| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/0372/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/407 |
| Огноо | 2022-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/407
2022 04 15 2022/ШЦТ/407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
Улсын яллагч Б.Чинзориг,
Шүүгдэгч Ж.Г-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2203001050174 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... гэх газарт бүртгэлтэй, одоо ...түр оршин суух, ял шийтгэлгүй, / РД: .. / ... овогт Ж.Г- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 00 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “...” төвийн урд замд Ниссан ноте маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ниссан Авдан маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийн зорчигч Б.М-ийн биед хүндэвтэр, өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Г.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Одоо би хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-12 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 17 /, хохирогч Б.М-ийн мэдүүлэг / хх 21 /, гэрч Б.С-гийн мэдүүлэг / хх 69 /, гэрч Г.М-ийн мэдүүлэг / хх 71 /, иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн мэдүүлэг / хх 74 /, иргэний нэхэмжлэгч М.Б-ын мэдүүлэг / хх 64 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3428 дугаартай дүгнэлт / хх 90-91 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3345 дугаартай дүгнэлт / хх 114-115 /, “Хас үнэлгээ” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан / хх 97-99, 105-108 /, мөрдөгчийн магадлагаа / хх 130-131 /, яллагдагч Ж.Г-ийн мэдүүлэг / хх 139-140 /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх 147 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 147 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 154 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Г- нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 00 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “...” төвийн урд замд ниссан ноте маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ниссан Авдан маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийн зорчигч Б.М-ийн биед хүндэвтэр, өөрийн тээврийн хэрэгслийн зорчигч Г.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-12 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...1 дүгээр эгнээний автомашин зүүн эргэх дохио өгөөд 2 дугаар эгнээнд ороод 2 эгнээнд чигээрээ явж байсан автомашинтай мөргөлдөж байгаа дүрс бичигдсэн байв” гэжээ. / хх 17 /
Хохирогч Б.М-ийн / хх 21 / “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч С нь найз Б-ын нэр дээр байдаг Ниссан Авдан маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байсан. Ингээд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... төвийн урд 2 дугаар эгнээнд баруунаас зүүн чиглэлд 100 айл руугаа 55 км цагийн хурдтай явж байтал 1 дүгээр эгнээнд явж байсан ногоон өнгийн суудлын автомашин гэнэт буцаж эргэх үйлдэл хийгээд мөргөлдсөн. Ослоос болж миний зүүн гар тэр чигээрээ хавдаад хөдлөхгүй болсон...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.С-ийн / хх 69 / “...Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр найз Б-ын нэр дээр байдаг ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан бөгөөд найз М нь хажуу талын суудал дээр, хойд суудалд М, Нараагийн хамт сууж явсан. ... төвийн урд замд 2 эгнээ замынхаа 2 дугаар эгнээнд баруунаас зүүн чиглэлд 100 айл тал руугаа 50 км цагийн орчим хурдтай явж байтал 1 дүгээр эгнээнд зогсон байсан машин дөхөөд иртэл тухайн автомашин гэнэт 2 дугаар эгнээнд орж ирээд автомашины зүүн урд орчим мөргөсөн...” гэх мэдүүлгээр,
Гэрч Г.М-н / хх 71 / “...Бүрд худалдааны төвөөс С-ийн найз М-г аваад Шархад руу явж байтал ... төвийн урд талд бид нар явж байтал гэнэт түс тас хийх чимээ гараад осол болоод эсрэг урсгалд ороод зогссон...” гэх мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн / хх 74 / “...Тухайн өдөр манай нөхөр Ж.Г- өөрийнхөө ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож би хажуугийн суудал дээр 1 нас 2 сартай охин Н-ийг тэврээд Монелоос Чингэлтэй дүүргийн 17-д оюун хүүхдэд хөдөөнөөс ирсэн юм хүргэж өгчихөөд буцааж явж байхад хүүхдэд өг гэсэн бичгийг мартсан байсан учир Ж.Г-эд хэлээд Ж.Г- 1 дүгээр эгнээнд машинаа зогсоогоод гэнэт буцаж эргэх үйлдэл хийх үед 2 дугаар эгнээнд явж байсан автомашинтай мөргөлдсөн. Манай нөхөр 1 дүгээр эгнээнээс буцаж эргэх үйлдэл хийснээс болж осол гарсан. Араас ирсэн машиныг өнгөрөөж байгаад эргэх үйлдэл хийх байтал анзаараагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч М.Б-ын / хх 64 / “... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Мөргөсөн жолоочоос үнэлгээгээр гарсан хохирлын мөнгийг гаргуулж авсан тул одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3428 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3345 дугаартай дүгнэлтэд:
“Хас үнэлгээ” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан / хх 97-99, 105-108 /
Мөрдөгчийн магадлагаанд “...Ж.Г- нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...Б.С нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй” гэжээ. / хх 130-131 /
Яллагдагч Ж.Г-ийн / хх 139-140 / “...Би 1 дүгээр эгнээнд зогсож байгаад 2 дугаар эгнээ рүү шилжээд 10 метр орчим байр руу эргэдэг гарц байхаар нь буцаж эргэх санаатай ортол машинтай мөргөлдсөн. Би хохирогч М-ийн эмчилгээний зардалд 1.557.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Г-эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Г-ийн үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч Ж.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г-эд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Г- нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, иргэний нэхэмжлэгч М.Б-т 2.040.000 төгрөг, хохирогч Б.М-д 1.557.000 төгрөгний хохирол тус тус төлж тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул түүний ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Б.М, иргэний нэхэмжлэгч М.Б нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Ж.Г-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Ж.Г-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуу / нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Ж.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Г- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ж.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ