Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/0543

 

Иргэн Ш.Д ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ш.Д , түүний өмгөөлөгч В.У, Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П нарыг оролцуулан хийж, А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ш.Д ын нэхэмжлэлтэй, А аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирал Ш.Д  нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг биелүүлэхгүй байгаа тул хуульд зааснаар хариуцлага тооцож өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсний дагуу Засаг даргын 2014 оны б/84 дүгээр захирамжаар арга хэмжээ авсан болно.

Арга хэмжээ авах үед улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, дээд шатны албан тушаалтанд хандсан талаар бидэнд мэдэгдээгүй.

Ш.Д  энэ талаар захирамж гарсны дараа ч гэсэн бидэнд танилцуулах, хүсэлт тавих боломж байсан. Гэтэл шууд шүүхэд хандсан байна. Захирамж гарах үед улсын байцаагчийн акт хүчинтэй байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.5, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Д ын А аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Д  давж заалдах гомдолдоо: А аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай б/84 дүгээр захирамжаар сахилгын арга хэмжээ авахдаа аймгийн Засаг дарга надтай уулзаж энэ талаар надаас ямар нэгэн тайлбар аваагүй, мэргэжлийн хяналтын акт нь бүрэн биелэгдэх боломж бололцоо сургуулийн төсөвт байгаа эсэхийг тодруулаагүй, мэргэжлийн хяналтын актыг биелүүлээгүй талаар шалгаагүй байж шууд мэргэжлийн хяналтын газрын 288 дугаар албан бичгийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг баримтлан өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 61 дугаар зүйлийн 61.1-д зааснаар төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан улсад 15 жил тасралтгүй ажиллаж байсан байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Мөн мэргэжлийн хяналтын акт тавигдаж, тус сургууль нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй гэсэн аймгийн Засаг даргын б/84 дүгээр захирамжийн үндэслэлийг шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

А аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчийн тавьсан актуудаас 03/08/025/97 дугаар актыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Шүүхээс 03/08/025/97 дугаар актаар тавьсан төлбөрийн хэмжээ багасгагдан шийдвэрлэгдсэн байтал 03/08/025/97 дугаар акт нь хүчин төгөлдөр байна, хүлээн зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй байна гэж дүгнэжээ.

А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 03/08/025/97 дугаар актыг хүчингүй болгуулахаар А аймгийн Хүмүүн цогцолбор 2 дугаар сургууль нь хандсан. Байгууллагыг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий субьект төлөөлж хандсан.

Гэтэл А аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай б/84 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар А аймгийн Хүмүүн цогцолбор 2 дугаар сургууль биш ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ нь нэгдүгээрт субъектээрээ ялгаатай.

Хоёрдугаарт, одоо энэхүү хэрэг маргаан шийдвэрлэгдэх үед А аймгийн Хүмүүн цогцолбор 2 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалаасаа түдгэлзсэн, оронд нь өөр хүн түр томилогдон ажиллаж байгаа учраас 03/08/025/97 дугаар актыг хүчингүй болгуулахаар хандсан нэхэмжлэлтэй хэрэгт хяналтын журмаар Ш.Д  миний бие гомдол гаргах эрхгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй байна.

А аймгийн мэргэжлийн хяналтын газраас тавьсан актуудыг биелүүлэх талаар зохих арга хэмжээг авсан бөгөөд төсөв хүрэлцэхгүй нөхцөл байдлын улмаас 03/08/025/97 дугаар акт биелэгдээгүй. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй гэсэн нь үндэслэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

А аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/08/025/97 дугаар актаар 2013 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 4.204.845 төгрөгийг нэр бүхий 16 багшид нөхөн олгохыг А аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирал, нягтлан бодогч нарт хариуцуулжээ.

 

Дээрх актыг тус сургуулийн захирал Ш.Д  биелүүлэхгүй байгааг дурдаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/288 дугаар албан бичгийг А аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаас ирүүлснийг үндэслэн А аймгийн Засаг дарга 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай б/84 дүгээр захирамжаар Ш.Д д сарын цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Ийнхүү шийтгэл ногдуулахдаа хариуцагч албан тушаалтан тухайн зөрчлийг Ш.Д  гаргасан эсэхийг тодруулах ажиллагааг явуулалгүй, зөвхөн А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан бичгийг үндэслэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.2-т заасан зарчимтай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, А аймгийн Засаг дарга мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актыг сургуулийн захирал Ш.Д  ямар шалтгааны улмаас биелүүлээгүй, тодруулбал, тухайн акт бүрэн биелэгдэх бололцоо сургуулийн төсөвт байсан эсэх, биелүүлэх бололцоотой байхад зориудаар Ш.Д  биелүүлэх арга хэмжээ аваагүй гэдгийг шалган тогтоосны эцэст сахилгын шийтгэл хүлээлгэх байжээ.

 

Мөн энэ тухай буюу зөрчил, дутагдлын болон сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар Ш.Д д мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах бололцоог олголгүйгээр түүнд сахилгын шийтгэл шууд ногдуулсан нь буруу байна.

 

Дээрх байдлуудаар хариуцагч албан тушаалтан зөрчлийн талаар хянан шалгах, зөрчил гаргагчийг оролцуулах ажиллагааг явуулалгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь тогтоогдсон тохиолдолд Ш.Д ын биелүүлээгүй гэх Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/08/025/97 дугаар актыг үндэслэлтэй эсэхийг шүүх шийдвэрлэж, акт хүчин төгөлдөр байгаа нь А аймгийн Засаг даргын хууль бус үйлдлийг зөвтгөх буюу маргаан бүхий актыг хүчин төгөлдөр гэх үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

 

Иймд, А аймгийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  А аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар 128.1.7-д заасныг тус тус баримтлан А аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР