Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2132

 

 

 

 

 

 

 

 

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг  даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01773 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “З Т Н” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Тэтгэмж гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  “Автобус-3” компанийн захирлын 2011 оны 8 сарын 12-ны өдрийн 152 тоот тушаалаар мөнгө хураагчаар ажилд орсон. “З Т Н” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 11 сарын 09-ний өдрийн Б/1653 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба тус байгууллагад тасралтгүй 4 жил 11 сар ажилласан. 2010 онд Автобус-3 НӨҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.2 г-д зааснаар 40-р зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн ажлаас халагдсан ажилтанд 5 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах байтал тэтгэмж олгоогүй. Ажлаас чөлөөлсөн тушаалыг ажил олгогч танилцуулаагүй. Г.А-ийн ээжийнх нь бие муу, өнөөдрийг хүртэл асарч байгаа учраас тушаалтай танилцаж чадаагүй. 2017 оны 4 сарын 03-ны өдөр тойрох хуудсанд гарын үсэг зурж тушаалыг хүлээлгэж өгсөн байдаг. 2017 оны 4 сарын 21-ний өдөр шүүхэд хандах гэж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэл гаргаж чадаагүй. Мөн тушаал гарсан талаар мэдээгүй, уг тушаалыг хүлээж аваагүй учраас нэг сарын тэтгэмж олгогдож байгааг мэдээгүй учраас хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны хэтрүүлсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-т зааснаар мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байгаа. Тухайн үед түүний ээжийнх нь бие муу байсан учраас 2017 оны 4 сарын 03-ны өдөр тушаалыг авсан. Г.А би чөлөөлөх хүсэлтээ өгөхгүй, бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаа бол хуулийн дагуу шийдвэрлэж өгөөч гэдгээ хэлсэн бөгөөд байгууллага түүнийг хүлээн зөвшөөрсөн, энэ талаарх баримт хавтаст хэргийн 9-р хуудсанд авагдсан байгаа. Иймд 5 сарын цалинтай тэнцэх тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 2011 онд Автобус-3 компанид ажилд орсон. 2015 оны 11 сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухайгаа харилцан тохиролцож ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаал гарсны дараа ажилтнуудад мэдэгдсэн. Тушаал гарсан гэдгийг Г.А өөрөө мэдэж байгаа, тэрээр харилцан тохиролцож ажлаа өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1-д зааснаар мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байгаа. Уг хугацаа нь өнгөрсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ийн хариуцагч “З Т Н” ОНӨААТҮГ-т холбогдох тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг гэрээнд зааснаар тэтгэмжийг шаардах эрхтэй хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, уг хугацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж, улмаар энэ өдрөөс хойш тус байгууллагад ажиллаагүй талаар маргаагүй. Дээрх хугацаанд өвчтэй байсан эхийгээ асарсан талаар тайлбарлаж, холбогдох баримтыг өгсөн байхад шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Хэрэгт авагдсан тооцооны хуудас гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж үнэлээгүйд гомдолтой байна. Уг тооцооны хуудас гэх баримтад тухайн үед тойрох хуудас зуруулж, тооцоо хийх боломжгүй байсан тул тэтгэмж олгоогүй гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа зогссон байсан гэдгийг нотолдог юм. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “З Т Н” ОНӨААТҮГ-д холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.А нь 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 152 тоот тушаалаар “Автобус-3" компанид мөнгө хураагчийн ажилд томилогдож, “З Т Н” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/1653 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтад талууд маргаагүй байна.

 

            Хариуцагч “З Т Н” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдаж, тус газарт “Автобус 1” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ болон “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт нэгтгэсэн талаар мөн тайлбарласан.

 

            “Автобус-3" ОНӨААТҮГ-ын 2010 оноос 2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг дахин шинэчлэн байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж, хамтын гэрээний 1.3, 1.4, 2.2.г-д “бүтцийн өөрчлөлт болон хувьчлал, менежментийн гэрээтэй холбогдон ажлаас халагдсан ажилтанд ажилласан жилээс хамаарч 5-8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно" гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.А нь 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй байхад хариуцагч байгууллага 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор заажээ. Гэвч уг 1 сарын тэтгэмжийг ч ажилтанд олгосон болохоо баримтаар нотлоогүй байна.

 

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.А нь 2015 оны 10 дугаар сараас хойш Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан эх Ц.Ү-ыг асарч байсан болох нь Хавдар судлалын үндэсний клиникийн эмнэлгийн 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 2/447 тоот албан бичиг, “Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байх тул уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй.

 

            Хэргийн 9 дүгээр талд авагдсан тооцооны хуудас гэх баримтад “Тухайн үед тойрох хуудас зуруулж тооцоо хийх боломжгүй байсан тул тэтгэмж болгоогүй болно” гэж тэмдэглэгдсэн байдал, хариуцагч нь 1 сарын тэтгэмж олгосон болохоо баримтаар нотлоогүй зэргийг харьцуулан дүгнэж, нэхэмжлэгчид 5 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж буюу 2 427 085 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01773 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.А-ийн шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, хариуцагч “З Т Н” ОНӨААТҮГ-аас 2 427 085 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “... чөлөөлөгддөг болохыг дурдсугай” гэснийг “чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 783 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.


 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ