Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2019/0508

 

 

2019 оны 08 сарын 23 өдөр Дугаар Улаанбаатар хот

 

128/ШШ2019/0508

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Х

Хариуцагч: Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс,

 

Гуравдагч этгээд: Э.Х  

Нэхэмжлэлийн шаардлага: *******, Цэргийн хотхон,, ... дугаар байрны .. тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сард иргэн Э.Хт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд Э.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ннар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай аав Ц. нь Г контракшн ХХК-тай 2004 онд орон сууц захиалах гэрээ байгуулж, урьдчилгаа 70 хувийн төлбөрөө төлж, 2005 оноос эхлэн тус орон сууц болох *******, Цэргийн хотхон,,  дугаар байрны  тоотод амьдарч байгаад 2015 онд нас барсан. Түүнээс хойш үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн амьдарч ирсэн. Энэ байр нь 2005 онд ашиглалтад орж улсын комисс хүлээн авах ёстой байсан боловч Г ******* ХХК-ийн захирал Ж.М нь шоронд орсны улмаас энэ барилга нь ямар ч эзэнгүй өдий арав гаруй жил болсон. Уг байр нь чанар муутай дутуу баригдсаны улмаас өвөлдөө хүйтэн, цахилгааны шит нь ачаалал даахгүй байнга унадаг, мөөгөнцөртсөн, энд тэндээ хагарал үүссэн гэх мэт шалтгаанаар аав минь мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж шалгуулж байсан.

 

2006, 2007 онуудад улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын дүгнэлт гарсан байдаг ба тус компанид албан шаардлага өгч зөрчлийг арилгах үүрэг өгсөн байдаг.

 

Гэтэл энэ барилгыг улсын комисс хүлээж авахгүй гэсэн итгэлтэй байж байтал Ж.М 2017 онд суллагдаж гарч ирснийхээ дараа 32 айлын орон сууцыг бүрэн дуусгаагүй байж, бидэнд мэдэгдэлгүй хууль бусаар манай байрыг эзэнгүй байгааг ашиглан нэвтрэн орж цоожны голыг сольж, улмаар 2017 оны 12 дугаар сард манай байрыг иргэн Э.Хт худалдан үүний дагуу Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас ******* дугаар гэрчилгээ олгогдсон байна. Уг нь байрыг улсын комисс албан ёсоор хүлээж авсны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогддог. Тэгэхээр хүн амьдрахад хэцүү, зөрчил нь хэвээр байгаа байрыг улсын комисс хүлээн авсан гэхэд бид эргэлзэж байна.

 

Тухайн үед энэ байр нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд үлдэгдэл төлбөр болон барилгын чанар зэрэг асуудлаар маргаантай байсан учраас энэ маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж өмгөөлөгч авсан.

 

Өмгөөлөгч М.Э нь тухайн байрыг өмчийн маргаантай байгаа тул улсын бүртгэлийн гэрчилгээ олгох асуудлыг сайн нягталж, түр түдгэлзүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр албан бичгээр өгсөөр байтал уг хүсэлтийг үл харгалзан Э.Хт 2017 оны 12 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

 

Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог хангах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д Эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж заасны дагуу гомдол гаргаж байна.

 

Иймд энэхүү хариуцлагагүй үйлдлийн улмаас бид болон бусад оршин суугчид орон сууцаа алдах дээрээ тулаад байна. Миний хувьд бүртгэлийн байгууллагыг дараах үндэслэлээр буруутгаж байна. Үүнд,

 

1.  Тус барилгыг өмнөх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөрчлийг арилгуулах албан шаардлага хэвээр байтал улсын комисс ажиллаж хүлээн авсан гэдэг нь эргэлзээтэй,

 

2.  Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өмгөөлөгчийн зүгээс албан бичиг өгсөөр байтал үүнийг үл харгалзан өөр этгээдэд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан нь хууль зөрчсөн, хариуцлагагүй асуудал тул энэхүү улсын бүртгэгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******,*******,, дугаар байр хаягтай орон сууцны зориулалттай барилгыг Г******* ХХК нь шинээр баригдсан орон сууц анх удаа бүртгэж баталгаажуулах тухай жагсаалтыг гаргасан байна.

 

*******нд байршилтай ХХК-ийн захиалгаар баригдсан орон сууцны зориулалттай барилгыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, Г ******* ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/02 тоот, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/01 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/16 тоот, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/01 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/09, 12/10 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/19 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/14 тоот, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/1920 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/3805 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/4094 тоот, Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 06 дугаар сарын 25-ны 02-07-005/972 тоот, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/11168 тоот, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар захирамж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, Глоб ******* ХХК, Д ХХК нарын хооронд байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Барилга худалдах, худалдан авах гэрээ, 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №Б3/04-2005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, батлагдсан ажлын план болон фото зураг гэх мэт холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд жагсаалтаар бүртгэсэн болно.

 

Г******* ХХК нь холбогдох эрхийг бүртгэх талаар шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар дээрх 32 дугаар байрны 8 тоот нь иргэн Э.Хын нэрээр ирсэн байна.

 

Захиалгаар баригдсан орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн бүртгэдэг.

 

Иргэн Э.Хын тус бүртгэлийн хэлтэст хандаж гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэн анх удаа өмчлөх эрх үүсгэж бүртгэсэн нь доорх нөхцөл, байдлаар хуулийн дагуу хийгдсэн болох нь тодорхойлогдоно.

 

*******, 32 дугаар байрны 8 тоот орон сууцыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 32/08 тоот орон сууц захиалгын гэрээ, Глоб ******* ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/15 тоот албан бичиг зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн иргэн Э.Хын өмчлөлд анх удаа өмчлөх эрх үүсгэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн байна.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлгээр иргэн Д.Х урьдчилан тэмдэглэл хийлгэжээ. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 дугаар сарын 4/5625 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02107 дугаар шийдвэрээр *******, Цэргийн хотхон,,  дугаар байрны тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тайлбарт дурдах нь зүйтэй байна. Иймд Д.Хын нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Э.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Э.Х би ******* ХХК-аас *******,инд байрлах дугаар байрны тоот, 35.5 м.кв 2 өрөө байрны төлбөрийг 100 хувь төлж барагдуулан авсан.

 

Гэрчилгээ 2017 оны 12 дугаар сард миний нэр дээр гарсан бөгөөд би уг байрны өмчлөгч мөн. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст би хуулийн шаардлага хангасан бичиг баримтыг бүрдүүлж өгсөн тул уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан.

 

Д.Х нь энэхүү шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гаргасан бөгөөд анхан, давж заалдах, хяналтын шатны 3 шүүх энэхүү байрны жинхэнэ өмчлөгчөөр намайг болохыг тогтоож, байр худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн болохыг нотолсон юм.

 

Гэтэл Д.Х нь огт үндэслэлгүйгээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж, надад чирэгдэл учруулж байна. Иймд Д.Хын гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х нь тус шүүхэд *******, Цэргийн хотхон,,  дугаар байрны  тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сард иргэн Э.Хт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын маргасан асуудлын хүрээнд дүгнэлт хийж, тэдгээрийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Э.Хын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, орон сууц захиалгын гэрээ, Глоб ******* ХХК-ийн орон сууцны төлбөр төлөгдсөн тухай тодорхойлолт, орон сууцны фото зураг зэргийг үндэслэн Э.Хын өмчлөлд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр анх удаа бүртгэж /*******/, үл хөдлөх хөрөнгийн ******* дугаартай гэрчилгээ олгожээ.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна, 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргана..., 13.5-д мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт, өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдлийг тус тус хавсаргана гэж заажээ.

 

Үүнээс үзвэл, Э.Х нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуульд заасан баримтуудыг мэдүүлэгтээ хавсаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...аав Ц.Д******* нь Глоб ******* ХХК-тай 2004 онд орон сууц захиалах гэрээ байгуулж, урьдчилгаа 70 хувийн төлбөрөө төлж, 2005 оноос эхлэн тус орон сууцанд амьдарч ирсэн, ... гэтэл манай байрыг эзэнгүй байгааг ашиглан нэвтрэн орж цоожны голыг солиж, улмаар 2017 оны 12 дугаар сард манай байрыг иргэн Э.Хт худалдаж, үүний дагуу Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас гэрчилгээ олгогдсон нь хууль бус гэж маргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...нэхэмжлэгч тус байранд хууль ёсны дагуу 10 гаруй жил амьдарсан. Гэтэл оршин суугчдад мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгосон... гэж тайлбарлах боловч Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1229, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02107 дугаар шийдвэрээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Глоб ******* ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болохыг дээрх шүүхийн шийдвэрүүдээр тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийн оролцогчид орон сууцны төлбөрийг төлсөн эсэх талаар тус шүүхэд дахин маргаагүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох эсэх асуудлыг шүүх дүгнэхгүй бөгөөд энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна.

 

Харин нэхэмжлэгч улсын бүртгэлийг хууль бус гэж үзсэн нэг үндэслэлээ ...уг байр нь чанар муутай, дутуу баригдсаны улмаас өвөлдөө хүйтэн, цахилгааны щит нь ачаалал даахгүй байнга унадаг, мөөгөнцөртсөн, энд тэндээ хагарал үүссэн. Эдгээр зөрчлүүд арилаагүй учраас уг барилгыг улсын комисс хүлээж авах ёсгүй гэсэн итгэлтэй байж байтал ... 2017 оны 12 дугаар сард иргэн Э.Хт худалдсан байсан, ... мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөрчлийг арилгуулах албан шаардлага хэвээр байхад уг барилгыг улсын комисс хүлээж авсан эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарлажээ.

 

Маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.3-д эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт, журмын 4.3.2-4.3.5-д заасан бусад баримтуудыг хавсаргана гэж заасан байна.

 

Үүнээс үзвэл, үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан этгээдээс тухайн байрыг улсын комисс хүлээж авсан тухай актыг бус уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага шаардахаар хуульд зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн уг байр зөрчил ихтэй байсан учраас улсын комисс хүлээж авах ёсгүй гэсэн итгэлтэй байсан гэх үндэслэлээр маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өмгөөлөгчийн зүгээс албан бичиг өгсөөр байтал үүнийг үл харгалзан өөр этгээдэд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, өмгөөлөгч М.Э******* нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/08 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт ...оршин суугчид шударга өмчлөгч болохоо баримтад тулгуурлан тогтоолгохоор хуулийн байгууллагад хандаад байгаа болно. Иймд дараах айлуудын нэрний оронд өөр хүний нэрээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар худал нэрс өгч болзошгүйг анхааралдаа авч шаардлагатай бол эдгээр хүмүүсээс байр худалдан авах гэрээг хянан үзэж, шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

 

Мөн нэхэмжлэгч Д.Х 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, урьдчилан тэмдэглэл хийлгэх хүсэлт гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8/506 дугаар албан бичигт иргэн Д.Хын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан урьдчилсан тэмдэглэл бүртгэлтэй байна гэжээ.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийж болно, 21.2-т Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана, Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 8.7-д Өв залгамжлах эрх бүхий этгээдийн хүсэлтээр өв нээгдэхээс өмнө өв залгамжлах эрх бүхий этгээдийн өргөдөл, хууль ёсны өвлөгч мөн болохыг нотолсон бичиг баримт, архивын лавлагаа гэх мэт нотлох баримтыг үндэслэн урьдчилсан тэмдэглэл хийж болно гэж тус тус зааснаас үзвэл өмгөөлөгч М.Э-ын Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийг урьдчилсан тэмдэглэл хийлгэхээр гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн ...өмгөөлөгч М.Э-ын хүсэлтийг Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр албан бичиг өгсөөр байтал уг хүсэлтийг үл харгалзан Э.Хт улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02107 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2033 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00235 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээг гуравдагч этгээд болох Э.Хт орон сууцны өмчлөх эрх шилжсэний дараа хийлгэсэн болохыг нэгэнт тогтоосон учраас энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий орон сууц болох *******, *******,  байр, тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд Э.Хын өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэл хөтлөх зарчимд бүрэн нийцсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Хын *******, Цэргийн хотхон,, Дугаар байрны  тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сард иргэн Э.Хт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ