Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/404

 

 

 

 

   

 

 

    2022       04         15                                       2022/ШЦТ/404

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч Т.Н-, түүний өмгөөлөгч А.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 1909009630159 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, артиллерийн тагнуулчин тооцоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Т.Н- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны ойролцоо хохирогч Б.Т-г “Судан улс руу энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүнээс 6.000.000 төгрөгийг авсан,

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Г.Ж-г хуурч, түүнээс Хаан банкны ... тоот дансаар 3.000.000 төгрөг, 2018 оны 007 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн нэгдсэн эмнэлгийн ойролцоо бэлнээр 4.000.000 төгрөгийг,

2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.И-ыг хуурч, түүнээс Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.000.000 төгрөгийг,

2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ц.С-ийг хуурч, түүнээс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн захиргааны байрны ойролцоо 3.000.000 төгрөг бэлнээр, мөн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг бэлнээр,

мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 11 дүгээр багийн иргэн Т.Г-ыг Өмнөговь аймгийн хилийн цэрэгт ажиллаж байгаа хүү Г.Р-ийг чинь Баян-Өлзий аймагт байрлалтай хилийн цэргийн ангид шилжүүлж өгнө гэж хуурч, улмаар хохирогч Т.Г- Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны дансаар 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 28.500.000 төгрөгийн хохирол учруулсан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н- мэдүүлэхдээ: ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г-ын данс руу ээжийн дансаар 3.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд уг баримтыг мөрдөгч Оргилд өгсөн. Хохирогч Б.Т-д учруулсан хохирлын 3.000.000 төгрөгт Тоёота криста машинаа шилжүүлж өгсөн. Дүү түүнд хүлээлгэж өгсөн байдаг. Бусад хохирогч нарт учирсан хохирлыг төлөөгүй учир ажил хийж төлж барагдуулна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Т-гийн мэдүүлэг / 1хх 40 /, гэрч Т.А-ийн мэдүүлэг / 1хх 41 /, Б.Т-ийн 5180692973 дугаартай дансны хуулга / 1хх 63 /, хохирогч Г.Ж-ийн мэдүүлэг / 1хх 105-106 /, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт / 1хх 166, 167 /, Утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 121 /, ... ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 18/4506 тоот албан бичиг / 1хх 122-123 /, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 2хх 60-60, 64-67, 68-71 /, хохирогч Б.И-ын мэдүүлэг / 1хх 197-198 /, гэрч А.Х-ийн мэдүүлэг / 1хх 204 /, хохирогч Ц.С-ийн мэдүүлэг / 1хх 201, 2хх 81 /, гэрч Г.Б-гийн мэдүүлэг / 1хх 208-209 /, А.Х-гийн 5070185390 дугаартай Хаан банкны дансны хуулга / 1хх 228 /, хохирогч Т.Г-ын мэдүүлэг / 1хх 242-243 /, З.А-ийн Хаан банкны дансны хуулга / 2хх 7, 113, 135, 143 /, Т.Г-с мөнгө шилжүүлсэн баримт / 2хх 13-14 /, гэрч Б.Н-ын мэдүүлэг / 2хх 105-106 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх 192 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / 2хх 37 / зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Н- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд “Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө, хилийн цэргийн анги шилжүүлж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Ж-аас 7.000.000 төгрөг, Б.И-аас 6.000.000 төгрөг, Ц.С-ээс 6.000.000 төгрөг, Т.Г-с 3.500.000, Б.Т-гээс 6.000.000 төгрөг, нийт 28.500.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Б.Т-ийн / 1хх 40 / “...Би 350 дугаар ангид ажилладаг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай ажлын залуу Т.А А гэдэг нэрээр танилцуулсан Т.Н- гэгчтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны хажуугийн Хаан банкны АТМ дээрээс 6.000.000 төгрөг бэлнээр авч Судан улс руу энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгнө. Өөрийгөө зэвсэгт хүчний жанчин штабт бичээч хийдэг гэсний дагуу өгсөн боловч жанжин штабт Т.Н- нь ажилладаггүй зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж байгаад гарсан. Одоо ажилгүй намайг Судан улс руу явуулж өгөлгүй мөнгө аваад алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

            Гэрч Т.А-ийн / 1хх 41 / “...Манай ажлын залуу Б.Т надаас танд “Энхийг дэмжих ажиллагаанд явуулдаг хүн байдаг гэж сонссон. Тийм хүн байна уу” гэж асуухаар нь би намайг бас нэг удаа явуулж өгнө гэж 3.000.000 төгрөг авч байсан хүн байдаг гээд манай ахын найз А гэдэг хүн байдаг гээд ах Т.Н-ийн ... гэсэн утсыг өгсөн. Уг дугаар руу Б.Т ярихад манай ах би А байна явуулж өгнө гэж хэлээд Б.Тгээс 6.000.000 төгрөг авсан гэж Б.Т надад хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Б.Т-ийн ... дугаартай дансны хуулга / 1хх 63 /

Хохирогч Г.Ж-ийн / 1хх 105-106 / “...Манай хүргэн ах Г-тай хамт Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ажилладаг Б.Т Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явахаар болсон. Генералын туслах найдвартай хүн байгаа. Одоо нэг хүний нөөц байгаа гэж манай хүргэн ахад хэлсэн байсан. Тэгээд А гэх хүнтэй уулзаад Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явах болсон. Ингээд 3.000.000 төгрөг яаралтай шилжүүл гэхээр нь 14 цагийн үед 5180768330 дугаарын Т.Н- гэсэн данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ... дугаарын утаснаас “А байна. Ах нь гадаадад томилолтоор ирчихсэн байна. Чи үлдсэн бичиг баримт мөнгөө бэлдсэн үү. Өнөөдрийн дотор яаралтай авмаар байна гэсэн. А ах нь тушаалаар яаралтай Казакстан яваад ирчихсэн байна” гэж хэлсэн. Үүнээс хойш А ах надтай өдөр бүр холбогддог байсан ба мөнгөө олсон уу гэж асуудаг байсан. 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би машинаа зараад 4.000.000 төгрөгтэй байсныг мөн өгсөн. ...2019 оны 03 дугаар сарын эхээр Б.Т бид хоёр А гэдэг хуурамч нэрээр Т.Н- гэдэг хүнд залилуулснаа мэдээд цагдаад өргөдөл гаргаж шалгуулахаар болсон...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт / 1хх 166, 167 /

 

Утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 121 /

 

... ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 18/4506 тоот албан бичиг / 1хх 122-123 /

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 2хх 60-60, 64-67, 68-71 /

  

Хохирогч Б.И-ын / 1хх 197-198 / “...Би Налайх дүүргийн Онцгой байдлын ерөнхий газрын харъяа уул уурхайн аврах ангид бүлгийн дарга албан тушаалтай. Сүүлийн жилүүдэд Судан улсад цэргийн энхийг дэмжих ажиллагааны талаар сонирхож эхэлсэн. Тухайн үед манай ажлын газар аврагч хийдэг Г.Ж-гэх залуу Судан руу явуулаад өгчихөөр өөрийгөө А гэж танилцуулсан нэг залуутай танилцсан. Тэр залуу мөнгөө өгчихвөл ямар ч асуудалгүй Судан руу явуулж өгнө. Мөнгө нь бэлэн явах хүн байна уу гэж байна” гэхээр нь утасны дугаар нь аваад холбогдсон. Тэрээр өөрийгөө А гэж танилцуулж “Би гадаад улсад ажиллахаар явж байна. Ж-гийн хэлсэн хүн үү. Чи 6.000.000 төгрөгөө манай туслахад өгчих. Ямар ч асуудалгүй Судан явна” гэж хэлсэн. Тэгээд А. гэх хүүхэнтэй 10 дугаар хороололд уулзаж АТМ-с бэлнээр 6.000.000 төгрөг авч өгсөн. Тэр хүүхэн ямар нэг зүйл яриагүй. А-ын ярьсан хүн мөн үү гэж байсан. Бас мөнгө аваад ир л гэсэн өөр зүйл мэдэхгүй байна гэсэн. Өгсөн даруйд А руу ярихад манай туслахад бичиг баримтаа хуулбарлаад өгчих гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сар болоход нөгөө А гэх залуу Т.Н- гэх казак нэртэй хүн болж таарсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Х-гийн / 1хх 204 / “...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр И- “Манай ажлын 2 хүн ажиллагаанд явахаар болсон найдвартай хүн байна. 6.000.000 төгрөг хэрэгтэй” гэхээр нь бид хоёр цуг яваад 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дансандаа 6.000.000 төгрөгтэй байсан тул 10-р хороололд нөхөртэй картаа өгөөд явуулсан. Манай нөхөр миний картыг авч яваад мөнгөө өгчихлөө гээд ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Ц.С-ийн / 1хх 201, 2хх 81 / “...Г.Ж-гэх залуу Судан улс руу явуулаад өгчихөөр өөрийгөө А гэж танилцуулсан нэг залуутай танилцсан. Тэр залуу хэлэхдээ мөнгөө өгчихвөл ямар ч асуудалгүйгээр Судан улс руу энхийг дэмжих ажиллагаанд явуулна гэхээр нь би эхнэртэйгээ зөвлөлдөөд байж байтал А гэх залуу нэг гадаад дугаараас залгаад өөрийгөө А гэж танилцуулаад би Орос улс руу сургалтаар явж байна. Ж-н ярьсан хүн үү. Мөнгөө манай туслахад өгөөдөхөө. Тэгвэл би ямар ч асуудалгүй Судан явна гэж хэлэхээр нь 3.000.000 төгрөг хүүтэй зээлээд Баянзүрхийн товчоо өнгөрөөд явж байхдаа А-ын туслах Б. гэх хүнд өгсөн. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Б-гийн / 1хх 208-209 / “...Мөнгийг Баянзүрх дүүргийн урд зам дээр машин дотор өөрийгөө Б. гэж танилцуулсан хүнд өгсөн. Б.д 3.000.000 төгрөг өгсөн гээд манай нөхөр гарын үсэг зурсан. Ингээд 10 гаруй хоногийн дараа манай нөхрийг ажиллагаанд явуулах А гэж нэртэй хүн нөхөр рүү яриад үлдэгдэл 3.000.000 төгрөгөө яаралтай явуул тушаал чинь гарах гээд байна гэхээр нь нөхөр бид хоёр гэр бүлийн хэрэгцээний газрыг 3.500.000 төгрөгний барьцаанд банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Тэгээд А гэх хүн рүү мөнгөө бэлэн болсон гэхэд нарийн бичгийнхээ дугаарыг өгчихье ярьж байгаад уулзчих гэхээр нь яриад С-д бид хоёр Драгон төв дээр ирээд бэлнээр өгсөн. Манай нөхөр Атой утсаар ярихад өнөөдөр больсон хэд хоногоос хангалт орно бэлэн байж бай гээд дахин залгахад хуралтай байна гэх зэргээр утсаа аваагүй. Гэхдээ А-ын жинхэнэ нэр нь Т.Н- гэж залуу байсан. Мөн манай нөхрөөс гадна нөхөртэй хамт ажилладаг И- Судан руу ажиллагаанд явна гээд 6.000.000 төгрөг өгсөн. Ж мөн 7.000.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлгээр,

 

А.Х-ийн ... дугаартай Хаан банкны дансны хуулга / 1хх 228 /

 

Хохирогч Т.Г-ын / 1хх 242-243 / “...Т.Н-тэй ярилцаж байхад Өмнөговь аймагт хилийн цэргийн байгууллагад ахлагч цолтой ажилладаг отгон хүү болох Ризабекийг Баян-Өлгий аймаг руу шилжүүлээд авмаар байна гэж хэлсэн. Т.Н- надад “Би өөрөө ч гэсэн Налайх дүүргийн цэргийн байгууллагад ажилладаг. Энэ тэнд танилууд байгаа. Танай хүүхдийг шилжүүлж өгч болно” гэж хэлсэн. ...Т.Н- надад би Ризабекийг 14 хоногийн дотор Баян-Өлгий аймаг руу шилжүүлж өгнө. Та надад 3.000.000 төгрөг шилжүүлээд өг гэж хэлээд Хаан банкны данс өгөхөөр нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлж өгсөн. Дараа нь дахиж утсаар яриад 500.000 төгрөг шилжүүлэхгүй бол болохгүй байна гэж хэлээд дахиад нэг өөр данс өгсөн. Уг дансанд дахиад 500.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлснээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 14-ний үед Т.Н- руу ярихад хэдэн ажлууд давхцаад болохгүй байна. Та санаа зоволтгүй таны асуудал шийдэгдэх болно гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

З.А-ийн Хаан банкны дансны хуулга / 2хх 7, 113, 135, 143 /

 

Т.Г-оос мөнгө шилжүүлсэн баримт / 2хх 13-14 /

 

Гэрч Б.Н-ын / 2хх 105-106 / “...Он сарыг нь сайн санахгүй байна. Манай хадам ах Т.Н- надад хэлэхдээ хүнээс 6.000.000 төгрөг бэлэн очоод авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би та өөр хүн явуулаад авчиж болдоггүй юм уу гэхэд чамаас өөр итгэх хүн алга гэхээр нь би 10 дугаар хороололд очоод авсан. Тэр залуу машинтай явж байсан ба мөнгө болон цээж зураг хуулбарласан бичиг баримт өгсөн. Т.Н- нь намайг нэрээ тэгж хэлээрэй гэхээр нь би өөрийн нэрээ хэлж болохгүй юм уу гэхэд болохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч З.А-н / 2хх 108 / “...Б.Нуран надад хэлэхдээ “Т.Н- нэг хүнээс мөнгө аваарай гэж хэлээд би тэр хүнээс нь мөнгийг нь аваад ирсэн” гэж хэлж байсан. 6.000.000 төгрөгийг нэг авчирч өгсөн. Дараа нь 3.000.000 төгрөг авчирч өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Н-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Н-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Т.Н-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Н- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 28.500.000 төгрөгний хохирол учирсан, хохирлоо нөхөн төлөөгүй, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулж зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2 / хоёр / жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Н- нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш учруулсан хохирлоос төлөөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Т.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.

 

Мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэсгүүдэд байхгүй, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хориглосон заалтад хамаарахгүй байна. 

 

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэх шаардлагыг хангахгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Т.Н-ийн гэм буруут үйлдлийн улмаас бусдад нийт 28.500.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Н- мэдүүлэхдээ “...Хохирогч Б.Т-д машин өгч хохиролгүй болгосон. Хохирогч Т.Г-д мөнгийг буцаан өгсөн” гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлахад хохирогч Т.Г, Б.Т нарт хохирол төлөгдсөн баримт авагдаагүй тул хохирол төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Т.Н-ээс 28.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ж-д 7.000.000 төгрөг, Б.И-д 6.000.000 төгрөг, Ц.С-д 6.000.000 төгрөг, Т.Г-д 3.500.000, Б.Т-д 6.000.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Н- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 31 хоног 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 28 хоног, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс шүүх хурал хүртэл 42 хоног, нийт 101 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Т.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 / хоёр / жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Н-ийн цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Н-ээс нийт 28.500.000 төгрөг гаргуулж, хохирогч  хохирогч Г.Ж-д 7.000.000 төгрөг, Б.И-д 6.000.000 төгрөг, Ц.С-д 6.000.000 төгрөг, Т.Г-д 3.500.000, Б.Т-д 6.000.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Т.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ