Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 224

 

Д.Ө-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 440 дүгээр магадлалтай, 201625011825 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Ө, хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар элдээгүй үлдсэн 1 жил 2 сар 26 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг үндэслэн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар оногдуулсан ялыг 5 жил 1 сар болгон өөрчилж, үлдсэн хорих ялаа эдэлж байгаад 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, З овогт Д-ийн Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Ө-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон өөрчилж, Д.Ө-г бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангий 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Д.Ө-гаас 100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ө болон өмгөөлөгч О.Баяраа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Д.Баттөмөр, О.Баяраа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ө хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анх мөрдөн байцаагчид энэ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн боловч н.Б байцаагч намайг “чи наад хэргээ өөрөө хүлээгээд яв, хам хэрэгтэн татаж хэргээ хүндрүүлж яах гээд байгаа юм” гэж дарамтлаад байхаар нь хэргээ өөр дээрээ хүлээсэн юм. Энэ хэргийг захиалсан Ц.Э, хамт хулгай хийсэн н.Б, н.С, хайрцагтай багаж авсан “Аксент” маркийн автомашины жолооч, нум, сум авсан н.М, н.Б-ийн хадамын гэрт эмээлүүдийг хамт нуусан н.Т нарыг мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцуулан шалгуулж чадаагүйд гомдолтой байна.

2016 оны 04 дүгээр сарын эхээр н.С бид хоёр нэг гэрт хамт амьдарч байхдаа эмээл болон эд зүйлийг хулгайлах талаар ярилцсан. Гэтэл хэд хоногийн дараа манайд н.М, н.Б хоёр ирж уулзахдаа “хэрэв эд зүйл аваад ирэх юм бол Энхмаа урагшаа, хойшоо наймаанд явахад борлуулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа н.Солонго өөрийн эгч Ц.Э-тай ярилцсаны дагуу н.М, н.Б хоёр таньдаг “Аксент” маркийн автомашинд бензин хийгээд н.С, н.Б, машины жолооч, бид дөрөв шөнө 12 цагийн үед тэр айлд очсон бөгөөд машинаа наана 1 километр орчим хол газар орхисон. Машиндаа жолооч болон н.Б хоёр үлдэж, н.С бид хоёр хамт орж эд зүйлүүдийг зөөж авчирч улмаар үүрээр 805-р ангийн хойно байдаг н.Б эгчийн амбаарт нуусан. Тэгээд хоёр хоногийн дараа 2 эмээлийг Ц.Э-д өгөөд 500,000 төгрөг авсан юм. Эд зүйл зөөсөн орой н.С, н.Б бид гурав ярилцаад “Аксент” маркийн автомашины жолоочид хайрцагтай багажийг өгсөн. Харин нум, сумыг н.С нь н.М-д өгсөн гэж надад хэлсэн. Иймээс 2 эмээл, хайрцагтай багаж, нум, сум зэрэг эд зүйлийн үнийг дээрх хүмүүсээс гаргуулж, хохирогчийг хохиролгүй болгох хүсэлтэй байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд хавтаст хэргийг надад танилцуулахгүйгээр прокурорт шилжүүлсэн. Хамт хулгай хийсэн хүмүүсийн талаар үнэн зөвөөр мэдүүлсээр байтал огт шалгахгүйгээр миний эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд энэ бүх байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

АНУ-ын иргэн К С 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хоолойн Бэрхитийн амны задгай тоотод байрлах гэрээсээ Америк стандартын ширэн эмээл 4 ширхэг, нийт 29,955,000 төгрөгийн эд зүйлээ хулгайд алдсан. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 36 дугаар зүйлийн 36.4, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь заалтуудыг зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэлгүй шийдвэр гаргасан.

Тухайн эд зүйлүүдийг Д.Ө ганцаараа хулгайлсан гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй, энэ хэрэгт гэрчээр тогтоогдсон Ц.Э, түүний дүү Ц., эгч болох н.Б нартай хамт бүлэглэн үйлдсэн болохоо мэдүүлдэг. Мөн алдагдсан эд зүйлүүдээс хутга, дуран, нум, сум зэргийг аваагүй болохоо мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлдэг. Хулгайд алдагдсан эд зүйлийн овор хэмжээ болон тэдгээр зүйлүүдийг нэг хүн цуглуулан авч явах боломжгүй зэрэг гэмт хэрэг гарсан байдалд дүгнэлт хийхэд энэ хэргийг ганцаараа үйлдсэн байх боломжгүй ба гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ял оногдуулах нь хууль ёсны зорилт юм. Шүүх энэ хэргийг яллагдагчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хуульд зааснаар яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан тул Д.Ө-гийн шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг бас үнэлэх ёстой. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Д.Ө-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.Ө болон хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:  Д.Ө нь бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон.  Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин хэрэг хянагдаж байхад шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн тул Д.Ө-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэмжээнд нийцүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Д.Ө болон хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Ө-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах асуудал прокурорын бүрэн эрхэд хамаарах учраас гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэхийг хянах эрх шүүхэд олгогдоогүй тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Л.Ө-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Д.Ө болон гэрч Ц.Э нар хэрхэн нэг нэгнийгээ таньдаг талаар хоорондоо харилцан зөрүүтэй мэдүүлэг өгснөөс гадна шүүгдэгч ганцаараа хулгайн эд зүйлийг явганаар зөөвөрлөн хотод авч ирсэн талаарх мэдүүлэг эргэлзээтэй байна.

Хяналтын шатны шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх эсхүл дүгнэлт хийх эрхгүй бөгөөд харин анхан шатны шүүхэд энэ эрх хуулиар олгогдсон байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулийн дагуу хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон хүн байгаа эсэх, мөн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Д.Ө-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох эсхүл хэргийг прокурорт буцаах асуудлыг хэлэлцэх боломжтой.

Иймээс шүүгдэгч Д.Ө болон хохирогчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Ө-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 440 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Ө-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Д.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН