Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0677/З/ |
Дугаар | 52 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 52
Н.Энхтөрийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Энхтөр, түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунгэрэл, Л.Сарнай нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 708 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 761 дүгээр магадлалтай, Н.Энхтөрийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 708 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.2, 26.3, 26.4, 26.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Энхтөрийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 761 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Энхтөрийг урьд эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Өмчийн харилцааны хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,581,546.0 төгрөг /таван сая таван зуун наян нэг мянга таван зуун дөчин зургаа/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийджээ.
Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг баримталсан байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан байх бөгөөд энэ заалтыг үндэслэл болгочхоод нэхэмжлэгч Н.Энхтөрийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.
Мөн магадлалд нэхэмжлэгч Н.Энхтөрийн ажиллаж байсан нийгмийн даатгалын байгууллагын бүтэц зохион байгуулалт, статусыг буруу дүгнэж улмаар Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагч, төрийн албан тушаалтны эрх үүрэг, хамрах хүрээ, хөдөлмөрийн харилцаа зэргийг буруу тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Н.Энхтөр Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаад Нийгмийн даатгалын ерөнхий газарт шилжин ажилласан байдлыг тусдаа өөр байгууллагад томилогдон ажилласан хоёр өөр байгууллага мэтээр тайлбарлан дүгнэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нэг салбар нэгжид хамаарагддаг бөгөөд босоо тогтолцоотой байгууллага. Нэхэмжлэгч Н.Энхтөрийн урьд эрхэлж байсан албан тушаалуудын аль аль нь төрийн захиргааны албан тушаалд хамаарагддаг ба төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах эрх үүрэг, хариуцлага, төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн дүрэмд захирагддаг манай байгууллагын нэг хэсэг юм.
Байгууллагын аль ч салбар нэгжид төрийн захиргааны албан хаагчаар ажилласан түүнд төрийн албан хаагчийн эрх үүрэг адилхан тавигдах учиртай бөгөөд хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болоогүй үргэлжилсээр байсан атал давж заалдах шатны шүүх “өөр байгууллагад томилогдсон...”, “...эрх үүрэг нь дуусгавар болсон” гэж буруу дүгнэж тайлбарласан. Н.Энхтөр нь ажиллаж байх хугацаандаа байгууллагад мөнгө, эд хөрөнгийн зөрчил гаргасан учир түүнд сахилгын шийтгэл ногдуулсан. Түүний эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаал нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтанд хамаарна.
Н.Энхтөрийг эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөнгө, эд хөрөнгийн зөрчлийн хохирлын гэм буруугийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн шалгагдаж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 761 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтыг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын өмчийн харилцааны хэлтсийн мэргэжилтэн Н.Энхтөрийг “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын сангийн төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй, шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус ажиллагааг нуух, ёс зүйн хэм хэмжээ зөрчих, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.
Нэхэмжлэгч Н.Энхтөр нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргаж “урьд эрхэлж байсан албан тушаалаар хүлээсэн үүрэг дуусгавар болсон харилцааг иш татан, зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй байхад хууль зүйн болон бодит үндэслэлгүй тушаал гаргасан” гэж маргасан байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014-2015 оны үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт бус шалгалтаар нийгмийн даатгалын сангийн 52020723 төгрөгийн зарцуулалтын талаар зөрчил илэрч, уг зөрчилд тус онуудад хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Энхтөрийг Төсвийн тухай хуулийн 16.5.2-т заасан “нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй” гэж буруутгасан, “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг харилцах дансанд төвлөрүүлэх тухай” улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаар акт бичигдсэн байна.
Уг акт, актын хавсралтаас үзвэл нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хувьдаа завшсан, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлсэн, баримтын бүрдэлгүй байхад зарлагын гүйлгээ хийсэн асуудал нь 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын хооронд үйлдэгдсэн байх бөгөөд энэ хугацаанд Н.Энхтөр нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсны хувьд төсвийн шууд захирагчийн төсвийн талаарх Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан “...төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, үүрэг хүлээсэн этгээд байжээ.
Иймээс Н.Энхтөрд тухайн хөдөлмөрийн харилцааны явцад гаргасан зөрчилд холбогдуулан Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3-т заасны дагуу Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй.
Харин төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл нь мөн зүйлийн 26.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хугацаагаар хязгаарлагдах бөгөөд уг зүйл, заалтын зохицуулалт нь сахилгын зөрчил гаргасныг илрүүлсэн өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй, сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол хэзээ илрүүлснээс үл хамааран сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй болох агуулгатай байна.
Иймд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгч Н.Энхтөрийн 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын хооронд гаргасан сахилгын зөрчилд холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй байжээ.
Гэтэл анхан шатны шүүх актаар зөрчлийг тогтоосноос хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасныг зөрчөөгүй гэж уг зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон байна.
Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 26.4 дэх заалтыг хэрэглээгүй нь буруу юм.
Хэдийгээр нэхэмжлэгч Н.Энхтөрийн өмнө эрхэлж байсан ажил дээрээ гаргасан зөрчил нь түүнийг өөр ажил, албан тушаалд шилжин ажилласны дараа илэрч, мэдэгдсэн боловч үргэлжилсэн үйлдэлтэй уг зөрчлийн хамгийн сүүлийн зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сар өнгөрсөн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд дурдагдсан “Н.Энхтөрийг өөр байгууллагад томилогдсон, өмнөх албан тушаалын эрх үүрэг нь дуусгавар болсон, давж заалдах шатны шүүх буруу дүгнэж, тайлбарласан” гэсэн нь Н.Энхтөрийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан журмыг зөрчих үндэслэл болохгүй.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 761 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 гэснийг 26.4” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ