Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

 

 

 

 

2022           02          28                                   2022/ШЦТ/202

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч Г.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ............... оршин суух бүртгэлтэй боловч ................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.Н,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” зочид буудпаас хохирогч Б.Х “Хаан” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, уг картаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,000,000 төгрөгийг уншуулан авч хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн ............... дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Х цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 35 дугаар хуудас/,

Хохирогч Б.Х мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Жамсрангийн мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Гэрч В.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Г.Туяацэцэгийн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 65 дугаар хуудас/,

Г.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/, дансны хуулга /хх-ийн 90-111 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” зочид буудпаас хохирогч Б.Х “Хаан” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, уг картаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,000,000 төгрөгийг уншуулан авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хохирогч Б.Х цагдаагийн байгууллагад гаргасан “...өглөө сэрээд утсаа үзэхэд 2 гүйлгээ хийсэн мессеж ирсэн байсан. Шөнийн 03 цаг 15 минутад 800.000 төгрөг, 03 цаг 19 минутад 200.000 төгрөгийг данснаас авсан байсан....” гэсэн өргөдөл,

Хохирогч Б.Х “....2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Баянзүрхийн гүүрний орчим Туул голын эрэг дээр байж байгаад өөрсдийгөө Пүрэвсүрэн, Туяацэцэг гэж танилцуулсан 40 орчим насны 2 эмэгтэйтэй танилцсан. Танилцаад бид гурав 1 шил 0,75 литрийн цагаан архи авч хувааж уусан. Тэгээд орой харанхуй болонгуут бид нар хот руу орж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Гандигийн нэрэмжит сургуулийн эсрэг талд байрлах “Уянга” нэртэй буудалд өрөө авч орсон. Замаараа авсан архиа уусан ба Пүрэвсүрэн, Туяацэцэг хоёрын найз Насаа гэж 30 орчим насны залуу ба Пүрэвсүрэнгийн хамтран амьдрагч Идэрээ гэж залуу орж ирсэн юм. Тэгээд бид нар тавуулаа нийлээд архи ууцгаасан ба архиа 12 цагийн үед ууж дуусгасан. Нэмж архи авахаар би Туяацэцэг, Насаа хоёртой цуг гараад Ардын эрхийн хойд талд байрлах “Хаан” банкны АТМ-ээс 01 цаг 48 минутын үед би өөрийн картыг уншуулан 50,000 төгрөг авсан ба баарнаас архи аваад буцаж буудал руугаа явцгаасан. Буудалд орж ирээд би шууд унтчихсан юм. Үүрээр 04 цагийн орчим сэрэхэд Туяацэцэг, Насаа хоёр явчихсан байсан ба миний гар цүнхнээс “Хаан” банкны виза картыг гаргаад цонхны тавцан дээр тавьсан байсан. Бас миний утас цонхны тавцан дээр байсан. Тэгээд би гэр рүүгээ харих гээд гараад таксинд суугаад гэрийнхээ гадаа ирээд утсаа шалгатал миний “Хаан” банкны картаас 03 цаг 15 минутын үед 800,000 төгрөг, 03 цаг 19 минутын үед 200,000 төгрөг гарчихсан байна гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд би буцаад буудалд ирээд цагдаа дуудсан юм... Туяацэцэг, Насаа хоёр намайг АТМ-нээс мөнгө авч байхад миний кодыг хараад авчихсан юм шиг байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Жамсрангийн “...09 цагийн үед унтаж байхад Хүрэлээ гэх ах нэг залуутай намайг дуудаж сэрээсэн ба тухайн үед Пүрэвсүрэн хажууд унтаж байсан. Туяацэцэг, Насаа хоёр байхгүй байсан. Хүрэлээ ах нөгөө хоёр чинь виза карт авч яваад миний мөнгийг авчихсан байна гээд байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч В.Пүрэвсүрэнгийн “...яг юу болсныг сайн санахгүй байна. Өглөө болсон чинь цагдаа нар ирсэн байсан. Тухайн өдөр яг цагны баримжаа байхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Туяацэцэгийн “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Уянга” зочид буудалд Пүрэвсүрэн, Жамсран тэгээд тухайн үед танилцсан эрэгтэйн хамт ууж байснаа санаж байна. Тухайн үед Насанбат над руу залгаж таараад буудалд ууж байна. Чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Насанбат ирээд бид хэд ууж байгаад архи дуусахаар нь гарч Насанбат, тухайн үед танилцсан ах бид 3 гарч ATM орсон. Тэр ах Насанбатад картаа өгч мөнгө авхуулаад замаараа архи аваад буцаад буудалдаа очсон. Тэгээд Насанбат гараад явахаар нь араас нь гартал байхгүй, явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Х “Хаан” банкны 5103022295 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга,

Шүүгдэгч Г.Нын яллагдагчаар өгсөн “...Архиа ууж дуусчхаад шөнө явахдаа би Хүрэлбаатарын жижиг цүнхнээс нь Хаан банкны картыг нь хулгайлан аваад Монгол гуравдугаар сургуулийн АТМ-с 800,000 төгрөг, 100 айлын Хаан банкны АТМ-с 200,000 төгрөгийг авсан. Тэгээд картыг нь буцааж цонхон дээр тавьчихсан. Хамт гарч мөнгө авахдаа би кодыг нь харсан. Тухайн үед авсан мөнгөө хэрэглээндээ зарцуулаад дууссан. Хүрэлбаатарыг огт таньдаггүй байсан. Буудалд танилцсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос шүүгдэгч Г.Нын хамт  банкны мөнгө хадгалсан картаар АТМ-аас мөнгө авахдаа нууц үгээ түүнд мэдэгдсэн ба хохирогч Б.Х-с өөрийн эзэмшлийн банкны картанд байсан мөнгөө алдсаныг мэдүүлж, шүүгдэгчийн мэдүүлгээр картыг нууцаар авч  АТМ-аас мөнгө гаргуулан авсан талаар мэдүүлж, 2 удаагийн гүйлгээгээр 1 сая төгрөгийн зарлага гаргасан болох нь “Хаан” банкны дэлгэрэнгүй хуулгаар тодорхойлогдож, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Г.Нын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

Иймд шүүх шүүгдэгч Г.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Наас хохирогч Б.Х-т учруулсан 1 сая төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд /хх-ийн 64 дүгээр хуудас/ тусгасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Н-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хор уршиг арилсан/, хувийн байдал /анх удаа шүүхээр ял шийтгэгдсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус

 

удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Н-г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДУЛАМСҮРЭН