Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1716

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Их тойруу-93 Барилга мега стор төвийн 301 тоотод байрлах Модун ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 4-90 тоотод байрлах Цагаан татар ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 30.720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Модун ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Цагаан татар ХХК-тай Барилга мега стор худалдааны төвийн В1 давхарын 54 метр квадрат талбай бүхий павилоныг 1 сарын 1.080.000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцож Түрээсийн гэрээ байгуулсан.

2015 оны 7 дугаар сараас 23 метр квадрат талбайг буцаан өгч, 7 сараас эхлэн, сар бүр 620.000 төгрөг төлж байхаар талууд тохирсон боловч түрээслэгч Цагаан татар ХХК, түрээсийн гэрээний 3.7 дахь хэсэг түрээслэгч нь түрээсийн болон бусад төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд ном журмын дагуу төлж барагдуулна, 7.3 дахь хэсэгт түрээслэгч нь сар бүрийн эхний 5 хоногийн дотор түрээсийн төлбөрийг 7.2 дахь хэсэгт заасан данс болон компанийн касст төлнө, 3.11 дэх хэсэгт эзэмшиж байсан павилоныг түрээслүүлэгч талд буцаан хүлээлгэж өгнө гэж зааснаар үүргээ биелүүлээгүйгээс түрээслүүлэгч тал хохирсоор байна.

Цагаан татар ХХК, 2016 оноос хойш бидэнд олдохгүй, шүүхийн шийдвэрээр 5 сар эрэн сурвалжлуулж байж олсон бөгөөд түрээслэгч тал төлбөрөөс зугтаж, бидний ажлыг улам хүндрүүлж, хохироосоор ирсэн бөгөөд амаар болон бичгээр 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 137, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 235, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 265, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 69, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 103 тоот албан бичгүүдээр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад төлнө, төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн учраас шүүхэд хандаж байна.

Иймд Цагаан татар ХХК-иас түрээсийн үндсэн төлбөр 20.480.000 төгрөг, алданги 10.240.000 төгрөг, нийт 30.720.000 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Осгон, А.Гангаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж бид харилцан тохиролцож, нэхэмжлэгч тал 7.720.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 23.000.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож байх тул бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож талууд эвлэрсэн тул эзгүй хурлыг хийж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Модун ХХК, хариуцагч Цагаан татар ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн биелэлт 30.720.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 7.720.000 төгрөгнөөс татгалзаж, 23.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Модун ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Цагаан татар ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 30.720.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 7.720.000 төгрөгнөөс татгалзаж, 23.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчЦагаан татар ХХК-иас 136.475 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА