| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01581/И |
| Дугаар | 1704 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1704
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 13 дугаар байрны 24 тоотод оршин суух М ххк-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол 23 дугаар байрны 37 тоотод оршин суух Олхонууд овогт Р.С-т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.310.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М ххк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн Р.С 2.000.000 төгрөгийг, 21 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 17/030002 дугаартай Зээлийн гэрээ байгуулан авсан.
Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2.000.000 төгрөгийг хариуцагчид бэлэн бусаар шилжүүлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс өдөр бүр 100.000 төгрөг, зээлийн хүү 160.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэтэл Р.С гэрээний хугацаагаа зөрчин, 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөг, 3 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөг, 3 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 3 дугаар сарын 14-ний өдөр 100.000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөг, 4 дүгээр сарын 02-ны өдөр 86.400 төгрөгийн алданги төлсөн.
Иймээс хариуцагчаас үндсэн зээл 1.300.000 төгрөг, зээлийн хүү 160.000 төгрөг, алданги 650.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 200.000 төгрөг, нийт 2.310.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагч Р.С бид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 590.640 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 1.719.360 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс өдөр бүр 60.000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож талууд эвлэрсэн тул эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М ххк, хариуцагч Р.С-оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.310.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 590.640 төгрөгнөөс татгалзаж, 1.719.360 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өдөр бүр 60.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцон, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М ххк-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Олхонууд овогт Р.С-т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.310.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 590.640 төгрөгнөөс татгалзаж, 1.719.360 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өдөр бүр 60.000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.910 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Соос 21.230 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА