Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/205

 

 

 

 

 

 

 

   2022         02         28                                    2022/ШЦТ/205

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Б.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Ц.Шагдар нар оролцсон эрүүгийн 22090000000279 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Э, 1985 оны 5 дугаар  сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, иргэний үнэмлэхийн лавлагаагаар ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ............. тоотод оршин суух, “Авто ойл” ХХК-д засварчин ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй11, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чили” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Хосбаяртай “хүүхэд уруу татаж архи уусан, гадуур явсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь биед дээд уруулд шарх, зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, үүдэн голын хоёр шүдний буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн .................... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Х “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө үүрээр 06:00 цагийн үед 100 айлын Жобигийн туслах замаар ороод “Чили” гээд буудалд орсон. Тэгээд оройны 18:00 цагийн үед өрөөндөө байхад том биетэй 30 гаран насны 6-7 хөгшин ах нар орж ирсэн, тэгээд би хаалган талд сууж байсан болохоор улаан өнгийн куртиктэй ах намайг барьж аваад зодсон. Тэгээд буудлын ресейпшн эгч орж ирж салгасан, тэгээд цагдаа дуудлага өгсөн, нөгөө ах нар гадаа үүдэнд байсан. Цагдаа ирэхийг хүлээгээд сууж байхад эхнэр нь орж ирээд намайг “манай хүүхэдтэй нийлж миний машиныг хулгайлсан” гэж хэлээд намайг хулгайчаар дуудаад байсан. Тэгсэн чинь намайг цохидог ах эцэг эхээ дууд гэхээр нь би “аав багад салаад явсан, ээж нас бараад 3-4 жил болж байгаа гэж хэлсэн чинь эхнэр нь өнчин өрөөсөн юмнууд ээж нь өнгөрсөн нь болж гээд байхаар нь би тань шиг ээжтэй биш гэж хэлсэн өөдөөс утсаа гаргаж ирээд намайг элдэв бусаар хараалаа гээд бичлэг хийсэн, тэгээд сууж байсан чинь манай эгч Гэрэлмаа орж ирсэн, араас нь цагдаа нар орж ирсэн, тэгээд наашаа ирсэн.. Ууганхүслэнгийн аав нь буюу улаан өнгийн куртиктэй сахалтай ах хаа сайгүй зодсон, зодсоноос болж миний уруул язарсан, дээд үүдэн шүдний 2 талын шүд хугарсан өөр гэмтэл байхгүй. Миний шүд өмнө нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..нэг давхарт гараад буудлын өрөөнд яваад ортол миний хүү Ууганхүслэн болон түүний найзууд архи уучихсан, согтуу байдалтай байгаад байхаар нь үүдний орон дээр сууж байсан Хосбаяраас гар утсыг нь асуутал би аваагүй, би Сүхбаатар ч яваагүй гээд өөдөөс хэрэлдээд, бас манай эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь би Хосбаярын нүүрэнд баруун гараар нэг удаа цохиод, буцаад гарынхаа ар талаар цохьчихсон юм...Б.Х биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1611 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Х биед дээд уруулд шарх, зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, үүдэн голын хоёр шүдний буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, гараар цохих үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэжээ /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, хохирогч Б.Х хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/, 2 ширхэг төлбөрийн баримт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чили” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Хосбаяртай “хүүхэд уруу татаж архи уусан, гадуур явсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “биед дээд уруулд шарх, зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, үүдэн голын хоёр шүдний буйланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Эгийн мэдүүлэг, хохирогч Б.Х мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1611 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Х биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг тэдгээрээс мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

                                

Тодруулбал Б.Э нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Б.Х биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Хосбаяраас “..миний бие өөрийн гэмтсэн шүдийг янзлуулсан тул ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй болно...” гэж хүсэлтээ /хх-ийн 36 дугаар хуудас/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Эг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН