Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/475

 

 

 

 

 

 

 

    2022       05          06                                    2022/ШЦТ/475

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Г.Баярмаа,

хохирогч М.Э-,

шүүгдэгч Э.М-, Г.М-, Б.Х-, тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганбат нарыг оролцуулан эрүүгийн 2209000000290 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...их сургуулийн ... 3 дугаар курсын оюутан, ам бүл 2, эгчийн хамт ... гэх газарт бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / овогт Э.М-,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгний торгох ялаар шийтгүүлсэн, уг ялыг биелүүлээгүй / хх 195 /, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / овогт Г.М-,

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...  их сургуулийн Бизнесийн удирдлагын 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Х- нар нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Э.М- нь Г.М-, Б.Х- нартай урьдчилан үгсэн тохиролцож Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “....” нэртэй ресторанд касс, барменаар ажиллахдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд кассын орлогын мөнгө болох нийт 7.862.468 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулж завшсан,

Г.М- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “.... нэртэй ресторанд туслах тогоочоор ажиллахдаа касс, бармен ажилтай Э.М- нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд кассын орлогын мөнгө болох нийт 7.862.468 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдэхэд бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгийг хэрхэн завших боломжийг зааж, улмаар кассын орлогын мөнгийг хувьдаа завшиж хувааж авахаар тохирч, өөрийнхөө дансаар шилжүүлэн авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

Б.Х- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “....” нэртэй ресторанд зөөгчөөр ажиллахдаа касс, бармен ажилтай Э.М- нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд кассын орлогын мөнгө болох нийт 7.862.468 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдэхэд бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгийг хэрхэн завших боломжийг зааж, улмаар кассын орлогын мөнгийг хувьдаа завшиж хувааж авахаар тохирч, өөрийнхөө дансаар шилжүүлэн авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... овогт Э.М-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... овогт Г.М-ад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... овогт Б.Х- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М- мэдүүлэхдээ: ... Хүмүүс ихэнхдээ карт уншуулах эсвэл шилжүүлдэг байсан. Би 2 данстай байсан бөгөөд нэг дансаараа үйлчлүүлэгч нараас мөнгө шилжүүлж авдаг байсан. Тухайн өдрийн орлогыг карт болон бэлэн мөнгөөр хийсэн тооцоог тулгаж тэр өдрийнхөө орлогын баримтын зургийг дарж ажилчдын групп руу явуулдаг байсан. Г.М-, Б.Х- нар гадаа салхилж байхдаа “ Мөнгө хэрэгтэй байна. Орлогыг устгаад өгөөч” гэхээр нь би эхний удаа татгалзсан. Дараагийн удаа Г.М- “Торгох ялаа төлөхгүй бол болохгүй байна” гэхээр нь зөвшөөрч ийм байдалд хүрсэн. Би орлогоос 1.570.468 төгрөг авсан. Хохиролд 3.931.234 төгрөг төлсөн. Бүх хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М- мэдүүлэхдээ: ... Энэ хэрэг надаас үүдэлтэй учир надад өөрийгөө өмөөрч хэлэх зүйл байхгүй. Би орлогын мөнгөнөөс 3.685.000 төгрөг авсан. Хохирлоо ажил хийж төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнөх Г.М-ын хэрэг дээр намайг хариуцлага алдсан гээд цалингүй ажилласан учир мөнгөгүй болоод ийм байдалд хүрсэн. Байгууллагын орлогоос би хувьдаа 2.607.000 төгрөг авсан. Э.М- хохирлыг миний өмнөөс төлсөн тул намайг Э.М- рүү мөнгөө өгөөрэй гэсэн. Би Э.М-т 03 дугаар сарын 20-ны орчим 200.000 төгрөг өгсөн. Одоо бага багаар өгч дуусгана гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э- мэдүүлэхдээ: ... Би захиралд эдгээр шүүгдэгч нарыг удаа дараа хэлэхэд “ Энэ хүүхэд аавгүй, гэр оронгүй “ гэх зэргээр их өрөвддөг байсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э.М- касс барменаар ажилд орж, 10 дугаар сарын 20-ны өдөр Г.М-, Б.Х- нарын ятгалгаар мөнгө завшсан. Манай бүх архи, пиво зэрэг тоологдох барааг тоолдог. Гэтэл тоологдохгүй бургерыг касснаас утсгах буюу тухайн өдрийн орлогыг устгаж эдгээр хүмүүст мөнгийг хувааж өгсөн байдаг. Касс нь барааг устгах, өөр бараагаар солих зэрэг ажиллагаа хийх программ ашигладаг байсан. Компанийн дансанд мөнгө ороход тухайн үедээ мэдэгддэггүй, хүмүүс ихэнхдээ Хаан банкны дансаар гүйлгээ хийдэг учир компани Хаан банкны данс байхгүй шалтгаанаар эдгээр хүүхдүүд өөрсдийн дансаар орлогоо авдаг байсан. Тухайн үед ийм үйл явдал болоод байна гэдгийг мэдсэн даруй буюу 12 дугаар сарын 29-ний өдөр Г.М-, Б.Х-, Э.М- нарыг дуудаж тооцоо хийж удаа дараа сануулсан. Шүүгдэгч нарыг хохирлоо төлөөрэй гэж байнга залгаж гуйхад нэг ч төгрөг барагдуулаагүй. Э.М-ийн тухайд аавыг нь дуудаж ирүүлж байж нийт хохирлын 50 хувь буюу 01 дүгээр сарын 09-ний өдөр .... компанийн Голомт банкны дансанд 3.931.234 төгрөг авсан. Э.М- нь касс барменаар ажиллаж байсан учир бүх хохирлыг Э.М-ээс гаргуулах хүсэлттэй байна. Учир нь Г.М-, Б.Х- нар мөнгө хариуцах ажил эрхэлдэггүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хохирогч М.Э-ын мэдүүлэг / хх 146 /, гэрч Э.Г-ийн мэдүүлэг / хх 27 /, Г.М-ын ... дугаарын Хаан банкны дансны хуулга / хх 46-56 /, Э.М-ийн 5321107251 дугаарын Хаан банкны дансны хуулга / хх 69-94 /, Б.Х-гийн ... дугаарын Хаан банкны дансны хуулга / хх 105-142 /, Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 95-101 /, яллагдагч Э.М-ийн мэдүүлэг / хх 21 /, яллагдагч Г.М-ын мэдүүлэг / хх 13 /, яллагдагч Б.Х-гийн / хх 6 /, .... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / хх 155 /, ажлын байрны тодорхойлолт / хх 152-154 /, хөдөлмөрийн гэрээ / хх 156-170 /, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 172, 179, 183 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 176-178 / зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.М- нь Г.М-, Б.Х- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “....” нэртэй ресторанд касс, барменаар ажиллахдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх кассын орлогын мөнгө болох нийт 7.862.468 төгрөгийг хувьдаа авч завшсан,

Г.М- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “.... нэртэй ресторанд туслах тогоочоор ажиллахдаа касс, бармен ажилтай Э.М-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх кассын орлогын мөнгө болох нийт 7.862.468 төгрөгийг бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгийг хэрхэн завших боломжийг зааж, улмаар кассын орлогын мөнгийг хувьдаа завшиж хувааж авахаар тохирч, өөрийнхөө дансаар шилжүүлэн авч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

Б.Х- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла молл” худалдааны төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “....” нэртэй ресторанд зөөгчөөр ажиллахдаа касс, бармен ажилтай Э.М-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл кассын орлогын мөнгө болох 7.862.468 төгрөгийг бүтээгдэхүүн борлуулсан орлогын мөнгийг хэрхэн завших боломжийг зааж, улмаар кассын орлогын мөнгийг хувьдаа завшиж хувааж авахаар тохирч, өөрийнхөө дансаар шилжүүлэн авч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч М.Э-ын / хх 146 / “...Э.М-ээс Г.М-, Б.Х- нар нийт 7.862.450 төгрөг авсан байсан. Би мэдсэн даруйд өөрийн биеэр тэдгээрийг дуудаж тооцоо хийсэн. Э.М- кассчин, барменаар ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчдээс ирсэн төлбөрийг ибаримт олгох боломжгүй гэж мөнгийг нь аваад тооцоог программ руу ороод тооллого хийдэггүй бараа болох бургерыг устгадаг байсныг мэдсэн. ...Э.М- нь кассаар ажилладаг бөгөөд хувийн дансаараа тооцоо хүлээн авдаг. Г.М-, Б.Х- нар тооцоо авах асуудалд хамааралгүй боловч Э.М-т ийм аргаар мөнгө авч болдог гэдгийг зааж өгсөн байсан. ...Г.М- нь 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 3.685.000 төгрөг, Б.Х- нь 2.607.000 төгрөг, Э.М- нь хувьдаа өөрийн өөр Хаан банкны данс руу шилжүүлж 1.570.468 төгрөг тус тус авч компанийн орлого шамшигдуулсан байсан” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Э.Г-ийн / хх 27 / “...Г.М- нь манай байгууллагад 2017 онд ажилд орсон. Тэрээр 2021 оны 10 дугаар сард манай ресторанаас 10.000.000 төгрөг завшсан хэргээр торгох ялаар шийтгүүлсэн. Тэгээд би итгэл хүлээлгэж манайд удаан ажилласан юм чинь гээд ажиллаад хохирлоо төлж барагдуул гээд ажиллуулсан. Тэгээд ээлжийн кассчин Ц хэлэхдээ “Бармен Э.М-, Г.М- нар нийлж мөнгө идээд байна” гэх мэдээлэл хэлсэн. Үүний дагуу нягтлан М.Э- шалгалт хийхэд дансны хуулгаар Ц-ийн ярьсан зүйлс үнэн болсон. Тэгээд данс тооцоогоо тулгаж үзэхэд мөнгө дутсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.М-ын ... дугаарын Хаан банкны дансны хуулга / хх 46-56 /

Э.М-ийн ... дугаарын Хаан банкны дансны хуулга / хх 69-94 /

 

Б.Х-гийн ... дугаарын Хаан банкны дансны хуулга / хх 105-142 /

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 95-101 /

 

Яллагдагч Э.М-ийн / хх 21 / “...Би .... ресторанд барменаар ажиллаж байхдаа өөрийн Хаан банкны ... дансаар үйлчлүүлэгчдээс бэлэн орлогын мөнгө авдаг байсан. Учир нь энэ дансаар орлого авахад утсанд мэдэгдэл ирдэг юм. Харин орлого хүлээж авдаг өөрийн эзэмшлийн ... дугаарын данснаас болон уг данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлж байгаад энэ хоёр данснаас Г.М-, Хариунаа нарт шилжүүлж өгдөг байсан. ...Би .... ресторанд 3.931.200 төгрөгийг буцааж шилжүүлж өгсөн. Нягтлан бодогч М.Э- эгч бид гурвыг дуудаж дансны хуулгаар тооцоо гаргасан бөгөөд Г.М- 3.685.500 төгрөг, Б.Х- 2.607.000 төгрөг, би 1.569.900 төгрөг, нийт 7.862.400 төгрөг авсан тооцоо гарсан. Би хохирлын мөнгийг аав Энхтөрийн данснаас компани руу шилжүүлсэн” гэх мэдүүлгээр,

 

Яллагдагч Г.М-ын / хх 13 / “...Би .... ресторанд туслах тогоочоор ажиллаж байхдаа бармен Э.М-ийн дансаар өөрийн Хаан банкны болон Голомт банкны дансаар шилжүүлж авсан. Нийт 3.685.500 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд шилжүүлж авсан. Анх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлж авсан. Би 3.685.500 төгрөгийг өөрийн хэрэгцээд зарцуулаад дуусгасан” гэх мэдүүлгээр,

 

Яллагдагч Б.Х-гийн / хх 6 / “...Би өөрийн ... дугаарын дансаар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э.М-ийн ..., ... дугаарын дансуудаар 160.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 06-ны өдөр 5.000 төгрөг, 07-ны өдөр 110.000 төгрөг, 11-ний өдөр 100.000 төгрөг, 15-ны өдөр 120.000 төгрөг, 60.000 төгрөг, 20.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 140.000 төгрөг, 190.000 төгрөг, 12-ны өдөр 135.000 төгрөг, 256.000 төгрөг, 17-ны өдөр 100.000 төгрөг, 19-ний өдөр 150.000 төгрөг, 20-ны өдөр 220.000 төгрөг, 23-ны өдөр 52.500 төгрөг, 26-ны өдөр 170.000 төгрөг нийт 2.190.000 төгрөг шилжүүлж авсан. Мөн үүн дээр 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би Э.М-ээс 650.000 төгрөг зээлж авсан бөгөөд үүний 250.000 төгрөгийг буцаагаад өгсөн. ...Би 2.607.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаад зээлээ төлөөд дуусгасан. Э.М- өөрийн дансаар шилжүүлж аваад орлого болгож компанийн дансанд хийлгүйгээр миний данс руу шилжүүлж өгдөг байсан” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.М-, Г.М-, Б.Х- нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.М-ийг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.М-, Б.Х- нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Э.М-, Б.Х- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн, Э.М- нь учруулсан хохирлоо нөхөн төлсөнг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Г.М-ад ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэдгээр нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцов. 

 

Шүүгдэгч Э.М-, Б.Х- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Э.М- нь хохирогчид 3.931.234 төгрөгний хохирол төлсөн,  Г.М- нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч өөртөө дүгнэлт хийгээгүй, бусдыг гэмт хэрэгт татан оруулсан, шүүгдэгч нар нь тодорхой оршин суух хаягтай, Э.М-, Б.Х- нар нь их сургуульд суралцдаг, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, Г.М-ын хувийн байдал, тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, гэм буруу, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, шүүгдэгч Э.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Ганбаярын Г.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Батсуурийн Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 5 (таван) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулав. 

 

Мөн шүүгдэгч Г.М-ад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгний торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул уг торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Э.М-т 2 жил, Б.Х-д 1 жил 6 сар, Г.М-ад 1 жил 8 сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэх нь тэдгээрийн эрх зүйн байдал дордох тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ганбатын хүсэлтийг хүлээн авах боломжгүйг дурдав.

 

Шүүгдэгч Э.М-, Г.М-, Б.Х- нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулав.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нарын гэм буруут үйлдлийн улмаас хохирогч “....” ХХК-д нийт 7.862.468 төгрөгний хохирол учирсан бөгөөд дээрх хохирлоос шүүгдэгч Г.М- 3.685.500 төгрөг, Б.Х- 2.607.000 төгрөг, Э.М- 1.569.900 төгрөг тус тус авсан, мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч Э.М- 3.931.234 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх 3.931.234 төгрөгний хохирлыг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлыг харгалзан шүүгдэгч Г.М-аас 3.685.500 төгрөг, шүүгдэгч Б.Х-с 245.734 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч “....” ХХК ( М.Э-д )-д олгож, шүүгдэгч Э.М- нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Б.Х-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч М.Э- нь Э.М- шүүгдэгч нарт мөнгө авах боломж олгосон учир түүнээс бүх хохирлыг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь “....” ХХК нь өөрсдийн дотоод зохион байгуулалт муугаас ажиллагсад нь өөрсдийн дансаар үйлчлүүлэгч нарын орлогыг хүлээн авдаг байсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, шүүгдэгч тус бүр өөрсдийн авсан хэмжээгээр хохирлыг буцаан төлөх нь шударга ёсонд нийцнэ. Нэгэнт Э.М- хохирлын тал хувийг сайн дураараа нөхөн төлсөн тул Г.М- нь тэдгээрийг гэмт хэрэгт татан оролцуулсан байдлыг харгалзан түүнээс авсан мөнгийг гаргуулж, Б.Х-гийн төлөх хохирлоос хасаж тооцсон болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.М-, Г.М-, Б.Х- нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Э.М-, ... овогт Г.М-, ... овогт Б.Х- нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгний торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.М-, Г.М-, Б.Х- нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-аас 3.685.500 төгрөгийг, Б.Х-с 245.734 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч “....” ХХК (М.Э-)-д олгож, Э.М- нь бусдад төлөх төлбөргүй, Э.М- нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Б.Х-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-, Г.М-, Б.Х- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

7. Э.М-, Г.М-, Б.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.М-, Г.М-, Б.Х- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ