Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0523/З |
Дугаар | 128/ШШ2019/0494 |
Огноо | 2019-08-16 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2019/0494
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Быг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Миний бие анх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /цаашид ОНӨААТҮГ гэх/ даргын албан тушаалд томилогдсон. Түүнээс хойш өдийг хүртэл үр бүтээлтэй ажиллаж, хангалттай сайн ажилласан гэж үнэлүүлсээр ирсэн.
Нийслэлийн Засаг даргын зүгээс надтай 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Контрактын гэрээ байгуулж, мөн контрактын гэрээний дагуу үр дүнгийн гзрээ байгуулж жил болгон үр дүнгийн гэрээг дүгнэж, хангалттай сайн гэж үнэлүүлсээр ирсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар намайг ажлаас маань чөлөөлж байгаа нь ямар ч үндэслэлгүй, холбогдох хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
Тухайлбал, дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4-т заасныг тус тус үндэслэсэн байх бөгөөд миний бие дээрх хуульд заасныг зөрчсөн үйлдэл огт гаргаагүй болно.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасныг үндэслэсэн байх бөгөөд миний хувьд хөдөлмөрийн гэрээ бус контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан тул контрактын гэрээний хугацаа дууссан тохиолдолд цаашид сунгах эсэхийг контрактыг дүгнэсний үндсэн дээр иргэдийн хуралтай зөвшилцөн шийдвэрлэх ёстой байсан.
Гэтэл надтай байгуулсан контрактын гэрээг огт дүгнээгүй байж, цаашид сунгагдахгүй болсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна гэж заасан хуулийн хугацаа болоогүй байгаа тул цаашид контрактыг дүгнэн сунгагдах бүрэн боломжтой.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д контрактад заасан үндэслэл буй болсон гэж заасны дагуу контрактын болон хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг хуулиар ажил олгогчид олгосон боловч надтай байгуулсан контрактын гэрээнд заасан цуцлах ямар үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй байх бөгөөд миний хувьд гэрээнд заасан цуцлах хүртэл хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй болно.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн, 41.1.4-т контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж, намайг ажпаас чөлөөлснийг бүр ч ойлгохгүй, бас хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь дээрх хуулийн заалтуудад дурдсан зөрчлүүдийг гаргасан гэж байгаа бол яагаад надтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ хангалттай сайн гэж дүгнэсэн, дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн ямар үйлдлүүд гаргасан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн уг захирамжид ...Контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай болон бусад хурал зөвлөгөөнийг тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, контрактад заасан ажлын үр дүн хангалтгүй, үйл ажиллагааны зардлыг хэтрүүлж, шилжүүлж авсан эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан... гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг зөрчлүүдийг миний бие ганцыг нь ч гаргаагүй байхад үндэслэлгүйгээр, ор хоосон зүйлийг зохиож, улс төржсөн шийдвэр гаргаж байна.
Тухайлбал, надтай байгуулсан контрактын гэрээний дагуу байгуулсан үр дүнгийн гэрээг жил болгон дүгнэж, хангалттай сайн гэсэн үнэлгээгээр дүгнэж байсан. Контрактын гэрээний хугацаа дууссан боловч түүнийг цаашид сунгах эсэхийг шийдвэрлэхийн тулд контрактын гэрээг дүгнээгүй, миний бие нэг ч удаа хурал зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан удаа байхгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байж үзээгүй, контрактад заасан ямар ажлын үр дүн хангалтгүй гэж үзсэн нь тодорхойгүй, үйл ажиллагааны зардлыг хэтрүүлээгүй, ямар эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж байгаа нь тодорхойгүй байна.
Түүнчлэн миний бие Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг гаргах үед Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу эмнэлгийн магадлагаагаар өвчтэй, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ хуульд заасны дагуу ажлын байр маань хэвээр хадгалагдаж байсан үед ийнхүү шийдвэр гаргасан нь хууль бус байна.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна, 10.1.1-д төрийн улс төрийн албан тушаал, 10.1.2-т төрийн захиргааны албан тушаал, 10.1.3-д төрийн тусгай албан тушаал, 10.1.4-т төрийн үйлчилгээний албан тушаал, 10.2-т Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан бөгөөд төрийн захиргааны албан тушаалтны шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу шууд шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан захиргааны актын шинжийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамж нь бүрэн агуулж байх тул тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Быг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Бы нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* би шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Батсайханыг ажлаас чөлөөлөх тухай Б/112 дугаар захирамжийн гол үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4-т заасан үндэслэлүүд буй болсон юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.7-д контрактад заасан үндэслэл буй болсон гэж заасан. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын захиралтай байгуулсан 01/2017 дугаартай контрактын 7 дугаар зүйлийн 7.4.4-т Захирлын үйл ажиллагаагаар үйлдвэрийн газарт хохирол учирсан, алдагдалд орсон бол гэж заасан.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Контрактыг энэ хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно, 41.1.1-д контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн, 41.1.4-д контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэгч Ж.Б нь хэдийгээр надтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхдээ хангалттай сайн гэж дүгнэсэн гэж маргаж байгаа боловч нь бодитой үнэлэлт дүгнэлт биш болохыг шинээр томилогдсон Засаг дарга илрүүлсэн. Учир нь Ж.Б Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд өөрийгөө тус албанд томилуулан хуучин томилсон Засаг даргаар ажлаа үнэлүүлэн дүгнүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй юм.
Ж.Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын даргаар ажиллахдаа байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг дараах байдлаар хэтрүүлсэн. Үүнд:
1. Байгууллагын төсвийн хэмнэж болох зардлууд болон урсгал засвар, хангамжийн материалын зардал, шуудан холбоо, түлш шатахуун, хөдөлмөр хамгаалал, бичиг хэрэг, үндсэн бус үйл ажиллагааны зардлуудыг хэтрүүлж ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
2017 онд урсгал засварын зардлыг 293,109,700 төгрөгөөр, хангамжийн зардлыг 24,858,300 төгрөгөөр, 2018 онд урсгал засварын зардлыг 124,214,100 төгрөгөөр, шуудан холбооны зардлыг 8,006,700 төгрөгөөр, түлш шатахууны зардлыг 2,529,000 төгрөгөөр, хангамжийн зардлыг 6,842,700 төгрөгөөр, хөдөлмөр хамгааллын зардлыг 13,266,100 төгрөгөөр, бичиг хэргийн зардлыг 1,314,500 төгрөгөөр, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг 385,500 төгрөгөөр, 2019 оны эхний хагас жилийн байдлаар үндсэн бус үйл ажиллагааны зардлыг 1,881,900 төгрөгөөр тус тус хэтрүүлж, нийт 476,408,500 төгрөгийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулаад байна.
2. Нийслэлийн Засаг даргад алба хаагчдаас мэдээлэл ирсний дагуу шалгаж үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 9,2 сая төгрөгийг билетний үнэ хэмээн Хөдөөгийн эмэгтэйчүүд ногоон орчны холбоо ТББ-д шилжүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэж заасныг зөрчиж өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлж байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж хохирол учруулсан. Мөн албан хаагчдаас нэлээдгүй гарсан гомдлын дагуу шалгаж үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 19-нд Х******* ХХК-д 76,559,600 төгрөг шилжүүлж хуучин ул нь элэгдсэн ажлын гутлыг зах зээл дээрээс хэт өндөр үнэтэй нийлүүлж, контрактад заасан үүргээ хангалтгүй биелүүлж байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан.
Иймд контрактаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн Ж.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр дараах хүсэлтийг гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар Ж.Быг ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийн нэг нь үйл ажиллагааны зардлыг хэтрүүлж, шилжүүлэн авсан эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэсэн үндэслэл байдаг. Энэ үндэслэлтэй нь холбогдуулан бид Авлигатай тэмцэх газарт Ж.Бы гэмт хэргийн үйлдлийг шалгуулахаар гомдол гаргаж, тус байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар Ж.Бы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэж,
Мөн нэхэмжлэгч Ж.Б нь Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан. Уг албан тушаалын ангилал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан албан тушаалын ангилалд хамаарахгүй бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр уг асуудлаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгч Д.А*******ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг,
Шүүх талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, захиргааны хэргийн шүүх захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянадаг болохоос нэхэмжлэгчийн гэм бурууг тогтоодог байгууллага биш бөгөөд маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар тушаал гарах үед нэхэмжлэгч Ж.Быг гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй, мөн нотлох баримтаар ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06/6556 тоот албан бичгээс үзвэл, эрүүгийн хэрэг үүсгэж Ж.Быг яллагдагчаар татсан тогтоол гараагүй байхад шууд эрүүгийн хэрэгт шалгагдаж гэж үзэж хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй төдийгүй эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шинжийг агуулаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа саад учруулж байсан тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн оролцогчид хэргийн харьяаллын талаар хэргийг хэлэлцэх үед маргасан бөгөөд Ж.Б болон түүний өмгөөлөгч Б.Б*******аас шүүх хуралдаан дээр гаргасан ...миний үйлчлүүлэгч надтай эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулахаасаа өмнө иргэний хэргийн шүүхэд хандсан байсан. Энэ талаар би сая мэдлээ. Захиргааны хэрэг нь түрүүлж 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үүссэн, иргэний хэрэг нь сүүлд 07 дугаар сарын 01-ний өдөр үүссэн, бид энэ хурлаас гараад иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах болно гэсэн тайлбар гаргасны дагуу хурлыг цааш үргэлжлүүлсэн болно.
Нэхэмжлэгч Ж.Б Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Быг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна, 14.1.1-д төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүжүүлдэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтан гэж зааснаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан хэдий ч Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд харьяалах дээд шатныхаа төсвийн захирагч буюу Нийслэлийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал биш учраас иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж тайлбарлах боловч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд нэхэмжлэгч Ж.Бы оронд томилогдсон Ч.М*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/4458 дугаар албан бичгээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу авч байгаа нь хариуцагч өөрийн тайлбарыг үгүйсгэж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх байдлаас дүгнэвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус... гэх тайлбар үндэслэлгүй байна.
Түүчлэн нэхэмжлэгч Ж.Быг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/262 дугаар захирамжаар Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар НӨҮГ-ын даргын ажилд томилон ажиллуулсан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх өмчийн харилцааны газрын дарга Ч.О******* болон Ж.Б нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төсвийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар контрактын гэрээ бичгээр байгуулж, мөн контрактын гэрээний дагуу үр дүнгийн гэрээ байгуулж жил болгон Ж.Бы үр дүнгийн гэрээг дүгнэж, хангалттай сайн гэж дүгнүүлж ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр Ж.Бы контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай болон бусад хурал зөвлөгөөнийг тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, контрактад заасан ажлын үр дүн хангалтгүй, үйл ажиллагааны зардлыг хэтрүүлж, шилжүүлэн авсан эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна, 25.4-т Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно гэж зааснаас үзвэл контрактыг 5 жил хүртэл хугацаатайгаар байгуулж, улмаар контрактын биелэлтийг үнэлж, дүгнэсний дараа дахин сунгаж болохоор хуульд зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудад, контрактыг нэхэмжлэгчтэй 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулж, тус гэрээний 2 дахь заалтаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар НӨҮГ-ын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан 6,950,057 мянган төгрөгийн эргэлтийн, 66,738,341.4 мянган төгрөгийн эргэлтийн бус, нийт 73,688,398.8 мянган төгрөгийн хөрөнгийг захирал Ж.Бд хүлээлгэж өгсөн, мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өмчийн харилцааны газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/115 дугаар албан бичгээр 2017 оны контрактын биелэлтийг бүрэн хангалттай гэж дүгнэж, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, контрактаар хүлээсэн үүргээ биелүүлж, орлого, үр дүнг нэмэгдүүлэн, батлагдсан зардлын хүрээнд менежментийг сайжруулан ажиллахыг мэдэгдсэн, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/52 дугаар захирамжаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ыг бүрэн хангалттай гэж дүгнэж, тус газрыг 6,000,000 төгрөгөөр, газрын даргыг 300,000 төгрөгөөр тус тус шагнасан зэргээс үзвэл нэхэмжлэгч Ж.Бтай байгуулсан контрактын хугацааг дууссан гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөө талаар маргаан бүхий Б/112 дугаар захирамжид ...нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай болон бусад хурал зөвлөгөөнийг тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, контрактад заасан ажлын үр дүн хангалтгүй, үйл ажиллагааны зардлыг хэтрүүлж, шилжүүлэн авсан эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан... гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх зөрчил гарсан эсэхийг тогтоолгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь тус захиргааны акт бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь захиргааны байгууллага, албан тушаалтан үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлах шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс өмнө дээрх зөрчил гаргасан эсэхийг хангалттай нотлох баримтаар тогтоолгүйгээр шууд чөлөөлж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гарсан эсэхийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д контрактад заасан үндэслэл буй болсон гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар контрактыг цуцалжээ. Энэ тохиолдолд ажил олгогчоос ажилтантай байгуулсан контрактад тохирсон үндэслэлүүдээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, цуцлах талаар заасан аль нэг үндэслэл бий болсон байхыг ойлгоно.
Гэхдээ дээрх үндэслэл бий болсноор контрактыг цуцлах шууд үндэслэл болохгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 25, 41 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагатай уялдуулан гэрээ дүгнэх асуудлыг урьдчилан шийдвэрлэсний эцэст гэрээг дуусгавар болгохоор заасан байхад хариуцагч хуулийн дээрх шаардлагыг зөрчиж, Ж.Б*******ыг үүрэгт ажлаас шууд чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон тохиолдолд контрактыг цуцлах үндэслэл бүрдэхээр байна.
Дээрх хуулийн агуулгаас үзвэл контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэдгийг тогтоож, контрактын биелэлтийг дүгнэхдээ өмчлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь контрактад тусгасан журмыг баримталж, ажилтныг байлцуулах үүрэгтэй ба хуулийн энэ зохицуулалтыг контрактад тусгасан үр дүн гараагүй шалтгаан нь ажилтан өөрөөс нь хамаарах шалтгаанаар буюу ажил үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн тохиолдлыг хамааруулан ойлгохоор байна.
Гэтэл контрактын эцсийн үр дүн бодитой гараагүй, контрактаар хүлээсэн үүрэг бодитой биелэгдсэн эсэх талаар дүгнээгүй мөртлөө хариуцагч нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь шууд чөлөөлж хууль зөрчжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Быг удирдах ажилтнуудын шуурхай болон бусад хурал зөвлөгөөнийг тасалсан гэж хариуцагч маргаан бүхий актанд дурдсан байх боловч нэхэмжлэгч Ж.Б нь шуурхай зөвлөгөөн тасалж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үзлэгээр баталгаажуулж авсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцогсдын ирцийн бүртгэлийн дэвтэр болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ёстой байтал хариуцагч нэхэмжлэгчийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд ажлаас нь чөлөөлж, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан үндэслүүдээр маргаан бүхий Б/112 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Быг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны 1 сар 30 хоногийн цалин 2,004,580 /хоёр сая дөрвөн мянга таван зуун наян/ төгрөг гаргуулан олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Быг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1 сар 30 хоногийн цалин 2,004,580 /хоёр сая дөрвөн мянга таван зуун наян/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ