Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2020/шцт/03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч С.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Л-д холбогдох 1924001110055 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ,*******************нь 2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Э.Б-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй. Учир нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ адилхан...” гэжээ.

Прокуророос шүүгдэгч С.Л-гГэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Э.Б-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчдийг ойлгоно гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Л, хохирогч Э.Б нар нь гэрлэгчид болох нь: “...нөхөр Мартай овогт С.Л, эхнэр Э.Б нар нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг Дорнод аймгийн Чулуунхороот сумын гэрлэлтийн бүртгэлийн 2140000002 дугаарт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн байгаа тул лавлагаа олгов...” гэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 80/,

“...эрэгтэй, *************** регистрийн дугаартай, 1989 оны 05 дугаар сарын 3-нд төрсөн С.Б, эмэгтэй, **************** регистрийн дугаартай, 1994 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Э.Б нар нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн *************** дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. Дорнод аймгийн Чулуунхороот сум...” гэсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-71/ зэргээр тогтоогдож байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-г хохирогчоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулан, тайлбарлаж хохирогчоос 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “...Манай нөхөр миний толгой руу гараараа нэг удаа цохисон, өөр цохисон зүйлгүй. Миний бөгсөн биед үүссэн гэмтэл нь гудамжинд явж байгаад халтирч унаснаас болсон...” гэсэн, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “...Зоригтбаатар гэх айлын гадна миний толгой руу болон зүүн чих рүү нэг удаа цохисон. Миний толгой руу цохих явцад би хойшоо болоход айлын цонхыг хагалсан. Гэрт орж ирээд айлын гал тогооны өрөөнд би газар эвхэрч унасан байдалтай байхад хатуу гутлаараа нуруу, бөөр, гуя хэсэгрүү олон удаа өшиглөсөн...” гэсэн агуулга бүхий зөрүүтэй мэдүүлэг авч тэмдэглэл үйлджээ. /хх 17-21/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирогчоос мэдүүлэг авахад энэ бүлэгт заасан нийтлэг журмыг баримтална” гэж заасан байхад мөрдөгч хохирогч Э.Б-аас хоёр удаа мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд ...гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлана...гэж заасныг зөрчиж мэдүүлэг авчээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заасан эрхийг зөрчиж хохирогч Э.Б-аас мэдүүлэг авсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа ...эсэхийг хянаж үнэлнэ” гэж заасныг мөрдөгч мөрдөж ажиллаагүй байна.

Иймд хохирогч Э.Б-аас мэдүүлэг авахдаа түүний эрхийг болон мэдүүлэг авах нийтлэг журмыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасны дагуу хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн оройн 21 цагаас шөнийн 02 цаг хүртэл  шүүгдэгч С.Л, түүний эхнэр Э.Б нартай хамт караоке бааранд байсан гэрч Ж.Пунцагдондовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 21 цаг 30 минутын үед сургалтын зохион байгуулсан нийт 19 хүн сумын караокед орсон. Караоке дууны тэмцээн зохион байгуулаад гарах үед Л-ийн эхнэр нь караокеноос гарахгүй гээд караокены аяга тавгыг шидэж хагалж эхлэхэд бид нар “ингэж болохгүй” гээд учирлаж тайлбарлаж хэлэхэд өөрөө өмссөн хувцсаа тайлж шидээд ширээ, шал мөргөөд байсан. Мөн караокены эзний нүүр лүү нь цохисон. Цэгмид “олон нийтийн газар ингэж хувцсаа тайлж болохгүй” гэхэд түүний хөл рүү нь өшиглөсөн. Түмэндэлгэрийн хуруунаас хазсан байсан. Хамгийн сүүлд Азжаргал Л-г эхнэртэй нь гэрт нь хүргэж өгсөн. Лхагвасүрэн караокед эхнэрээ цохиж зодоогүй харин эхнэр нь Л-г караокенаас гаргалаа гээд цохиод байсан...” гэсэн /хх 22-23/,

гэрч А.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 21 цаг 40 минутын үед караокед орсон. Л эхнэрийн хамт ирсэн. Манай хамт олон караокед дууны тэмцээн зохион байгуулаад хүн бүр нэг лааз пиво уусан, 3 шил архи байсан. Л-ийн эхнэр нь “та бүхэндээ баярлалаа” гээд 2 дуу дуулаад сандал дээр сууж байгаад хойшоо өөрөө саваад унахад Х* босгож авч байсныг би холоос харсан. Л-ийн эхнэр караоке дотор бөөлжсөн байсныг Б, Х нар цэвэрлэж байсан. Намайг бие засах ороод ирэхэд Л-ийн эхнэр караокены текны урд талд тийчлээд хэвтэж байсан. Манайхан гайхаад зогсож байсан. Би яагаад байгаа юм бэ гэхэд “энэ гарахгүй, явахгүй” гээд ингээд хэвтчлээ гэхээр нь “Юу болоод шалан дээр хэвтээд байгаа юм бэ” гээд очоод татахад намайг нэг удаа өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс архийг адилхан хэмжээтэй уусан. Лх ширээн дээр шанаагаа тулаад суучихсан байсан. Л караокед эхнэртэйгээ маргалдаж муудалцах, цохиж зодсон зүйл болоогүй...” гэсэн /хх 30-33/,

гэрч З.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой хамт олноороо сууя гээд 21 цаг 30 минутын үед 19 хүн караокед орж ирээд 19 лааз пиво, 0.750 граммын гурван шил архи авсан. Би 23 цаг дөхүүлээд орж ирэхэд дуулаад сууж байхаар нь тар гэхэд тэмцээнээ дуусгачхаад гаръя гээд 23 цаг 30 минутын үед гарахаар болсон. Нэг охин ширээн дээр тонгойгоод суучихсан, ширээн дээр бөөлжчихсөн байхаар нь “энэ хүн бөөлжчихсөн байна” гэхэд тэнд байсан эмэгтэйчүүд “эгчээ уучлаарай бид нар арилгачихъя” гээд тэр хавийг цэвэрлээд гарахаар болсон. Тэгж байгаад нэг харсан чинь нөгөө танихгүй охин чинь дээгүүрээ өмсөж явсан хувцсаа тайлаад цээж хэсгээрээ нүцгэн болчихсон хамт явсан хүн болгон руугаа дайрч давшлаад цохиод байсан. Хүмүүс ёо ёо хуруу хазчихлаа гэх зэргээр ярьж байсан. Хамт явсан хүмүүс нь тэр охиныг аргадаад байсан. Би очоод аргадах гэтэл намайг цохиж өшиглөсөн. Тэр охин сууж байхдаа үсээ зулгаагаад шал мөргөөд байсан. Хамраас нь цус гарсан байсан. Тек рүү гүйж очоод текен дээр байсан аяга тавгыг бүгдийг нь цохиж унагаасан. Нэг харахад нөхөр нь шубыг нь бариад суучихсан “эгчээ энэ хүн манай эхнэр байгаа юм” гэж хэлж байсан. Эхнэр нь эхлээд тасарчихсан байсан сүүлдээ гайгүй болсон. Манай караокед бол нөхөр нь цохиж зодоогүй. Эхнэр нь өөрөө ийш тийшээ үсэрч хүн болгон луу дайраад хамт явсан эмэгтэйчүүд нь барьж болиулах гээд татаж чангаагаад байсан. Эхнэр нь тэндээс гарахгүй байхаар нь дамжилдаж аваад гарсан. Нөхөр нь бол авгайгаа цохиж зодохооргүй даруухан залуу байсан. Эхнэр нь маргааш нь над руу яриад “эгчээ уучлаарай эмнэлгээс гараад хагалсан стакан тавгыг төлж өгнө” гэж хэлсэн...” гэсэн /хх 28-29/,

гэрч Н.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 21 цаг 30 минутын үед сургалтын төвд гарсан хүмүүс караокед орсон. Тэнд 3 шил 0.750 граммын архи аваад ууцгаасан. Караокены тэмцээн зохион байгуулаад 23 цаг болоход караокены эгч хаах цаг боллоо гээд бид нар гарцгаасан. Би тэнд зохион байгуулалтын ажил хийж байсан учраас тэнд байсан хүмүүсийг гэр гэрт нь хүргэж өгсөн. Би сургалтын төвийн удирдлагын бүрэлдэхүүнийг гэрт нь хүргэж өгчхөөд караокед хүрч ирэхэд Л-ийн эхнэр нь агсам согтуу тавьсан байсан. Л-г эхнэртэй нь хамт гэрт нь хүргэж өгсөн. Намайг гэр лүү нь оруулж өгч байхад Л-ийн эхнэр тэр хавиар орилж, хашхираад тийчлээд орохгүй гээд байсан. Намайг хүргэж өгөхөд тэд хоорондоо маргалдаагүй...” гэсэн /хх 24-25/,

гэрч Б.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 02 цагийн үед Л эхнэр Б хамт манайд орж ирсэн. Эхнэрийг нь эхлээд нэг хүн согтсон байна гээд оруулж ирж байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор хэн гэдгийг нь мэдээгүй. Тэгээд байж байгаад эхнэр нь буцаад гараад гүйчихсэн. Тэгж байтал Л орж ирээд хүүхдээ тэврээд сууж байхад эхнэр нь орж ирээд уурлаад нөхөр лүүгээ ус буцалгагч шидээд хоорондоо жаахан маргаж байгаад хоёулаа гэрээс гараад гадаа муудалцаад байгаа бололтой байсан. Манай гэрийн цонхыг гурван удаа цохих шиг болоход нөхөр Л нь эхнэрийгээ “чи болиоч наадах чинь айл юм байгаа биздээ” гээд байсан. Би тухайн үед гэртээ нялх хүүхэдтэй байсан болохоор гэрээсээ гарч хараагүй. Би эхнэрийг нь цонх цохиод хагалчих шиг боллоо гэж бодсон. Тэгээд буцаж орж ирээд эхнэр нь хоёр утсаа аваад гараад явахад нөхөр нь араас нь хайгаад байгаа бололтой байсан олдоогүй. Л эхнэрийгээ хайсаар байгаад өглөө болгосон. Манайд бол эхнэрээ айхтар зодсон зүйл болоогүй. Эхнэр Б нь агсам тавьж уурлаж байсан...” гэсэн /хх 24-25/ агуулага бүхий мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч С.Л нь хохирогч Э.Б-г цохисон зодсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд харин хохирогч Э.Б нь шал, ширээг толгойгоороо мөргөж, сандал дээрээс арагшаагаа унасан, мөн бусдыг цохиж, өшиглөж, хазаж, караоке баарны аяга, тавга болон бусад зүйлийг хагалсан, мөн баарнаас гарахгүй, гэртээ орохгүй гэж орилж хашгирсан, гэрч Б.Э-ийн ус буцалгагчийг хагалсан үйл явдал тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч С.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...3-4 удаа эхнэрийхээ бөгс хэсэгт өшиглөсөн, толгой руу нь нэг удаа цохисон” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг үндэслэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 Харин “...Хохирогч Э.Б-ийн биед тархи доргилт, зүүн тохойн дотор тал, зүүн чихний урд хэсэг, баруун бөөрний түвшинд зулгаралт, 2 дунд чөмөг, 2 шилбэ, зүүн өвдөгний дотор хэсэг, баруун өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 10-аас дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 59/ нь хохирогчид хөнгөн гэмтэл учирсан болохыг нотолж байх боловч уг гэмтлийг хохирогч өөрөө шал, ширээ мөргөж, сандал дээрээс унахдаа авсан эсэх, эсхүл хэний 10-аас дээш удаагийн үйлдэл буюу үйлчлэлээр хохирогчид хөнгөн гэмтэл учирсан болохыг нотлоогүй байна.  

Иймд шүүгдэгч С.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж шалгасан боловч тэрээр хохирогч Э.Б-д хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүний цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувьд ногдох эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Л-ийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Л-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ