Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2131

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01888 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оноос УБТЗ-ын Тээврийн үйлчилгээний төвд хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Ажиллах хугацаандаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүүхэд төрүүлж, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс амаржсаны болон хүүхэд асрах чөлөөгөө авч, улмаар энэхүү чөлөөгөө хөдөлмөрийн хуульд заасны дагуу сунгуулан 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа эргэн өргөдлөө гарган орсон. Харин 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргасан болохыг мэдлээ. Миний бие энэ тушаалыг эс зөвшөөрч, хуулийн болоод бодит үндэслэл байхгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлан, бага насны хүүхдээ асрах, тэжээн тэтгэх эх сурвалж болсон ажлаас маань халж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироосон гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д гагцхүү аж ахуй нэгж байгууллага татан буугдсан тохиолдолд 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан цуцлах талаар зохицуулсан байна. Харин бодит байдал дээр УБТЗ нийгэмлэгийн салбар нэгж татан буугдсан үйл явдал болсон. Иймд “УБТЗ” ХНН-ийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-114 дугаар тушаал нь хуулийн болоод бодит үндэслэлгүй болж, эмэгтэй хүний хөдөлмөрлөхтэй холбогдуулан хуулиар тогтоосон эрхийг ноцтойгоор зөрчжээ. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх хуулиар заасан журам зөрчсөн. Тээврийн үйлчилгээний төв нь хуулийн этгээд биш бөгөөд энэ төв татан буугдаад, тээвэр зохион байгуулалтын алба болгож өөрчилсөн гэдэг боловч тээврийн үйлчилгээний үндсэн зарчмыг тодорхойлсон, ийм зүйлээр өөр болсон гэх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Иймд Тээврийн үйлчилгээний төвд ажиллаж байсан ажилтнуудыг Тээвэр зохион байгуулалтын албанд ажиллуулахдаа ажил олгогч нийгмийн өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, ажилтнуудыг хохироож болохгүй. Анх байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Хөрш орнуудын асуудал хариуцсан ажлын байранд тавигдах шаардлагад “тээврийн зохион байгуулалтын ажилд дээд боловсролтой байхыг шаардлага хангана” гэж үзээд Б.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр Б.Быг ийм ажил эрхлэн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангаад энэ ажлыг тодорхой хугацаанд гүйцэтгэж, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.  Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд дундаж цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь УБТЗ-ын даргын 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-1-202 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай” тушаалаар Тээврийн үйлчилгээний төвийн шинэ бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан тус төвд хөрш орнуудын асуудал хариуцсан инженерээр анх томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б.Б нь орос-англи хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орж, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авч, үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс ажилдаа эргэн орсон байна. Энэ хугацаанд санхүү эдийн засгийн хямралтай холбоотойгоор байгууллагын алдагдлыг бууруулахын тулд бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлуудыг хийж байна. Үүнтэй уялдан Замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот “Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай” тушаалын 2 дахь заалтаар Тээврийн үйлчилгээний төвийг татан буулгаж, шинээр бие даасан балансгүйгээр Тээвэр зохион байгуулалтын албыг байгуулсан. А-71 тоот тушаалын дагуу замын даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-94 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болох тухай” тушаалаар Тээвэр зохион байгуулалтын албаны бүтцийг баталсан. Замын даргын Б-1-114 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43.1, хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Түүнчлэн, УБТЗ-ын хүний нөөцийн албаны 2017 оны 5 дугаар сарын 24-ний 90/198 тоот албан бичгээр Б.Б нь төмөр замын үндсэн мэргэжлийн бус ажилтан тул ажлаар хангах боломжгүй байгаа талаар мэдэгдсэн. Сүүлийн 3 сард Б.Б гүйцэт ажиллаагүй тул дундаж цалин хөлст тооцох ёсгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Б-ыг ажил үүрэг, ур чадвартаа тэнцэхгүй гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй. Орос-англи хэлний орчуулагч мэргэжилтэй хүний албан тушаал шинээр байгуулагдсан албанд байхгүй тул ажлын байраар хангах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байгаа. Мөн ажилтнуудыг томилсон тушаалаас харахад 59 хүнээс 55-57 хүнийг ажилд авсан гэдэг нь ажилтнуудыг бөөнөөр халсан гэдэгт хамаарахгүй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ыг “УБТЗ” ХНН-ийн Тээврийн үйлчилгээний хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 219 241 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч “УБТЗ” ХНН-ээс улсын тэмдэгтийн хураамжид 82,458 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцохдоо тооцооллын илэрхий алдаа гаргасан байна. Б.Б-ын ажилгүй байсан хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажлын 55 хоног байна. Гэтэл шүүхийн шийдвэрт тогтоосон ажилгүй байсан хугацааны нийт цалин 6 828 543 төгрөгийг 1 өдрийн дундаж цалин болох 84 303 төгрөгт хуваахад ажлын 81 хоног гарсан алдаатай байна. Нэг өдрийн дундаж цалинг буруу тооцсон. Нэхэмжлэгчид 2, 3, 4 сард хоол 126 000 төгрөг, унаа 19 722 төгрөг, томилолт 30 000 төгрөг, ээлжийн амралтын тооцоо 132 300 төгрөг, нийт 308 022 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолтод заагдсан байхад шүүх нэг өдрийн дундаж цалинг тодорхойлохдоо хасч тооцоогүй байна. Цалингийн тодорхойлолтод заасан дүнгээс хоол, унаа, ажилгүйдлийн тэтгэмжийг хасч тооцоход нэхэмжлэгч нь 2017 оны 2 сарын 08-наас 2017 оны 4 сарын 07-ны өдөр хүртэл ажиллахдаа 2-р сард 759 561 төгрөг, 3-р сард 1 431 480 төгрөг, 4-р сард 788 775 төгрөг, нийт 2 979 816 төгрөгийн цалин авсан байх бөгөөд ажилласан нийт ажлын хоног 39 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин 76 405 төгрөг гарч байна. Нэг өдрийн дундаж цалин 76 405 төгрөгийг ажилгүй байсан 55 өдрөөр үржүүлэхэд 4 202 275 төгрөг болох бөгөөд үүнээс ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 2 609 302 төгрөгийг хасахад 1 592 973 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин олговорт нэхэмжлэгчид олгох ёстой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ажилтан Б.Б нь 2015 оны 9 сарын 01-ний өдрөөс УБТЗ-ын Тээврийн үйлчилгээний төвд хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж, 2016 оны 2 сарын 25-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2017 оны 2 сарын 8-ны өдрөөс ажилдаа эргэн орсон үйл баримтад талууд маргаагүй.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/114 тоот тушаалаар ажилтан Б.Быг Тээврийн үйлчилгээний төвийн хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, Нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з”, Хамтын гэрээний  3.14-т заасныг тус тус үндэслэжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

 

            Ажил олгогчийн санаачилгаар ажилтан Б.Б-ын ажиллаж байсан Тээврийн үйлчилгээний төвийг санхүү эдийн засгийн хямралтай холбоотойгоор татан буулгасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, уг албан тушаал цомхотгогдсон бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаж маргаагүй болно.

 

            Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг анхан шатны шүүх хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Харин анхан шатны шүүх ажилтаны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг буруу тооцсон алдаа гаргасан талаар хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Тодруулбал шийдвэрийн үндэслэх хэсэгт 2017 оны 4 сарын 04-ний өдрөөс 2017 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэлх цалинг 6 828 543 төгрөг гэж буруу тооцсон байх тул хариуцагчийн гомдолд дурдсанаар 2017 оны 2 сард 759 561 төгрөг, 3 сард 1 431 480 төгрөг, 4 сард 788 775 төгрөг, нийт 2 979 816 төгрөг. Нийт ажилласан 39 хоногт хуваахад нэг өдрийн дундаж цалин 76 405 төгрөг. Үүнийг ажилгүй байсан 55 хоногоор тооцоход       4 202 275 төгрөг ба үүнээс ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 2 609 302 төгрөгийг хасаад үлдэх 1 592 973 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан” гэж шүүхийн нэрийг алдаатай бичсэн байх боловч энэ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01888 дугаар шийдвэрийн

Удиртгал хэсгийн “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан …” гэснийг “Баянгол” гэж,

1 дэх заалтын “... 4 219 241 төгрөг ...” гэснийг “1 592 973 төгрөг” гэж,

3 дахь заалтын “... 82 458 төгрөг ...” гэснийг “40 437 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 458 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ