Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1298

 

2021        11        25                                2021/ШЦТ/1298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2106 00000 2219 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, Оргих таван ган ХХК-нд туслах ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймаг Говь-Угтаал сумын 3 дугаар багийн Хонгор гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо Хужир булангийн задгай тоотод түр оршин суух, урьд

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих оногдуулж, уг ялыг тэнссэн,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, *******

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужир булангийн задгай тоотод хамтран амьдрагч П.Өлзийбаярыг намайг бусадтай хардлаа гэх шалтгаанаар зүүн гарын шуу хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар гудамжинд Д.Саранцогттой шалтгаангүйгээр маргалдан чих болон зүүн чихний дэлбэнд нэвт зүсэгдсэн шарх, зүүн далны доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч П.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр ******* бид 2 гэртээ 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи хувааж уусан, гэхдээ би архинаас их уугаагүй жимсний вино уусан. Тэгээд манай нөхөр архиа ууж дуусаад надад агсам тавьж намайг элдэв янзын үгээр доромжилж шүүгээн дотор байсан шар өнгийн иштэй хутгыг авч над руу дайрахаар нь би хутгыг авах гэж оролдох үед миний зүүн гарыг зүссэн. Би хутгыг нь булааж аваад түлхэж унагаахад гэнэт ухаан орсон мэт жүжиглээд миний цусыг цэвэрлэж өгөөд намайг уучлаарай гээд гуйгаад байхаар нь би цагдаад мэдэгдээгүй. Эрдэнэсүрэн бид 2 Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан задгай тоотод гэртээ ирж үлдсэн архиа уугаад агсам тавьж гэрийн униар миний нүүр болон гэдсэнд хэд хэдэн удаа цохиж, газарт унагааж байгаад нүүр толгойд хэд хэдэн удаа дэвссэн. Тэр үед хажуу талын айлын эмээ орж ирж Эрдэнэсүрэнг надаас салгасан. *******тэй 2013 оноос хойш хамт амьдарч байна, дундаасаа хүүхэдгүй. Би өөрөө 2 хүүхэдтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9536 дугаартай “П.Өлзийбаярын биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/,

Хохирогч Д.Саранцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар гудамжинд байх Ганаа гэх найзыгаа хайгаад очтол Зулаа ах, үл таних 3 залуу, нэг эмэгтэй байсан. Монгол гэр лүү орж Ганаа гэх найзыгаа асуутал хөгшин настай хүн монгол гэрээс гаргаж гэрийн гадаа хутгалсан. Ямар шалтгаанаар хутгалсан талаар мэдэхгүй байна. Миний зүүн талын чих, зүүн талын хавирга хэсэгт 1, 1 удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9912 дугаартай “Д.Саранцогтын биед зүүн чихний дэлбэнд нэвт зүсэгдсэн шарх, зүүн далны доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87 хуудас/,

Яллагдагч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой хамт ажилладаг Баатар, Батсүрэн хоёртой Ботаникийн эцэст архи ууж байгаад эхнэр Өлзийбаярыг дуудаад хамт харьсан. Тухайн өдрөөс 2 хоногийн өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эхнэртэйгээ үл ялих зүйлээр маргалдаад зүүн гарын шууг нь зүсчихсэн байсан. Тэрнээс болоод манай эхнэр надад уурлаад байхаар нь дээр нь гараад нүүр лүү нь гараараа цохиж гэмтээсэн,

Манай ах Эрдэнэзулыг таньдаг гээд гаднаас нэг залуу орж ирээд манай ахтай маргалдаад толгой руу цохиод байхаар би чи миний ахыг яагаад дээрэлхээд байгаа юм гээд толгой мөлжөөд сууж байсан хутгаараа хутгалсан байгаа тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хэдэн удаа хаана хутгалснаа санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 115-116 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужир булангийн задгай тоотод байх гэртээ  хамтран амьдрагч П.Өлзийбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гаран тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн гарын шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар гудамжинд хохирогч Д.Саранцогттой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж чих болон нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнд нэвт зүсэгдсэн шарх, зүүн далны доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч П.Өлзийбаяр /хх 6-7/,  хохирогч Д.Саранцогт /хх 78-79/ нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9536 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9912 дугаартай дүгнэлт /хх 29-30, 86-87/, Яллагдагч *******гийн мэдүүлэг /хх 60-61, 115-116/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

*******гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч П.Өлзийбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, хохирогч Д.Саранцогтын зүгээс хохирол нэхэмжлэх эсэх талаарх баримт авагдаагүй байх тул түүний энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” болон  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн нийт 950 нэгжтэй тэнцэх буюу 950.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Хохирогч Д.Саранцогт нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс

хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ