| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2020/0024/Э/205/2020/0012/ |
| Дугаар | 2020/шцт/32 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2020/шцт/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч З.Ж, Ж.Э,
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ж, Ж.Э нарт холбогдох эрүүгийн 2024000220013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, .........оны .... дугаар сарын ..........ны өдөр ............. аймгийн ...........суманд төрсөн, ........... настай, .., .... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........н аймгийн ....... сумын ....... багийн .........н ..... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .......... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, З.Ж.
Монгол улсын иргэн, ..........оны...........дугаар сарын ........-ны өдөр ............. аймгийн ............суманд төрсөн, .. настай, ..............., .......... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, .......... аймгийн ........ сумын Улаантолгой багийн.....н .... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Ж.Э.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Ганга цагаан гэх газрын ойгоос 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 5,5503 м3 хэрэглээний шинэс мод бэлтгэж, Зил-131 маркийн 6063 БӨА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 389.631 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Ганга цагаан гэх газрын ойгоос 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 5,5503 м3 хэрэглээний шинэс мод бэлтгэж, Зил-131 маркийн 6063 БӨА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 389.631 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэний нэхэмжлэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ хэрэгт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойн санд учруулсан хохирлыг нэхэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. З.Ж, Ж.Э нарын ойн санд учруулсан нийт хохирлыг нэхэмжилж байна. Дээрх хохирлыг барагдуулсан тохиолдолд энэ хэрэгтэй холбоотой гаргах нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 57-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.Б-гын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргаар ажиллаж байгаа, бичиг үсэг мэднэ. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэгт өгөхдөө өмгөөлөгч авах талаар хүсэлт гаргаагүй. Миний өгсөн мэдүүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцоно..., би бичиг үсэг мэдэхгүй...” гэж бичигдсэн нь техникийн алдаа юм шиг байна. ... нар нь хохиролоо төлчихсөн тохиолдолд миний зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Я.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 сард өөрийн эзэмшиж байсан Зил-131 маркийн 60-63 БӨА улсын дугаартай автомашиныг 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулж байсан. Тухайн машиныг 2012 онд Баян-Өлгий аймгаас Мерейхан гэдэг хүнээс авсан бөгөөд би өөрөө автомашиныг эзэмшиж байхдаа шилжүүлгийг нь хийлгэж амжаагүй байж байгаад З.Ж гуайд зарж байсан юм. Одоо гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байгаа. Би машины үлдэгдэл 2.000.000 төгрөгийг З.Ж гэдэг хүнээс 2020 оны 05 дугаар сарын 13- ны өдөр бэлнээр авсан болохоор одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 70-73-р хуудас/,
Гэрч Т.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “............. сумын нутаг дэвсгэрт ахлах мөрдөгч --------рын хамт хяналт шалгалт хийж явахад ............... багийн нутагт их хэмжээний мод зөөвөрлөн ачиж байгаа хүмүүстэй тааралдсан. Тухайн модыг ачуулж байгаа гэх нэрийг нь мэдэхгүй иргэн ахлах мөрдөгч -Ат модны бичиг болон тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгуулж байсан. Уг иргэн тухайн үед түлээний мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-р хуудас/,
Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр З.Ж 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд өөрийн хүүхэд Ж.Э-н хамт Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутгаас 2.30 метрийн урттай хуурай, шинэс төрлийн шургааг моднуудыг хийж бэлтгэсэн. Манай нөхөр хэлэхдээ 350 ширхэг шургааг модыг ойгоос хийж бэлтгэсэн гэж хэлсэн. Дээрх шургаагнуудыг 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сумын төв рүү хүү Э-ын хамт тээвэрлэж яваад замдаа машин нь эвдрээд өөрийн хүргэн С.Б-ын Зил 130 маркийн автомашиныг гуйж шургаагуудыг сумын төв рүү тээвэрлэж оруулж ирсэн. Тэгээд манай нөхөр, хүү нар галын түлээний модны гоожингоор хэрэглээний шургааг модыг бэлтгэсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдах болсон юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 64-р хуудас/,
Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.Ж нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр надаас № 044547 дугаартай 14 метр куб галын түлээний модны эрхийн бичгийг бичүүлж авч байсан юм. Түүнээс хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг гоожин бичүүлж авч байгаагүй. Хэрэглээний модонд 2.30 метрээс дээш, урттай хэрэглээнд ашиглах боломжтой моднууд хамаарна. Тиймээс тус шургааг моднууд хэрэглээний модны ангилалд хамаарна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 66-р хуудас/,
Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хадам аав З.Ж 2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөө надтай утсаар яриад Рашаант багийн нутаг Цагаан хясааны гүүрний доод талд Э-ын Зил 131 маркийн автомашинаар шургааг ачиж яваад замдаа эвдрээд хээр хаячихсан, чи машинаараа шургааг ачаад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд Э-ын автомашин дээр ачсан байсан шургаагнуудыг өөрийнхөө автомашин дээр шилжүүлж ачаад сумын төв рүү тээвэрлэн оруулж ирсэн. Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг гоожинг нь өөрийн биеэр үзэж шалгасан. №044547 дугаартай 14 мерт куб модны эрхийн бичиг үзүүлж байсан. Би эрхинй бичигтэй юм чинь асуудалгүй гэж бодоод модыг нь ачсан. ..” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68-р хуудас/,
Гэрч С.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 10 жилийн өмнө байх Я.Б гэх хүнд 60-63 БӨА улсын дугаартай машинаа зарсан. Харин Болд нь машины мөнгийг төлж барагдуулсан бөгөөд машины бичиг баримтыг өөртөө авч үлдээд өөрийнхөө нэр дээр шилжүүүлнэ гээд үлдсэн. Шилжүүлж авсан эсэхийг мэдэхгүй. Болд бид хоёрын хооронд одоо ямар нэгэн тооцоогүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/,
Шинжээч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэн экологи эдийн үнэлгээг тогтоодог. Тухайн 350 ширхэг шургааг модны 50 ширхэг нь түлээний модны ангилалд хамаарна. Харин 2.30-2.40 метрийн урттай 300 ширхэг нь хэрэглээний модны ангилалд хамаарна. Иргэн З.Ж, Ж.Э нар нь 5.5503 м куб хэрэглээний хуурай шургааг мод бэлтгэсэн байсан. Тухайн модны экологи эдийн үнэлгээ 389.631 төгрөг болж байсан. Түлээний модны ангилалд 2.20 метрээс дотогш урттай хэрэглээний модны шаардлага хангахгүй, яр, цуурхай ихтэй, тахир моднууд түлээний модонд хамаарна, Монгол улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа 2011 оны стандартад 2.20 метрээс дээш урттай 5-14 см-ийн диаметртэй модыг хэрэглээний модны ангилалд хамаарна гэж заасан байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 88-р хуудас/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай “...Иргэн З.Ж, Ж.Э нарын ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ бэлтгэсэн байна...300 ширхэг нь 2,30- 2,40 м урттай, нарийн үзүүрийн голч 6-12 см 5,5503 м3 хэрэглээний хуурай мод байна...” гэсэн дүгнэлт, мөн тус байгууллагын шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 03 дугаартай “...Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 39000 төгрөг байна. БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 39000 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 70200 төгрөг, бэлтгэсэн 5,5503 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 389631 төгрөг байна...” гэсэн дүгнэлт, түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай: “...Яллагдагч З.Ж-ийн ойгоос бэлтгэсэн гэх 2.20 метрийн 50 ширхэг мод нь 1.09725 м куб хуурай түлээний мод байна. Мод бэлтгэсэн газар нь Рашаант багийн нутаг Зүүн эхний Ганга цагааны ар гэх газар нь арчилгаа, цэвэрлэгээ хийх зориулалтаар мод бэлтгэл зөвшөөрөл олгодог газар. Яллагдагч З.Ж-ийн бэлтгэсэн 2.20 метрийн уртттай 50 ширхэг мод нь хэргийн материалд хавсрагдсан 044547 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн 14 м куб түлээний мод байна. Уг эрхийн бичгээс хэтрүүлэн мод бэлтгээгүй байна...гэх дүгнэлт /ХХ-ийн 80-81, 86-87, 92-94 -р хуудас/ дүгнэлт,
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.Бямбарагчаагийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай: “...Иргэн З.Ж-ийн хууль бусаар бэлтгэсэн 5.5503 м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах. Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны Экологи-Эдийн засгийн үнэлгээ болох 5.503 м3 =389.631 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 389.631х3=1.168.893 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулахыг иргэн З.Ж-д сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай: “...З.Ж, Ж.Э нарын мод бэлтгэсэн гэх Рашаант багийн Зүүн эхний Ганга цагаан гэдэг газар нь ойн сангийн 2-р мужид хамрагдаж байна...” гэсэн албан бичиг, мод бэлтгэсэн газрын тойм зураг,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 2/87 дугаартай: “... Тосонцэнгэл сумын Улаан толгой багийн иргэн З.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгаль хамгаалагч Ш.Та-ас 056541 сери дугаартай, Рашаант багийн нутаг Зүүн эх хэмээх газраас 10 м куб хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан байна. Уг эрхийн бичгийг сунгуулах талаар ямар нэгэн хүсэлт албан ёсоор байгаль хамгаалагчид ирүүлээгүй болно...” гэсэн тодорхойлолт,
Гэрч Ш.Т-вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мод бэлтгэх эрхийн бичгийг би Ж гэдэг хүнд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эх нэртэй газраас 10 куб хэрэглээний мод бэлтгэн, тээвэрлэх нөхцөлтэйгээр олгосон. Иргэн нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан хугацаанд заагдсан газраас, зааж өгсөн хэмжээнд, заасан нэр төрлийн модыг бэлтгэх ёстой. Мөн эрхийн бичигт дурдсан хугацаанд тээвэрлэх ёстой. Хэрвээ ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улсаас модоо бэлтгэж, тээвэрлэж чадаагүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд буюу надад бичгээр хүсэлт гаргаж, мод бэлтгэх, тээвэрлэх хугацааг сунгуулж, эрхийн бичигт тэмдэглэгээ хийлгэх ёстой байдаг. Хэрвээ ингэж сунгалт хийлгээгүй тохиолдолд тухайн мод бэлтгэх эрхийн бичгийг хүчингүй гэж үзнэ. Цаг хугацааны тухайд уг модыг 056541 дугаартай “ мод бэлтгэх эрхийн бичиг-т заасан хугацаанаас хойно бэлтгэсэн гэж үзэхээр байна. Ж гэдэг хүн энэ мод бэлтгэх эрхийн бичгийг надаас анх авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн хугацаа сунгуулах талаар хүсэлтийг амаар болон бичгээр өгч байгаагүй, Энэ харилцааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо, хэмжээ, хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, мөн хуулийн 4.3 дахь хэсэгт завсарласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж зохицуулж өгсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 –р хуудас /,
Мод бэлтгэх эрхийн 044547 дугаартай бичиг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх:
Гэрч Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн эцэг З.Ж нь үг дуу цөөтэй, хүний хэлснийг хүлээж авах чадвартай. Намбалаг, ажилсаг, амьдралын төлөө, гэр бүлээ тэжээхийн тулд насаараа хөдөлмөрлөж, хар бор ажил хийж байгаа, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаг, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай хүн байгаа юм. Бид нар эцэг эхээс 11-үүлээ төрсөн. Олон хүүхэдтэй айл байдаг. Манай дүү Э үг дуу цөөтэй хүний үгнээс гардаггүй, архи дарс хэрэглэдэггүй, хувиараа хар ажил хийж, гэр бүлээ тэжээх гэж хөдөлмөрлөдөг. Миний дүү Э гэр бүл болж тусдаа гараагүй, Аав, ээжтэйгээ хамт амьдардаг...”гэх /хх-ийн 75-р хуудас/,
Гэрч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... З.Ж ах олон хүүхэдтэй, томоотой, дуугүй, амь зуух, гэж хөдөлмөрлөсөн хүн байдаг. З.Ж ахын хүүхэд Э нь мөн аавыгаа дуурайсан, төлөв даруу зантай, архи дарс хэрэглээд байдаггүй, үг дуу цөөтэй, ажилсаг, хэрэгт ороолцолдоод байдаггүй сайн хүүхэд байгаа юм...” гэсэн /хх-ийн 76-77-р хуудас/,
Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай: “...Иргэн Ж.Э-ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна. Иргэн З.Жи-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү0905000249 дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 6-р гудамжны 90/2 тоотод байрлах үл хөдлөх бүртгэлтэй байна...” гэсэн албан бичиг, ... нарын иргэний үнэмлэхний лавлагаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудхариуцсан мэргэжилтэн Р.У-хын 8140100000 дугаартай: “... У багийн ....р гудамжны ... тоотод оршин суугч З.Ж-ийн өрх нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар Ниймгийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатайр өрхийн гишүүн иргэн буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогуурт байна....” гэсэн тодорхойлолт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ... багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 224 дугаартай: “...З.Ж нь ам бүл-9 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн йн ... тоотод оршин суудаг. 2019 оны жилийн эцсээр хонь-18, Үхэр 2-ыг тоолуулсан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх мөн болохыг тодорхойлов...” гэсэн албан бичиг /ххийн 119-р хуудас/, малын тооны бичиг, Завхан аймгийн автотээврийн төвийн 2020 оны 05 дугаар сарын 34 дугаартай: “... З.Ж-ийн нэр дээр 12-17 ЗАЗ Ноnjna маркийн мотоцикль бүртгэлтэй байна. Харин Ж.Э-ийн эзэмшил дээр тээврийн хэрэгсэл байхгүй болно...” гэсэн албан бичиг, З.Э-н төрсний гэрчилгээний хуулбар, Хаан, Төрийн, Хас банкны тодорхойлолтууд, дансны хуулга, тээврийн гэрчилгээнийн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж, үнэлж шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч З.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2020 оны 03 дугаар сарын 17-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд өөрийн хүүхэд Ж.Э-н хамт Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт Ганга цагаан гэх газрын ойгоос 2.30 метрийн урттай 350 ширхэг шургааг модыг бэлтгэсэн. Тэгээд тухайн бэлтгэсэн шургааг моднуудаа Тосонцэнгэл сумын төв рүү өөрийн хүүхэд Ж.Э-н хамт 60-63 БӨА улсын дугаартай ЗИЛ - 131 маркийн автомашинаар 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдөр тээвэрлэсэн. Би 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сумын байгаль хамгаалагч Д-лээр түлээний мод бэлтгэх № 044547 дугаартай 14 метр куб модны эрхийн бичиг гоожинг бичүүлж авсан. Хэрэглээний модны эрхийн бичиг авах гэхээр тушаах мөнгө нь өндөр байдаг. Мөн иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг тэр болгон өгөөд байдаггүй болохоор би галын түлээний модны гоожингоор 350 ширхэг шургааг моднуудыг хийж бэлтгэсэн юм. 2020 оны 03 дугаар сарын 17-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 22- ны өдрүүдийн хооронд Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт Ганга цагаан гэх газраас түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний 350 ширхэг шургааг модыг бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2020 оны 03 дугаар сарын 17-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт Ганга цагаан гэх газраас өөрийн аав Ж-ийн хамт ойгоос 2.30 метрийн урттай, хуурай, шинэс төрлийн 350 ширхэг шургааг модыг хийж бэлтгэсэн. Тэгээд тухайн модоо өөрийн эзэмшлийн 60-63 БӨА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаар 2020 оны 03 дугаар сарын 23-ний өдөр тээвэрлэсэн. Тээвэрлэх явцад миний машин эвдрээд хүргэн Б ахын автомашинаар сумын төв рүү оруулсан. Манай аав Ж 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сумын байгаль хамгаалагч Д-ээр түлээний мод бэлтгэх № 044547 дугаартай 14 метр куб модны эрхийн бичиг гоожинг миний нэр дээр бичүүлж авсан байсан. 2020 оны 03 дугаар сарын 17-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдийн хооронд Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Ганга цагаан гэх газраас түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний 350 ширхэг шургааг модыг бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар: Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохролоо шүүгдэгч нар төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь: иргэний нэхэмжлэгч Л.Б-гын “...Дээрх хохирлыг барагдуулсан тохиолдолд энэ хэрэгтэй холбоотой гаргах нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” , “...2020 оны 07 дугаар сарын 07...”-ны өдрийн төрийн сангийн 100090400914 дугаартай дансанд 1.168.893 төгрөгийг Ж-оос төлсөн Хаан банкны гүйлгээний баримт...” , иргэний нэхэмжлэгч Я.Б-ын “...Би машины үлдэгдэл 2.000.000 төгрөгийг З.Ж гэдэг хүнээс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр авсан болохоор одоо нэхэмжлэх зүйл байхгүй....”, гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Э-ын “...автомашины үнийг бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг болон банкны баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөр байхгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тэдний өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байх тул уг автомашиныг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 60-63 БӨА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашины үнэ болох 2.000.000 төгрөг, шүүгдэгч З.Ж-ийн өмчлөлийн хөх алаг өнгийн моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 300 ширхэг хэрэглээний модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл, зохих эрхийн бичигтэй, хуульд заасан журмын дагуу бэлтгэсэн 50 ширхэг галын түлээний модыг шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зил 131 маркийн 60-63 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөг, 300 ширхэг хэрэглээний мод, хөх алаг өнгийн цахилгааны хөрөөг тус тус улсын орлого болгож, Зил 131 маркийн 60-63 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид, 50 ширхэг галын түлээний модыг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай
4. Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/07 дугаартай тогтоолоор шүүгдэгч З.Ж-ийн эзэмшлийн .... аймгийн . ......... сумын У............ багийн ..................... хэсгийн ..... тоотод байрлах 32 мкв хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ