмөр” захад байдаг авто сэлбэгийн контейнар руу бараа зөөж авчруулаад шаардлагатай үед сэлбэг зөөлгөх тул хаялгүй хадгалж байгаарай гээд үлдээсэн байсныг би хожуу мэдсэн.

Энэ байдлыг харгалзан үзэж хадам дүү Д.Б-, Д.Б, тэдний найз Б.Г- нарыг шоронд явуулахгүйгээр хэргийг нь шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-, Д.Б-нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.З- нь Д.Б-, Д.Б-нарын төрсөн ах Д.С- эхнэр бөгөөд тэд ахынхаа гэр бүлд туслан тухайн нэвтэрч хулгайлсан гэх агуулахад урьд нь очиж ажилладаг байсан байна.

Гэвч хулгайлсан эд зүйлийг өөрсдийнх нь мэдлийнх биш, ах эгчдээ хэлэлгүй нууцаар авч зарж борлуулан мөнгө олох зорилготой гэмт хэрэг үйлдсэн болохоо цагдаагийн ажилтанд анхнаасаа хэлж, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруудаа гэмшин, хохирогч талаас уучлал гуйсан, хохирлыг нөхөн төлсөн зэргээр болон хохирогч тал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснээр гэм хор арилсан гэж үзэх үндэслэлтэй байна.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээс нь өмгөөлөгч сонгож эрх зүйн туслалцаа аваагүй, энэ шатнаас эхлээд тэдний өмгөөлүүлэх эрх нь зөрчигдсөн байна. Ялангуяа Д.Б-ийн хувьд боловсролгүй, бичиг үсэг мэддэггүйгээс гадна оюун ухааны хувьд насныхаа хэмжээнд хөгжөөгүй, хүнтэй харьцаж ярилцаж чаддаггүй, хэн ч уулзахад хөгжлийн бэрхшээлтэй гэж анзаарагдахаар нөхцөл байдалтай болох нь цагдан хорих төвд очиж уулзахад ажиглагдаж байсан. Ийм хүнд мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, хүнд гэмт хэрэгт яллагдах гэж байгааг нь ойлгуулж тайлбарлаж өгч байцаасан гэхэд эргэлзээтэй, зайлшгүй эрх зүйн туслалцаа авах шаардлагатай хүн байсан байх тул мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

...Миний үйлчлүүлэгч Д.Б-, Д.Б-нар нь 1998 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, одоо 19 нас 11 сартай, хэрэг үйлдэх үедээ 19 нас 8 сартай байсан байх тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр нас” гэсэн ойлголтод хамаарахаар байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн Д.Б-, Д.Б-нарыг “өсвөр насны хүн” гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1478 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэсний дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хойшлуулж, мөн хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-, Д.Б-нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, Д.Б-, Д.Б-нарыг өсвөр насны хүүхэд гэж үзэж, гомдолд дурдагдсан хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч нар арван найман нас хүрсэн байсан учир энэ заалтыг хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүхээс хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан хамгийн бага ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Д.Б-, Б.Г-, Д.Б-нар нь бүлэглэж 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40-2576 тоотод байрлах хохирогч Ш.З-эзэмшлийн автомашины сэлбэг зардаг чингэлэгт нууцаар хууль бусаар нэвтэрч 13 ширхэг Бонго маркийн автомашины стартер, Портер маркийн автомашины 4 ширхэг стартер хулгайлан авч 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шөнө 00 цагийн орчим хашааг нь давж орж, агуулахад нь нэвтэрч орж 17 ширхэг стратер авсан болохоо хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Б- /хх 28-29/, Б.Г- /хх 26-27/, Д.Б-/хх 11-12, 23-25/ нарын мэдүүлэг,

Автомашины сэлбэг хадгалдаг агуулахаас нь 17 ширхэг автомашины стартерийг өөрт нь хэлэлгүйгээр авсан болохыг мэдүүлсэн хохирогч Ш.З-мэдүүлэг /хх 16-19, 20/,

эд зүйлийн үнэлгээ /хх 34/,

хохирогч Ш.З-т 17 ширхэг стартерийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 65/,

2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 92 дугаар сургуулиас засмал зам дагуу гурван эрэгтэй 2 шуудайтай зүйлийг үүрээд явж байхад нь саатуулан шалгахад 17 ширхэг стартерийг ахынхаа эхнэрийн агуулахаас авч явсан байсан болохыг тогтоосон гэрч Н.Цогтсайханы мэдүүлэг  /хх 32/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-, Б.Г-, Д.Б-нар нь тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд зүйлсийг авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...агуулахад нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.

 

Хохирогч Ш.З- нь “...хадам дүү Д.Б-, Д.Б, тэдний найз Б.Г- нарыг шоронд явуулахгүйгээр хэргийг нь шийдвэрлэж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Д.Б-, Д.Б-нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин “...Д.Б-ийн хувьд боловсролгүй, бичиг үсэг мэддэггүй тул өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, ...Д.Б-, Д.Б-нар нь хэрэг үйлдэх үедээ 19 нас 8 сартай байсан тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүн” гэсэн ойлголтод хамааруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хойшлуулж, мөн хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” заалтыг хэрэглэн тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан байх ба үүнээс өөрөөр хуулийг хөнгөрүүлэн хэрэглэх зохицуулалт Эрүүгийн хуульд байхгүй.

 

Шүүгдэгч Д.Б-нь мөрдөн байцаалтад /хх 11, 23/, шүүх хуралдаанд /хх 85/  биеийн байцаалтаа удаа дараа “...бүрэн бус дунд боловсролтой...” гэж мэдүүлж, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ уншиж танилцаад “үнэн зөв” гэж өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан, шүүхийн шийтгэх тогтоолын гардаж авсан баримтад гарын үсгээ зурсан /хх 103/ байх тул Д.Б-ийг бичиг мэдэхгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

Д.Б-, Д.Б-нар нь 1998 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 18 насанд хүрсэн бөгөөд бие бялдрын болон сэтгэцийн хөгжлийн хувьд “Өсвөр насны хүүхэд” гэж үзэхээргүй болох нь:

хохирогч Ш.З-“...Манай хадам дүү нар болох Д.Б-, Д.Б- нар нь дүү нараа сургууль цэцэрлэгээс зөөж гэр орны ажилд тусалдгаас гадна Д.Б- нь энэ хашаанд 2016 оноос 2017 онд байрлан эд хөрөнгийг манаж хамгаалдаг байсан. ...Б-ын 3 сар гаруй болж байгаа хүүхэд, нялх биетэй эхнэртэй...” гэх давж заалдах гомдол,

гэрч Д.Мөнхцэцэгийн “...Миний дүү Б, Б хоёр Дархан-Уул аймгийн Хонгор суманд багаасаа амьдарч сумынхаа цэцэрлэгт явж байгаад Ерөнхий боловсролын сургуульд элсэн орсон. Сумынхаа сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Б Улаанбаатар хотод сурсан, Б ээж, аавтай, тодорхой эрхэлсэн ажилгүй, Өгөөмөр зах дээр ахын контейнерт тусалдаг...” /хх-31/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зохицуулалт тэдэнд үйлчлэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, Д.Б-нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин, хохирогч Ш.З- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1478 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, Д.Б-нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин, хохирогч Ш.З- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ