Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/377

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2019/0365/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч  Г.Уянга,

Шүүгдэгч Д.Д.М-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-эд холбогдох эрүүгийн 1918006040404 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,  Д.М-э

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д.М-э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Диди нэртэй баранд Б.Б.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.М-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн  1918006040404 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Д.Д.М-э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд гэрээсээ гараад 3 найзтайгаа Комфорт ороод 1 шил 0,7 литртэй виски уугаад 01 цагийн орчимд гараад Диди бааранд орсон. Бааранд ороод босоо ширээн дээр очоод пиво захиалчихаад нөгөө хэд үлдээд би нооль руу орж бие засчихаад гарсан чинь нэг хүнтэй үүдэнд мөрлөлцөөд тэгээд маргалдсан. Миний нүүр лүү нулимахаар нь би унагаад нүүр лүү нэг удаа гараараа цохьсон чинь хамгаалагч нар ирээд салгасан гэх мэдүүлэг /хх 23/,

 

            Хохирогч Б.Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд 3 найзын хамт Диди бааранд ороод 0,7 литртэй Эдэн архи уугаад би бүжиглэж байгаад ширээн дээрээ ирсэн чинь нэг ч хүн байхгүй байхаар нь гарах гэж байгаад дотор талын хаалганы хажууд нэг залуутай шүргэлцсэн чинь тэр залуу надтай маргалдсан. Тэгээд бид 2 маргалдаж байсан чинь тэр залуу намайг барьж авч унагаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь баарны хамгаалагч нар ирээд салгасан. Тэгээд гадаа намайг цохисон залуутай байж байгаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 4/,

 

            Гэрч Э.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд үйлчилгээний төв дээр Чиккиний газар манай ажпын Д.М-э, Т- нарын хамт байж байсан чинь Б.Н- ирсэн. Тэгээд бид 4 22 цагийн орчимд ДиДи бааранд ороод 0,75 литртэй Эдэн архи аваад хувааж уусан. Тэгээд архи дуусаад нэг нэг шил пиво нэмж авсан. Тэгээд би нэлээн муудаад шууд гараад гэрлүүгээ харьсан.” гэх мэдүүлэг /хх 7/,

 

Гэрч Н.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Д.М-э, Ө-, И-, С- нарын хамт Комфортод ороод нэг шил Жак данелс уугаад 01 цагийн орчимд гараад Диди бааранд ороод бид нар нэг нэг шил пиво аваад босоо ширээн дээр зогсож байгаад С- тооцоог нь хийгээд бид 2 байж байхад нөгөө хэд үүдэнд байсан. Тэгээд нөгөө хэд байхгүй байхаар нь хайгаад гадаа гарсан чинь Д.М-ийг цагдаа аваад явж байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн чинь Д.М-эд зодуулсан гээд өндөр шар залуу аль гэдгийг нь мэдэхгүй байна нүд нь помбойсон байсан.” гэх мэдүүлэг /хх 8/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 722 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Б.Б.Н-ын биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4.6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй /хх 10-11/,                             

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,

Шүүгдэгч Д.Д.М-ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 34-38/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д.М-э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Диди нэртэй баранд хохирогч Б.Б.Н-ын эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч Н.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.М-эд зодуулсан гээд өндөр шар залуугийн нүд нь помбойсон байсан.” гэх мэдүүлэг /хх 8/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 722 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Б.Н-ын биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй /хх 10-11/,                         

                                   

Шүүгдэгч Д.Д.М-э нь хохирогч Б.Б.Н-ын эрх чөлөөнд халдаж зодсон үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Д.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Д.М-э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

 

Хохирогч Б.Б.Н-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх 4/ шүүгдэгч Д.Д.М-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Д.М-э нь ажил хөдөлмөр эрхэлдэг, өөрийн гэсэн орлого олдог эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэл болсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.М-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д.М-э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.М-эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ