Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2015/0527

 

ЧЛСМ нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд АМТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ЧЛСМ нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 356, 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжуудын АМТ ХХК-д-холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: АМТ ХХК нь 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт /хуучин нэрээр/ хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар захирамжаар АМТ ХХК-д конторын барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чойжин ламын сүмийн баруун хойд талд байрлуулан 0.069 га газрыг 2 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгосон.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны дүгнэлтийг үндэслэн, конторын зориулалттай 616 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар АМТ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн. конторын зориулалттай 616 м.кв газар эзэмших эрхийг АМТ ХХК-д 5 жилийн хугацаатай олгохоор болсон байна. Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан Хамгаалалтын бүс-ийг үндэслэн Чойжин ламын сүм музейд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар 20.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай музейн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Газрын кадастрын мэдээллийн сангийн зургаас харахад АМТ ХХК-д конторын зориулалттай олгогдсон кадастрын зураг нь Чойжин ламын сүм музейн кадастрын зурагтай давхацсан болно. АМТ ХХК нь эзэмшил газар дээрээ 4 давхар конторын зориулалттай барилга барьж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн өмч, газрын харилцааны албатай гэрээ байгуулан хууль болон тухайн гэрээнд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж бусдын эзэмшил ашиглалтад саад учруулахгүйгээр газраа зориулалтын дагуу шударгаар эзэмшиж холбогдох төлбөрийг төлж байгаа болно

Иймд, Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу хүчингүй болгох нөхцөл үүсээгүй байна.

АМТ ХХК нь тухайн газартаа 2004 онд газар эзэмшигчийн эрхийн хүрээнд өөрийн эзэмшил газрын зориулалтын дагуу тухайн газар өөрийн компанийн конторын 4 давхар барилгыг холбогдох байгууллагын зөвшөөрлийн дагуу барьж ашиглалтад оруулан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч компанийн өмчлөлөөр бүртгүүлсэн.

Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь эцсийн бүлэгт өмчлөгчийн эд хөрөнгөө өмчлөх эрхэд халдахад хүргэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байна. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан. Анх АМТ ХХК нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагад хүсэлтээ гарган Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 365 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.069 га газар эзэмших эрх авсан. Дараа нь тус газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаагаар, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжаар тус тус сунгуулсан. 2004 онд эзэмшил газрын кадастрын зургийг гаргуулан газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн.

Гэтэл Чойжин ламын сүм музей нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны 781 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олж авсан байдаг. Тухайн захирамжаар АМТ ХХК-ийн хууль ёсоор, зохих журмын дагуу эзэмшиж, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байсан газартай давхцуулан Чойжин ламын сүм музейд газар олгосон байдаг

Дээрх захирамж нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болох 31 дүгээр зүйлийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмш.иж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг өөрөө зөрчсөн байна. Иймд тус шүүхэд гаргасан Чойжин ламын сүм музейн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаараа дээрх байдлаар хууль, тогтоомж зөрчсөн нь АМТ ХХК-ийн хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжийн Чойжин ламын сүм музейд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.6, 45 дугаар зүйлийн 45.3.3-т заасныг тус тус баримтлан Чойжин ламын сүм музейн Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 356, 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжуудын АМТ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дүгээр захирамжуудын АМТ ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж,

Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ маргаан бүхий газарт очиж нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын кадастрын зураглалын мэдээллийн улсын бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамж, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжуудын АМТ ХХК-д холбогдох хэсэгт Чойжин ламын сүм музейн газартай давхацсан хэсгээр буюу АМТ ХХК-ийн газрын хэмжээнээс 227 м.кв газрыг хасч газрын хэмжээтэй холбоотой захирамжуудад өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

Гуравдагч этгээд АМТ ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжийн Чойжин ламын сүм музейд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд АМТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир давж заалдах гомдолдоо: 1. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар:

АМТ ХХК нь 2004 оны Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшиж тус газартаа 2004 оноос барилгын ажил эхлүүлэн улмаар 2006 онд ашиглалтад оруулж тус барилгадаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Энэ хугацаанд зэргэлдээ үйл ажиллагаа явуулж буй Чойжин ламын сүм музейн зүгээс АМТ ХХК-ийн газар эзэмшил болон барилгын үйл ажиллагаатай холбогдуулан ямарваа нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй.

Энэхүү хоёр байгууллага нь хэн алиныхаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөлгүй 10 гаруй жил хөрш зэргэлдээ оршиж тус тусын үйл ажиллагаа хэрэгжүүлсээр өдийг хүрсэн.

Нэхэмжлэлд дурдахдаа тус байгууллага Чойжин ламын сүм музей орчмын түүх соёлын үл хөдлөх эд хөрөнгийн хамгаалалтын бүсийн хил заагийг мэдээгүй байсан харин 2014 онд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр энэ талаар мэдсэн гэж тайлбарладаг. Үүнийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан.

Чойжин ламын сүм музей нэхэмжлэл гаргах хугацааг зөрчжээ.

1.    Нийслэлийн Засаг Даргын 2002 оны 356 дугаар Газар ашиглуулах захирамжаас хойш 13 жил

2.    Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дугаар Газар эзэмшүүлэх захирамжаас хойш 11 жил

3.    Нийслэлийн Засаг даргын 2010 оны 257 дугаар Газар эзэмших эрхийн хугацаа сунгах захирамжаас хойш 5 жил

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Энэ хуулийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана гэж заасан.

Гэвч Чойжин ламын сүм музей хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбогдсон гомдол хүсэлт гаргаагүй бөгөөд тус хугацааг сэргээсэн шүүхийн шийдвэр гараагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Бид мэдээгүй харин мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр мэдсэн гэх тайлбар өгдөг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 Улс, орон нутгийн музей нь тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчилах чиг үүрэг бүхий соёл, эрдэм шинжилгээний байгууллага байна гэж заасны дагуу Чойжин ламын сүм музей соёлын өвийг хамгаалах чиг үүргийг хуулиар хүлээсэн байгууллага байна. Тиймээс тус байгууллага хуулиараа мэдсэн байх үүрэгтэй тул мэдээгүй мэдэх боломжгүй байсан гэж тайлбарлах түүнийг хүлээн авах үндэслэлгүй байна. Зэргэлдээ гарт баригдаж нүдэнд үзэгдэх бодит байшин барилга баригдаж, цаашлаад олон жил үйл ажиллагаа явуулж байхад энэ талаар мэдэх боломгүй байсан гэж үзэх үндэслэл огт байхгүй.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн хүлээн авсан шийдвэрээ эргэж харах талаар шүүхэд хүсэлт тавьж хэлэлцүүлсэн боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн өөрийн хууль зөрчиж захиргааны хэрэг үүсгэсэн шийдвэр үйл ажиллагаагаа хамгаалж үлдсэн.

2. Шүүх Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны 164, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар захирамжуудын АМТ ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг шинээр захиргааны акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэжээ. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заажээ.

2002 онд Нийслэлийн Засаг даргад АМТ ХХК газар ашиглах, 2004 онд эзэмших, 2010 онд газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт өгч байхад тус хүсэлтэд дурдсан газар нь бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй буюу газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан байсан бөгөөд үүнийг харгалзан Нийслэлийн Засаг даргаас удаа дараагийн захирамжуудаараа тус байршилд АМТ ХХК-д газар ашиглуулах, эзэмшүүлэх, эзэмших эрхийг сунгах шийдвэрүүдийг гаргаж байсан байна. Харин нэхэмжлэгч Чойжин ламын сүм музей нь 2010 онд газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг шинээр олж авсан. Үүнээс өмнө хугацаанд тус байгууллагад тухайн байршилд газар эзэмших, ашиглах эрх олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байна.

2010 онд Чойжин ламын сүм музейн газар эзэмших хүсэлт тавьсан газрын зарим хэсэг буюу 227 м.кв хэмжээгээр АМТ ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхцаж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан газарт эзэмшүүлэхэд тавигдах үндсэн шаардлагыг хангаагүй байна.

Гэвч Нийслэлийн Засаг даргаас 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаараа Чойжин ламын сүм музейг газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

Харин шүүхээс дээрх цаг хугацааны ялгаатай байдал Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргах үеийн нөхцөл, газар эзэмшлийн байдал зэргийг харгалзалгүй аль байгууллагын эзэмшиж буй газарт сүүлд аль байгууллагад нь газар эзэмших эрхийг давхцуулан олгосон бэ гэдгийг харгалзалгүй логик зөрчил бүхий Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжууд нь Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчсөн гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Шүүх өөрийн шийдвэрт Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д заасныг үндэслэсэн байна. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсаж өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тусгай хамгаалалттай газартай холбоотой харилцааг зохицуулахаар заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдан хавсралтаар ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд заасныг үндэслэж хавсралтаар Чойжин ламын сүм музейг түүх соёлын үл хөдлөх дурсгал-д тооцсон. 2001 онд тус хуульд үндэслэн түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсийг тогтоосон.

Түүх соёлын үл хөдлөх дурсгал болон түүнтэй холбоотой асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байхад өөр харилцааг зохицуулсан хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

4. Хамгаалалтын бүс, түүний дэглэм, эзэмшил гэх хууль зүйн ойлголтуудыг ялгаварлалгүйгээр авч үзсэн.

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон.

Иймд газар эзэмшил ашиглалттай холбогдсон бүхий л харилцааг гагцхүү Газрын хуулиар зохицуулна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт. нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4. газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ гэх хууль зүй тодорхойлолтуудаас авч үзэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага нь газар өмчлөгч болон түүний төлөөний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн үндсэн дээр түүнтэй гэрээ байгуулан өөрийн эрх мэдлийн хүрээнд байлгаж хэрэглэхийг заажээ. Чойжин ламын сүм музейг хувьд 2010 оны 11 сар хүртэл дээрхийн алинаар ч газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй болно.

А. Түүх соёлын дурсгалт зүйлийн ойр орчим тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчсөний үр дагавар, хариуцлага ямар байх вэ.

Харин 2001 оны Засгийн газрын тогтоолоор Чойжин ламын сүм музейн орчимд Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүс тогтоосон. Тус түүх соёлын үл хөдлөх дурсгалын ойр орчимд хамгаалалтын бүс тогтоосон нь Чойжин ламын сүм музейд тус хамгаалалтын бүстэй холбогдуулан ямарваа нэгэн эрх олгож байгаа явдал огтоос биш. Тэр тусмаа газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр бол бүр ч биш. Тус хамгаалалтын бүс, түүний дэглэмд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар соёлын болон байгаль орчны улсын байцаагч, Сум, дүүргийн Засаг дарга хяналт тавихаар байна.

Эрх бүхий этгээдээс тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9-д заасан арга хэмжээ авагдаагүй байна. Гэвч анхан шатны шүүхийн зүгээс холбогдох хуулийг зөрчсөн зөрчил гаргасан бол түүний үр дагавар хариуцлагыг тухайн хуулиараа зааж тогтоосон байхад зөрчлийн үр дагавар өөр байдлаар буюу өөр хуульд үндэслэн олгогдсон Газар эзэмших эрх-ийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Харин Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх олгосон Газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл, 33 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүд үүссэн нөхцөлд түүнийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх нөхцөл үндэслэл болно

АМТ ХХК-ийн газар эзэмшлийн хувьд газрын тухай хуульд заасан дээрх нөхцөлүүдийн аль нь үүсээгүй хууль ёсоор эзэмшиж байна.

5. Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7-д заасныг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг шинэ захиргааны акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасныг үндэслэсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7-д заасныг захиргааны байгууллага албан тушаалтан өөрийн шинэ шийдвэр, үйл ажиллагаагаар тухайн маргаантай харилцааг шийдвэрлэх боломжтой нөхцөл байдлын үед хэрэглэдэг.

Энэ тохиолдолд шүүх тийнхүү байдлаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж шийдвэрлэсэн мэт боловч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ шинэ захиргааны акт гаргах захиргааны байгууллагад үндсэндээ шийдвэр гаргах эрх хэмжээ олгосонгүй.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эзэмшил газар тодорхой хэсгээр буюу 227 м.кв хэсгээр давхацсан. Тус хоёр байгууллагаас харилцан бие биедээ газар эзэмших эрх олгосон захиргааны акттай холбогдон маргаж байхад нэг байгууллагын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нөгөө байгууллагын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэснээрээ Захиргааны байгууллагад АМТ ХХК-д эзэмших эрх олгосон газрын хэмжээнээс хасаж шийдвэрлэхээс өөр боломж эрх үлдээгүй. Энэ байдлаараа гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрт Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа Чойжин ламын сүм музейн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд харин кадастрын зургийн давхардсан хэсгийг хүчингүй болгох боломжтой гэж үзэж байна гэснийг дурдах нь зүйтэй гэснээрээ захиргаанд шууд тогтоож, зааварлаж өгсөн байна.

Бодит байдал дээр хариу тайлбар болон хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх өгүүлбэрийн ард үргэлжлэн Гэвч тус газарт гуравдагч этгээд АМТ ХХК-ийн 4 давхар барилга баригдан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаран одоо ашиглагдаж байгаа тул байгууллагын өмчид халдах нөхцөл үүсэх тул боломжгүй юм гэж мэдэгдэх тайлбарласан болно.

Харин эсрэгээрээ хариуцагч гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад хариу тайлбар ирүүлэхдээ Газрын кадастрын мэдээллийн сангийн зургаас харахад АМТ ХХК-д конторын зориулалтаар олгосон байршилтай давхцуулж олгосон байна. Иймд газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар газрын давхцалыг арилган захирамждаа өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно гэж дурдсан.

Дээрх тайлбаруудаар хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тодорхой байхад шүүхээс бүр эсрэг байдлаар шийдвэрлэсэн байна. Хэрэв шүүхийн зүгээс маргаантай асуудлаар захиргаанд шийдвэрлэх эрх олгож шийдвэрлэж байгаа бол үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлагын аль алийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасны дагуу шийдвэрлэж түдгэлзүүлж байх хуулийн тус заалт биеллээ олох боломжтой байсан.

Газрын давхцал хэсэг болох 227 м.кв хэсэг АМТ ХХК-ийн 4 давхар оффисын барилга баригдаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч улмаар 10 гаруй жил тус зориулалтаараа ашиглагдаж байна. Үүнийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбарт тус бүр дурдаж шүүхээс үзлэг хийх зэргээр тогтоогдсон нөхцөл боловч энэ талаар өгч дүгнэлт хийгээгүй байна. Гэвч шүүхээс тус шийдвэрээрээ захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгон шийдэх бус давхар өмчлөгчийн өмчлөх эрхэд халдах, хохирол учруулахүйц шийдвэр гаргажээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Чойжин ламын сүм музейг улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор тус музейн хамгаалалтын бүсийг 2 га газар байхаар тогтоож, уг хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн, ийнхүү тогтоосон хамгаалалтын бүсийн 2 га газарт АМТ ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 0.069 га газар хамаарч байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын дээрх тогтоолыг зөрчин нэхэмжлэгч байгууллагын хамгаалалтын бүсэд АМТ ХХК-д 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар захирамжаар Чойжин ламын сүм музейн баруун хойд талд конторын зориулалтаар 0.069 га газрын ашиглах эрхийг олгосон байна.

 

Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрийг гаргахдаа Газрын тухай /1994 оны/ хуулийн 33 дугаар зүйлийн 2-ын 5 /бусдын газар эзэмших ашиглахтай холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх/ дахь заалт зөрчигдөх эсэхийг болон Засгийн газрын тогтоолоор тогтоосон түүх, соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын бүстэй давхцалтай эсэхийг нягтлан шалгаагүй нь буруу бөгөөд улмаар гаргасан шийдвэр буюу Нийслэлийн Засаг даргын 2002 оны 356 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

 

Түүнчлэн хариуцагч албан тушаалтны Засгийн газрын тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч байгууллагад газрыг зохих ёсоор эзэмшүүлэх шийдвэрийг гаргалгүй 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүргэсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүйгээс гадна энэ нь 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар Чойжин ламын сүм музейд 2 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө гуравдагч этгээд АМТ ХХК-д газар эзэмшүүлж, эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэрүүдийг гаргасан Нийслэлийн Засаг даргын үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

Эдгээр болон бусад асуудлаар тухайлбал, маргаан бүхий акт нь Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 /Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар бүхэлд нь ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно/, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно/, 38.1.1 /түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах/, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 /Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, 45.3.3 /гэр, сууц, барилга, байгууламж барих/, 43.1 /Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, 43.1.6 /шинээр барилга байгууламж барих/ дахь хэсэгт нийцэхгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий актын АМТ ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Засгийн газрын тогтоолыг үндэслэн Чойжин ламын сүм музейд 2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж хууль ёсны байх тул гуравдагч этгээд АМТ ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжийн Чойжин ламын сүм музейд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийн эзэмшлийн хамгаалалтын бүсийн газар нь гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцалтай болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02-04-130/1687 дугаар дүгнэлтээс мэдсэн, улмаар энэ талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, хариуг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр авсан талаараа дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан хугацааг хэтрүүлээгүй энэ тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай асуудал хөндөгдөхгүй тул гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэн шийдвэрлүүлэх гуравдагч этгээд АМТ ХХК-ийн эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.

 

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР