Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/462

 

 

 

 

 

 

 

2022          05         03                                      2022/ШЦТ/462

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

Улсын яллагч М.Энхбаатар,

Шүүгдэгч Б.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2202000850080 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 291 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар 16 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дууссан / хх 124 /, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .../ ... овогт Б.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин ... задгай тоотод байх амины орон сууцны машины граш дотор өвс гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин нь нийт 452.5 грамм хэмжээтэй гялгар уут болон хуванцар саванд 4 хэсэг болгон хуваан хийсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: ... Эхнэр салаад явсан би хоёр охины хамт амьдардаг. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй амлаж байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.  

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 8-17 /, хүний биеэс биологчийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 22-24 /, Б.Б-ий гэрчээр өгсөн мэдүүлэг / хх 31 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 827 дугаартай дүгнэлт / 1хх 47-54 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 825 дугаартай дүгнэлт / 1хх 58-59 /, Шүүх сэтгэц эмгэг судлалын 97 дугаартай дүгнэлт / хх 64-65 /, яллагдагч Б.Б-ий мэдүүлэг  / хх 114-115 /, хорооны тодорхойлолт / хх 84 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 88 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 67 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин ... тоот амины орон сууцны машины граш дотор өвс гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр жин нь нийт 452.5 грамм хэмжээтэй гялгар уут болон хуванцар саванд 4 хэсэг болгон хуваан хийсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 8-17 /

 

Хүний биеэс биологчийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 22-24 /

 

Б.Б-ий гэрчээр өгсөн / хх 31 / “...Би 2021 оны 09 дүгээр сард би амжиргаа цагаан машинаар Ар гүнт рүү үл таних хүний нүүрсийг хүргэж өгөөд явахад Батсүмбэр гэх бичигтэй цагаан хаалганаас 1-2 км яваад айлын хашаа байсан. Миний хадгалсан өвс ихээр ургасан байхаар нь машинд байсан цагаан торын талаар түүж авсан. Ингээд лагерын байшинд авчирч грашдаа хадгалж өөрөө хэрэглэсэн...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 827 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан 202.0 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, /дотроо ягаан өнгийн 93.3 г даавуун материалтай /, №2 гэж дугаарласан 1.5 литрийн хуванцар савай 78.1 ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан Fanta гэсэн бичиглэлтэй 0.5 литрийн хуванцар савтай 168.5 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан 3.90 грамм цэвэр жинтэй бор өнгийн нунтаг зүйл, №5 гэж дугаарласан 2 ширхэг бохирлогдсон претка, №6 гэж дугаарласан Мульта витамин гэсэн бичиглэлтэй 252.9 грамм жинтэй савны дотор хэсэг ургамал мэт зүйл болон бохирогдсон шингэн зүйлтэй хуванцар сав, №7 гэж дугаарласан бохирлогдсон хоосон шүдэнзний хайрцаг, Баттөгсийн Б.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан гэх 1 гэж дугаарласан PS2998343 серийн дугаартай түлэгдэж харалсан 100 төгрөгийн дэвсгэрт, №2 гэж дугаарласан шатаж харалсан тугалган цаас зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв.

 3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг гэжээ. / 1хх 47-54 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 825 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Б-  22/1/19 гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.

2. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна гэжээ. / 1хх 58-59 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 97 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Б- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Б- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Б- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.Б- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. / хх 64-65 /

 

 

Яллагдагч Б.Б-ий мэдүүлэг  / хх 114-115 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг 2 удаа үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, хугацаанаас өмнө сулласан байхад дүгнэлт хийгээгүй, санаатай хүсэж, гэмт хэрэг үйлдсэн, дээрх өвсийг хадгалснаар түүний үйлдэл төгссөн, хүн амын эрүүл мэндийг өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний сэтгэхүнй хэвийн үйл ажиллагаа, удмын санд нөхөгдөшгүй хор хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэргийг үйлдсэн, түүний асрамжинд бага насны хүүхэд байдаг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарлан уутны хамт 329.3 гр жинтэй ургамал мэт зүйл, №2 гэж дугаарлан 1.5 литрийн хуванцар савтай 147.5 гр жинтэй ургамал мэт зүйл, №3 гэж дугаарлан Fanta гэсэн бичиглэлтэй 0.5 литрийн хуванцар савтай 195.3 гр ургамал мэт зүйл, №4 гэж дугаарлан уутны хамт 4.8 гр жинтэй бор өнгийн нунтаг зүйл, №5 гэж дугаарлан 2 ширхэг бохирлогдсон претка, №6 гэж дугаарлан Мульта витамин гэсэн бичиглэлтэй савны дотор хэсэг ургамал мэт зүйл болон бохирлогдсон шингэн зүйлтэй хуванцар сав, №7 гэж дугаарлан бохирлогдсон шүдэнзний хайрцаг, №2 гэж дугаарлан шатаж харалсан тугалган цаас зэрэг эд зүйлүүдийг устгахыг, 1 гэж дугаарлан PS2998343 серийн дугаартай түлэгдэж харалсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг / Монгол банкинд / тус тус Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно

 

Шүүгдэгч Б.Б-ий асрамжид түүний төрсөн хүүхэд болох Б.Ц 6 настай, Б.Ц настай нар байдаг болох нь Засаг даргын тодорхойлолтоор / хх 84 / тогтоогдсон боловч тэдгээрийн хүүхдүүдийн төрсөн эх Ө.Байгалмаа нь тэдгээрийн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй / хх 41 / боловч Б.Б- нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө ам бүл 7, эцэг, эх, 2 дүү, 2 охины хамт амьдардаг талаараа мэдүүлж байсан, түүний төрсөн эх Т.Т түүний хүүхдүүдийг өөрийн хараа хяналтандаа үлдээхийг хүлээн зөвшөөрсөн / хх 125 / байх тул түүний хараа хяналтад үлдээж, шаардлагатай тохиолдолд Т.Т нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилуулах тухай асуудлаа харъяа дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ... овогт Б.Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-ий эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарлан уутны хамт 329.3 гр жинтэй ургамал мэт зүйл, №2 гэж дугаарлан 1.5 литрийн хуванцар савтай 147.5 гр жинтэй ургамал мэт зүйл, №3 гэж дугаарлан Fanta гэсэн бичиглэлтэй 0.5 литрийн хуванцар савтай 195.3 гр ургамал мэт зүйл, №4 гэж дугаарлан уутны хамт 4.8 гр жинтэй бор өнгийн нунтаг зүйл, №5 гэж дугаарлан 2 ширхэг бохирлогдсон претка, №6 гэж дугаарлан Мульта витамин гэсэн бичиглэлтэй савны дотор хэсэг ургамал мэт зүйл болон бохирлогдсон шингэн зүйлтэй хуванцар сав, №7 гэж дугаарлан бохирлогдсон шүдэнзний хайрцаг, №2 гэж дугаарлан шатаж харалсан тугалган цаас зэрэг эд зүйлүүд / Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадалгах өрөөнд хадгалагдаж байгаа /-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, 1 гэж дугаарлан PS2998343 серийн дугаартай түлэгдэж харалсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхгийг зохих байгууллагад / Монгол банкинд / шилжүүлэхийг тус тус Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Б.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  

 

5. Шүүгдэгч Б.Б-ий насанд хүрээгүй хүүхэд Б.Ц 6 настай, Б.Ц 6 настай нарыг түүний эх Т.Т-ын хараа хяналтад үлдээж, шаардлагатай тохиолдолд Т.Туул нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилуулах тухай асуудлаа харъяа дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

6. Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ