Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0503

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 21 өдөр             Дугаар128/ШШ2019/0503

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Гомдол гаргагч: ШХ ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т

 

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0067235 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан гомдолдоо: нэгт, манай компани нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04-07/0445 дугаар тогтоолыг эс зөвшөөрч прокурорт гомдол гаргасан.

 

Гэтэл прокурор гомдлыг хянаж байх үед буюу гомдлыг хянан шийдвэрлээгүй байх хугацаанд шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан эрхийг ноцтой зөрчсөн.

 

Хоёрт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.3-д тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх гэж заасан байх бөгөөд мэргэжлийн хяналтын улсын байцаагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Үүнд,

 

Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчилд хамаарахгүй талаар, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн зорилт, түүний агуулгыг үзэхэд байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчныг хамгаалахтай холбогдсон тодорхой бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахаар байна. Тус хуулийн 9 дүгээр зүйлээс үзэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үнэлгээ хийсэн байгууллага батлах бөгөөд тодорхой бүс нутаг, салбарын хэмжээнд төсөл хэрэгжүүлэгчид тухайн төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох тухай зохицуулалттай байх бөгөөд тайлагнах үүргийг хуулиар хүлээлгээгүй байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдээгүй талаар, манай компани Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч, түүнд харьяалагддаг төрийн эрх бүхий байгууллага болох Ус сувгийн удирдах газартай 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулж, хэрэглэгчийн 23031700 дугаарт бүртгэгдэн холбогдох байгууллагын хяналтад гэрээний үүргээ биелүүлж, усны төлбөрийг цаг хугацаанд нь төлж ирсэн. Манай компани дээр дурдсаны дагуу гэрээ байгуулж, гэрээний үүрэг хүлээлгэж байгаа нь төрийн эрх бүхий байгууллага зөвшөөрч буй хэлбэр юм.

 

Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т ...усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан ... тохиолдол зөрчилд хамаарахаар тодорхой заасан байна. Түүнчлэн Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой зориулалтаас хамаарч гэрээний үндсэн дээр ус ашиглах эрхтэй байхаар хуульчилсан байна.

 

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0067235 тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: холбогдогч зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхийг хангасан тул Ш ХХК нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно гэж заасны дагуу прокурорт гомдол гаргажээ.

 

Гомдол гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бол эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр гараагүй, хэрэг бүртгэх ажиллагаа үргэлжилж байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоол үйлдэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрхээ эдлэх боломжоор хангасан.

 

Энэ хугацаанд холбогдогчийн зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, мөн хэрэг бүртгэх ажиллагааны талаар гомдол гаргасан тухай Ш ХХК-ийн зүгээс болон Нийслэлийн прокурорын газраас надад болон манай байгууллагад албан бичгээр, бусад хэлбэрээр мэдэгдээгүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

Нэхэмжлэлд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил Ш ХХК-д хамаарахгүй талаар дурдсан байна.

 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.3-д заасны дагуу  ХХК нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тайланг авч ирж үзүүлсэн тул Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5, 8.6, 9 дүгээр зүйлийн 9.2, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөгч талууд, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээллэж, тайлагнах үүрэг хүлээсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан эсвэл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй гэх зөрчил тус компанид хамаарна.

 

Нэхэмжлэлд Ш ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдээгүй, Ус сувгийн удирдах газартай цэвэр усаар хангах, хэрэглээнээс гаргасан бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулсныг төрийн эрх бүхий байгууллага зөвшөөрч байгаа хэлбэр юм гэж үзжээ.

 

Ш ХХК нь 2008 онд өрөмдмөл худаг гаргуулж, 2013 онд Нийслэлийн гүний худгийн тооллогын комисст бүртгүүлсэн ба үйл ажиллагаандаа гүний худаг ашигладаг, төвлөрсөн усан хангамжийн системд холбогдоогүй ажиллаж байна.

 

Хэрэгт бүртгэлтийн явцад нотлох баримтаар хавтаст хэрэгт оруулсан Ус сувгийн удирдах газартай 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд үндэслэгдсэн ба Ш ХХК-ийн гаргасан зөвхөн бохир усыг зайлуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хийгдсэн тус гэрээний 3 дахь Хангагчийн үүрэг хэсгээс, 4 дэх Хэрэглэгчийн үүрэг гэх хэсгийн 4.7, Хүлээх хариуцлага гэх 5 дахь хэсгүүдээс тус тус харж болно.

 

Дээрх гэрээний нэрэнд орсон цэвэр усаар хангах гэдэг ойлголт нь зөвхөн төвлөрсөн шугам, сүлжээгээр цэвэр усаар хангах ойлголтыг илэрхийлж байгааг Ш ХХК нь санаатай эсвэл санамсаргүй буруу ойлгож ирсэн байна.

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 28.6, 28.8, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн дагуу Ш ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан зөрчил үйлдсэн нь холбогдогчийн мэдүүлэг, Нийслэлийн Байгаль орчны газар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгээр нотлогдсон болно.

 

Зөрчлийн тухай хуулийн 2.1, 3.1, 3.4 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 6.1 дүгээр зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 1.5.4, 7.2 дугаар зүйлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 0067235 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан болно.

 

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 02-03/2222 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан ба 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3979 дугаартай албадан гүйцэтгүүлэх захирамж, 0210 дугаартай гүйцэтгэлийн хуудасны хамт гаргасныг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/4338 дугаартай албан бичгээр холбогдох газарт хүргүүлсэн байна.

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул тус хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Тын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0067235 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, гомдол гаргагч Ш ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан... гэх үндэслэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 0067235 дугаар шийтгэлийн хуудсаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000000 төгрөгөөр торгожээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар гомдол гаргагчийн эс зөвшөөрч маргасан улсын байцаагчийн шийтгэл, түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх гомдол гаргагч Ш ХХК нь 2008 онд ахуйн хэрэглээний цэвэр усны худаг өрөмдүүлж, өрөмдмөл худгийн техникийн паспорт эзэмшсэн байна.

 

Улмаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ус сувгийн удирдах газартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г аль нэг тал гэрээг цуцлах хүртэл хугацаагаар байгуулсан байна.

 

Гомдол гаргагч Ш ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...манай компани Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч, түүнд харьяалагддаг төрийн эрх бүхий байгууллага болох Ус сувгийн удирдах газартай 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулж, хэрэглэгчийн 23031700 дугаарт бүртгэгдэн холбогдох байгууллагын хяналтан дор гэрээний үүргээ биелүүлж, усны төлбөрийг цаг хугацаанд нь төлж ирсэн. Манай компанитай дээр дурдсаны дагуу гэрээ байгуулж, гэрээгээр үүрэг хүлээлгэж байгаа нь төрийн эрх бүхий байгууллага зөвшөөрч буй хэлбэр юм гэж, хариуцагчаас тус компани нь 2008 онд өрөмдмөл худаг гаргуулж, 2013 онд Нийслэлийн гүний худгийн тооллогын комисст бүртгүүлсэн ба үйл ажиллагаандаа гүний худаг ашигладаг, төвлөрсөн усан хангамжийн системд холбогдоогүй ажиллаж байна. ...Ус сувгийн удирдах газартай байгуулсан гэрээний нэрэнд орсон цэвэр усаар хангах гэдэг ойлголт нь зөвхөн төвлөрсөн шугам сүлжээгээр цэвэр усаар хангах ойлголтыг илэрхийлж байгааг тус компани санаатай эсвэл санамсаргүй байдлаар буруу ойлгож ирсэн байна... гэж тайлбарлан маргажээ.

 

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг, 26 дугаар зүйлийн 26.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна, 26.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан ус хэрэглэгч, ус ашиглагч гэж ангилна, 28 дугаар зүйлийн 28.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглах хүсэлтээ энэ хуулийн 28.4-т заасан этгээдэд гаргана, 28.4-т Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 50-100 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана, 28.6-д Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ гэж тус тус заажээ.

 

Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл, гомдол гаргагч Ш ХХК нь төвлөрсөн усан хангамжийн системээс цэвэр усаар хангагддаггүй бөгөөд үйл ажиллагаандаа гүний худаг ашигладаг талаар маргаагүй байна.

 

Харин Усны тухай хуулийн дээрх заалтуудаас үзвэл, гомдол гаргагч нь үйл ажиллагаандаа хоногт хичнээн шоометр ус ашигладаг, энэ талаарх дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллагаар гаргуулсны үндсэн дээр зохих байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулах шаардлагатай байна.

 

Нэгэнт гомдол гаргагч Ш ХХК-ийн хоногт ашигладаг усны шоометрийг тогтоосон дүгнэлт гаргаагүй, энэ талаар улсын байцаагч шалгаж тогтоогоогүй байхад шүүх тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд заасан Усны тухай хууль зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Тын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0067235 дугаар шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.6, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Тын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0067235 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч Ш ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ