| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01696/И |
| Дугаар | 1703 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 16 дугаар байрны 11 тоотод байрлах Бичил бизнес бичил-12 ХЗХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 15 дугаар байрны 67 тоотод оршин суух Элээт овогт Аяахүүгийн Лхагвад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.856.455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цолмон, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Бичил бизнес бичил-12 ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай хоршоо, Зээлийн хорооны дарга Б.Болормаа, нягтлан бодогч В.Алтанчимэг бид А.Лхагвагийн хүсэлтийн дагуу Эрүүл хүнс амьдралын баталгаа төсөлд нь зориулж, Бичил бизнес бичил-12 ХЗХ-ны Зээлийн хорооноос 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2015/07/08 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 06-ны едөр 3.000.000 төгрөгийг, сарын 1.2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн.
А.Лхагва 2010 онд худалдан авсан, угаалгын машиныг 250.000 төгрөгөөр, 2010 онд худалдан авсан систем хөгжмийг 150.000 төгрөгөөр, 2014 онд худалдан авсан шарах шүүгээг 107.000 төгрөгөөр, 2013 онд худалдан авсан хөлдөөгчийг 250.000 төгрөгөөр, 2012 онд худалдан авсан ргеstech хөргөгчийг 380.000 төгрөгөөр, 2014 онд худалдан авсан буйданг 1.240.000 төгрөгөөр, 2010 онд худалдан авсан, Samsungтелевизорыг 799.000 төгрөгөөр үнэлж, бүгд 3.176.000 төгрөгийн, 7 төрлийн цахилгаан бараа, гэр ахуйн тавилгыг зээлийн барьцаанд тавьсан.
Дахин зээл хүссэн хүсэлт гаргасны дагуу Зээлийн хорооноос 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 2016/13/44/70 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 2.500.000 төгрөгийг, сарын 1.2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хоёр дахь удаагийн зээлийг олгосон.
Зээлдэгч зээл авснаасаа хойш:
-Нэгдүгээр зээлийн үндсэн зээлд 2015 оны 12 дугаар сарын 06-ыг өдрийг хүртэлх хугацаанд 189.040 төгрөгийг төлж, 2.810.960 төгрөгийн үлдэгдэлтэй
-Хоёрдахь зээлийн хүү, алдангид 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 60.000 төгрөг төлж, 2.500.000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй байнга хугацаа хожигдуулан, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар хоёр зээлийн нийлбэр 5.231.796 төгрөг 19 мөнгөний үлдэгдэлтэй. 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар:
-Нэгдүгээр зээлийн үндсэн зээл, хүү, алдангид 2.956.455 төгрөг 25 мөнгө
-Хоёр дахь зээлийн үндсэн зээл, хүү, алдангид 2.869.000 төгрөг, нийт 5.825.455 төгрөг 25 мөнгөний үлдэгдэлтэй болсон.
Мөн Бичил бизнес бичил-12 ХЗХ-ны А.Лхагватай байгуулсан хоёр Зээлийн гэрээ-ний хугацаа дууссан.
Иймээс үндсэн зээл 5.231.796 төгрөг 19 мөнгө, хүү 540.990 төгрөг 13 мөнгө, алданги 52.668 төгрөг 93 мөнгө, нотариатын зардал З1.000 төгрөг, нийт 5.856.455 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлдэгч А.Лхагвад бид удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Энэ хүн зээл төлөх бүрэн боломжтой тэтгэвэр авч, хувиараа бизнес эрхэлдэг. Хэрвээ зээл төлөгдөхгүй бол хоршоо ямар байдалд орохыг сайн мэдэж байгаа. Мөн шүүх хуралдаанд шалтгаангүйгээр ирээгүй, хариу тайлбараа хуулийн хугацаандаа өгөөгүй учраас бидний нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрч байна гэж ойлгож байгаа тул 5.856.455 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Бичил бизнес бичил-12 ХЗХ, хариуцагч А.Лхагвад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.856.455 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч А.Лхагвад шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, түүний 99626047 дугаарын утсанд залгаж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
1. Хариуцагч А.Лхагва Бичил бизнес бичил-12 ХЗХ-ноос 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай мөн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 2.500.000 төгрөгийг, сарын 1.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн барьцаанд 2005-2020 он хүртэл хугацаатай Сонгино-Хайрхан дүүргийн Рашаантын хотхоны 3 дугаар гудамны 88 тоотод байрлах 700 метр квадрат талбай бүхий газар эзэмших гэрчилгээ, систем хөгжим, шарах шүүгээ, хөлдөөгч, ргеstech хөргөгч, буйдан, Samsung телевизорыг барьцаалж, Зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулсан болох нь 2015 оны 2015/07/08 дугаартай, 2016 оны 2016/44/70 дугаартай гэрээнүүд, зээл эргэн төлөх хуваарь, нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
2.Зохигчдын хооронд хийгдсэн зээл болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ нь нотлогдож байна.
3.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буюу барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Бичил бизнес бичил-12 ХЗХ барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй боловч энэ шаардлагыг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
4. 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нэгэнт хариуцагч хуралдаанд ирээгүй тул хурлыг үргэлжлүүлэн, нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож өгнө үү гэх тайлбарыг гаргасан бөгөөд хүлээсэн үүргээ биелүүлж, хуулиар олгогдсон 14 хоногийн хугацаанд Хариу тайлбар-аа ирүүлээгүй байх тул шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэн, зээлийн гэрээний үүрэг 5.856.455 төгрөг,Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэснээр нотариатын зардал 31000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5.856.455 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 108.653 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 хэсгүүдэд зааснаар хариуцагч Элээт овогт Аяахүүгийн Лхагваас зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.825.455 төгрөг, нотариатын зардал 31.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчБичил бизнес бичил-12 ХЗХ-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 108.157 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА