Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2021/0724/Э/220/2022/0459 |
Дугаар | 2022/ШЦТ/04 |
Огноо | 2021-12-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/04
2021 12 22 2022/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч С.Ууганбаяр,
хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин,
шүүгдэгч З.Я , түүний өмгөөлөгч Г.Нинжбат нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Я д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2110020711207 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 38 настай, дээд боловсролтой, Солонгос хэлний багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ..............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З.Я /РД:аа /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Я нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх ” нэртэй ресторанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Я.Х ын толгой тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч З.Я нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх ” нэртэй ресторанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Я.Х ын толгой тус газарт нь гараараа цохиж зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
“-Я.Х ын биед зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.
-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11036/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч З.Я нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ххх ” нэртэй ресторанд тодорхой шалтгаангүйгээр Я.Х д гэмтэл учруулахыг хүсэж түүний толгой тус газар нь олон удаагийн цохих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчид зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулай чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учирчээ.
Өөрөөр хэлбэл үйлдэл, хор уршиг хооронд шалтгаант холбоотой буюу шүүгдэгчийн цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч З.Я ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “Гранд мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 2.560.565 төгрөгийн 3 ширхэг баримт /хавтаст хэргийн 74-76 дахь тал/-ыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч З.Я нь уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга /хавтаст хэргийн 82-83 дахь тал/-аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Х нь эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нислэгийн сургалтад сууж чадаагүй бөгөөд уг сургалтын 1 цагийн хөлс 1000 доллар буюу 5 удаагийн нислэг /10 цаг/ 10.000 доллар, 12 цагийн гарын сургалт 1 цагийн 60 доллар, нийт 10.120 ам долларын буюу 30.498.400 төгрөгийн сургалтад хамрагдаж чадаагүй бөгөөд уг төлбөрөө нэхэмжилж байна. Харин сэтгэл санааны хохирол болох 100.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, бензиний төлбөр 300.000 төгрөг, бариачид 5 удаа бариулсан 50.000 төгрөг, компьютер оношилгоонд хамрагдсан 130.000 төгрөг зэргийг Иргэний журмаар нэхэмжилнэ...” гэжээ
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нинжбат шүүхэд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан. Бодит хохирлыг нөхөн төлсөн. Хохирол хор уршгийг тодорхойлох гэхээр асуудал байгаад байна. Я.Х аас сургалтын зардал нэг ч төгрөг гаргаагүй байна. Магадгүй төлсөн компани нэхэмжлэл гаргах ёстой юм уу, тэрийг иргэний нэхэмжлэгчээр тодорхойлох ёстой юм уу гэх мэтчилэн хууль зүйн асуудал байна. ...иргэний шүүхээс төлөх шийдвэр гарвал төлнө гэж байгаа ...” гэв.
Хавтаст хэрэгт “Монголын нисэхийн академи” ХХК-с ирүүлсэн “...Сургагч-нисгэгч Я.Х нь нисдэг тэрэгний хувийн нисгэгчийн сургалтын нийт төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн. 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд сургалтын гэрээнд заагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу 5 удаагийн нислэг /10 цаг/ болон 12 цагийн газрын сургалтад хамрагдах хуваарьтай байсан боловч хувийн шалтгааны улмаас дээрх өдрүүдийн сургалтад хамрагдаагүй. Нисдэг тэрэгний нислэгийн сургалт, дадлага болон газрын сургалтуудыг гадаад багш-нисгэгч зааварчилдаг бөгөөд хуваарийн дагуу хичээлд оролцоогүй тохиолдолд тухайн өдрүүдийн төлбөрийг дотоод журмын дагуу нөхөн олгох боломжгүй байдаг болно. ...нислэгийн 1 цагийн үнэлгээ 1.000 ам доллар, газрын сургалтын багш нисгэгчийн 1 цагийн үнэлгээ 60 ам доллар тус тус байдаг болно...” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 77 дахь тал/ авагдсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Х аас “Ви Эс Ойл” ХХК-ийн “...Я.Х нь тус компанид менежерийн албан тушаалд ажилладаг нь үнэн болно. “Монголын нисэхийн академи” ХХК-иас зохион байгуулдаг нисэхийн сургалтад тус компаниас хоёр хүн суусан бөгөөд нийт төлбөр нь 427.476.000 төгрөгийг “Ви Эс Ойл” ХХК төлсөн болно. Тус сургалтанд суусан хоёр ажилтны нэг нь Я.Х болно” гэсэн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтын хамт нийт 3 хуудас баримт, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Грандмед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх эмнэлгийн тодорхойлолт 1 хуудас зэргийг гаргаж өгчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Хавтаст хэрэгт авагдсан болон хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудад дүгнэлт хийвэл хохирогч Я.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд сургалтын гэрээнд заагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу 5 удаагийн нислэг /10 цаг/ болон 12 цагийн газрын сургалтад хамрагдах ёстой байсан болох нь тодорхойлолтоос харагдаж байна. Гэтэл шүүгдэгч З.Я д 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зодуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл шүүдэгчийн хохирогчийг цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан бөгөөд уг гэмтлийн улмаас хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж төлөвлөгөөт сургалтдаа хамрагдаж чадаагүй хор уршиг учирсан байна.
Тодруулбал, тухайн сургалтын гэрээнд заагдсан хуваарь, төлөвлөгөөнд заагдсан багц цагийн сургалтад сууж чадаагүй тохиолдолд хохирогч Я.Х өөрөө тус багц цагийн төлбөрийг төлөхөөр тодорхойлолтод тусгасан бөгөөд 22 цагийн төлөвлөгөөт сургалтад шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хамрагдаагүйн улмаас 22 багц цагийн сургалтын төлбөр болох 30.498.400 төгрөгийг хохирогч өөрөөсөө төлөх бодит үр дагавар үүссэн гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу хохирогч нислэгийн багц цагийн сургалтад хамрагдаж чадаагүй хор уршгийг арилгахад гарах зардлыг “Монголын Нисэхийн академи” ХХК-с ирүүлсэн тодорхойлолтоор дүгнэж 22 цагийн сургалтын төлбөр болох 30.498.400 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Я аас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин хохирогч нь сэтгэл санааны хохирол болон гэм хортой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага буюу 550 /таван зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчид эмчилгээний зардал болох 2.560.565 төгрөгийг төлж барагдуулсан, түүний хувийн байдал /...38 настай, дээд боловсролтой, Солонгос хэлний багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../, хувийн бизнес эрхэлдэг буюу тогтмол орлоготой зэргийг харгалзан З.Я ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч З.Я д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч З.Я ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Я ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Я ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Я д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч З.Я д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Я аас нийт 2.568.565 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, 30.498.400 /гучин сая дөрвөн зуун ерөн найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Я.Х д олгосугай.
6. Хохирогч нь сэтгэл санааны хохирол болон гэм хортой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг З.Я д сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Я д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР